Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2022/00256/И |
Дугаар | 141/ШШ2023/00025 |
Огноо | 2023-01-31 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 141/ШШ2023/00025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүгч Б.Өлзийхишиг, Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
иргэдийн төлөөлөгч Б.Намжилсүрэн,
нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
хариуцагч *******,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нарыг оролцуулан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэнгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 4 гудамж, 45 тоот хаягаар оршин суудаг ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо 58-3 тоот хаягаар оршин суудаг *******ийн нэхэмжлэлтэй,Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих баг хаягаар оршин суудаг *******д холбогдох “Гэм хорын хохиролд 89,548,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Шүүгдэгч ******* 2018 оны 09 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 44-ын зах дээр 68-58 УБП улсын дугаартай “Киа Пронтер” маркийн автомашинаар ухрах хөдөлгөөн хийх үедээ *******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 977 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Уг тогтоолоор шүүгдэгч *******д “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан боловч түүний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Талийгаач ******* 2005 оноос 2018 оны хооронд Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 4 гудамж, 45 тоотод *******тай амьдарч байсан бөгөөд амьдрах хугацаандаа 5 хүүхэдтэй болсон, өнөөдрийн байдлаар ******* 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэсэн ангилалд багтан амьдарч байна. Иргэн *******д “Аривжих үнэлгээ” ХХК-д хандан хохирогчийн амь насанд учирсан хохирлын үнэлгээ/ шууд хохирол, алдагдсан боломж, сэтгэл санааны хохирол/-г хийлгэсэн бөгөөд үнэлгээний нийт дүн 89,548,600 төгрөг болж байгаа...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийнхээ хамтаар шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:
Хариуцагч ******* нь *******ийн нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие ******* 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 44-ын зах дээр 68-58 УБП улсын дугаартай Киа пронтер маркийн автомашинаар ухрах хөдөлгөөн хийх үедээ талийгаач *******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдож Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 977 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутай болохыг тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн ар гэрийн зүгээс хохирол төлбөр баримтаар 1,323,020 төгрөг гарсан боловч миний зүгээс 5,000,000 төгрөг төлсөн. Мөн түүнчлэн гурил, будаа, хонины мах, нүүрс зэргийг өгч байсан. Эрүүгийн хэрэг маргаан шийдэгдсэний дараа мөн адил 2020, 2021 хонины мах, нүүрс, сүү цагаан идээ зэрэг өөрийн боломжоор өгч байсан. Миний хувьд төрөлхийн 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, Завхан Тосонцэнгэл суманд хүний мал маллаж байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч "" ХХК-иас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж" шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь нэхэмжлэлээ иргэний хариуцагч "" ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ "Арвижих үнэлгээ" ХХК-ийн хохирогчийн амь насанд учирсан хохирлын үнэлгээгээр /шууд хохирол, алдагдсан боломж, сэтгэл санааны хохирол/ гэж 89,548,600 төгрөг нэхэмжилсэн байна. Гэвч иргэний хуулийн 508 дугаар зүйл хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах: 508.1 Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. 508.3 Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна." гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч нь "Арвижих үнэлгээ" ХХК-ийн үнэлгээгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "хөрөнгийн үнэлгээний зүйл гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг" гэж заасан байтал "Арвижих Үнэлгээ" ХХК нь Хүний амь насанд учирсан хохирлын үнэлгээ гэх хуульд байхгүй, хуульд заагаагүй үнэлгээ гаргаж, энэхүү үнэлгээгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Харин тайлбарынхаа хамтаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас нэмж нотлох баримт гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хугацаа дуусаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “...энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан...” үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь доорх нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно. Үүнд:
Харин хариуцагч талаас шүүхэд нотлох баримт цуглуулж, гаргаж өгөөгүй бөгөөд талуудаас хүсэлт ирүүлээгүй учир шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч ******* 2018 оны 09 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 44-ын зах дээр 68-58 УБП улсын дугаартай “Киа Пронтер” маркийн автомашинаар ухрах хөдөлгөөн хийх үедээ *******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 977 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Уг тогтоолоор шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан боловч түүний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талийгаач ******* 2005 оноос 2018 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Тоосго 4 гудамжны 45 тоотод *******тай амьдарч байсан бөгөөд амьдрах хугацаандаа 5 хүүхэдтэй болсон, өнөөдрийн байдлаар ******* 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэсэн ангилалд багтан амьдарч байна. “Аривжих Үнэлгээ” ХХК-д хандан хохирогчийн амь насанд учирсан хохирлын үнэлгээ буюу шууд хохирол, алдагдсан боломж, сэтгэл санааны хохирлыг хийлгэсэн бөгөөд үнэлгээний нийт дүн 89,548,600 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү мөнгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилсан байдаг. Тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул хор уршиг учирсан гэж үзэх бөгөөд эдийн бус гэм хор гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүний амь нас, нэр төр, алдар хүндэд учирсан хохирлыг эдийн бус гэм хор гэж үздэг. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан байдаг. Тийм учраас хохирол, хор уршгийг мөнгөөр нэхэмжилсэн. Хохирол, хор уршгийн талаар хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ гаргуулсан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Эдгээр хуулийн заалтуудыг удирдлага болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэв.
Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэмт хэрэг гарснаас хойш би өөрийн зүгээс хохирогчид мах, сүү зэрэг зэрэг эд зүйл өгч туслалцаа үзүүлсэн. Мөн 2022 онд хохирогчид идэш өгсөн...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс *******ыг тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах үүргийг хүлээлгэсэн бөгөөд тэнссэн хугацаа нь дуусгавар болсон. Шүүхийн шийтгэх тогтоолд тухайн гэмт хэрэг гарахад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн гэж үзсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор хохирогч тал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг “” ХХК-иас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Хариуцагч Б. нь гэмт хэргийн хохиролтой холбоотойгоор хохирогчид 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд мөн тодорхой хэмжээгээр мах, сүү зэрэг эд хөрөнгийн тусламж үзүүлсэн. Гэм хорыг арилгах талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасан байдаг бөгөөд гэм хорыг арилгах хэмжээ хязгаарыг мөн хуулийн 229 дүгээр зүйлд заасан байна. Бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй боловч гэм хорын хохирлыг хариуцан төлөх ёстой этгээд нь хариуцагч ******* юм уу, эсвэл хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн буруутай хуулийн этгээд байх уу гэдгийг анхаарч үзнэ үү. Шүүхээс иргэний хариуцагч “” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг төлөх үүргийг хүлээлгэсэн байдаг...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Намжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... гэмт хэргийн хохирол, хор уршгийн төлбөрийг нэхэмжлэгч *******д төлөх боломжгүй гэж үзэж байна...” гэв.
Шүүх зохигч талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Гэм хорын хохиролд 89,548,600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44-ийн зах дээр 68-58 УБП улсын дугаартай Киа пронтер маркын автомашинаар ухрах үедээ *******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн, уг гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ******* томилогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үйл баримтууд нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан ба *******ы болгоомжгүй үйлдлийн улмаас *******ийн амь нас хохирсон байх тул түүний хууль ёсны төлөөлөгч ******* нь гэм хорын хохирлыг шаардах эрхтэй этгээд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно” гэж, Иргэний хуулийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж хуульчилсан бөгөөд ******* нь *******д холбогдуулан гэм хорын хохирол арилгуулах нэхэмжлэлийг өөрийг нь төлөөлөн шүүхэд гаргах, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүхий л эрхийг *******ид итгэмжлэлээр олгож, итгэмжлэлийг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
Иймд ******* нь нэхэмжлэгч *******ыг төлөөлөн *******д холбогдуулан “Гэм хорын хохирол гаргуулах тухай” нэхэмжлэл гаргах, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцвол зохих этгээд мөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Минжүүрдорж нь “*******ийн амь нас нь *******ы болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон. Шүүхээс *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн боловч хор уршгийг арилгаагүй. Хүний амь нас хохирсонтой холбоотойгоор учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 89,548,600 төгрөгийн хохирол тооцогдсон. Иймд буруутай этгээд болох *******аас нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
Харин хариуцагч ******* нь “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч ХХК-иас нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэр гарсан, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар хуульчилсан атал хуульд байхгүй, хуульд заагаагүй үнэлгээ гаргаж, энэхүү үнэлгээгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна" гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэж, талуудын хооронд маргаант байдал үүсжээ.
Иймд маргааныг шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй учир маргаагүй үйл баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.
Дээрх шийтгэх тогтоолд *******ыг “... бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ...гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч ХХК-иас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй талаар дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан тул дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудлуудыг дахин нотлох шаардлагагүй юм.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байдаг.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж хуульчилснаас үзвэл эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүх тухайн гэмт хэрэгтэй холбогдох хохирол, хор уршгийг тодорхойлж, эцэслэн шийдвэрлэх ба тодорхой тооцоо гаргах боломжгүй тохиолдолд хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэгдээгүй асуудлын хүрээнд иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг зааснаар иргэний нэхэмжлэгч уг эрхийн хүрээнд, шүүхээс заасан этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой болох юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуульд заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж, 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж хуульчилсан бөгөөд энэ нь шүүхээс тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх зохицуулалт ба тэнссэн хугацаа дуусгавар болсноор хүлээх үүргийн хугацаа мөн дуусгавар болох хуулийн зохицуулалт юм.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн 1 жилийн хугацаа дуусгавар болсон байх тул уг хугацаанд хор уршиг арилгах талаар хүлээлгэсэн үүрэг мөн дуусгавар болсон гэж үзнэ.
Түүнчлэн *******ыг гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор уг гэмт хэргийн улмаас *******ыг хохирогчид болон бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар түүнээс дахин хохирол тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос хариуцагч Б.д холбогдуулан ирүүлсэн “ Гэм хорын хохиролд 89,548,600 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Ийнхүү дүгнэхдээ шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Намжилсүрэн нь “...Б. гэмт хэргийн хохирол, хор уршгийн төлбөрийг нэхэмжлэгч *******д төлөх боломжгүй...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх харгалзан үзсэн болно.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсаргаж, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “шийтгэх тогтоолоос бусад нотлох баримтууд нь” нотлох баримтын шаардлага хангасан, баримтуудад агуулагдаж байгаа мэдээллүүд нь маргааны үйл баримтыг нотолсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд байх боловч тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.УРТНАСАН
ШҮҮГЧИД Б.ӨЛЗИЙХИШИГ
Ж.ОТГОНХИШИГ