Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00560

 

 

 

 

 

2023 02 13

181/ШШ2023/00560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М ХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 10,200,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, түүний өмгөөлөгч Г.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М ХКхолбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Г.Б нь 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота камри загварын, 02-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот орохоор Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхдөө Загдалын голоор гатлах үед шар усны үерийн улмаас усны төвшин нэмэгдсэн байсныг мэдэлгүй, урд явж байсан Тоёота пробокс загварын тээврийн хэрэгслийн усны хаялгад өртөж, улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ус орж эвдэрсэн. Иймээс М ХК-тай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэвч тус компанийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/549 дугаартай албан бичгээр ...тээврийн хэрэгсэл гол уруу орсны улмаас хөдөлгүүрт ус орж эвдэрсэн болох нь нотлогдохгүй, ... Загдалын голыг урагшаа туулж гарсан гэх боловч гаднах бие усанд норсон шинж тэмдэг огт байхгүй, тухайн газарт тогтсон дугуйн мөрийг харахад тээврийн хэрэгслийг зориудаар ухрааж гол уруу оруулж зураг дарсан болох нь ... тогтоогдож байгаа болно. ... гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу ирүүлсэн. Уг тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ус орсноос болж эвдэрсэн тухай Моннис моторс-ын албан ёсны дүгнэлтийг нотлох баримтад тооцохгүй байгаа нь зориуд нөхөн төлбөр олгохгүй гэсэн зорилготойг илтгэж байна.

Мөн урдуур хэд хэдэн тээврийн хэрэгслүүд гол гаталсан тул дугуйн мөр үлдэнэ. Тухайн голд тээврийн хэрэгсэл маань далд ортлоо усанд ороогүй. Түүнчлэн тээврийн хэрэгслээ асаах гэж 2 цаг орчим болсон боловч асаагүй, даатгал дуудах гэхээр утасны сүлжээгүй байсан тул тээврийн хэрэгслийнхээ гэрэл зургийг авсан. Энэ үед тээврийн хэрэгслийн норсон байсан урд хэсэг нь хатсан байсан.

Тээврийн хэрэгслийн агаарын хоолой урд нүүр лүүгээ харсан байдаг тул ус амархан орсон. Энэ мэт өчүүхэн шалтгаанаар нөхөн төлбөр олгохгүй, даатгалын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний 11.3, 11.4-т заасан зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Иймд хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 10,200,000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу. ... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Г.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр М ХК-тай 892101897 дугаартай Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, түүний өмчлөлийн Тоёота Камри загварын, 02-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан ба даатгалын үнэлгээг 27,000,000 төгрөгөөр тохирч, даатгалын хураамжид 378,000 төгрөгийг төлсөн байна.

Даатгалын баталгааны эрсдэлийн багц хэсгийн байгалийн эрсдэл хэсэгт заасан цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, аянга цахилгаан гэх мэт эрсдэлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан бол даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд дээрх гэрээгээр тохирсон.

Гэтэл нэхэмжлэгчээс шар усны үерийн улмаас усны түвшин нэмэгдсэн гэх Загдалын голыг гатлах явцдаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүр лүү ус оруулж, эвдсэн атлаа эвдрэл, хохирлыг даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдэл болох үерийн эрсдэлийн улмаас учирсан гэж нэхэмжлэл гаргажээ.

Үертэй голыг гатлан гарах зорилгоор голын ус руу орж, тээврийн хэрэгслээ эвдэж, хохирлыг бий болгож байгаа хүний буруутай үйлдлийг байгалийн эрсдэл болох үерийн эрсдэл бий болсон гэж үзэх үндэслэлгүй.

Талуудын даатгалын гэрээгээр тохирсон байгалийн эрсдэл нь даатгалын зүйлд хохирол учруулж болох гэнэтийн, санамсаргүй байдлаар хүний үйлдэл, үйл ажиллагаанаас үл хамаарах шалтгаанаар тохиолдох үйл явдал буюу байгалийн давагдашгүй хүчний шинжтэй /гамшигт/ үзэгдэл байхыг ойлгохоос биш хүний буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас бий болдог зүйл биш юм.

Өөрөөр хэлбэл, хүнээс шалтгаалах хүчин зүйлийн улмаас бий болох эсэх нь шийдэгддэггүй, харин хүний хараа хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй саад тотгор бүхий байгалийн үзэгдлийг хэлдэг.

Иймд даатгалын зүйлд даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдэл бус харин хүний буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхгүй, харин даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзнэ.

Энэ тохиолдолд М ХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй тул Г.Б ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 9/2569 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай хариу албан бичиг, М ХК-ийн 2022 оны 5 дугаар сарынн 30-ны өдрийн 01/549 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай хариу албан бичгийн хувилсан хувь, Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай тодорхойлолт, Бан хас ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 22/02/02969 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, М ХК-ийн 892101897 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, даатгалын гэрээний хуулбар болон эх хувиуд, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягтын хуулбар, Г.Б , С.Хундага нарын иргэний болон жолоочийн үнэмлэхийн хуулбар, 02-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, М ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл, нөхөн төлбөрийн хуудас, Моннис моторс-ын засварын бүртгэлийн хуудас, Өлзийт сэлэнгэ ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримт зэргийн хувилсан хувиуд, 02-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна байдал болон дотоод эд ангиудын харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-22/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/23 дугаар тогтоолын хуулбар /хх 40, 46/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: М ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл, нөхөн төлбөрийн хуудас, Моннис моторс-ын засварын бүртгэлийн хуудас техникийн дүгнэлт-н хуулбар /хх 72-74/ зэргийг бүрдүүлсэн.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

- М ХК-тай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-гээр өөрийн эзэмшлийн Тоёота камри загварын, 02-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаагаар даатгуулсан. 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр уг тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот орохоор Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхдөө Загдалын голоор гатлах үед шар усны үерийн улмаас усны төвшин нэмэгдсэн байсныг мэдэлгүй, урд явж байсан тээврийн хэрэгслийн усны хаялгад өртөж, улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ус орж эвдэрсэн. Иймд даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдэл-ийн улмаас даатгалын зүйлд ийнхүү хохирол учирсан тул нөхөн төлбөрт хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 10,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

- даатгалын зүйлд даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдэл бус, харин хүний буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан буюу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй хэмээн маргасан.

 

4. Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М ХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 892101897 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, өөрийн эзэмшлийн 02-23 ОРО улсын дугаартай, Тоёота камри загварын, В ангиллын тээврийн хэрэгслийг нэг жилийн хугацаатай, Ган жолоо хамгаалалтын багцад даатгуулжээ.

Даатгалын уг багцад 1. хөдөлгөөний үеийн осол, 2. байгалийн эрсдэлүүд, 3. жолоо шилжүүлэх эрсдэл, 4. хөдөлгөөний бус үеийн осол зэрэг эрсдэлүүд багтжээ.

Даатгагч нь даатгалын тохиолдол бүрдсэн нөхцөлд хохирлыг нөхөн төлөх, даатгуулагч хураамж төлөх үүргийг харилцан хүлээсэн нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг Загдалын голоор тус тээврийн хэрэгслийг жолоодож гол гатлах үед тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ус орж, хохирол учирсан хэмээн даатгалын тохиолдлын бий болсон үйл явдлын талаар тайлбарладаг бөгөөд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1, гэрээний 7.1-д заасан үүргийнхээ дагуу энэ талаар 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид мэдэгдэж, улмаар нөхөн төлбөр олгохыг хүсч Даатгалын гэрээний 12.6.1-д заасан үндсэн баримт бичигт хамаарах Бан хас ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Моннис моторс-ын засварын бүртгэлийн хуудас /техникийн дүгнэлт/, мөн гэрээний 12.6.1.7-д зааснаар нэмэлт баримт бичигт хамаарах гэрэл зураг, Өлзийт сэлэнгэ ХХК-ийн засварын баримт, Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг тус тус бүрдүүлэн өгчээ.

 

4.3. Хариуцагч 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/549 дүгээр албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг тус хорооны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 9/2569 дүгээр албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна.

 

5. Талууд даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу даатгуулагч хураамжаа төлсөн эсэх болон даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ус орж, эвдрэл үүссэн нөхцөл байдлын талаар маргаагүй.

Харин даатгалын гэрээний тохиолдол бүрдсэн эсэх, нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх талаар маргаж, мэтгэлцсэн.

 

6. Дээрх гэрээгээр даатгагч нь даатгалын зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан орчин, нөхцөл буюу даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцад хамаарах эрсдэлүүдийг даатгасан байх бөгөөд Байгалийн эрсдэл гэдэгт шуурга, аадар, мөндөр, үер, аянга, цахилгаан, газар хөдлөлт, хөрсний нуралтын шууд нөлөө гэх мэт байгалийн үзэгдэл үүсэхийг хамааруулж ойлгохоор заажээ.

 

Даатгалын эрсдэл нь гэнэтийн, санамсаргүй тохиолдлоор бий болдог шинжтэй, даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар тохиолддог үйл явдал байдаг. Тэр дундаа байгалийн эрсдэл нь хүний ухамсарт үйл ажиллагаанаас ангид урьдчилан таамаглах, сэргийлэх боломжгүй, давагдашгүй хүчний шинжтэй үзэгдэл билээ.

 

7. Хэдийгээр Төв аймгийн Жаргалант сумын нутагт шар усны үерийн улмаас тус суманд орших Загдалын голын усны төвшин нэмэгдсэн болохыг тогтоосон баримт нотолгоо хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Загдалын голыг гатлах үедээ гол үерлэснийг харсан, мэдэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар тодорхойлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, голын ус үерийн түвшинд хүрснийг нэхэмжлэгч ухамсарласан ч даатгалын зүйл болох 02-23 ОРО улсын дугаартай, Тоёота камри загварын тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт, тодорхойлолт /2493В багтаамжийн хөдөлгүүртэй, 1825 кг жин бүхий, суудлын төрөлд хамаарах жижиг тээврийн хэрэгсэл/-ыг үл харгалзан, гол гаталсны улмаас хохирол гарсан нь гэнэтийн буюу нэхэмжлэгчээс үл хамаарах байгалийн эрсдлийн шалтгаанаар үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа /зан үйл/-тай шууд холбоотой байна.

 

8. Энэ нөхцөлд даатгалын эрсдлийг гэрээнд зааснаар хариуцах үүрэггүй тул хариуцагчийн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан; үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймээс хариуцагч М ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 10,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан М ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 10,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН