Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/01888

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...........,

Нэхэмжлэгч: ........... нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........д холбогдох,

169,881,837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, Х , түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн Д, Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Д, Х бид өөрсдийн өмчлөлийн, 1 тоот тоот амины орон сууцыг улсад худалдахаар болж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хандахад Т ХХК нь тендерт оролцох боломжтой, туршлагатай компани гэж санал болгосны дагуу Т ХХК -ийн захирал Э тай 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож Зуучлалын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч Т ХХК нь 1  тоот амины орон сууцыг цэцэрлэгийн зориулалтаар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт худалдаж өгөх, нэхэмжлэгч Д, Х нар уг амины орон сууцыг худалдсан үнийн 4 хувийг ажлын хөлс болгон Т ХХК -д өгөхөөр тохиролцсон. Үүний дараа 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Т ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Төрийн сантай Цэцэрлэгийн барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 тоот тоот амины орон сууцыг, 2.490.000.000 төгрөгөөр, 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар худалдаж, худалдан авахаар тохиролцсон байдаг ба Т ХХК -ийн захирал Хөрөнгө Оруулалтын Газраас иргэнтэй гэрээ байгуулахгүй, компанитай байгуулна гэсэн учраас компанийнхаа нэрээр гэрээ байгууллаа гэсэн. Т ХХК нь цэцэрлэгийн барилгыг худалдаж өгсөн ажлын хөлсөнд уг үнийн дүнгийн 4 хувь буюу 99.600.000 төгрөгөө суутган авч үлдсэн хэсгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгөх ёстой байсан ба Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн төрийн сангаас цэцэрлэгийн барилгын үнийг цувуулж өгсөн.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт "Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийгч этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээнэ гэж заасан. Т ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас цэцэрлэгийн барилгын үнэнд авах 2,490,000,000 төгрөгийг орон сууцны өмчлөгч Д , Х нарт хүлээлгэн өгч, Д , Х нар гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 99.600.000 төгрөгийг Т ХХК -д өгөх ёстой байтал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас шилжүүлсэн 2.122.500.000 төгрөгөөс 69.481.837 төгрөгийг суутган авч 169,881,837 төгрөгийг хууль бусаар илүү авсан байна.

Нэхэмжлэгч Д , Х нар амины орон сууцаа цэцэрлэгийн зориулалттай болгон засварлаж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт хүлээлгэн өгсөн ба үнийн дүнгийн 5 хувь буюу 124.500.000 төгрөгийг, худалдан авагч байгууллага чанарын баталгаа болгон авч үлдэх бөгөөд "Т ХХК энэ мөнгийг өөрийн дансанд орж ирсэн өдөр нь Д гийн дансанд шилжүүлнэ гэсэн утга бүхий, ТТ/ЗБ-5 дугаартай албан бичгийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нарт өгсөн.

Т ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 1 тоот тоот амины орон сууцыг цэцэрлэгийн зориулалтаар, 2,490,000.000 төгрөгөөр худалдаж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газартай байгуулсан гэрээний дагуу авсан 2.122.500.000 төгрөгөөс хууль бусаар илүү мөнгө буюу 169.881.837 төгрөгийг авч, 2020онЫ 10 дугаар сарын24-нд 700.000.000төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-нд 583.518.163 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 06-ны 569,500,000 төгрөг нийт 1,853,018,163 төгрөгийг бидэнд өгсөн.

Талуудын байгуулсан дээрх гэрээний дагуу Д , Х нар 2.490.000.000 төгрөгөөс 99.600.000 төгрөгийг Т ХХК -д өгч барилга худалдсан орлогоос татвар төлөх ёстой бөгөөд Т ХХК нь татварыг манайх төлнө гэж хууль бусаар өөрсдөө мөнгө суутган авсан нь гэрээний үүргээ зөрчсөн үйлдэл юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэрээ сунгасан төлбөрт 6,000,000 төгрөг суутгаснаа хасаж санхүүжилтийг 2,116,500,000 төгрөг гэж бичсэн байх. 2,122,500,000 төгрөгийн санхүүжилт авсан, үүнээс бидний авсан 1,853,018,163 төгрөг, зуучлалын хөлс 99,600,000 төгрөгийг хасаж,үлдэх 169,881,837 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ....Т ХХК нь иргэн Д, Х нартай харилцан тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Зуучлалын гэрээ байгуулсан юм. Гэрээний гол нөхцөл нь Манай компани хоёр иргэний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн төрийн сантай 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга худалдах худалдан авах гэрээ байгуулах манай компани зуучилсны өөрөөр хэлбэл компанийн нэр дээр бичиг баримт бүрдүүлж компанийн нэрээ ашиглуулсны хөлсөнд зуучлалын гэрээний 3.1-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 4 хувийг ажлын хөлсөнд тооцож авах, харин дээрх хоёр иргэн чанарын шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгийг захиалагчид нийлүүлэх, зуучлагчид зуучлалын хөлсийг олгохоор харилцан тохиролцсон. Энэ дүн бол зуучлал үзүүлснийхээ хөлсөнд авах цэвэр мөнгө юм. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагад дурдахдаа Талууд байгуулсан дээрх гэрээний дагуу Д , Х нар 2,490,000,000 төгрөгөөс 99,600,000 төгрөгийг Т ХХК -д өгч, барилга худалдсан орлогоос татвар төлөх ёстой бөгөөд Т ХХК нь татварыг манайх төлнө гэж хууль бусаар өөрсдөө мөнгө суутган авсан нь гэрээний үүргээ зөрчсөн үйлдэл юм гэжээ. Дээр дурдсанчлан гэрээний 3.1-т Үйлчилгээ үзүүлсний төлбөрийг Үл хөдлөх нийлүүлэгч дараах журмаар хийнэ. Гэрээний үнийн дүнгийн 4 хувиар тооцно. Энэ үнэд НӨАТ болон бусад татвар хураамж ороогүй болно гэж заасан. Зуучлалын 99 600 000 төгрөг дээр аль аль тал бол маргадаггүй. Нэхэмжлэгч талаас харин татварын асуудал дээр маргадаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар орлого олж буй хэнбугай ч холбогдох татвар, хураамжийг төлөх үүрэгтэй билээ. Мөн Татварын ерөнхий газраас манай ХХК-д хандан 2020 оны 11 сарын 19-ний 06/3435 дугаар албан бичгээр Танай компани Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, 1 тоот   хаягт байрлах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг нийлүүлэх, захиалагч нь 2.490.000.000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т Энэ хуулийн 18.6.4-т /үл хөдлөх үл хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого/ -д, 2 хувиар", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулах бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ-д 11.1-д заасан борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж тус тус заасан байдаг. Иймд танай компанийн хувьд цэцэрлэгийн барилгыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт нийлүүлэхтэй холбоотой орлого олсон гэж үзэх тул /уг орлогод/ үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Хувийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст гэсэн байна. Хуулиар дээрх (барилгыг борлуулсны үр дүнд татвар манайх төлнө. Гэрээний 3.1-т заасны дагуу 99,600,000 төгрөгт НӨАТ болон татвар ороогүйг тодорхой дурдсан. Манай компани бол маш том эрсдэл үүрч байна. Дээрх хоёр иргэн нь манай компанийн нэр хүндэд халдаж байна. Бидний ажил хэргийн нэр төрийг унагааж байна. Тус ажлын сонгон шалгаруулах тендерт 1 тоот хаягтай иргэн Х , Д нарын 4 давхар амины орон сууцны барилгыг зуучлалын гэрээ байгуулан одоо байгаа барилгыг 150 ортой цэцэрлэгийн стандартын дагуу өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орсон. Бидэнтэй анх 1-зуучлалын гэрээ хийхдээ тохиролцсон эзэмшил газар нь өргөтгөл хийж боломжтой том мэтээр илтэд худал мэдээлсэн. Худалдан авах ажлын гэрээ байгуулснаас хойш бодит байдал дээр газар нь жижиг болж өргөтгөл хийх боломжгүй болсон. Тус 2 иргэнд барилгын техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг хангуулахыг зөвлөж, шаардахад нийслэлийн засаг даргын Тамгын газрын захирагчийн албаны 2 давхарт нэр бүхий даргаар дуудуулж ажилд садаа болохгүй байх, цаашид тендерт оруулахгүй ч байж болно гэж сүрдүүлсэн нь ажил албан тушаалаа ашиглан хууль зөрчсөн биднийг шахаж дарамталсан. Барилгын засвар шинэчлэлтийн ажлыг дээрх 2 иргэн /бидэнтэй/ Т ХХК -тай зөвшилцөхгүйгээр Ерөнхий гүйцэтгэгч Болор Цайз ХХК, туслан гүйцэтгэгч Тохилог Сэнтий ХХК, зураг төслийн зохиогч Оргил Цамхаг ХХК-уудаар гүйцэтгэсэн ажил нь 150 хүүхдийн цэцэрлэгийн техникийн тодорхойлолт, норм дүрэм, стандарт шаардлагыг хангахгүй 100 хүүхдийн цэцэрлэгийн тавигдах шаардлагыг дөнгөж хангаж байгаа нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчин хууль бусаар илүү санхүүжилт авсан болж байна. Шинээр хийсэн өргөтгөлийн үндсэн хийц болох багана, дам нуруу хазгай, арматурчлал буруу, дутуу барилгын батлагдсан зургийн дагуу хийгдээгүй, үндсэн 4 давхар барилгын дам нуруунуудыг цахилгааны далд монтаж явуулахын тулд арматурыг ил гартал нь шулсан, хамгаалалтын үеийг муутгаж газар хөдлөлтөд тэсвэргүй болгосон нь Барилгын чанар аюулгүй байдалд ноцтой аюул учирч байгаа тул цаашид ашиглах боломжгүй тус барилгыг буулгуулах шаардлагатай бөгөөд Барилгын тухай хууль, Эрүүгийн тухай хуулийг зөрчсөн байна

Барилга нь дээр дурдсан чанар, стандартын шаардлага хангахгүй (ялангуяа бага насны цэцэрлэгийн хүүхдүүдэд сурч боловсроход аюултай) тул дээрх 2 иргэнээс санхүүжилтээ Улсад буцаан авах, манай Т ХХК нь барилга хүлээлгэж өгөхөөс татгалзаж өөрт ноогдсон зуучлалын үнэ, татвараа НХОГ-т буцаан олгоход бид татгалзах зүйлгүй. Манай компанийг ашиглаж хууль бус зүйл хийхээс гадна хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй компанийг шүүхэд өгч байгаа нь компанийн нэр хүндэд ноцтой халдаж байна. Манайхыг шүүхэд өгснийг сонсоод манай компанийн дээрх 2 иргэний хууль бус үйлдлийг илчлэх болон чанарын шаардлага хангахгүй байна гэхэд өрөөндөө дуудаж манай компанийг цаашид тендерт оруулахгүй гэсэн эрх бүхий албан тушаалтанг зохих байгууллагад шалгуулж бид компанийнхаа нэр хүндийг хадгалах зорилгоор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тт/01-30 дугаар албан бичгээр Т ХХК нь НХААГ-19/011 дугаартай Цэцэрлэгийн барилга худалдан авах 1 тоот  /-ны ажлын гэрээ байгуулсан. Тус барилга нь норм стандарт зөрчсөн тул гэрээг цуцлах хүсэлтэй байна гэж албан бичиг явуулсан. Албан бичгийн хариуд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр явцын санхүүжилт болох 2 116 500 000 төгрөгийг төлж Улсыг хохиролгүй болгосны дараа хуулийн дагуу шийдвэрлэхийг мэдэгдсэн. Манай компани зуучлалд 100 000 000 төгрөг авсан гэрээний 4 хувь гэдгээр тооцвол 99 600 000 төгрөг бид энэ мөнгийг бүгдийг нь буцаан өгч манай компанийн нэрийг ашиглан чанарын шаардлагагүй барилгыг улсад хүлээлгэн өгөх бодолтой байгаа. Иймдээ ч үлдэгдэл санхүүжилт 300 гаруй сая төгрөгийг улсаас манай компанийн данс руу оруулж ирэхийг түр зогсоолгосон байгаа. Компанийн нэр ашиглаж анх бидэнтэй тохиролцсоноос өөрөөр чанарын шаардлага хангахгүй барилга нийлүүлж, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй биднийг хууль бусаар үндэслэлгүйгээр шүүхэд хандаж байгаад ихэд урам хугач байна. Энэ бол зөвхөн иргэний хэргийн асуудал биш бөгөөд эрүүгийн гэмт хэргийг агуулж байгаа юм.

Нэхэмжлэгч нар Улсыг болон манай компанийг хулхидаж байна. Шударга ёс, тэгш эрхийн зарчим эдгээр хүмүүст алга байна. Ямар ч ёс зүйгүй. Цаашид энэ барилгаас үүсэх зөрчлийг хуулиараа манай компани үүрнэ тэгээд бүүр татвар, НӨАТ-ын оронд ороод юун зуучлалын 99 600 000 төгрөг тэрнээсээ илүү шатаад явна гэж байхгүй. Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна Хуулиас, ёс зүйгээс дээгүүр авирладаг нөхдүүдтэй хуулийн хүрээнд хуулийн дагуу тэнцэнэ. Шударга шүүхээр шүүлгэж өөрийн компанийн нэр хүндийг хадгалж үлдэх болсондоо таатай байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: зуучлалын гэрээний хуулбар 1 хуудас, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2019.12.06-ны өдрийн 2/4479 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2020.06.23-ны өдрийн 03/3353 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2020.11.23-ны өдрийн 01/2588 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газрын 2020.11.19-ний өдрийн 06/3435 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Цэцэрлэгийн барилга худалдан авах 150 ор /1 тоот / гэрээний хуулбар 1 хуудас, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 150 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо/-ын ажлын сунгалтын гэрээний хуулбар 2 хуудас, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга 3 хуудас, Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар 2 хуудас, Нийслэлийн прокурорын газрын мэдэгдэх хуудасны хуулбар 1 хуудас, Т ХХК -ийн төлбөр төлөх тухай албан бичгийн хуулбар 1 хуудас,Б.Ганбаатартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар 2 хуудас, Барилга худалдан авах гүйцэтгэл №1 баримтын хуулбар 1 хуудас, 1 тоот тоот хувийн сууцны гэрчилгээний хуулбар 1 хуудас, 1 тоот байрны 3,4 дүгээр давхрын хувийн сууцны гэрчилгээний хуулбар 1 хуудас, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол хаягт байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Х , Д нарын захиалгатай амины орон сууцны барилга байгууламж ашиглалтын ногоон гэрчилгээний хуулбар 1 хуудас, Т ХХК -ийн 2021.12.07-ны өдрийн 11/10 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020.07.24-ны өдрийн 07/2037 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Баянзүрх дүүргийн 2  дугаар цэцэрлэгийн барилгыг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн актын хуулбар 2 хуудас, Нийслэлийн өмчид бүртгэх барилга байгууламжийн жагсаалтын хуулбар 1 хуудас,

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Цэцэрлэгийн барилга худалдах худалдан авах, 150 ор /Улаанбаатар.Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо/ гэрээ, түүний хавсралтын хуулбар 4 хуудас, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар 3 хуудас, Т ХХК -ийн 2022.01.28-ны өдрийн 11/01-30 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2022.02.18-ны өдрийн 2/497 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газрын 2020.11.19-ний өдрийн 06/3435 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, Цэцэрлэгийн барилга худалдах худалдан авах, 150 ор /Улаанбаатар.Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо/ -ын ажлын сунгалтын гэрээний хуулбар 4 хуудас,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д, Х нар хариуцагч Т ХХК -д холбогдуулан зуучлалын хөлсөөс илүү авсан 169,881,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал нэмэгдсэн өртгийн албан татварт төлнө, компани өрөнд орох нөхцөл үүссэн гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

1 тоот байрыг Х , Д нар өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 тоот, 00 тоот тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-73-74/

 

Т ХХК болон иргэн Д, Х нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 01 дугаартай зуучлалын гэрээг байгуулсан байх бөгөөд зуучлагч Т ХХК 1 тоот  байрыг 150 хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2,490,000,000 төгрөгөөр нийлүүлэх, зуучлуулагч Д, Х нар 1 тоот  байрыг 150 хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж, зуучилсны хөлс төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зуулчлалын гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Гэрээний дагуу зуучлагч тал болох Т ХХК 2019 оны 6 сарын 12-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэстэй цэцэрлэгийн барилга худалдан авах гэрээ байгуулсан, 2021 оны 3 сарын 30-ны өдөр уг гэрээний хугацааг сунгасан болох нь зохигчдын тайлбар, цэцэрлэгийн барилга худалдан авах гэрээ, цэцэрлэгийн барилга худалдан авах гэрээний сунгалт зэргээр тогтоогдож байна. /хх-11-12/

 

Зуучлуулагч тал болох Д, Х нар 1 тоот  байрыг 150 хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар бэлтгэн, зуучлагч Т ХХК -ийн хамт улсын комиссод 2021 оны 8 сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2021 оны 8 сарын 18-ны өдрийн НХОГ/БХА/2021-09 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-50-51/

 

Уг барилгыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нийслэлийн 2  дугаар цэцэрлэгийн өмчлөлд бүртгэн, цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчдын тайлбар, 2  дугаар цэцэрлэгийн барилгыг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн акт, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020.07.24-ний өдрийн 07/2037 тоот албан бичиг, нийслэлийн өмчид бүртгэх барилга байгууламжийн жагсаалт зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-81-84/

 

Хариуцагч тал ...татварын өрөнд орж байна, компанийн нэр хүнд унасан... гэж тайлбарлаж байх ба зуучлагч Т ХХК худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхгүй байна.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ нийт санхүүжилт 2,490,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Зуучлалын гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 4 хувь болох 99,600,000 төгрөгийг Т ХХК зуучлалын хөлсөнд авах эрхтэй байна.

 

150 хүүхдийн цэцэрлэгийн барилгад улсаас 2,490,000,000 төгрөгийг санхүүжүүлэхээс Т ХХК -ийн дансанд 2,116,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2022.02.18-ны өдрийн 2/497 тоот Т ХХК -д өгсөн албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-54/

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан ....2,122,500,000 төгрөгийн санхүүжилтийг Т ХХК авсан... гэх тайлбартай хариуцагч тал маргаагүй тул Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын албан бичигт дурдсан 2,116,500,000 төгрөг дээр, нэхэмжлэгч талын тайлбарласан гэрээг сунгасны төлбөр 6,000,000 төгрөгийг нэмэхээр 2,122,500,000 төгрөгийн санхүүжилт авсан гэж тооцов.

 

Нэхэмжлэгч нарын болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын албан бичигт санхүүжилт авсан гэх дүнд 6,000,000 төгрөгийн зөрүү гарч байгааг шүүх 6,000,000 төгрөгийн санхүүжилт авснаар дээр дурдаж шийдвэрлэсэн.

 

Энэ хэргийг шийдвэрлэх үед талуудын төлбөр тооцоо бүрэн дуусаагүй тул хэрэв Т ХХК 2,116,500,000 төгрөгийн санхүүжилтийг авсан бол 6,000,000 төгрөгийн санхүүжилтийг үлдэх санхүүжилт орж ирсэн үед нэхэмжлэгч нартай тооцоо нийлэн суутгах эрх нь нээлттэйг дурдав.

Т ХХК улсаас 2,122,500,000 төгрөгийг авсан, үүнээс нэхэмжлэгч Д, Х нарын дансанд 1,853,018,163 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, Д, Х нарын дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-13-16/

 

Хариуцагч тал нэмэгдсэн өртгийн албан татварт манай компани 10 хувийг төлөх өртэй болж хохирч байна гэж,

нэхэмжлэгч тал ...иргэн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар 2 хувь төлөх хуультай, бид өмчлөх эрхээ шилжүүлэх үедээ 2 хувиа төлөөд шилжүүлнэ... гэж тайлбарлаж байна.

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.4-т үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 20 дугаар зүйлийн 20.2.2-т энэ хуулийн 18.6.4-т заасан албан татвар ногдуулах орлогод 2 хувиар гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК өмчилж байгаа тохиолдолд 2 хувийн орлого төлөхөөр байна.

 

Иргэн Д, Х нар өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө Нийслэлийн өмчийн харилцааны газар худалдсан болох нь тогтоогдсон тул Т ХХК -ийг үл хөдлөх эд хөрөнгө худалдсан гэж үзэхгүй, Т ХХК зуучлалын гэрээний төлбөрийг өөрийн дансаар дамжуулан шилжүүлж 99,600,000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон тул уг орлогоо аж ахуйн нэгж байгууллагын хувьд үүргээ биелүүлэх замаар татварт тайлагнаж, татвар төлөх хуулийн зохицуулалттай байна.

 

Татварын ерөнхий газрын 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 06/3435 дугаартай тодруулга өгөх тухай албан бичгээр иргэн Д, Х нарыг нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувийг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй. /хх-55/

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ гэж заажээ.

 

Хуулийн зорилгоос харвал, Д, Х нарын үл хөдлөх эд хөрөнгөө борлуулснаас төлөх татварын харилцаа нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хамаарахгүй, иргэн Д, Х нар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш, гэрээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг хүлээгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцэхгүй байна.

 

Иргэн Д, Х нарын Т ХХК -тай байгуулагдсан гэрээний санхүүжилт улсаас бүрэн ороогүй байгаа хэдий ч эрх нь зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дээр дурдсанаас, Т ХХК -ийн дансанд 2,122,500,000 төгрөг шилжин орсноос нэхэмжлэгч нарт өгсөн 1,853,018,163 төгрөгийг, зуучлалын хөлсөнд авах 99,600,000 төгрөгийг хасвал үлдэх 169,881,837 төгрөгийг хариуцагч Т ХХК төлөөгүй, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Т ХХК -иас 169,881,837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д, Х нарт олгохоор шийдвэрлэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуулд шүүгч 2022.02.28-ны өдрийн шүүх хуралдаанд эрх үүргийг дэлгэрэнгүй танилцуулж, хэрэг танилцуулсан байна. Тэрээр 2022.04.15-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй хэдий ч шүүх шинэ нотлох баримттай танилцах, тайлбар гаргах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Д.Орхонтуулын шүүхэд өгсөн 96114686 дугаарын утас уруу 2022.04.15-ны өдөр шинэ баримттай танилцахыг мэдэгдэхэд ямар ямар баримт ирсэн талаар шүүгчийн туслахаас асууж, шүүхэд очно гэсэн боловч ирээгүй байна. 2022.04.20, 2022.04.22-ны өдрүүдэд залгахад утсаа аваагүй тул тухай бүрд нь хэрэгтэй танилцахыг мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдсон, шүүхээс түүний хэрэгтэй танилцах эрхийг эдлүүлээгүй гэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэн, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 4921.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК -иас 169,881,837 /нэг зуун жаран есөн сая найман зуун наян нэгэн мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д, Х нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,359.19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т ХХК -иас 1,007,359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д, Х нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                                                Д.БАТЦЭЦЭГ