Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 152/ШШ2023/00109

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: И овогт Ш-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

  Ажилгүй байсан хугацааны цалин 1,931,320 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд оролцогчид:

    Нэхэмжлэгч: Ш.Б,

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ц,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Ш.Б нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын дуустал ажилгүй байсан хугацааны цалин 6,152,410 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Миний бие 2021 оны 3 дугаар сарын 02-ний өдөр бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж иргэний хэргийн шүүхэд хандаж хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох гомдол гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШТХ2022/00079 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үндсэн цалин 569,585 төгрөг, үүнээс 6 хоногийн цалин 236,484 төгрөг, бүгд 236,484 төгрөг, 2022 оны 10 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, 2022 оны 11 дүгээр сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, нийт 1,931,320 төгрөг болно. Би ажлаас халагдахаас өмнө ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авч байсан гэжээ.

    2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч, ур чадварын нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63/104 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-ын 4 дэх хэсэгт Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож cap тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдагдсан ажилгүй байсан хугацааны ур чадварын нэмэгдэл 284,792 төгрөгийг олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 170,874 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх, 10, 11 дүгээр сарын цалин 1,375,654 төгрөг, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтанд олгодог хоолны мөнгө 100,000 төгрөг, нийт 1,646,528 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ш.Б нь ажлаасаа халагдахаас өмнө ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авч байсан юм байна лээ... гэжээ.

   3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэрийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 79 тоот хуралдааны тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 417 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    4. Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Нэхэмжлэгч Ш.Б-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 1,931,320 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

   Миний бие 2021 оны 3 дугаар сарын 02-ний өдөр бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж иргэний хэргийн шүүхэд хандаж хүчингүйд тооцуулж ажилд эргүүлэн тогтоолгох гомдол гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШТХ2022/00079 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үндсэн цалин 569,585 төгрөг, үүнээс 6 хоногийн цалин 236,484 төгрөг, бүгд 236,484 төгрөг, 2022 оны 10 дугаар сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, 2022 оны 11 дүгээр сар үндсэн цалин 569,585 төгрөг, ТАХ-ны нэмэгдэл /15 хувь/ 85,437 төгрөг, ур чадвар /25 хувь/ 142,396 төгрөг, хоол 50,000 төгрөг, бүгд 847,418 төгрөг, нийт 1,931,320 төгрөг болно. Би ажлаас халагдахаас өмнө ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авч байсан гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч, ур чадварын нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63/104 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам-ын 4 дэх хэсэгт Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож cap тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдагдсан ажилгүй байсан хугацааны ур чадварын нэмэгдэл 284,792 төгрөгийг олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 170,874 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх, 10, 11 дүгээр сарын цалин 1,375,654 төгрөг, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтанд олгодог хоолны мөнгө 100,000 төгрөг, нийт 1,646,528 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ш.Б нь ажлаасаа халагдахаас өмнө ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авч байсан юм байна лээ...гэжээ.

    4. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/25 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ш.Б-ийг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

   Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

    Мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 417 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5,715,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 437,290 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүний ажилгүй байсан 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

    5. Иймд нэхэмжлэгч Ш.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

    6. Нэхэмжлэгч Ш.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,931,320 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгох нь зүйтэй байна.

    7. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Ш.Б-ийн ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна. 

    8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 45,851 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,931,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.

    2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ийн ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

    3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 45,851 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   П.БОЛОР