Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 123/ШШ2023/0008

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Х сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Батбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Н” ХХК нь Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан “Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

1.1. “Н” ХХК-ийн захирал Б.Маас 2022 оны 6 сарын 24-ний өдөр мөн  2022 оны 7 сарын 6-ны өдөр “Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцох, нэхэмжлэлд гарын үсэг зурах..., Төв аймгийн шүүх, төрийн байгууллагад хүсэлт, өргөдөл гомдол гаргах, түүнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх”-ийг иргэн Д.Бд тус тус олгосон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Н” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Б.М 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн, Н ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.Б нь Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2022 оны 5 сарын 27-ний өдрийн 01/945 тоот албан бичгээр өгсөн хариуг хүлээн авч, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2. Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.15, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газрын төлбөр төлөөгүй, газраа

зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Манай компанид Х сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 46 тоот захирамжаар тус сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Өнжин хэмээх газарт үр тарианы зориулалтаар 100 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газар эзэмших гэрээ байгуулан, 2008 оноос газрыг зориулалтын дагуу ашиглаж эзэмшиж ирсэн.

3.2. Ковид-19 халдварт цар тахлын улмаас хөл хорио тавигдсан 2020, 2021 онуудад ажил үйлдвэрлэл хэвийн явагдах боломжгүй байсан. 2020 онд манай компани Хөнгөн үйлдвэр, Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас сэлгэн тариалалтад зориулан бодлогоор оруулж ирсэн элит сортын хар рапсыг ХАА-г Дэмжих сангаас Баруунхараагийн ургамлын тосны үйлдвэрт нийлүүлэх гэрээний үндсэн дээр тарьсан боловч тухайн жилийн 6 дугаар сард бороо хур ороогүйгээс болц оройтож, хураалт хийх боломжгүй болон ургац алдсан. Тухайн жилийн намар 11 сард алаг цоог болсон рапсын үр талбай дээр малын хөлөөр цайруулагдсан.

3.3. 2020 онд 40 гаран сая төгрөгийн зардал гарган, рапс тариалсан болохоор 2021 оны хавар талбайг хавж тэгшлэн борнойдож унасан үрээр рапс ургуулах технологи ашиглан тариалалт хийсэн, рапс сайхан соёолж эхэлсэн,

3.4. 2021 оны 7 дугаар сард компанийн бүх үйл ажиллагааг удирдан ажиллаж байсан Д.Б миний бие ажилчдынхаа хамт талбайдаа хор цацчихаад Улаанбаатар руу буцах замд Х сумын төв зам дээр согтуу жолооч эсрэг урсгалаас орж ирэн, зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл аван энэ үеэс өнөөдрийг хүртэл ажил хийх ямар ч боломжгүй, эмнэлгээр голдуу байлаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл гэж дүгнэсэн. Энэ тухайгаа Х сумын ХАА-н мэргэжилтэнд утсаар ярьж хэлсэн, ийнхүү ярихад газар эзэмших эрх цуцлагдах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй.

3.5. Эрүүл мэндийн асуудал ийм байдалд орсон болохоор санхүүгийн хувьд хүндэрч, ажиллах хүч ч хомсдон талбайн ажлыг тэр чигт нь орхиж, 2021 онд ургацаа хурааж авч чадаагүй. Энэ тухайгаа Х сумын ХАА-н мэргэжилтэнд утсаар ярьж хэлсэн. Утсаар ярих үедээ газар эзэмшүүлэх эрх цуцлагдах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй болохыг хариуцлагатайгаар хэлж байна. 2021 онд ургацаа хурааж авч чадаагүй.

3.6. Тус компаний газар эзэмших эрхийг Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 тоот захирамжаар хүчингүй болгосныг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Х сумын ЗДТГ-т очиж анх мэдсэн.

3.7. Захиргааны акт гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчиж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжийг хязгаарласан.

3.8. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу “Н” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй.

3.9. Засаг дарга захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4, 27.4.5 дахь зүйлийг үндэслэсэн гэх боловч бидэнтэй утсаар ярих, биечлэн уулзах, цахимаар санал авах ажиллагааг огт хийгээгүй.

3.10. Засаг дарга А /272 тоот захирамжаа бидэнд огт мэдэгдээгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан ажиллагаа хийгдээгүй.

3.11. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т ”Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн албан тушаалтан энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заасан. бид нэхэмжлэл үүсчихээд байхад төлөхгүй зугтаад байсан асуудал байхгүй. Газрын албанаас манай компанид газрын төлбөр ногдуулсан нэхэмжлэл Татварын албанд ирээгүй. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу цахим болон бусад хэлбэрээр газрын төлбөрийн мэдэгдэл ирээгүй,

3.12. Тус компанид олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээнд Үр тарианы зориулалт гэж заасан ба компани газрыг зориулалтын бусаар эзэмшиж ашигласан зүйлгүй юм.

3.13. Талбай ашиглалтын мэдээ тайлангийн тухайд хүнд өвчин, хүнд гэмтлийн улмаас ажлаа эрхлэх ямар ч боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир гаргаагүй.

3.14. манай компани эзэмшлийн газрыг 40 жилийн хугацаанд эзэмшиж ашиглана гэж тооцоолон, 2008 оноос хойш 300.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд компанид энэ хэмжээний эдийн засгийн хохирол учирч байна. Иймд Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/272 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Манай компанид Х сумын Засаг даргын 2008 оны 4 сарын 14-ний өдрийн 46 тоот захирамжаар тус сумын Өнжин хэмээх газарт үр тарианы зориулалтаар 100 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газар эзэмших гэрээ байгуулан, 2008 оноос газрыг зориулалтын дагуу ашиглаж эзэмшиж ирсэн.

4.2. 2020 онд элит сортын хар рапсыг ХАА-г Дэмжих сангаас Баруунхараагийн ургамлын тосны үйлдвэрт нийлүүлэх гэрээний үндсэн дээр тарьсан боловч тухайн жилийн 6 дугаар сард бороо хур ороогүйгээс болц оройтож, хураалт хийх боломжгүй болон ургац алдсан. Тухайн жилийн намар 11 сард алаг цоог болсон рапсын үр талбай дээр малын хөлөөр цайруулагдсан.

4.3. 2020 онд 40 гаран сая төгрөгийн зардал гарган, рапс тариалсан болохоор 2021 оны хавар талбайг хавж тэгшлэн борнойдож унасан үрээр рапс ургуулах технологи ашиглан тариалалт хийсэн, рапс сайхан соёолж эхэлсэн,

4.4. 2021 оны 7 дугаар сард компанийн бүх үйл ажиллагааг удирдан ажиллаж байсан Д.Б миний бие талбайдаа хор цацчихаад Улаанбаатар руу буцахдаа зам дээр зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл аван энэ үеэс өнөөдрийг хүртэл ажил хийх ямар ч боломжгүй, эмчлүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл гэж дүгнэсэн. Энэ тухайгаа Х сумын ХАА-н мэргэжилтэнд утсаар ярьж хэлсэн, ийнхүү ярихад газар эзэмших эрх цуцлагдах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй.

4.5. эрүүл мэндийн байдлын улмаас 2021 онд ургацаа хурааж авч чадаагүй. Энэ тухайгаа Х сумын ХАА-н мэргэжилтэнд утсаар ярьж хэлсэн. Утсаар ярих үедээ газар эзэмшүүлэх эрх цуцлагдах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй болохыг хариуцлагатайгаар хэлж байна. 2021 онд ургацаа хурааж авч чадаагүй.

4.6. Тус компаний газар эзэмших эрхийг Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн А/272 тоот захирамжаар хүчингүй болгосныг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Х сумын ЗДТГ-т очиж анх мэдсэн. Та нар энэ жил газар дээр тариалалт хийгүй шүү гэхээр нь яагаад гэж асуутал таны и-мэйл хаяг болон шуудангаар албан бичиг явуулсан гэж хэлсэн. Гэтэл миний batsaihan174@gmail хаягыг batsaihan176@gmail гэж буруу бичсэн байсан шүүхийн үзлэгээр тогтоогдсон,

4.7. Захиргааны акт гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчиж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжийг хязгаарласан.

4.8. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу “Н” ХХК-ийн Газар эзэмших эрхтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй.

4.9. Засаг дарга захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4, 27.4.5 дахь зүйлийг үндэслэсэн гэх боловч бидэнтэй утсаар ярих, биечлэн уулзах, цахимаар санал авах ажиллагааг огт хийгээгүй.

4.10. Засаг дарга А /272 тоот захирамжаа бидэнд огт мэдэгдээгүй. Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан ажиллагаа хийгдээгүй.

4.11. Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрийн асуудал эрхэлсэн албан тушаалтан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заасан. бид нэхэмжлэл үүсчихээд байхад төлөхгүй зугтаад байсан асуудал байхгүй. Газрын албанаас манай компанид газрын төлбөр ногдуулсан нэхэмжлэл Татварын албанд ирээгүй,

4.12. Тус компанид олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээнд Үр тарианы зориулалт гэж заасан ба компани газрыг зориулалтын бусаар эзэмшиж ашигласан зүйлгүй юм.

4.13. Талбай ашиглалтын мэдээ тайлангийн тухайд хүнд өвчин, хүнд гэмтлийн улмаас ажлаа эрхлэх ямар ч боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир гаргаагүй.  Сумын ХАА-н мэргэжилтэн нь утсаар ярьж асуугаад “Танайх энэ жил юу тарьсан. Дараа жил  юу тарих гэж байна. Хор, будаг эсвэл өөр захиалах юм байна уу гэж асуугаад тайлан мэдээг авдаг байсан,

4.14. манай компани эзэмшлийн газрыг 40 жилийн хугацаанд эзэмшиж ашиглана гэж тооцоолон, 2008 оноос хойш 300.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд компанид энэ хэмжээний эдийн засгийн хохирол учирч байна. Мөнхбаатар анх энэ компанийг 140 сая төгрөгөөр худалдаж авсан, худалдаж авахад нь гүний худаг насостойгоо, 3.80 вольттой цахилгааны 860 метр шугамын ерөнхий шит, нүхэн зоорь 3 ширхэг нийт багтаамж нь 90 тонн, амбаар 1 ширхэг гээд байсан, түүнээс хойш техник тоног төхөөрөмж, сэлбэг зэргийг авсан, нийт 70, 80 сая төгрөгийн зээл авсан байх. Зарим нь төлөгдсөн, зарим нь төлөгдөөгүй байгаа. 2019 оноос хойш 18 сая төгрөгийн үр, бордоо зэргийг зээлээр авсан,

4.15. Б.М анх энэ компанийг 2012 онд худалдаж авахдаа өөрөө газар тариалангийн мэргэжлийн хүн биш учраас гэрчилгээ өгөхөөр нь ингээд болчихсон юм байна гэж үзсэн юм шиг байгаа юм. Б.Маас надад гэрээ өгөөгүй хамтран ажиллах гэрээ гээд жил болгон байгуулдаг байсан гэж л хэлсэн. Анхны гэрээ байхгүй, олдоогүй.

4.16. 2008 оноос одоог хүртэл тариалалт хийж байхад газрын даамал нь жил бүр Мөнхбаатартай ажил дээр нь очиж гэрээ байгуулж  уулзахдаа зориулалтын бусаар ашиглаад байна гэж хэлээгүй.

4.17. Б.М 2019 онд надтай гэрээ байгуулаад Х луу Б гэдэг хүн “Н” компаний ажлыг хариуцна, энэ хүнтэй холбогдоорой гэж хэлсэн, хөдөө аж ахуйн мэргэжилтэн хавар, намар утсаар ярьж мэдээ авдаг байсан.

4.18. Сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн 2021 оны 9 байна уу  10 сард байх утсаар яриад хурал болох гэж байгаа, сум дээр ирээрэй гэж хэлсэн, ямар хурал болох гэж байгаа талаар хэлээгүй, би хүнд гэмтэл авсан байсан,

4.19. “Н” ХХК-ны газрыг цуцлах талаарх мэдэгдлийг Б.Мт хүргэх ёстой байсан,

4.20. Би газар тариалангийн ажлыг хариуцан ажиллаж байсан, газрын даамалтай уулзаж байгаагүй.

4.21. Компани сумын Засаг дарга, Тамгын газартай 2012-2017 онд олон талт хамтын ажиллагааны гэрээг таван удаа байгуулж, нийтдээ 2,500,000 төгрөгийг сумын ЗДТГ-т төлсөн.

4.22. манай компани 2019 он хүртэл жил болгон 110,000-122,000  төгрөгийг газрын албанд газрын татварт төлсөн. Иймд Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/272 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Газрыг зориулалтын бусаар ашигласан гэсэн. Бидэнд олгосон гэрчилгээнд үр тарианы зориулалтаар ашиглана гэж байгаа. Бидний 2020, 2021 онд тариалсан рапс бол үр тарианы ургамлын нэг төрөл учраас бид зориулалтыг зөрчсөн, зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй.

5.2. Газрын төлбөрийн тухайд анх захирамж гарснаас хойш 2018,2019 он хүртэл газрын төлбөрийг Газрын албанд төлдөг байх үед жил болгон газрын төлбөрийг төлж ирсэн, нотлох баримтаар хэрэгт авагдсан. Шинээр газрын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт орж Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 10 дугаар зүйлд зааснаар манайх ХАА-н чиглэлээр эзэмшиж байгаа. Тухайн газарт хэн татвар ногдуулах вэ гэдгийг Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 4 дүгээр зүйлд заасан. Компаний захирал Б.М нь 2020, 2021 онууда удаа дараа газрын төлбөрөө төлөх гэж татварын албан дээр очихоор танай байгууллагад нэхэмжлэл үүсгээгүй, мөн ямар дансанд хэдэн төгрөгийг төлөх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэл үүссэний дараа ирж төлөөрэй гээд явуулдаг байсан байна. энэ талаар албан бичгээр хандаагүй. Газар эзэмшиж байгаа ААНБ буруутай биш газрын асуудлыг тухайн орон нутагт хэрэгжүүлж байгаа эрх бүхий байгууллага буюу Засаг дарга, газрын даамал энэ үйл ажиллагааг явуулах ёстой байсан гэдэг нь хуульд заасан энэ зүйл заалтаар нотлогдож байгаа. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг мэдэгдсэн зүйл байхгүй.

5.3. Тайлан мэдээний тухайд нэхэмжлэгч өөрөө хэлсэн. 2020,2021 онд хүнд өвчний улмаас эмнэлэгийн акттай байнга эмчилгээ хийлгэж байсан учраас уулзаж, явж чадаагүй.

5.4. 2021 онд тариалсан боловч ургац авч чадаагүй, 2022 онд огт ажиллагаа хийгээгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр захирамжид дурдсан үйл баримт нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй учраас Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаартай захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

6. Хариуцагч Х сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нью ХХК нь газрын төлбөрөө 2020 оноос хойш төлөөгүй бөгөөд ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газартай давхцал байхгүй нь үнэн болно гэжээ.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаартай захирамжаар Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаад “Н ХХК-ны газар эзэмших эрхийг цуцалсан,

7.2.Цуцалсан үндэслэл нь Кадастрын шинэчилсэн мэдээллийн санд газраа бүртгүүлээгүй, газар эзэмших гэрээг шинээр байгуулаагүй. Гэрээгээ жил бүр дүгнүүлэх үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй буюу биелүүлээгүй, тарьсан, тариалсан, хураасан ургац, бэлтгэсэн уринш болоод талбайн ашиглалтын талаар мэдээгээ илгээх үүргээ биелүүлээгүй,

7.3. Газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй.

7.4. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн,

7.5. Анх Нью атракшн гэдэг компанид Х сумын Засаг даргын 2008 оны 4  дүгээр сарын 14-ны өдрийн 46 тоот захирамжаар 100 га газрыг 40 жилийн хугацаатайгаар төмс хүснний ногооны зориулалтаар олгож 0137774 тоот гэрчилгээг олгосон байна.

7.6. Гэрчилгээнд үр тарианы зориулалтаар гэж тусгагдсан байдаг. Яагаад Засаг даргын захирамжид дурдсан төмс, хүнсний ногоо гэдэг зориулалтаасаа өөрөөр тусгагдсан талаар сумын газрын даамал нь газрын гэрчилгээ олгох үедээ үр тарианы зориулалтаар гээд би андуураад бичсэн гэдгийг маш тодорхой дурдаад өгсөн байсан. Тэгэхээр “Н” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж нь төмс, хүнсний ногооны зориулалтаар гэж байсан нь Төв аймгийн Архивын баримтаар нотлогдсон.

7.7. Нэгэнт төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн газар дээр үр тарианы зориулалтаар буюу рапс гэдэг тосны ургамал тариалсныг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болсон.

7.8. Х суманд тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч этгээдүүд газар эзэмших ашиглах гэрээгээ дүгнүүлээрэй, газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байна гэдэг маш тодорхой заруудыг Х сумын Засаг даргын Тамгын газраас цахимаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон удаа түгээж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна,

7.9. Нэхэмжлэгчээс тайлбар авах зорилгоор олон нийтийн цахим хэрэгсэлээр, сумын ЗДТГ-ын вэб сайтад мэдээ байршуулж байсан, утсаар нэхэмжлэгчид мэдэгдсэн,

7.10. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол яагаад сумын захиргаанд мэдэгдэж байгаагүй юм бэ, захиргааны байгууллагатай харилцах үүрэг нь “Н ХХК-д байсан, компани захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй,

7.11. Хэргийн оролцогчдын бүрэлдэхүүнийг шалгаад хэрэгт авагдсан баримтуудыг үзэхээр “Н” ХХК нь нэг гишүүнтэй, Б.М гэдэг хүн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тухайн компанийг төлөөлөх буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэгдсэн байсан, Энэ маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө 2017,2018,2019 онд Б.А гэдэг этгээд тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан байна. Б.М гэдэг хүнээс одоогийн энэ нэхэмжлэл гаргаад байгаа Д.Б гэдэг хүнд олгосон итгэмжлэл нь 2022 оны 06 дугаар сарын 24-нд байна. Компанийг төлөөлөх эрхгүй байх үедээ итгэмжлэл олгосон нь Захиргааны процессын хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн “Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай “Нью-Атракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд,

1.1. Х сумын Засаг даргын  2008 оны 4 сарын 14-ний өдрийн 46 дугаар захирамжаар тус сумын нутаг Өнжин 97/123 гэх нэртэй газарт байршилтай 100 газрыг “Нью-Атракшн” ХХК-д “төмс, хүнсний ногоо тариалах” зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн[1] бөгөөд Газрын кадастрын мэдээллийн санд 2013 оны  1 сарын 10-ны өдөр нэгж нэгж талбарын 18591378541467 дугаарт  980000 кв.м талбайгаар бүртгэсэн.

1.2. Нэхэмжлэгч “Нью-Атракшн” ХХК нь эзэмшлийн газрын төлбөрөө 2015-2019 онуудад бүрэн төлсөн, харин 2020, 2021 онуудын газрын төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон.

1.3. Нэхэмжлэгч нь эзэмшлийн газартаа 2020, 2021 онуудад тосны ургамал буюу рапс тариалсан зэрэг нь тус тус тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй байна.

1.4. Харин нэхэмжлэгч талаас “Б.М захирал 2020,2021 онд газрын алба болон татварын хэлтсээр явахад нэхэмжлэл үүсээгүй байна гэсэн. Эзэмшиж байгаа газарт газрын төлбөр ногдуулах нь тухайн сумын газрын даамлын үүрэг, газрын даамал нэхэмжлэл үүсгээгүйгээс 2020, 2021 онд газрын төлбөр төлөгдөөгүй, Татварын алба мэдэгдэл ирүүлээгүй...газар эзэмших гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газраа ашигласан” гэх зэргээр маргасан байна.

1.5. Газрын төлбөрийн тухай хуулийн  9 дүгээр зүйлийн /Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.” гэж 2 дахь хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөртэй холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ:1/ төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан..” гэж, 2 дахь хэсэгт “Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Нэхэмжлэгч талаас “газрын даамал 2020, 2021 оны газрын төлбөрийг ногдуулж татварын албанд хүргүүлээгүйгээс газрын төлбөрөө төлж чадаагүй” гэж маргаж буй ч төлбөрийн нэхэмжлэл үүсгүүлэх талаар газрын даамал болон түүний дээд шатны байгууллага, албан тушаалтанд, шүүхэд хүсэлт, гомдол, нхэмжлэл гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  “албан бичгээр хандаагүй” гэсэн тайлбараар нотлогдож байна.

Үүнээс гадна хариуцагч талаас “Төв аймаг Х сум” хаягтай цахим хуудсанд 2019 оны 10 сарын 17-ны өдөр, 2020 оны 4 сарын 10-ны өдөр, мөн “Өнөөдөр” сонины 2020 оны 4 сарын 20-ны өдрийн 78 дугаарт “Газар эзэмшигч нар  газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын төлбөр төлсөн баримт, газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй  байдлыг нотлох баримтыг бүрдүүлэн газрын даамалд хандан гэрээгээ дүгнүүлнэ үү, заасан хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй тохиолдолд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулж байна” гэсэн мэдээллийг зарлуулж мэдээлсэн гэж тайлбарлан баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 Нэхэмжлэгч тал эдгээр баримт, тайлбарыг үгүйсгэж маргаагүй бөгөөд  нэхэмжлэгчийн төлөөлөгч "би 2019 оноос компаний газар тариаланг хариуцаж ажилласан, газар дээрээ очоод тариалалт хийсэн, газрын даамалтай уулзаж байгаагүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгчийг бусдын хууль бус үйлдлийн улмаас, мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар газрын төлбөрийг төлөх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг 2020, 2021 онуудын газрын төлбөрийг төлөөгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ: 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

1.6. Мөн нэхэмжлэгч талаас “0137774 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд үр тарианы зориулалттай гэж заасан, манай компаний 2020, 2021 онд тариалсан рапс бол үр тарианы ургамлын нэг төрөл учраас бид зориулалтын дагуу ашигласан, Нью-атракшн ХХК-ийг Б.М захирал 2013 онд худалдаж авахад газар эзэмших эрхийн гэрчилгээ өгсөн, гэрээ, захирамж өгөөгүй, гэрээ байхгүй”  хэмээн тайлбарлан маргасан.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, 35 дугаар зүйлийн 35.1.1-д “газар эзэмшигч газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах эрхтэй”, 35.3.2-т “газар эзэмшигч газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус заажээ.

Х сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 4 сарын 14-ний өдрийн 46 дугаар захирамжаар тус сумын нутаг Өнжин 97/123 гэх газарт байршилтай 100 газрыг “Н” ХХК-д “төмс, хүнсний ногоо тариалах” зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар тухайн газрыг “төмс, хүнсний ногоо тариалах” зориулалтаар эзэмшиж ашиглах эрхтэй байна.

Иймээс эзэмшлийн газартаа 2020, 2021 онуудад тосны ургамал буюу рапс тариалсан нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан газрыг зохистой ашиглах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

1.7. Х сумын газрын даамал нь нэхэмжлэгчид 0137774 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо 100 га газрыг “үр тарианы” зориулалтаар эзэмшүүлэх хэмээн бичиж Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газар эзэмшүүлсэн шийдвэр биш тул гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газрыг ашигласан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

1.8.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж, 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны актын эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.”, 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг ...оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.... мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.

Хавтас хэрэгт авагдсан, нэхэмжлэгч “Нью-Атракшн” ХХК-ийн захирал Б.М, иргэн Д.Б /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нарын 2019 оны 3 сарын 11-ний өдөр байгуулсан “Газар тариалангийн газар хамтран ашиглах хэлцэл”-д “Х сумын Өнжинд байрлах 100 га газрыг 5 жилийн хугацаагаар Д.Бд хариуцуулан...гэрээ байгуулав” гэсэн,

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Мөнхбаатар 2019 онд надтай гэрээ байгуулаад Х луу Б гэдэг хүн Нью-Атракшн компаний ажлыг хариуцна, энэ хүнтэй холбогдоорой гэж хэлсэн, хөдөө аж ахуйн мэргэжилтэн хавар, намар утсаар ярьж мэдээ авдаг байсан. Сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн 2021 оны 9 байна уу  10 сард байх утсаар яриад хурал болох гэж байгаа, сум дээр ирээрэй гэж хэлсэн, ямар хурал болох гэж байгаа талаар хэлээгүй, би авто замын осолд орж хүнд гэмтэл авсан байсан, Нью атракшн ХХК-ны газрыг цуцлах талаарх мэдэгдлийг Б.Мт хүргэх ёстой байсан” гэсэн тайлбар гаргасан.

-Х сумын “Тариалангийн талбайгаар ажилласан ажлын 2021 оны 9 сарын 21-ны өдрийн тайлан”-д  “Н ХХК төмс хүнсний ногоо тарих талбайд тосны ургамал тариалсан, 2020, 2021 оны  газрын төлбөр төлөөгүй” гэсэн,  тус сумын 2021 оны 10 сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлсэн тухай илтгэх хуудас-т “Н” ХХК шуудан очоогүй гэсэн шалтгаанаар сонсох ажиллагаанд ирээгүй” гэж тэмдэглэсэн зэргээс үзвэл, “Н” ХХК-ийн газар тариалангийн үйл ажиллагааг Д.Б хариуцан ажиллах талаар нэхэмжлэгчээс хариуцагч талд мэдэгдсэн, хариуцагч талаас Д.Бд “Нью-Атракшн” ХХК-ийн газрын төлбөр төлөлт, ашиглалтай холбоотой асуудлыг хэлэлцэх тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 27 дугаар зүйлийн 27.2.1-д тус зааснаар 2021 оны 10 дугаар сард хүргүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Хэдийгээр Д.Б “Сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн утсаар яриад хурал болох гэж байгаа, сум дээр ирээрэй гэж хэлсэн, ямар хурал болох гэж байгаа талаар хэлээгүй” хэмээн тайлбарлан маргаж буй ч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д зааснаар газар эзэмшигч нь төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, түүний дуудсанаар хүрэлцэн очих үүрэгтэй байна.

Д.Б нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин нэхэмжлэгч “Нью-Атракшн” ХХК-ийн захирал Б.М хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж маргаагүй байх тул Д.Б нь нэхэмжлэгчийн ажлыг хариуцан ажиллаж буй бөгөөд “сумд ирээрэй” гэх мэдэгдлийг хүлээн авсан хүний хувьд уг мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдээлэх боломжтой, нэхэмжлэгч нь хуульд заасан журмаар сонсох ажиллагаанд оролцох, тайлбар нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “4.2.6-д заасныг зрчөөгүй, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдсэн, оролцох боломжийг олгосон гэж дүгнэлээ.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хүргүүлээгүй нь тогтоогдож байх боловч захиргааны актыг мэдэгдээгүй, хүргүүлээгүй тохиолдолд тухайн актыг хүчингүй болгох тухай үндэслэлийг хууль тогтоогчоос хуулиар тодорхойлон зохицуулаагүй байна.

1.9. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаар захирамжаар “газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 2020, 2021 онуудад тосны ургамал тариалсан” гэх үндэслэлээр “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож  шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд тус тус нийцсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэгэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Төв аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

 

[1] Хавтас хэргийн  дэх тал,