Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/134

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

   Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Хохирогч: Ц.М,

Шүүгдэгч А.Н, И.Л нарын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч: Г.Адъяатогтох

Шүүгдэгч: Д.Д, А.Н, И.Л нарыг оролцуулан тус эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1, 3.2, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д-н Д, Д овогт А-н Н, Б овогт И-н Л нарт холбогдох эрүүгийн 2427000000164 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, """""""""""""""""""""" төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, """"""""""""""""""""""""""төгссөн, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт """"""""" гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """""""""" регистрийн дугаартай, Д овогт Д-н Д.

Монгол Улсын иргэн, """""""""""""""""""""" төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, """""""""""""""""""""" төгссөн, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт """"""""""""""""""""""оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, """""""""" регистрийн дугаартай, Д овогт А-н Н.

Монгол Улсын иргэн, """""""""""""""""""""" төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, """""""""""""""""""""" суралцаж төгссөн, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт """""""""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, """""""" регистрийн дугаартай, Б овогт И-н Л.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.Д, И.Л, А.Н нар бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө """"""""""""" байрны гадна зогсоол дээр байсан Ц.М эзэмшлийн """"" улсын дугаартай Приүс-20 загварын автомашины 1 ширхэг дугуйг Тоёота Приүс загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мд 368.000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч И.Л, А.Н нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө """"""""""""" байрны гадна зогсоол дээр байсан Ц.М эзэмшлийн """"" улсын дугаартай “Приус-20” загварын автомашины 1 ширхэг дугуйг “Тоёота Приүс” загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мд 368,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хадланд гарч байсан. Орой Н над руу залгасан. Хүрээд ир гэхээр нь машинаа унаад сум орсон. Н дээр очсон чинь Л, Р, Д, Т нар байж байсан. Очиход нэлээн долингортсон согтсон байсан. Н Т охинтой харьцаж байгаа. Явчхаад ирье гэсэн. Тэгээд хамт Х сум руу явсан. Нөгөө охиноо хаана байдгийг нь асуух гээд залгаад байсан. Сүүлдээ утсаа салгаад холбогдохоо байсан. Тэгээд Л руу залгахад дугуй хагарчихлаа гээд дуудахаар нь очсон. Би хөдөө запаас дугуй, дорцовоо үлдээчихсэн. Миний машинд дугуй, багаж байгаагүй. Тэгээд И.Л дугуйнд явъя гэсэн. Тэгэхээр нь тэгье гэж хэлсэн. Миний машинд Т, Н, Л нар явсан. Хаан банкны хажууд приус-20 машин байхаар нь И.Л дугуйг нь авчихъя гэсэн. Хулгай хийх гээд байгаа юм уу гэхэд аав, ээж 2 хөдөөнөөс ирж байгаа. Алуулах гээд байна. Би араа даана гэж хэлсэн. Т бид хоёр хулгай хийж яах гээд байгаа юм бэ. Боль гэж хэлсэн. Миний машинаас буугаад яваад өгсөн. Хаан банкны тэнд Т бид хоёр эргэчхээд зогсож байсан чинь 1 дугуй бариад ороод ирсэн. И.Л машин дээр буулгаад өг гэсэн. И.Л, А.Н 2 дугуйгаа аваад машинаас буусан. Би машины бензин дуусах нь гээд Цагаан гол дээр байхад л хэлсэн. Д мань чинь Х сум ороод бензин хийгээд өгье гэсэн. Тэгээд Х суманд очоод дугуй хагарсан газраас нь Т, Д бид 3 “Шунхлай” бензин клонк руу явсан. Бензинээ хийчхээд буцаад явж байсан чинь И.Л, А.Н 2 хаан банкны хажууд дугуйгаа хийчихсэн зогсож байсан. Тэгээд би Дд энэ 2 яасан хаширдаггүй юм бэ гэж хэлээд шууд хажуугаар нь гараад явсан. Х сумаас гараад 10 км явсан байх. Миний дугуй хагарчихлаа гэж хэлэхэд И.Л багаажнаасаа дугуй гаргаж ирсэн. И.Лийн цагаан дорцовоор тайлаад дугуйг хийсэн. Тэгээд өглөө нь цагдаад баригдсан” гэв.

            Шүүгдэгч А.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би """""""""""""" 4 дүгээр багт амьдардаг. Намайг А.Н гэдэг. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны 19 цаг 30 минут болж байхад Д ирсэн. Тэгээд Дтай хамт И.Л, Р хоёртой уулзаад хойшоо гарч байхад Д 4 ширхэг сэнгүр нэртэй пиво авч цагаан голоос доошоо явж уусан. Тэгээд Х суманд шөнийн 2, 3 цагийн үед очоод сургуулийн тэр хавьд 1 цаг зогссон. Явах гэж байснаа Д бид 2 үлдээд И.Л, Т, Р, Д 4 сум руу явсан. Д бид хоёр бензин дууссан гээд И.Лийг эргэж дуудсан. Тэгсэн И.Л эргэж ирж байгаад гудмын үзүүрт дугуйгаа хагалчихсан гэж залгахаар нь бид 2 хайгаад олоогүй. Хайж явсаар байгаад эцэст нь олсон. И.Л бид 2 дугуй хаанаас олох вэ гээд явж байгаад банкны үүднээс 1 дугуй аваад Дгийн машинд хийсэн. Өмнө нь Д.Дгийн машины дугуйны хий нь гарчихсан байсан. Тэгээд 2 дугуй аваад Д.Дгийн машинд хийгээд эргэж яваад И.Лийн дугуйг солих гэж байсан гэрэл гараад давааны цаана нь очиж Д.Дгийн машины дугуйг сольсон. Ийм л зүйл болсон” гэв.

            Шүүгдэгч И.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Намайг И.Л гэдэг. Би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3vs3 сагсны талбайд Р бид 2 сагс тоглож байсан. Д хотоос ирсэн гэхээр нь бид 2 очсон. Н бид 4 нийлээд хойшоо гарсан. Замаасаа дэлгүүрээс сэнгүр авсан. Цагаан гол дээр байж байгаад шөнө нь Өвөрхангай аймгийн Х сум ороод сургуулийн тэр хавиар явсан. Д.Д, А.Н 2 найз охидтойгоо уулзана гээд гадаа нь зогсож байсан. Нөгөө охин нь гарч ирэхгүй болохоор одоо явъя гэж хэлсэн. Энэ хоёрыг явахгүй болохоор нь сум руу явах хүүхэд байвал суучих гэж хэлсэн. Тэгээд Н, Д нар үлдсэн. Би даваа даваад явж байхад Д, Н нар бензин дуусчихлаа. Эргээд ир гэсэн. Буцаж очих замдаа миний машины дугуй хагарсан. Тухайн үед миний машинд дугуй, багаж юу ч байгаагүй. Дгийн машинд дугуй байгаагүй. Тэгээд Д.Д, А.Н нартай дугуй яах уу гэж ярьж байсан. Өмнөх өдөр нь аав, ээж 2 хөдөө явчихсан байсан. Тэгээд харьж явна гэхээр нь сандарч яарсан. Тухайн үед аав, ээжид хэлэлгүйгээр гараад ирсэн байсан. Н бид 2 ямартай ч дугуйнд явъя гээд явсан. Тэр хавиар явж байхад приус-20 маркийн машинууд байсан. Шөнийн 3-4 цагийн үед байх. Дугуй засвар, таних хүн огт байхгүй байсан. Тэгээд А.Н бид 2 явж байгаад Д.Дгийн машинаас домакрат, дорцов хоёр аваад машины дугуй авсан. Бал цаас байсан бол дугаараа үлдээе гэж бодсон. Машин дээр дугаар бас байгаагүй. Өглөө эр сумандаа оччихоод  шууд эргэж буцаж очих гэж бодож байсан боловч гэртээ хариад удаагүй байхад цагдаа нар орж ирсэн” гэв.

Хохирогч Ц.М шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө ажил руугаа явах гээд гарч ирсэн. Тухайн үед ажилдаа явах, хүүхдээ хүргэж өгөх гээд яарч явсан. Машин хазайсан байхаар нь гайхаад харахад 2 дугуй байхгүй болчихсон байсан. Маш эвгүй мэдрэмж авсан. Тэгээд эхнэртэйгээ ярилцаад цагдаад дуудлага өгье гээд дуудлага өгсөн. Ойр хавьд камер ажиллахгүй байх шиг байсан. Цагдаа нар шалгаад приус машин л авсан юм шиг байна. Бат-өлзий сум руу явсан байна гэсэн. Тэгээд ажил тарахын өмнө мөрдөгч залгаад 2 саарал дугуй мөн үү гээд дугуйгаа олсон. Шууд дугуйгаа авч болдоггүй юм байна лээ. Хүн амьтан гуйгаад ажил төрөлдөө явж байсан. Би эцэг хүн бас миний дүүгээс ялгаагүй хүүхдүүд байсан. Тийм болохоор гомдол санал байхгүй”,

“...2024 оны 09 дүгээр сарын 02-ны орой ажлаасаа ирээд байрныхаа гадаа машинаа тавьсан. Зогсоолд тавих үед машинууд зөндөө байсан. 2024 оны 09 дүгээр сарын 03-ний өглөө босоод ажилдаа явах гээд гэрээсээ гарсан чинь миний эзэмшлийн 8517ӨВО улсын дугаартай приус-20 маркийн машиний 2 дугуйг тайлаад хулгайлаад аваад явсан байсан тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний алдсан дугуй 10 салаа хайлшин обудтай, 4 улирлын япон дугуйтай, обуд нь содон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч    Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнө 3 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна, манай хашааны гадаа хүмүүс орилолдоод байсан. Намайг цонхоор харахад Приүс-20 маркийн 2 автомашин ирж зогсоод хүмүүс нь Т гичийнүүдээ гараад ир, алалцья гээд орилоод байсан, би арван жилийн хүүхдүүд байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Д залгаж надтай яриад “бензин хийгээд өгчих" гэхлээр нь бид дөрөв эргэж Х ороод Д, Н хоёр дээр очоод зогстол Лийн машины дугуй хагарчихсан байсан. Тухайн үед хоёр машинд аль алинд нь илүү дугуй байгаагүй бөгөөд хэсэг яах уу? гэж зогссоны дараа Л "алив дугуйнд явчихаад ирье” гээд Дгийн машинд Н, Т, Д гуравтай суугаад явчихсан. Тэр дөрвийг явах үед Лийн машинд Р бид хоёр үлдсэн бөгөөд Р нэлээд согтоод унтсан байсан. Р ер нь бол Х суманд очоод Лийн машины арын суудлаас буугаагүй унтаад л байсан. Тэгтэл удалгүй тэр дөрөв эргээд ирсэн бөгөөд ирэхдээ 1 ширхэг бүтэн дугуй аваад ирсэн байсан. Би тухайн үед хаанаас ямар дугуй авч ирсэн талаар нь асууж амжаагүй зогсож байтал Д явж бензин хийчихээд ирье гээд би Дгийн машинд Ттэй хамт суугаад Х сумын Шунхлай ШТС орж миний картыг уншуулан 20.000 төгрөгт бензин хийчихээд эргээд Л, Н, Р гурав дээр очих гээд явж байтал тэр гурав машиныхаа дугуйг сольж тавиад Х сумын Хаан банкны хойд талд ирчихсэн Л, Н хоёр машиныхаа гадаа зогсож байсан бөгөөд Р байхгүй байсан. Тэгтэл Д Л, Н хоёрыг харчхаад “энэ хоёр яасан хаширдаггүй юм бэ" гэж хэлэхээр нь би яасан юм гэж асуутал Д Хаан банкны хойд талд зогсож байсан цайвар өнгийн Приүс маркийн машин руу заагаад Н, Л 2 сая энэ машины дугуйг авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би энэ талаар сайн мэдэхгүй байна би Лийн машинд Дын хамт суугаад үлдсэн болохоор сайн мэдэхгүй байна надад ирээд нэг их юм яриагүй, ямар ч байсан 2 ширхэг дугуй авчирсан, эхлээд Лийн машины дугуйг солиод дуусаж байсан чинь доороос машин гарч ирж байна зугтаач гээд машиндаа сууцгаагаад хойшоо зугтаасан тэгэхээр нь л би эд нар дугуй хулгай хийгээд ирсэн юм байна даа гэж бодсон. Д дугуйгаа солиогүй хагархай дугуйтайгаа яваад хойшоо даваад дугуйгаа сольжтавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

Хөрөнгийн    үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ний 924/11079 дугаартай “Үнэлэгдэж буй хулгайд алдсан гэх хайлшин 10 салаа /ЗТҮИЗН 1_1МЕ/ гэсэн бичиглэл бүхий К-15-тай обуд 2 ширхэг болон Дөрвөн улирлын /ҮОКОНАМА/ гэсэн бичиглэл бүхий 195/65/15-тай дугуй /фафришик/ 2 ширхэг зэргийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 368,000 (гурван зуун жаран найман мянга)-н төгрөгөөр үнэлэв.”гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нь нар бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө """"""""""""" байрны гадна зогсоол дээр байсан Ц.М эзэмшлийн """"" улсын дугаартай Приүс-20 загварын автомашины 1 ширхэг дугуйг Тоёота Приүс загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мд 368.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          Өсвөр насны шүүгдэгч И.Л, А.Н нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө """"""""""""" байрны гадна зогсоол дээр байсан Ц.М эзэмшлийн 85-17ӨВО улсын дугаартай Приус-20 загварын автомашины 1 ширхэг дугуйг Тоёота Приүс загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мд 368,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Хууль зүйн дүгнэлт:

       Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

            Хулгайлах гэмт хэрэг нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн ... багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

            Мөн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нарын үйлдэл нь ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ. 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Д.Д, А.Н, И.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нь нар бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө """"""""""""" байрны гадна зогсоол дээр байсан Ц.М эзэмшлийн """"" улсын дугаартай “Приүс-20” загварын автомашины 1 ширхэг дугуйг “Тоёота Приүс” загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мд 368,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

          Өсвөр насны шүүгдэгч И.Л, А.Н нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө """"""""""""" байрны гадна зогсоол дээр байсан Ц.М эзэмшлийн """"" улсын дугаартай “Приус-20” загварын автомашины 1 ширхэг дугуйг “Тоёота Приүс” загварын машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Мд 368,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мд 368,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч хулгайд алдсан хоёр дугуйгаа буцаан авсан, хохирол төлбөр нэхэмжлэхгүй зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгохгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        Шүүхээс шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нарыг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

            Мөн зүйлийн 5-т “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгч И.Л, А.Н нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан болох нь нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас/, иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар хуудас/, нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ хорин нэгэн насанд хүрээгүй байсан болох нь нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

                Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Д.Доржринчэн, А.Н, И.Л нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэм буруутай байна. Гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзсэн учраас эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан зохицуулалт байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Н, И.Л нарын тухайд насанд хүрээгүй буюу 14-с дээш 18 настай. 18 насанд хүрээгүй байсан болох нь тогтоогдсон. Д.Дгийн тухайд насанд хүрсэн байсан болох нь тогтоогдсон. 18 настай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор шийдвэрлэсэн байгаа. Мөн 8.7 дугаар зүйлд хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэх буюу өсвөр насны хүнд эрүүгийн хэрэгт хүлээлгэх зохицуулалтыг хуульчилж өгсөн байгаа. Уг зохицуулалтаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил хүртэл түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахыг тэнсэж 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж зохицуулсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ц.Мд учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаараа илэрхийлсэн учраас бусдад төлөх төлбөргүй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийг өргөгч буюу домакратыг устгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгслийн тухайд 2 тээврийн хэрэгслийг ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа учраас шинжээчийн дүгнэлтээр тухайн 2 тээврийн хэрэгслийн үнэлгээнүүдийг 3 шүүгдэгчид хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Эрүүгийн хуулиар 18 насанд хүрсэн хүний үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын асуудлын хувьд нийтлэг зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх  үндэслэл, журамтай.   

Гэхдээ, хууль тогтоогч нарын хувьд 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нийтлэг журмаас гадна “Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг буюу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам”-ыг хэрэглэж болохыг тусгайлсан зохицуулсан нь тухайн 18-21 насны хүнийг гагцхүү өсвөр насны хүүхэдтэй шууд адилтган үзэх үндэслэл, үйл баримт илэрсэн байх онцгой тохиолдолд хэрэглэх үзэл санаа, зорилго, утга агуулыг шууд бөгөөд бодитойгоор илэрхийлсэн гэж тодотгон ойлгоно.         

Түүнчлэн Хууль зүйн яамнаас 2002 оны Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, батлуулах зорилгоор 2014 онд анх боловсруулсан “Гэмт хэргийн тухай хууль”-ийн төслийн танилцуулгад:“Хүүхдэд хүлээлгэх ялын төрлийг тусгай бүлгээр зохицуулах бөгөөд хүүхэд гэж гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй хүнийг хэлэх, сэтгэхүйн хувьд хүүхэд гэж шүүх үзвэл хүүхдэд хэрэглэх ялыг оногдуулж болох” талаар тусгасан байх ба энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийг шинэчлэн боловсруулж, батлах суурь үзэл санаа болсон байгааг тодотгох нь зүйтэй.  

Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь “2-8 жил хорих ял оногдуулахаар заасан” хүнд ангиллын гэмт хэрэг учраас тэнсэх зохицуулалт үйлчлэх үндэслэлгүй.

Дээрх үйл баримт, үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчөөс гаргасан “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж тэнсэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж үзэв.      

          Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.    

          Шүүхээс шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрллээ.

            Дөрөв. Бусад асуудлаар:

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8,062,031 /найман сая жаран хоёр мянга гучин нэг/ төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Д.Дгээс 2,687,344 төгрөгийг, шүүгдэгч А.Ноос 2,687,344 төгрөгийг, И.Лоос 2,687,344 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулахыг даалгаж, харин 78-50 УБЛ улсын дугаартай авто машиныг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч нар ашиглаагүй байна гэж үзлээ.

            Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн авто машины өргөгчийг устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

            Шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Д-н Д, Д овогт А-н Н, Б овогт И-н Л нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 ,3.2 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Д-н Д, А-н Н, И-н Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нарыг хянан хүмүүжих хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  1. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг биелүүлэхийг Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газарт, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст тус тус даалгасугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Д.Д, А.Н, И.Л нарыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх Х.Н, М.Н, П.Д нарт тус тус даалгасугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан """"""" тээврийн хэрэгслийн үнэ 8,062,031 төгрөг нийт 8,062,031 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Д.Дгээс 2,687,344 төгрөгийг, шүүгдэгч А.Н 2,687,344 төгрөгийг, шүүгдэгч И.Лоос 2,687,344 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн авто машин өргөгчийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д, А.Н, И.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хэрэгт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д, А.Н, И.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ДАГИЙМАА