| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/201 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А (цахимаар), түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000170095 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ийн Б (РД: ..........), 1967 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эхнэрийн хамт ... аймгийн ... сумын ... багт оршин суудаг, урьд Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял, мөн тус шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “Г.Б нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой өөрийн эзэмшлийн “УАЗ-452” загварын, ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай үзүүлэх, 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Увс аймгийн Зүүнговь сумын төвөөс тус сумын 04 дүгээр багийн нутаг Тохой гэх газарт очих замдаа зорчигч Ё.Б тээврийн хэрэгслээс унаж, тээврийн хэрэгсэлд дайрагдаж нас барсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 5 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 08-13 дугаар хуудас), 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, (1 дэх хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), шүүгдэгч Г.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 41-57 дугаар хуудас), хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 58 дугаар хуудас), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 62 дугаар хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас), гэрч Т.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Аын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас), 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр насанд хүрээгүй гэрч Б.Аын дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас), гэрч М.Ны мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас), гэрч Б.Дгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 123 дугаар хуудас), гэрч Г.Жы мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125 дугаар хуудас), гэрч Б.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас), шинжээчийн 10 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 132-135 дугаар хуудас), шинжээчийн 09 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас), шинжээчийн 12 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас), техникийн шинжээчийн 25/03 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 155-157 дугаар хуудас), шинжээчийн 07 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас), Г.Быг сэжигтнээр тооцож эрх, үүрэг танилцуулж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 194-196 дугаар хуудас), Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212-217 дугаар хуудас), тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 220 дугаар хуудас), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний дүү Б.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийн тогтоосон шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 111-122 дугаар хуудас), Ё.Т болон М.Б нарын оршуулгын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хоёр талын замын зардлын баримт;
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Аийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 70 дугаар хуудас), Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж (2 дахь хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гарсан бодит хохирлын баримтууд (2 дахь хавтаст хэргийн 76-86 дугаар хуудас), мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн 3 хуудас баримт;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Авто тээврийн шинжээчийн 25/03 дугаар дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 155-157 дугаар хуудас), Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 213 дугаар хуудас), яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас), Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн Засаг даргын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 235 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 236 дугаар хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт (1 дэх хавтаст хэргийн 237 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 242 дугаар хуудас), мөрдөгчийн илтгэх хуудас (1 дэх хавтаст хэргийн 247 дугаар хуудас), хохирлын баримтууд (2 дахь хавтаст хэргийн 76-86 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 5 дугаар хуудас);
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-13 дугаар хуудас);
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас);
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-26, 27-31 дүгээр хуудас);
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас);
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас);
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 41-57 дугаар хуудас);
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б-гийн “...Би Увс аймгийн Улаангом сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Улмаар миний төрсөн ах Ё.Бийн эхнэр олон жилийн өмнө бурхан болсон. Одоогоор оюутан ангийн охин Улаанбаатар хотод байдаг. ...Улмаар 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Зүүнговь сумын төвийн эмч над руу залгаад ...“та хаана байна, таны төрсөн ах Ё.Б байхгүй болчихлоо, хурдан ирмээр байна” гэж хэлсэн. ... Би яасан, юу болсон талаар тухай сумын хэсгийн төлөөлөгч гэх хүнээс асуухад таны төрсөн ах Ё.Б нь хажуудаа Г.Б гэх хүнтэй УАЗ загварын тээврийн хэрэгслээр сургуулийн хүүхэд аваад явж байгаад замдаа нас барсан байна. Бид холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68 дугаар хуудас);
- Гэрч Т.Бгийн “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байх манай “Тохой” гэх газарт байх Г.Б ахыг Зүүнговь сумын төв орсон гэж сонсоод гар утсаар ярихад “Зүүнговь суманд ажилтай байна маргааш, нөгөөдрөөс очно” гэж хэлсэн. Би ойр зуурын ажил болон малдаа туслуулахаар дунд хүү Б.Аыг хичээлээс нь 7 хоногийн чөлөө авхуулах талаар ярьсан бөгөөд “та манай хүү Б.Аыг аваад ирээч” гэхэд за гэж хэлсэн. ...Ингээд 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой сумын төвөөс гарч байгаа гэж сонссон бөгөөд чухам хэдэн цагт гарсан талаар мэдээгүй. Би хүлээж байгаад цаг харахад шөнө 10 цаг өнгөрч байсан. Хаана яваа бол гадна хүйтэн байна, ирж байгаа бол уу гэж бодоод сууж байтал Г.Б ах миний хүү Б.Аын хамтаар орж ирээд хүү н.А их даарсан байдалтай байсан хувцсыг нь тайлаад дулаацуулж байтал Г.Б ах “автомашинд н.Батдэлгэр тасарчихсан байна, оруулаад ирээч миний дүү дулаацуулмаар байна” гэсэн. Гараад хартал тасарчихсан байгаа юм уу, ухаангүй байгаа юм уу бүү мэд хөдлөхгүй байхаар нь энэ хүн сэргэхгүй байна гэж хэлээд гэртээ буцаж орж ирэхэд Г.Б ах “хоёулаа амт өргөөд оруулаад ирье” гэж хэлээд бид хоёр хамтдаа гарсан. Автомашинаас өргөж оруулж ирээд гэрийн баруун талд газарт хэвтүүлээд Г.Б ах гутлын тайлаад дулаацуулъя гэж хэлээд гутлын тайлж байсан. Ингээд царайг нь харахад цайгаад цонхийсон байсан. Энэ хүн зүгээр юм уу гэж хэлээд дуудаад удаа дараа татахад ямар ч мэдрэлгүй байсан бөгөөд багийн эмчийн дугаар олж дуудах гэж тодорхой хугацаанд удсан байх эмчид залгаж би дуудлага өгсөн. Удалгүй багийн эмч н.Н ирж үзлэг хийгээд байх шиг байсан. Нэг тариа зүрх нь тус газарт нь хийх шиг болсон бөгөөд эргүүлж тойруулж хараад “нүүрэнд толбо үүссэн байна, нас барчихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед манай сумын хэсгийн төлөөлөгч хамт явсан бөгөөд тэр цогцос авч явна гээд аваад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч Б.Аын дахин өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 21-ний орой манай гадна ирээд гэр рүү ороогүй байтал Г.Б ах надад “Ё.Батдэлгэр ахыгаа машинаас унасан гэж битгий хэлээрэй” гэж хэлсэн. Ингээд би Г.Б ахаас айгаад худлаа хэлчихсэн. Сумын төвөөс бид гурав хамтдаа гараад явсан бөгөөд Г.Б ах автомашин дээрээ нүүрс ачсан байсан. Маш хурдан явсан. Би замдаа даараад дээлээр ороолгоод хэсэг явж байтал Ё.Б ах “хаана яваа юм бэ?” гээд толгойгоо өндийлгөөд сууж байгаад гэнэт хаалгаар уначихсан. Би Г.Б ах руу харахад харахгүй замаа харж байхаар нь би энэ хүн унаад үхчихлээ ш дээ гээд орилоход гэнэт замаас гарч зогсоод эргээд унасан газарт нь очиход толгой нь бидний явж байсан зүг рүү хараад хажуу хавиргаарай газар хэвтэж байсан. Ингээд Г.Б ах машинаас буугаад босгож ирсэн тэр хүн миний хаалга талын хаалга хаалга талдаа ирээд сандал түшээд зогсож байтал Г.Б ах араас нь өргөөд машинд суулгасан. Машинд сууж байхдаа үедээ маш дуу султай ёолоод байсан. Машинд суулгаад Ё.Б ахын улбар шар өнгийн бүсээр машины дотор хаалганаас зангидаж уяад энэ бүсний үзүүрээс сайн татаад яв, хаалга дахиад онгойчихно шүү гэж хэлсэн. Ингээд би бүсний үзүүрээс татаад явсаар байж гэрийн гадна ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас);
- Гэрч М.Ны “...Би Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвд багийн эмчээр ажилладаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө 12 цагийн үед байх сумын төвөөс 70-80 км орчим зайд байрлах “Тохойн цэг” гэх газарт, утасны цаанаас энд хүн цайчихсан хөдлөхгүй байгаад байна дуудлага өгөх гэсэн юм гэж хэлсэн. Би “гүрээний судас дээр нь дараад үз дээ” гэхэд “лугшилт ямар нэгэн байдлаар мэдрэгдэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд би жолоочоо аваад сумын хэсгийн төлөөлөгч Б.Л руу залгаад дуудлага ирж байна хамт явъя гэж хэлээд “Тохой” гэх газарт очсон. Тухайн газарт очиход манай сумын иргэн Т.Б гэх айлд сумын танил Ё.Батдэлгэрийг баруун талд байрлах орны урд хэсэгт газраар хэвтүүлчихсэн байсан. Яасан, юу болсон талаар асуухад Г.Б гэх хүнтэй сумын төвөөс хамт гарсан машинд хажууд сууж явсан тухайн айлд ирээд орох гэтэл хөдлөхгүй байхаар Т.Бгийн хамт өргөж оруулж ирсэн талаар хэлсэн. Тухайн хүнд үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд байхгүй. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр адирналин зүрхэн тус газарт тарьсан, амбуу ашиглаж цээж шахалт хийсэн боловч нас барчихсан байсан бөгөөд нурууны ард хүүрийн толбо үүсчихсэн байсан. Ингээд тухайн хүнийг эмнэлгийн машинаар тээвэрлэж сумын эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд хийсэн. Тухайн хүний биед үзлэг хийх явцад ил харагдах ямар нэгэн гэмтэл харагдаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дугаар хуудас);
- Гэрч Н.Төмөрбаатарын “...2024 оны 12 дугаар сарын 21-ний орой 17 цагийн үед манай гэрт гаднаас Зажин (Г.Б), талийгаач хоёр эрэгтэй хүүхэдтэй хамт орж ирсэн. ...Уг хоёр хүн орж ирээд цай унд болж хоол хийх зуур Г.Б бид хоёр 13 тоглож байсан. Харин Ё.Б зүгээр сууж байсан ба бага зэрэг согтуу, Г.Б нь эрүүл байсан. ...Энэ хугацаанд Г.Б нь уусан эсэхийг мэдэхгүй байна. Гарахдаа Г.Б, талийгаач хоёр машиндаа бензин хийгээд нүүрс ачаад ирнэ нөгөө хүүхэд хандан чи энд байж байгаарай ирж авна гэж хэлээд 30-40 минутын дараа тухайн хоёр хүн орж ирсэн. Г.Б эрүүл, талийгаач бага зэрэг согтуу байсан уг хоёр хүн цай уугаад нөгөө хүүхдээ аваад хөдөө буюу Тохой баг руу явлаа гээл гарсан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна. Би талийгаачийг нас барсан гэдгийг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өглөө мэдсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93 дугаар хуудас);
- Гэрч Ш.Баттогтохын “...Бид нар тэндээ сууж 5 гар буюу муушиг тоглоцгоосон. Бид нарыг сууж байхад Ё.Батдэлгэр нь гэрээс гараад би дэлгүүр орно гээд гэрээс гарч яваад удалгүй орж ирэхдээ 1 шил архи, нэг том пиво барьчихсан орж ирсэн. Тэр авч ирсэн зүйлээ бид нарт хундагалж өгөөд бид нар бараг уугаагүй өөрөө ганцаараа уугаад суугаад байсан. Бид нар тоглоомдоо улайраад юу нь тэр архи дарс гээд л сууцгааж байсан. Орой бид нар 23 цагийн орчимд дууссан. Тэр үед Ё.Батдэлгэр, Г.Б тэр хоёр Тохой баг орно гээд Н.Төмөрбаатарын гэрээс гараад явсан. Тэр хоёр Г.Бын УАЗ машинтай явж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн “...Орой болсон байсан бөгөөд очоод Ё.Батдэлгэрийг авахад нэлээн уусан байдалтай байсан бөгөөд явъя гэж хэлээд насанд хүрээгүй хүү Б.Аыг мотор дээр суулгаад, Ё.Бийг суусны дараа өөрөө хаалгыг нь хааж өгөөд машинаа жолоодоод хөдлөөд явсан. Миний санаж байгаагаар 19 цаг өнгөрч байсан. Өвлийн улирал тул эрт харанхуй болсон бөгөөд машины гэрэл асааж явсан. Тухайн үед Ё.Б амандаа юм яриад уйлаад байх шиг байсан. Ингээд газрын их талдаа орж байтал хаалга онгойх шиг болсон хүүе, хаая гэх завдалгүй Ё.Б хаалгаар уначихсан, тоормосоо дараад зогсох хооронд хажууд сууж явсан Б.А гэх хүү “уначихлаа” гээд орилохоор нь би сандраад тоормосоо дартал ард үлдсэн байсан тул ухрах үйлдэл хийхгүй, эргэж тойроод унасан зам дээр очиход хажуу хэсгээрээ хэвтэж байсан. Яасан бэ зүгээр үү гэхэд жаахан хэвтмээр байна гэж хэлсэн бөгөөд намайг харахад ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх, сорви байгаагүй тул ямар ч байсан хөдлөөд эхний айлд очихоор газраас босгоход өөрөө зүтгээд суухад нь араас нь өргөж дэмжээд суулгаад дахин хаалгыг нь хааж өгөөд дахиад хаалга онгойлгоод уначих байх гэж айгаад өөрийнхөн бүсээр хаалганаас уяад Б.А гэх хамт явж байсан хүүд бүсийг татаж бариулаад явсан. Ингээд эхний айл болох Т.Б гэж Б.А гэх хүүгийн гэрт ирээд орчхоод тухайн айл дулаахан байсан тул Т.Бд “гадна машинд Ё.Б байгаа оруулж ирж дулаацгах хэрэгтэй байна” гэж хэлээд түүнийг гаргасан. Т.Б энэ хүн сэрэхгүй байна гэж хэлээд орж ирсэн бөгөөд бид хамт өргөж оруулж ирээд дулаацгах гэхэд дуудаад сэрэхгүй болохоор нь багийн эмч дуудаарай гэж хэлээд дуудуулсан. Тухайн үед би Т.Бд машинаас унасан талаар хэлээгүй. Ингээд эмч хэсэг хугацааны дараа ирж, үзээд нас барсан гэж хэлээд тэрнээс цааш би шоконд орж яасан юу болсон талаараа санахгүй байна. Тэр үедээ би өөрийгөө Бийг дайрсан гэж огт мэдээгүй, бодоогүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Г.Б нь өөрийн эзэмшлийн, улсын бүртгэлээс хасагдсан “УАЗ 452” загварын /...гэх улсын дугаартай байсан/ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцад нь тухайн автомашинд зорчиж явсан амь хохирогч Ё.Б хаалгаар унаж, улмаар уг автомашинд дайрагдсан зам тээврийн осол гарсан байна.
2.2. Амь хохирогч Ё.Бийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10 дугаартай “...Амь хохирогч Е.Б-ийн биед цээжний зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 дугаар хавирганы нэг болон хоёрлосон хугарал, цээжний баруун талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хоёрлосон хугарал, 7 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун уушгины дунд, доод дэлбэнд цус хуралт, өрц баруун хэсгээр задрал, элэгний задрал, хэвлийн хөндий, цээжний хөндийд цус хуралдалт, баруун шууны ар дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх цээжний 2 талын олон хавирганы хугарал, өрц, элэгний задрал, цээж, хэвлийн хөндийд цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.12, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тэр дундаа цээж, хэвлий хэсгээр дарагдаж шахагдсанаас үүснэ. Дээрх цээж, хэвлийн битүү гэмтлүүд нь үхлийн шалтгаан болсон байна. Амь хохирогч Ё.Б нь уушгины сүрьеэгээр өвдөөд эдгэсэн байна. Баруун уушгины дээд дэлбэнд шохойжсон архаг сүрьеэгийн голомтууд байрласан байна. Уг архаг өөрчлөлтүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч Ё.Б нь цээжний 2 талын олон хавирганы хугарал, өрц элэгний задрал гэмтлүүдийн улмаас цээж, хэвлийн хөндийд цочмог цус алдаж буюу дотуур цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 132-135 дугаар хуудас)-ийг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл амь хохирогч Ё.Б нь автомашинаас унаж дайрагдсан улмаас дээрх гэмтлүүдийг авч, улмаар дотуур цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна.
2.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2024 оны 12 дугаар сарын 21-ний орой Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Г.Б нь өөрийн эзэмшлийн, улсын бүртгэлээс хасагдсан “УАЗ 452” загварын /...гэх улсын дугаартай байсан/ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцад нь тухайн автомашинд зорчиж явсан амь хохирогч Ё.Б хаалгаар унаж, улмаар уг автомашинд дайрагдсаны улмаас нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэмт хэрэгт тооцох бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эсхүл хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар импортоор оруулж ирсэн болон Монгол Улсад үйлдвэрлэсэн, мөн ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгслийг мэдээллийн санд бүртгэж, шинээр бүртгэсэн авто тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох журамтай. Өөрөөр хэлбэл уг журамд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын дугаар аваагүй тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
Шүүгдэгч Г.Бын жолоодож явсан “УАЗ 452” загварын автомашин нь ...улсын дугаартай гэх боловч улсын бүртгэлээс хасагдсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Монгол Улсад ашиглаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөөгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцжээ. Хэдий тухайн автомашиныг үйлдвэрлэхдээ суудлын бүсээр тоноглоогүй байх боловч Монгол Улсад ашиглахыг зөвшөөрөөгүй, суудлын бүсгүй тээврийн хэрэгслээр согтуурсан хүн тээвэрлэсэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг, мөн тус дүрмийн 23.9.з-д “өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон хэм хэмжээг шүүгдэгч зөрчсөний улмаас амь хохирогч Ё.Б автомашинаас унаж, улмаар уг автомашинд дайрагдана нас баржээ.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинжүүдийг хангажээ.
3.2. Шүүгдэгч Г.Б нь УАЗ 452” загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 23.9.з-д тус тус заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж амь хохирогч Ё.Бийн амь насыг хохироосон үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон.
Энэхүү гэмт хэргийн улмаас амь хохирогч Ё.Бийн амь нас хохирсон. Тодруулбал энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүний амь нас бөгөөд хүний амь насыг мөнгөөр үнэлж Боггүй, бусад зүйлээр орлуулж, нөхөн сэргээх боломжгүй тул уг хохирлыг нөхөн төлөгдөх боломжгүй гэж үзнэ.
Харин энэхүү төрлийн гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал, олох байсан орлого, бусдад төлөх төлбөр, эцэг эх, үр хүүхэд, гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн хямрал буюу хор уршиг зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гэм буруутай этгээдээс гаргуулдаг.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүгдэгчээс өөрт болон дүү Б.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг тус тус нэхэмжилжээ.
Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад нийт 15’000’000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.
4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь насанд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхтэй этгээд нь тус хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.
Амь хохирогчийн төрсөн охин Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа тул гэр бүлийн гишүүдээ төлөөлөн шаардах эрхтэй гэж дүгнэв.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660’000 төгрөгөөр тогтоосон.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн ХОВ0825/102 дугаартай “...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас), амь хохирогчийн төрсөн хүү Б.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн ХОВ0825/101 дугаартай “...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас)-ээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А болон түүний дүү Б.А нарын сэтгэцэд дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан нь тогтоогджээ.
Амь хохирогчийн хүүхдүүдийн насны байдал, Б.А нь уг гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон зэргийг харгалзан Б.А, Б.А тус бүрийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660’000₮)-г 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 30’535’400 төгрөгөөр тогтоов.
Б.А нь уг гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болж, эгч Б.Агийн асрамжид очсон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т зааснаар түүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж (30’535’400₮*2=) 60’706’800 тогтоов.
4.3. Амь хохирогчийг оршуулахтай холбогдуулан 13’692’502 төгрөгийн зардал гарсан, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 15’000’000 төгрөг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь шүүгдэгчийн илүү төлсөн 1’307’498 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрөөс хасаж тооцохыг зөвшөөрсөн.
Мөн шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5’000’000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Баас амь хохирогчийн хүүхэд Б.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 60’706’800 төгрөгийг, амь хохирогчийн хүүхэд Б.Агийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт (30’535’400₮-1’307’498₮-5’000’000₮=) 24’045’942 төгрөгийг тус тус гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад олгохоор шийдвэрлэв.
4.4. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж тогтоох журамтай тул хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар дээрх төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй байна. Тодруулбал шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр уг гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тусад нь нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 221 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 234 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 242 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял, мөн тус шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй байна” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэр хугацаагаар хянан харгалзаж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
3.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд бүтэн өнчин болсон гэх хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
3.3. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Мөрдөгч 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (1 дэх хавтаст хэргийн 218 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, прокурор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг DVD диск нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хатгалах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Баас 84’752’742 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй тул гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан УАЗ 452 загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хор уршгийг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Г-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б-ыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-аас амь хохирогчийн хүүхэд Б.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 60’706’800 төгрөгийг, амь хохирогч хүүхэд Б.А-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 24’045’942 төгрөгийг тус тус гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгосугай.
6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн гэм хор учруулсан төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий DVD дискийг хэргийн хамт хатгалсугай.
9. Шүүгдэгч Г.Б-ын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан УАЗ-452 загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хор уршгийг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА