| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/191 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/191
2025 7 24 2025/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д холбогдох эрүүгийн 2339000770039 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж, гэмт хэргийн талаарх 003056 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гэрч Б.*******, Э.******* нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 23398000770039 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагчаас: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******: “...шүүгдэгч Ц.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, цагаатгах байр сууринаас оролцоно...” гэж тус тусын байр суурийг илэрхийлжээ.
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Миний бие Цагдаагийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хэрэг дээр өргөдөл гаргаж над дээр цохолт хийгдсэн боловч тухайн үед ажиллаж байсан тасгийн дарга аль завтай хүнд хэргийг өгч шалгуулдаг, ...хэрэг багатай хэсгийн төлөөлөгчид хэргийг шилжүүлэхдээ нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгч рүү шилжүүлсэн тогтоол үйлдэхгүйгээр хэргийг шууд өгдөг байсан. Надад *******, ******* гэх хүмүүсээс мэдүүлэг авч хуурамч нотлох баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Би гомдол мэдээллийг шалгаж байх хугацаандаа шинжээчийн дүгнэлт, үнэлгээ гаргахад оролцсон. Харин тухайн үед ажиллаж байсан ******* гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гомдол мэдээллийг шалгаж байх хугацаанд надад гэрч болон хохирогчоос мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөс Хэнтий аймагт хэсгийн байцаагчаар томилогдож ирсэн. Сүүлд хавтаст хэрэгтэй танилцахад 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр миний нэрээр хугацаа сунгасан байсан...” гэж мэдүүлжээ.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах бичгийн нотлох баримтуудыг талууд дараах байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас:
-Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн 213900328 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолын хуулбар (I хавтаст хэргийн 11-12 дахь тал),
-Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн - тосгон хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч С.*******ы 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн “Хэрэг бүртгэлтийн хэрэг хүлээн авсан тухай” мөрдөгчийн тэмдэглэлийн хуулбар (I хавтаст хэргийн 33 дахь тал),
-Гэрч С.*******ы “...******* сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчөөр шилжин томилогдсон. Тэр үед би шинээр хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон учир дадлагажих хугацаандаа ******* суман дээр 3 сар ажилласан. Томилогдож очоод ахлах дэслэгч гийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан 16 орчим хэрэг бүртгэлтийн хэргийг ******* сумын тасгийн дарга хошууч гээс хүлээн авсан. Тэр дунд 213900328 дугаартай хэрэг байсан, би хүлээж авсан боловч хэрэгтэйгээ танилцаагүй байтал тасгийн дарга нь Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч *******д илрэх боломжтой хэрэг гэж үзэн ажиллагаа хийлгэхээр өгсөн. Тухайн үед ахлах дэслэгч ******* Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророор даалгавар бичүүлж аваад ажиллагаа хийж байгаад 2022 оны 12 дугаар сарын эхээр надад уг хэргийг буцааж өгсөн. Би хэргээ аваад танилцсан чинь хугацаа сунгалт хийх шаардлагатай байсан учир хэрэгтэйгээ нэг бүрчлэн танилцаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг уншаад арагшаа эргүүлээд мэдүүлэг тус бүрийг уншиж танилцсан чинь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол дээр дурдсан Б.ын мэдүүлэг хэрэгт огт байхгүй, гэрч Э.*******ын мэдүүлэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр биш харин 2021 оны 12 дугаар сард авагдсан байсан. Тэгэхээр нь би анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан дэслэгч ******* руу залгаж болсон асуудлын талаар хэлэхэд миний өөдөөс “тийм байна уу” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй утсаа тасалсан. Би дахиж холбогдоогүй. Тэгэхээр нь тасгийн дарга д танилцуулж 213900328 дугаартай хэргийг үзүүлэхэд *******тай яриад байсан. Яг юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна. Тасгийн дарга надад буцааж хэрэг өгсөн. Хэрэг өгөхдөө надад юм хэлээгүй, би хугацаа сунгуулах болсон учир мөрдөгчийн тэмдэглэл бичээд хугацаа сунгуулахаар прокурорт ирж танилцуулсан чинь дэслэгч *******г дуудаж уулзсан. Юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 36-38 дахь тал),
-Гэрч М.ийн “...Ц.******* нь нэг л мэдүүлэг авсан байсан. Өөр мэдүүлэг аваагүй байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 41-43 дахь тал),
-Гэрч Э.*******ын “...намайг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж байхад дээр дурдсан асуудал болж байгаагүй. Наранбаяр надтай тааралдаж надаас хонины мах авах уу гэж асууж байгаагүй. Би өөрөө сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан бөгөөд Наранбаяр нь надаас зугтааж явдаг. Би түүнийг хаана юу хийж явна гэдгийг дандаа тандаж явдаг. Яагаад түүнийг тандаж явдаг гэхээр Наранбаяр нь бусдын эд зүйл хулгайлсан гэж шалгагдаж байсан. Би өөрөө түүний адууны хулгайг илрүүлж байсан бөгөөд мөн найз охиноо зодсон гэж гэр бүлийн хүчирхийллээр зөрчлийн хэрэг хэрэг нээгдэж 650 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлж байсан. Тэгээд түүнийг дахиж гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй учир урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс ажиглаж явдаг юм. Наранбаяр нь надад их дургүй дандаа шалгадаг гээд надаас зугтааж явдаг. Над дээр ирж мал мах авах уу гэж асууж байгаагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 50-52 дахь тал),
-Гэрч Б.ын “...Би цагдаагийн байгууллагад ийм мэдүүлэг өгч байгаагүй, би энэ талаар огт мэдэхгүй байна гэрээс огт гардаггүй хүн байгаа юм. Би ******* гэх хүнийг танихгүй уулзаж байгаагүй. Би Өмнөдэлгэр гэх газарт очиж байгаагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 55-56 дахь тал),
-Гэрч Б.*******гийн “...Хэрэг бүртгэлтийн хэргийг сунгуулахад хэрэгтэйгээ уншиж танилцсан. Намайг хэрэгтэй танилцаж хугацааг сунгуулах үед хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолд дурдсан Б.*******, Э.******* нарын мэдүүлэг байгаагүй. ...Хэрэг бүртгэлтийн хэргийг хүлээн авахдаа яг хэнээс авсан талаараа санахгүй байна. ******* сумын хэсгийн төлөөлөгч болон бусад сумдын хэсгийн төлөөлөгч нар амарсан, өвчтэй, чөлөөтэй, орон тоо сул байх үед хэргүүдийг нь авч мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 59-60 дахь тал),
-Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/507 дугаартай “Цагдаагийн ахлах ахлагч *******ын *******г Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын ******* сум дахь цагдаагийн ажлаас 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 6 дугаар сарын 17-ны өдрөөс мөн газарт ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон” тухай тушаал (I хавтаст хэргийн 76 дахь тал),
-Гэрч М.гийн “...Тухайн үед анх намайг томилогдож очиход өмнөх мөрдөгч шилжүүлэх тогтоол үйлдэж албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Тасгийн даргаас хэрэг шилжүүлсэн тэмдэглэл үйлдээгүй бөгөөд сейфенд үлдээсэн 28 орчим хэргийг авсан. Тэр үед *******г ажлаа яагаад хүлээлгэж өгөөгүй талаар тодруулахад нэг асуудалтай яваад эргэж ирээгүй гэж байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 176-177 дахь тал),
-Гэрч Б.гийн “...Энэ хэргийн талаар би цагдаа Э.*******ын хамт Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг Тэнхлэг гэх газарт ийн ******* гэх хүний хөдөө гэрт очиход аав нь болох гэх хүн хонь ажиллаад байж байсан. Тэгээд хонины толгойг харахад чих нь байхгүй байсан тул сэжиглэж толгой, арьс, чихийг сумын төвд авчирч Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн малчин Д.д харуулахад миний алдагдсан хонь мөн байна гэж хэлсэн. Тэгээд энэ хэргийг тасгийн даргад танилцуулаад ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.*******д цохолт хийж шалгасан. Д.гийн малыг хулгайлсан гэх хүнийг харсан гэрч бол байгаагүй. ийн ******* нь одоо Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн нутагт буюу сумын төвөөс 70 км зайд сүлжээгүй газар нутаглаж байгаа...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 179-180 дахь тал),
-Гэрч Э.Наранбаярын “...Би 2021 оны 8 дугаар сарын 20-ны үед эрх хязгаарлах цахим гавтай байх үед Б. төлөөлөгч дуудаж, Д.гийн хонь хулгайлсан байна гэсэн. Би аваагүй учраас мэдэхгүй, ...би хулгай хийгээгүй учраас мэдүүлэг өгөхгүй гэж хэлээд өгөөгүй. ...Д.гийн мал хулгайд алдагдсан гэх хэрэгт гэрчээр ямар хүмүүс мэдүүлэг өгсөн талаар мэдэхгүй байна. Энэ хэргийн талаар олон жилийн өмнө цагдаа нар ирж уулзаж байсан түүнээс хойш дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 182-183 дахь тал),
-Гэрч Д.гийн “...би Б.******* гэдэг хүнийг огт танихгүй, манай нутагт болон ойр хавьд ийм хүн байхгүй. Харин Э.*******ыг танина манай нутагт амьдардаг. Манай хонийг Э.Наранбаяр нь төрсөн ах Э.*******ынд авчирсныг түүний эхнэр бид нарт нууцаар хэлснээр анх мэдсэн. Өөр уг хэргийг харсан хүн байхгүй юм шиг байна лээ. Тэр үед Э.Наранбаяр манай хонийг авчрахад Э.******* байгаагүй гэсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 185-186 дахь тал),
-Гэрч Б.*******ийн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөгч Ц.******* нь Д.гээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гаргаж ирүүлснийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж 213900328 дугаараар хэрэг нээсэн. Материалыг хянах явцад материалд авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Д., гэрч Б.*******, гэрч Э.******* нарын мэдүүлэг зэргийг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Уг хэрэгт мөрдөгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад 2023 оны 01 дүгээр сарын үед /тодорхой санахгүй байна/ ажил үүрэг нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэргийг өөр мөрдөгчид шилжүүлэх үед дээрх гэрч Б. *******, Э.******* нарын мэдүүлэг алга болсныг мэдэж дээд шатны прокурорт танилцуулан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаартай албан бичгээр мэдүүлэг алга болсон асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Д. нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 70 тооны бог малаа алдсан гэх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасныг хүлээж аваад Ц.******* мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Б.*******, Э.******* нарын мэдүүлэг байсныг ач холбогдолтой гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд иш татаж дурдаж хууль зүйн дүгнэлт хийсэн. Уг мэдүүлгийг хэзээ авсан сар өдрийг санахгүй байна. Уг хулгайн хэргийг шийдвэрлэх хэргийн графикт яллагдагчаар татах боломжтой гэж үзэж оруулсан боловч хэрэг шийдэгдэхгүй болохоор нь тодруулахад дараагийн хүлээж авсан мөрдөгч нь дээрх хүмүүсийн мэдүүлэг байхгүй байна гэж хэлсэн. Миний зүгээс тэмдэглэл илтгэх хуудсыг бичиж танилцуулаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 189-190 дэх тал),
-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл (I дэх хавтаст хэргийн 193-194 дэх тал),
-Гэрч Д.гийн “...Мөрдөгч С.******* прокурортой уулзаж ирэхдээ нээх тогтоолд дурдсан хүний мэдүүлэг хэргээс алга болсон талаар прокуророос хэлсэн гэж мэдэгдсэний дагуу хэргийг үзэхэд нээсэн тогтоолд дурдсан хүмүүсийн мэдүүлэг байгаагүй. М.гаас энэ талаар асуухад намайг хэрэг хүлээж авахад дээрх мэдүүлгүүд байгаагүй гэж хэлсэн шиг санагдаж байна. Мөн Ц.*******гаас асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. Ингээд би энэ талаар хяналтын прокурор Б.*******д мэдэгдсэн. Миний хувьд сум дундын цагдаагийн тасгийн дарга бол мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхгүй бөгөөд удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэгтэй учраас уг хэргийн нарийн ажиллагааг мэдэхгүй байна. Одоо дээрх 213900328 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг ажиллагаанд шалгагдаж байна. Тэр үед 213900328 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгтэй уншиж танилцаагүй, сүүлд дэд дарга болсноос хойш уншиж танилцсан. Уг хэрэгт Б.*******, Э.******* нарын мэдүүлэг өгсөн эсэх, хуурамчаар үйлдсэн, устгасан эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 54-55 дахь тал),
-Хэнтий аймгийн прокурорын газрын хэрэг, материал хүлээн авсан бүртгэлийн хуулбар (II хавтаст хэргийн 65-67 дахь тал),
-Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (II хавтаст хэргийн 61-62 дахь тал),
-Яллагдагч Ц.*******гийн “...Би мэдүүлэг нь алга болсон гэх хоёр хүнээс ерөөсөө мэдүүлэг аваагүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 92-93 дахь тал) зэрэг баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:
-Гэрч М.ийн мэдүүлэг (I хавтаст хэргийн 41-43 дахь тал),
-Гэрч Б.ын мэдүүлэг (I хавтаст хэргийн 55-56 дахь тал),
-Гэрч Б.*******гийн мэдүүлэг (I хавтаст хэргийн 59-60 дахь тал),
-2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хохирогч Д.г хохирогчоор тогтоосон тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар (I дэх хавтаст хэргийн 215 дахь тал),
-Мөн өдөр хохирогч Д.д хууль сануулан мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар (I дэх хавтаст хэргийн 216-220 дахь тал),
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай (II дахь хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.******* нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж, гэмт хэргийн талаарх 003056 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гэрч Б.*******, Э.******* нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч С.*******, М.э, Э.*******, Б.*******, Б.*******, М., Б., Э.Наранбаяр, Д., Б.*******, Д. нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн прокурорын газрын хэрэг, материал хүлээн авсан бүртгэлийн хуулбар, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/507 дугаартай тушаал, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. ...Ц.******* нь нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдэхэд гэмт хэргийн улмаас хохирол, хор, уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч Ц.******* нь 3056 дугаартай гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссаны дараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт ирүүлсэн. Хяналтын прокуророос 3056 дугаартай гэмт хэргийн талаарх ...гомдол хугацаа хэтэрсэн байна гэж хэлсний дагуу татгалзах саналаа аваад ир гээд хоорондоо ярилцсан гэх үйл баримтыг ярьж байна. Прокурор материалыг 7 хоногийн хугацаанд хянаж хэрэг бүртгэлтийг нээх, яллагдагчаар татах эрх хэмжээ нь байдаг. Иймээс хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дүгнэлтүүдийг дурдаж үндэслээд хэрэг бүртгэлтийг нээсэн. Түүнчлэн энэ хэрэг шийдэгдэх боломжтой гээд саналаа оруулсан. Тухайн үеийн ******* сумын тасгийн дарга болон прокурорын газраас энэ хэрэг шийдэгдэх боломжтой байхад яагаад шийдэхгүй удаад байгаа юм гээд 2 гэрчээс мэдүүлгийг авахад ийм мэдүүлэг өгөөгүй гэсний дагуу хэрэг үүссэн. Иймээс тухайн гомдол мэдээллийг шалгаж ажлаа явуулсан Ц.******* хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон” гэж,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.*******г тухайн цаг хугацаанд ажиллаж байхдаа гомдол мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж нэр дурдсан 2 гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн үйл баримт нь тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчид холбогдуулан 2 хавтаст хэрэг цугларсан бөгөөд энэ нь хуурамч нотлох баримт үйлдсэн гэх хэргээс илүү мал хулгайлах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргээс хуулбарласан баримтууд нь дийлэнх хэсгийг эзэлж байгаа. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан баримтуудыг үндэслээд Ц.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримт дотор Ц.******* гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоосон нэг ч баримт байхгүй. Иймээс өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалж ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд хэргийг цагаатгах байр сууринаас оролцож байна. ...Тухайн үед Ц.*******д гомдол мэдээлэл цохогдсон байсан учраас Ц.******* мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх ёстой гэдэг субъектив дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үеийн цагдаагийн албан хаагч, удирдах түвшний албан хаагч болон ажлаа хийсэн мөрдөгч нарын хайхрамжгүй албан үүрэгтээ хайнга хандсан үйлдлүүд байгаа. Гэхдээ энэ үйлдлийнх нь төлөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй. Энэ нь шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй. Тодорхой жишээ авч үзвэл Ц.******* гэдэг хүн хашаанд байдаг объектын манаачаар ажилладаг байсан. Тухайн объектэд хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэнийх нь төлөө манаачийг хулгай хийсэн гээд гэмт хэрэгт холбогдуулж болохгүй. Иймээс Ц.*******д холбогдох хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал энэ хэргийн хүрээнд нотлогдож тогтоогдоогүй. Харин хэргийн нөхцөл байдлыг харахад эргэлзээтэй нөхцөл байдал маш их бий. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан Б.*******, Э.******* гэх гэрч нарын мэдүүлэг өргөдөл, гомдлын материал дотор байсан эсэх, өргөдөл гомдлын материалд ажиллагаа хийсэн хамаатай гэж үзэх нэлээд олон хүмүүс байгаа. Хэсгийн төлөөлөгч н.*******, М.э, тасгийн дарга н., прокурор ******* нарын хэн нь дээрх баримтыг үйлдсэн, гэрч нарын мэдүүлэг байсан эсэх нөхцөл байдал нь энэ хэргийн хүрээнд харагдахгүй байгаа юм. Гэрчийн мэдүүлэг өгсөн Б.******* гэх хүн нь сумын - тосгоны 1-р багт оршин суудаг иргэн юм. Гэтэл энэ хэрэгт ажиллагаа явуулсан э хэсгийн төлөөлөгч суманд хэсгийн төлөөлөгч байсан. Нэртэй баримт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө ороогүй байгаа боловч э гэх хэсгийн төлөөлөгч бас ажиллагаа хийсэн байдаг. Б.******* гэдэг нэр нийтлэг биш, хэн дуртай нь зохиож чадахгүй учраас Б.******* гэх хүнийг ямар нэгэн байдлаар мэддэг хүн баримтыг үйлдсэн байх боломжтой. Иймээс энэ хэрэгт э хэсгийн төлөөлөгч, ******* хэсгийн төлөөлөгч хамгийн ойр байсан нь харагдаж байгаа юм. Б.******* гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахад Ц.******* гэдэг хүнийг огт танихгүй гэж хэлсэн. Харин мөрдөгч *******, э нарыг таних уу гэж асуугаагүй. Тухайн үед тасгийн дарга нь ямар ч баримт үйлдэхгүйгээр гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэргийг өгөөд явуулдаг байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай харагдаж байна. Мөн нөгөөтэйгүүр, Б.******* прокурор нотлох баримт гээд байгаа зүйлийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолдоо өөрөө зохиогоод дурдчихсан юм уу гэж хэлэхийг ч үгүйсгэхгүй. Хэрэв намайг ингэж хэлбэл нотлох баримт нь хаана байгаа юм гэж хэлэх байх. Тэгвэл Ц.******* 2 гэрчийн мэдүүлгийг хуурамчаар бүрдүүлж хийсэн гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Би яагаад ингэж хардсан бэ гэхээр Б.******* прокурор тухайн мэдүүлгүүдийг уншиж танилцаад тогтоолдоо дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө Ц.******* гэх хүн мэдүүлэг авсан гэх гарын үсэгтэй баримт байсан эсэх, хэдэн оны огноотой мэдүүлэг байсан гэдгийг тодорхой хэлж чадаагүй учраас эргэлзээтэй байгаа юм. Прокурорын байгууллага материалыг хүлээж авах болон хүлээлгэж өгөхдөө хавтас, хуудасны тоог дурддаг юм бол 3056 дугаартай материалыг яагаад хүлээж авахдаа хуудасны тоог дурдаагүй, хүлээлгэж өгөхдөө хуудасны тоог 30 гэж дурдсан юм. Энэ нь бас эргэлзээтэй нөхцөл байдлыг төрүүлж байгаа юм. Хуурамч нотлох баримт үйлдсэн, алга болсон гэдэг асуудал 2023 оны 01 сард хөндөгдөж эхэлсэн. Ц.******* нь 2022 оны 05 сард ажлаа хүлээлгэж өгөөд, ажлыг хүлээж авсан мөрдөгч гэрчийн мэдүүлэг өгөхдөө тийм баримт байгаагүй гэж хэлдэг. 2022 онд Б.******* прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг татаж хянаад даалгавар бичсэн атлаа яагаад энэ асуудлыг анхаарч хянаж үзээгүй юм. 2023 онд н.******* гэдэг мөрдөгч хараад танилцуулсны дараа энэ асуудал үүссэн. Ц.******* сэжиглэж байсан хүн дээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэдэг талаар Б.******* прокурортой ярихад “чи ямар ч байсан саналаа явуулчих, Авлигатай тэмцэх газраас яриад байна” гэдэг зүйлийг ярьсан байгаа юм. Ингээд Ц.******* нь татгалзах саналтай материалыг явуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаярын тогтоолд яллах дүгнэлтэд дурдсан гэрчийн мэдүүлгүүдээр Ц.*******г буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд тогтоол үйлдсэн. Үүний дараа нэмж хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл үйлдээд буцаагаад оруулаад ирэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Прокурор 2 өөр утгатай дүгнэлт гаргаж байгаа нь хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харуулж байгаа юм. Иймээс 2 хавтаст хэргийн хүрээнд Ц.******* нь Б.*******, Э.******* гэх хүмүүсийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэж, прокурорын байгууллагад хүргүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү. ...Мөрдөн шалгах ажиллагаа болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Харин шүүх хуралдаанд яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоож чадаагүй, шүүх хуралдаанд гэм буруутайд тооцуулах яллах талыг барьж байгаа дүгнэлт нь Ц.*******г хуурамч нотлох баримт үйлдсэн гэдгийг шууд нотолж заасан баримт байхгүй байна. Улсын яллагчийн дүгнэлт ямар ч нотлох баримтыг үндэслээгүй гэж үзэж байна. Өнөөдөр бид нэг хүний амьдралын асуудлыг хэлэлцэж байгаа. Ц.******* нь цагдаагийн байгууллагад 17 жил ажилласан учраас албан ёсоор тэтгэвэртээ гарах чин хүсэлтэй байгаа. Нөгөөтэйгүүр, өрх толгойлсон 2 хүүхдийн аав, гэр бүлээ тэжээх асуудал яригдаж байгаа учраас Ц.*******гийн амьжиргааны орлого буюу цалин хөлстэй холбоотой асуудал яригдана. Хэрэв энэ хэргийг эргэлзээгүй үнэн бодитой тогтоосон бол маргах зүйлгүй. Гэхдээ зөвхөн ажлын хариуцлага алдсан нөхцөл байдлаас шалтгаалаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөгч нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт цохогдсон нь Ц.******* мөрдөгч юм гэдэг байдлаар хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа болохоос гомдол мэдээллийг шалгах ажиллагаанд хэн оролцсон нөхцөл байдлыг шалгаж дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байгаа. Прокурорын бүртгэлд материалыг буцаан хүлээлгэж өгөхдөө 30 хуудас гэж тэмдэглэсэн байгаа юм. 2-3 жилийн дараа үзлэг хийхэд Ц.******* хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал явуулахдаа 9 хуудас баримт явуулсан гэдэг үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа юм. Өргөдөл гомдол, хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоос тооцох тогтоол, хууль сануулсан баталгаа, шинжээч томилсон тогтоол, дүгнэлт зэрэг нийлээд 9 хуудас болохгүй шүү дээ. Иймд хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байгаа тул шүүгдэгч Ц.*******д ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” үйлдлийг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: -Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчлан тайлбарлажээ.
Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын ******* сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан буюу энэ хэргийн субьект мөн.
Прокуророос шүүгдэгч Ц.*******г 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч /хууль сахиулагч/-өөр ажиллаж байх хугацаандаа гэрч Б.*******, гэрч Э.******* нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурорт танилцуулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй.
3056 дугаартай гомдлыг хэд хэдэн мөрдөгчид дараах байдлаар шалгаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Үүнд:
2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөгч Ц.******* нь “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” саналыг прокурорт гаргасныг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан бүртгэл прокурорын байгууллагын цахим бүртгэлд авагджээ. (I хавтаст хэргийн 50 дахь тал).
Прокурорын байгууллагын бүртгэлийн дэвтэрт 3056 дугаартай гомдлыг хүлээн авахдаа хэдэн хавтас, хэдэн хуудас баримт хүлээн авсан гэх хэсгийг тэмдэглээгүй (II хавтаст хэргийн 67 дахь тал) байх бөгөөд прокурорт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр уг саналыг хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэсэн.
Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоолыг хүлээлгэн өгөхдөө “1х 30ху” гэж (II хавтас хэргийн 68 дахь тал) тэмдэглэл үйлджээ.
Хэрэгт мөрдөгч Ц.******* 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр (I хавтаст хэргийн 18-20 дахь тал) тус тус хугацаа сунгуулах тухай мөрдөгчийн тогтоол үйлдэж, энэ хугацаанд тодорхой ажиллагаануудыг хийсэн байх бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/697 тоот тушаалаар Ц.******* ******* сумын хэсгийн төлөөлөгчийн ажлаас чөлөөлөгдөн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар томилогдсон байна. (I хавтаст хэргийн 75 дахь тал).
Гэвч Ц.******* нь энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаа больсон байхад 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр түүний нэрээр буюу Ц.*******гийн нэрээр 213900328 дугаартай хэргийн хугацааг сунгуулж байсан. (I хавтаст хэргийн 21 дэх тал).
Шүүгдэгч Ц.*******г өөр тасагт шилжих тухайн цаг үед буюу 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б. нь Ц.*******гийн шалган шийдвэрлэж байсан хэрэг бүртгэлтийн хэргүүдийг цагдаагийн ахлах дэслэгч М.д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (II хавтаст хэргийн 94 дэх тал)-д 213900328 дугаартай хэргийг 101 хуудастай гэж тэмдэглэн хүлээн авсан боловч чухам ямар, ямар нотлох баримтууд уг хэрэгт байгааг тэмдэглэсэн зүйлгүй байна.
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сард ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож хэрэг бүртгэлийн 28-29 ширхэг сейфэнд байсан хэрэг хүлээн авсан. Тэр үед тасгийн даргаар хошууч Б. байсан. Д.гийн бог мал хулгайд алдагдсан 213900328 дугаартай хэргийг бусад хэргүүдийн хамт хүлээж авсан бөгөөд ямар нэг ажиллагаа хийсэн эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан хугацааг нь сунгаж явсан. ...Тухайн үед анх намайг томилогдож очиход өмнөх мөрдөгч шилжүүлэх тогтоол үйлдэж албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Тасгийн даргаас хэрэг шилжүүлсэн тэмдэглэл үйлдээгүй бөгөөд сейфенд үлдээсэн 28 орчим хэргийг авсан. Тэр үед *******г ажлаа яагаад хүлээлгэж өгөөгүй талаар тодруулахад нэг асуудалтай яваад эргэж ирээгүй гэж байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 176-177 дахь тал)-ээр шүүгдэгч Ц.*******гийн шалгаж байсан хэрэг бүртгэлтийн хэргүүдийг гэрч М. хүлээн авсан болох нь давхар нотлогдсон.
Гэрч М. 213900328 дугаартай хэргийн хугацааг сунгуулахдаа “...хэргийн 4 дүгээр хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий мэдээ мэдээлэл цуглуулж, хариуцсан нутаг дэвсгэрт эрэн сурвалжлах ажлыг тасралтгүй зохион байгуулсан. Цаашид хэрэгт дансны хуулганд дүн шинжилгээ хийх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх зорилготой” байгаагаа илэрхийлэн хэргийн хугацааг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр сунгуулахаар тогтоол (I хавтаст хэргийн 22 дахь тал) үйлджээ.
Үүний дараа 213900328 дугаартай хэргийг гэрч М.гаас гэрч С.******* хүлээн авсан болох нь гэрч С.*******ы “...******* сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчөөр шилжин томилогдсон. Томилогдож очоод ахлах дэслэгч гийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан 16 орчим хэрэг бүртгэлтийн хэргийг ******* сумын тасгийн дарга хошууч гээс хүлээн авсан. Тэр дунд 213900328 дугаартай хэрэг байсан, би хүлээж авсан боловч хэрэгтэйгээ танилцаагүй байтал тасгийн дарга нь Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч *******д илрэх боломжтой хэрэг гэж үзэн ажиллагаа хийлгэхээр өгсөн. Тухайн үед ахлах дэслэгч ******* Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророор даалгавар бичүүлж аваад ажиллагаа хийж байгаад 2022 оны 12 дугаар сарын эхээр надад уг хэргийг буцааж өгсөн. Би хэргээ аваад танилцсан чинь хугацаа сунгалт хийх шаардлагатай байсан учир хэрэгтэйгээ нэг бүрчлэн танилцаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг уншаад арагшаа эргүүлээд мэдүүлэг тус бүрийг уншиж танилцсан чинь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол дээр дурдсан Б.ын мэдүүлэг хэрэгт огт байхгүй, гэрч Э.*******ын мэдүүлэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр биш харин 2021 оны 12 дугаар сард авагдсан байсан. Тэгэхээр нь би анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан дэслэгч ******* руу залгаж болсон асуудлын талаар хэлэхэд миний өөдөөс “тийм байна уу” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй утсаа тасалсан. Би дахиж холбогдоогүй. Тэгэхээр нь тасгийн дарга д танилцуулж 213900328 дугаартай хэргийг үзүүлэхэд *******тай яриад байсан. Яг юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна. Тасгийн дарга надад буцааж хэрэг өгсөн. Хэрэг өгөхдөө надад юм хэлээгүй, би хугацаа сунгуулах болсон учир мөрдөгчийн тэмдэглэл бичээд хугацаа сунгуулахаар прокурорт ирж танилцуулсан чинь дэслэгч *******г дуудаж уулзсан. Юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 36-38 дахь тал)-ээр,
Мөн гэрч М.ийн “Би …2021-2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн ******* сумын цагдаагийн тасгийн - тосгоны хэсгийн төлөөлөгч, 2022 оны 4 дүгээр сараас одоог хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. …Тухайн үед цагдаагийн дэслэгч Ц.*******гийн шалгаж байсан хэрэг бүртгэлтийн хэргүүд дээр Хэнтий аймгийн ******* сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч нь “хоёулаа хэргүүд дээр нь ажиллагаа хийж шийдвэрлэх боломжтой хэргүүдийг нь шийдвэрлэе” гээд хошууч , жолооч цагдаагийн ахлах ахлагч Хүдэрбатын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу явж 2 хоног ажилласан…” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 41-43 дахь тал)-ээр 3056 дугаартай гомдлыг хэд хэдэн мөрдөгчид шалгаж байсан нь тогтоогдож байна.
Үргэлжлүүлээд хэрэг бүртгэлтийн 213900328 дугаартай хэрэгт гэрч С.******* нь мөрдөгчөөр ажиллаж эхлээд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг хүлээн авахдаа хэрэг дотор гэрч Э.*******, Б.******* нарын мэдүүлэг байхгүй байгааг мэдэж энэ талаар “Мөрдөгчийн тэмдэглэл”-ийг (I хавтаст хэргийн 33 дахь тал) үйлдсэнээр нотлох баримт хэрхсэн эсэх асуудал илрэн гарсан.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2-1.5-д заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах; шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх; хавтаст хэргийн материалтай биечлэн танилцах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, мөрдөгчид дэмжлэг үзүүлэх зорилгоор бичгээр зааварчилга өгч, биелэлтийг хангуулах; шаардлагатай тохиолдолд мөрдөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх” зэрэг ажиллагааг албаны даргын зүгээс хэрэгжүүлээгүй;
хэргийг үргэлжлүүлэн шалгах эрх бүхий субьект хэрэгт ямар, ямар нотлох баримтууд байгааг, хэдэн хуудас нотлох баримт байгааг, ямар ажиллагаа явуулах шаардлагатай байгааг мэдэгддэггүй, хэргийг албан ёсоор хүлээлцдэггүй, дунд нь байгаа нотлох баримтуудыг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах үүргээ аль ч мөрдөгч биелүүлээгүй;
хэд хэдэн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон;
прокурор Б.******* 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 213900328 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолдоо Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШД/401 дугаартай дүгнэлтийг тусгасан байсан. Гэтэл мөрдөгч Ц.******* нь 3056 дугаартай гомдол мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” саналыг аль хэдийнээ прокурорт хүргүүлсэн байсан нь ойлгомжгүй, хэдийд нь энэ нотлох баримт прокурорт очоод байгаа нь тодорхойгүй зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байсан нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
2.Шүүгдэгч Ц.******* нь 2 гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэнээр хэн нэг этгээдэд давуу байдал бий болгох зорилго байсан гэх, хувийн сонирхол байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокуророос “Хэрэг бүртгэлтийн хэргийг нээх тухай” тогтоолдоо гэрч Б.*******, Э.******* нарын мэдүүлгүүд нь хохирогч Д.гийн хулгайд алдсан гэх 70 тооны хонины хэрэгт чухал ач холбогдолтой мэдүүлгүүд гэж үзэж тухайн мэдүүлгүүдийг тогтоолдоо дурдсан байдаг.
Тэгвэл шүүгдэгч Ц.******* ийм чухал ач холбогдолтой мэдүүлгүүдийг хуурамчаар үйлдчихээд, уг мэдүүлгүүдээ хэргийн материалд хавсаргаж “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” санал гаргаж прокурорт ирүүлсэн.
Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт хувийн ашиг сонирхлын үүднээс, хэн нэгэнд давуу байдал бий болгох зорилго агуулж “гомдлыг хаалгах” сонирхолтой байсан бол саналыг хүргүүлэхдээ анхнаасаа дээрх чухал ач холбогдолтой гээд байгаа хоёр гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэх шалтгаан, шаардлага байхгүй гэдэг нь хэнд ч тодорхой.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал”-ыг хөдөлбөргүй нотлон тогтоосон байх ёстой. Гэтэл шүүгдэгч Ц.*******г хуурамч нотлох баримтыг үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж өгснийг хөдөлбөргүй нотолж чадаагүй.
а/Гэмт хэрэг гарсан байдлыг тогтоохдоо гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн бэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл шүүгдэгч Ц.******* нь гэрч Б.*******, Э.******* нарын мэдүүлгүүдийг яг хэзээ, хаана байж байгаад хуурамчаар үйлдсэн бэ гэдгийг тогтоож чадаагүй. Шүүгдэгч Ц.******* хэргийг шалгаж байсан, тиймээс Ц.******* энэ нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж хэт субьектив байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй.
Мөн энэ гэрчүүдийн мэдүүлгийг ач холбогдолтой гэж хууль зүйн дүгнэлт хийсэн прокурор Б.******* нь “…Б.*******, Э.******* нарын мэдүүлэг байсныг ач холбогдолтой гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд иш татаж дурдаж хууль зүйн дүгнэлт хийсэн. Уг мэдүүлгийг хэзээ авсан сар өдрийг санахгүй байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 189-190 дэх тал)-ийг өгсөн байсныг дурдах нь зүйтэй.
б/Гэмт хэргийн сэдэлт зорилго нь юу байсан гэдгийг тогтоогоогүй. Дээр дурдсанчлан шүүгдэгчийг хэн нэгний эрх ашигт үйлчилсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Тухайн үеийн цагдаагийн албан хаагч, удирдах түвшний албан хаагч болон ажлаа хийсэн мөрдөгч нарын хайхрамжгүй, албан үүрэгтээ хайнга хандсан үйлдлүүд байгаа. Энэ үйлдлийнх нь төлөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал энэ хэргийн хүрээнд нотлогдож тогтоогдоогүй. ...Ц.******* 2 гэрчийн мэдүүлгийг хуурамчаар бүрдүүлж хийсэн гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Би яагаад ингэж хардсан бэ гэхээр Б.******* прокурор тухайн мэдүүлгүүдийг уншиж танилцаад тогтоолдоо дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө Ц.******* гэх хүн мэдүүлэг авсан гэх гарын үсэгтэй баримт байсан эсэх, хэдэн оны огноотой мэдүүлэг байсан гэдгийг тодорхой хэлж чадаагүй учраас эргэлзээтэй байгаа юм...” гэж мэтгэлцсэн нь үндэслэлтэй бөгөөд улсын яллагчаас хууль зүйн үндэслэлтэй няцаалт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
4.Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл 2 дахь хавтаст хэргийн 61-62 дугаар талд авагджээ.
Уг тэмдэглэлд “Үзлэгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 3059 дугаартай гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын газарт шилжүүлэхдээ дугаарласан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал, хэрэгт хавсаргасан зарим нотлох баримтуудыг хэргээс авсан болох нь дээрх 01, 03 гэж дугаарласан хуудас, гомдлыг хүлээж авснаас хойш хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай шилжүүлэх 9 хуудас ажиллагаа хийсэн тэмдэглэл, прокурорын газраас 213900328 дугаартай хэрэг нээж цагдаагийн газарт 1 хавтас 30 хуудас материал шилжүүлсэн талаарх баримтаар хэрэг нээсэн 2 хуудсыг хасахаар 19 хуудас баримт дутаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөрдөгч Ц.*******гаас “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” саналыг прокурорт хүргүүлэхэд 9 хуудас баримт хүлээж авсан гэх нотлох баримт байхгүй. Хэрэв 9 хуудас нотлох баримт прокурорт өглөө гэж бодоход прокурорын хяналтад шалгагдаж байсан хэргийн материал буцаад мөрдөгчид яагаад 30 хуудас болж очсон нь ойлгомжгүй.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэрч Б.******* гэгч хүн нь Хэнтий аймгийн сумын - тосгоны 1-р багт оршин суудаг иргэн. Б.******* гэдэг нэр нийтлэг биш, хэн дуртай нь зохиож чадахгүй учраас Б.******* гэх хүнийг ямар нэгэн байдлаар мэддэг хүн баримтыг үйлдсэн байх боломжтой. Гэтэл энэ хэрэгт ажиллагаа явуулсан М.э нь сумын - тосгоны хэсгийн төлөөлөгч байсан. Гэтэл энэ хэрэг М.э гэх хэсгийн төлөөлөгч бас ажиллагаа хийсэн байдаг. Иймээс энэ хэрэгт э хэсгийн төлөөлөгч, ******* хэсгийн төлөөлөгч хамгийн ойр байсан нь харагдаж байгаа юм. Б.******* гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахад Ц.******* гэдэг хүнийг огт танихгүй гэж хэлсэн. Харин мөрдөгч *******, э нарыг таних уу гэж асуугаагүй” гэж мэтгэлцсэн бөгөөд улсын яллагчаас энэ талаар тайлбар гаргаагүй.
Гэрч Б.ын мэдүүлэгт “Би Ц.******* гэж хүнийг танихгүй” гэсэн бөгөөд өөр хэн нэг цагдаагийн алба хаагч мэдүүлэг авсан талаар асуугаагүй, дурдаагүй байна. Тиймээс гэрч Б.ын “мэдүүлэг өгөөгүй, Ц.*******г танихгүй” гэж мэдүүлснийх нь төлөө шүүгдэгч Ц.*******г хуурамч нотлох баримт үйлдсэн гэж дүгнэх нь өрөөсгөл юм.
6.Гэрч Э.*******ын мэдүүлгийг яллах дүгнэлтэд дурдаж, яллах талын нотлох баримтаар шинжлэн судалсан. Энэхүү гэрч Э.******* гэгч нь цагдаагийн албан хаагч бөгөөд энэ хэрэгт ямар учир шалтгаантай мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Ц.*******гийн гэм буруутай үйлдлийг нотлоход ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй байх тул энэхүү мэдүүлгийг үнэлээгүй болно.
Эцэст нь дүгнэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.*******гийн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Ц.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2339000770039 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ургийн овогт *******ын *******г цагаатгасугай.
2.Шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Ц.******* нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.
6.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч,түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН