Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 067

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж 

нарийн бичгийн дарга Т.Айбек

улсын яллагч Т.Отгонжаргал 

орчуулагч: К.Еркежан

шүүгдэгч М.Жанхозы нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр овогт Меденханы Жанхозыд холбогдох 201704000078  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1977 оны 05 дугаар сарын 18-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шыбарайгыр овогт Меденханы Жанхозы РД:БИ77051816.

Шүүгдэгч М.Жанхозын холбогдсон хэргийн талаар: 

- Шүүгдэгч М.Жанхозы нь 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 20-ны хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөндий шинэст толгой” гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос хууль бусаар 18 ширхэг нойтон мод бэлтгэж, ойн санд 269855 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Жанхозы нь хүүхэд оюутан учир мөнгөөр мод худалдан авах боломжгүй гэх шалтгаанаар байшин барих зорилгоор, санаатайгаар 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 20-ны хооронд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн нутаг дэвсгэр “Хөндий шинэст толгой” гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос хууль бусаар 18 ширхэг нойтон шинэс мод гар хөрөөгөөр огтолж, хар зүсмийн мориор Сагсай сумын 6 дугаар багийн нутаг “Хаалгат” хэмээх газарт байрлах өөрийн өвөлжөөндөө зөөвөрлөн өвсөн доор нууж бэлтгэн, ойн санд 269855 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч М.Жанхозын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өвчтэй хүүхэдтэй, мөн өөрөө ч эрүүл мэнд маань муу. Тиймээс хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг

- Иргэний нэхэмжлэгч А.Исатайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 148-р хуудас/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/

- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-13-р хуудас/

- Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-21-р хуудас /

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 22/

- Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхэд ашигласан багаж болох хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

- Гэрч Ш.Ахметийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч А.Исатайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-38, 148-р хуудас/

- Гэрч Ш.Айбекийн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Жанхозын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Уг гэмт хэргийн улмаас ойн санд 269855 төгрөгийн бодит хохирол учирсан ба, хуулийн дагуу нөхөн төлбөр болох 809565 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Жанхозыд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Уг гэмт хэрэг 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Жанхозыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар баривчлах ял шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2-т баривчлах ял байхгүй байх тул ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Жанхозы нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гар хөрөө, хар зүсмийн морь, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 18 ширхэг шинэс мод зэргийг хураан авч худалдан борлуулж, улсын төсөвт тус тус оруулах нь зүйтэй. Харин эсгий гэр, хээр зүсмийн морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Жанхозыд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Шыбарайгыр овогт Меденханы Жанхозыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар шүүгдэгч М.Жанхозыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Жанхозыг баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жанхозыд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 809565 төгрөгийг Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалтай газрын дансанд төлөгдсөн болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гар хөрөө 2 ширхэг, 800000 төгрөгний үнэлгээтэй хар зүсмийн морь 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 269855 төгрөгний үнэлгээ бүхий 18 ширхэг шинэс мод зэргийг худалдан борлуулж улсын төсөвт тус тус шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. М.Жанхозын өмчлөлийн эсгий гэр, хээр зүсмийн морь зэргийг мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч М.Жанхозын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай. 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ