| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00496/И |
| Дугаар | 152/ШШ2023/00101 |
| Огноо | 2023-03-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 152/ШШ2023/00101
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: З овогт Н-ийн С,
Нэхэмжлэгч: З овогт Д-ийн Н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт Б-ын П-д холбогдох,
Гэм хорын хохирол 3,014,622 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Н,
Хариуцагч: Б.П,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Иргэдийн төлөөлөгч: Г.Хадбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Н.С-д шүүх хуралдааны товыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн Н овогтой С миний бие Б.П-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цахимаар оролцсон юм. Гэвч шүүх хурал 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дахин явагдахаар болж хойшилсон. Энэ удаагийн шүүх хуралд миний бие ажил дээр шалгалт ирэх тул цахимаар оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд хуулийн дагуу хэргийг шийдэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч Н.С-г оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Б.П-д холбогдуулан гэм хорын хохирол 3,014,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.П нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ х УВХ улсын дугаартай, саарал өнгийн Ланд-80 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлгөөний байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, х тоот хашаанд байрлах манай гэрийг дайрч миний бие Н.С болон манай хүүхэд Ч.Ч, дүү Н.Х бид нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан юм. Дээрх зөрчлийн улмаас бид нар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд дүү Н.Х нүдний эмчид үзүүлсэн, мөн миний бие томографикт харуулсан зэрэг эмчилгээнд орж дахин Улаанбаатар хот явж онош тодруулахаар мэргэжлийн нүдний эмч, түлэнхийн эмчид үзүүлсэн. Би гэмтлийн эмчид үзүүлж, нурууны имрай зураг авхуулах, тархины судасны өнгөт хэт авиан оношилгоо зэргийн оношилгоонд орж нийт 6,118,622 төгрөгийн зардал гаргаснаас 3,077,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо 3,014,622 төгрөгийн хохирол барагдуулаагүй барагдуулаагүй тул Б.П-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.П нь согтуугаар манай охины гэрийг дайрч охин Н.Х халуун усанд болон халуун галд нүүр болон бөгс, гар, хавирга хэсгээрээ түлэгдсэн гэмтэл гарсан. Нүдний салст нь түлэгдэж нүдний хараа маш муудсан. М.Ч хавирга болон бөгс хэсэг нь түлэгдэж, хагарсан шил мэт зүйлээр зүсэгдсэн. Н.С тавилгад цохигдож битүү бэртэл авсан. Бидний зүгээс их зүйл нэхэмжлээгүй, хэл ам хийхгүй Б.П-г өгчих байх нэгнийгээ таньж мэддэг хүмүүс гээд удаан хүлээсэн. Эд хөрөнгийн хохирол гэж 2 сая гаруй төгрөг өгсөн юм байна лээ. Иймд эмчилгээ болон бусад зардалд нийт 3.014.622 төгрөг төлөөгүй байгаа. Гэхдээ хоолны мөнгийг хасахад асуудалгүй. Харин Н.С, Н.Х, М.Ч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, байрны түрээсийн мөнгө, бензиний мөнгө зэргийг төлчихвөл өөр хэлэх тайлбаргүй... гэжээ.
3. Хариуцагч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2022 оны 03 сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, иргэн Н.Х-ны биед хөнгөн гэмтэл учруулсан юм. Энэхүү үйлдэлдээ миний бие зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаж, хохирогч нараас уучлал гуйж, Улаанбаатар хот явахад эмчилгээний зардал, эм тарианы мөнгө өгсөн юм. Мөн гэмт хэргийн улмаас учирсан 3,077,000 төгрөгийг төлж барагдуулсан. Н.С нь надаас нэмж 3,014,622 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж миний бие үзэж байна. Учир нь миний бие гэм буруутай үйлдэлдээ гэмшиж түүнд Улаанбаатар хот явахад нь унааны болон зардалд зориулж 300,000 гаруй төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд өөрийн санаачлагчаар өгсөн, үүний дараагаар 2,632,500 төгрөгийг өгсөн. Миний бие эхнэрийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны олон хүүхэдтэй хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг амьжиргааны түвшин доогуур өрх билээ. Н.С нь хохирлын зардал гэж ямар ч баримтгүй мөнгийг надаас нэхэмжилж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ нотлох баримтын хэмжээнд 864,650 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 3 дугаар сарын 16-нд Б.П нь хашаан доторх айлын гэрийг машинаараа мөргөснөөс болж нэхэмжлэгч Н.С, түүний дүү Н.Х, хүү М.Ч нарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн үед Н.С-г эмнэлэгт хэвтэхэд нь эмнэлгийн төлбөр 108,500 төгрөг, MRI шинжилгээний төлбөрт 36,000 төгрөг шилжүүлсэн. Хот руу эмчилгээнд явах гэж байна, эмчилгээний зардал хэрэгтэй байна гэхэд нь 300,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Улаанбаатар эмчилгээнд явсан гэх нийт 62 баримтаас эмчилгээний зардлыг түүвэрлэж үзэхэд 1,164,650 төгрөгийн баримт байгаа. Бензин шатахууны зардлын хувьд тухайн үед Улаанбаатар явсан машинд хийсэн бензиний баримт мөн эсэх нь тодорхойгүй өөр өөр огноотой, мөн хоол хүнсний зардлын хувьд хүн өвдсөн ч бай эрүүл ч бай адилхан идэж уудаг учраас эдгээр зардлуудыг хариуцагч талаас гаргаж өгөх боломжгүй. Хэрэв Б.П-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч тусгай хоол хүнс хэрэглэх болсон бол хариуцагч тал төлөх үүрэгтэй. 1,164,650 төгрөгөөс Б.П-ийн өгсөн 300,000 төгрөгийг хасвал 864,650 баримттай зардлыг төлөх боломжтой. Өмнө нь баримтыг тус бүрт нь биш нийтэд нь нэг зургийг нь дарчихсан байсан учраас мөнгөн дүнгийн тооцоог харагдаж байснаар нь тооцсон байсан. Б.П нь өөрөө ажилгүй, эзэмшсэн мэргэжилгүй, 5 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Бага хүүхэд нь 6 сартай, хатгаа туссан учраас эхнэр нь хүүхдээ авч эмнэлэгт хэвтсэн байгаа. Хохирогч нарт хөнгөн гэмтэл учирсан, цаашид заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх эмчийн бичиг байхгүй. Хөнгөн гэмтлийг 4-5 долоо хоногийн хугацаанд хэвийн байдалдаа ордог гэж анагаах ухаан үздэг. Авто ослын хэрэг нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг, санаатайгаар өш хонзон санаж дайрсан бол өнөөдөр нөхцөл байдал арай өөр байх байсан. Б.П эрхэлсэн тодорхой ажилгүй боловч Улаанбаатар явах эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохирлыг өөрийн санаачилгаараа төлж барагдуулаад ирсэн... гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч Г.Хадбаатар 864,000 төгрөгийн хохирлыг Б.П төлөх ёстой. Илүү нэхэж байгаа бусад зардлууд баримтгүй учир төлөх шаардлагагүй гэх дүгнэлт гаргажээ.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Д.Н, Н.Х, Н.С нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Увс аймгийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 86 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, НӨАТ-ын баримтууд 1 хуудас, Т.Ө-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мемориалын баримт №20220401812691716460, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, НӨАТ-ын баримтууд 4 хуудас, Тунгалаг мэлмий тооцоон хуудас, спекрт мэдрэлийн эмнэлэгт үзлэг хийлгэсэн 2 хуудас баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ГХ-154 дугаартай гомдол мэдээллийн хохирлын тооцоо, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 129 тоот шинжээчийн дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлт, мөнгөн шилжүүлгийн баримт, Н.Х-ны амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 4 хуудас фото зургийн хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Хариуцагчаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, №100 тоот шинжээчийн дүгнэлт, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, Т.Ө-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, НӨАТ-ын баримт, тооцооны хуудас, спектр мэдрэлийн эмнэлгийн 2 хуудас баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ГХ-154 дугаартай гомдол мэдээллийн хохирлын тооцоо зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
8. Шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3 тоот тогтоолоор Увс аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж буй Б.П-д холбогдох 223500132 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай материалд үзлэг хийж холбогдох нотлох баримтуудыг хуулбарлаж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.С-ийн хариуцагч Б.П-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3,014,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 1,234,050 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1,780,572 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Б.П нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ х УВХ улсын дугаартай, саарал өнгийн Ланд-80 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлгөөний байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, х тоот хашаанд байрлах манай гэрийг дайрч миний бие Н.С болон манай хүүхэд Ч.Ч, дүү Н.Х- бид нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан юм. Дээрх зөрчлийн улмаас бид нар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд дүү Н.Х нүдний эмчид үзүүлсэн, мөн миний бие томографикт харуулсан зэрэг эмчилгээнд орж дахин Улаанбаатар хот явж онош тодруулахаар мэргэжлийн нүдний эмч, түлэнхийн эмчид үзүүлсэн. Би гэмтлийн эмчид үзүүлж, нурууны имрай зураг авхуулах, тархины судасны өнгөт хэт авиан оношилгоо зэргийн оношилгоонд орж нийт 6,118,622 төгрөгийн зардал гаргаснаас 3,077,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо 3,014,622 төгрөгийн хохирол барагдуулаагүй барагдуулаагүй тул Б.П-ээс гаргуулж өгнө үү. Н.С надад 2,591,822 төгрөгийн, Н.Х-д 524,800 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
3. Нэхэмжлэгч Д.Н “Б.П нь согтуугаар манай охины гэрийг дайрч охин Н.Х халуун усанд болон халуун галд нүүр болон бөгс, гар, хавирга хэсгээрээ түлэгдсэн гэмтэл гарсан. Нүдний салст нь түлэгдэж нүдний хараа маш муудсан. М.Ч хавирга болон бөгс хэсэг нь түлэгдэж, хагарсан шил мэт зүйлээр зүсэгдсэн. Н.С тавилгад цохигдож битүү бэртэл авсан. Бидний зүгээс их зүйл нэхэмжлээгүй, хэл ам хийхгүй Б.П-г өгчих байх нэгнийгээ таньж мэддэг хүмүүс гээд удаан хүлээсэн. Эд хөрөнгийн хохирол гэж 2 сая гаруй төгрөг өгсөн юм байна лээ. Иймд эмчилгээ болон бусад зардалд нийт 3.014.622 төгрөг төлөөгүй байгаа. Гэхдээ хоолны мөнгийг хасахад асуудалгүй. Харин Н.С, Н.Х, М.Ч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, байрны түрээсийн мөнгө, бензиний мөнгө зэргийг төлчихвөл өөр хэлэх тайлбаргүй”... гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
4.1. Би 2022 оны 03 сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, иргэн Н.Х-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан юм. Энэхүү үйлдэлдээ миний бие зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаж, хохирогч нараас уучлал гуйж, Улаанбаатар хот явахад эмчилгээний зардал, эм тарианы мөнгө өгсөн юм. Мөн гэмт хэргийн улмаас учирсан 3,077,000 төгрөгийг төлж барагдуулсан. Н.С нь надаас нэмж 3,014,622 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж миний бие үзэж байна. Учир нь миний бие гэм буруутай үйлдэлдээ гэмшиж түүнд Улаанбаатар хот явахад нь унааны болон зардалд зориулж 300,000 гаруй төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд өөрийн санаачлагчаар өгсөн, үүний дараагаар 2,632,500 төгрөгийг өгсөн. Миний бие эхнэрийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны олон хүүхэдтэй хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг амьжиргааны түвшин доогуур өрх билээ. Н.С нь хохирлын зардал гэж ямар ч баримтгүй мөнгийг надаас нэхэмжилж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ нотлох баримтын хэмжээнд 864,650 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.П нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ х УВХ улсын дугаартай, саарал өнгийн Ланд-80 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3, 3.7-а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Увс аймгийн Улаангом сумын Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 16-05 тоот хашаанд байрлах Ч.М-ийн монгол гэрийг дайрч Н.С, насанд хүрээгүй хохирогч М.Ч, Н.Х нарын нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх гэсэн шинжийг хангаагүй тул Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 86 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 2235000132 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.П нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3, 3.7-а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Увс аймгийн Улаангом сумын Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт х тоот хашаанд байрлах Ч.М-ийн монгол гэрийг дайрч Н.С, насанд хүрээгүй хохирогч М.Ч, Н.Х нарын нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу болсон үйл баримтын талаар маргаагүй, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нь учирсан хохирлын хэмжээний хувьд маргаж байна.
6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Б.П-ээс гэм хорын хохиролд 516,300 төгрөг гаргуулж Н.Х-д, 717,750 төгрөг гаргуулж Н.С-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,780,572 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нийт баримттай хохирол 6,118,622 төгрөг гарсан. Үүнээс хариуцагчийн зүгээс эмчилгээний зардал болон эд хөрөнгөд учирсан хохиролд нийт 3,077,000 төгрөгийг өгсөн бөгөөд одоо 3,014,622 төгрөгийн хохирлыг төлөөгүй гэж тайлбарласан. Улмаар шүүхийн зүгээс Б.П-д холбогдох эрүүгийн 2235000132 дугаартай хэрэгт үзлэг хийхэд нийт хохирлын дүн 3,456,122 төгрөг байсан ба үүнээс
- Баримтын огноо, нэр арилсан 56,300 төгрөг,
- Улаанбаатар хотод очихдоо байр түрээсэлсэн гэх 500,000 төгрөг, байр түрээсэлсэн тухай түрээсийн гэрээ, хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн хэзээ хүртэл түрээсэлсэн хугацаа байхгүй,
- Хоол, хүнсэнд зарцуулсан 486,155 төгрөг зайлшгүй зардал биш,
- Нэхэмжлэгч нарыг эмчилгээнд авч явахаар Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн гэх бензиний үнэ, мөн Улаанбаатар хот дотор хэрэглэсэн гэх бензиний зардал нийт 597,517 төгрөгийг хасах нь зүйтэй.
Ийнхүү Н.С-д 1,017,750 төгрөгийн хохирол учирснаас өмнө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 300,000 төгрөгийг хасч үлдэх 717,750 төгрөг, Н.Х-д 516,300 төгрөгийг тус тус олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Н.С-ийн өөрт учирсан хохирол болон дүү Н.Х-д учирсан хохирлын жагсаалт нь зарим үнийн дүн нь НӨАТ-ын баримтын үнээс зөрүүтэй байсан ба шүүх НӨАТ-ын баримтын үндэслэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Д.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Н.С-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.
7. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.П-ээс гэм хорын хохиролд нийт 1,234,050 төгрөг буюу үүнээс Н.Х-д 516,300 төгрөг, Н.С-д 717,750 төгрөг гаргуулж тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,780,050 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэдийн төлөөлөгч Г.Хадбаатар хариуцагч нь 864,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,184 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-ээс 16,139 төгрөг гаргуулж Н.Х-д, 21,776 төгрөг гаргуулж Н.С-д тус олгох нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн фото зургийн хуулбарууд нь хэн хэзээ ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхойгүй байх тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.П-ээс 516,300 төгрөг гаргуулж Н.Х-д, 717,750 төгрөг гаргуулж Н.С-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,780,572 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,184 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-ээс 16,139 төгрөг гаргуулж Н.Х-д, 21,776 төгрөг гаргуулж Н.С-д тус тус олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ О.БАТДОРЖ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР