Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 068

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, 

нарийн бичгийн дарга Т.Айбек,

улсын яллагч Х.Өрен,

иргэний нэхэмжлэгч А.Али,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш,

шүүгдэгч Б.Иванов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ители овогт Баймешийн Ивановт холбогдох 201704000130  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1966 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ители овогт Баймешийн Иванов, РД:БЮ66021433.

Шүүгдэгч Б.Ивановын холбогдсон хэргийн талаар: 

- Шүүгдэгч Б.Иванов нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 20 минутын үед Шар нуурын хөтлөөс уруудаж аймгийн төв буюу Өлгий сум руу чиглэсэн засмал зам дээр 40-97 БӨА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн ачааны тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хажуу талд унадаг дугуйтай зорчиж явсан иргэн Е.Таттенбетийн амь насыг хохироож, зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Иванов нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 20 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, Шар нуурын хөтлөөс уруудаж аймгийн төв буюу Өлгий сум руу орж ирсэн засмал зам дээр 40-97 БӨА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа машинд эвдрэл гарсныг мэдсээр байж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.7.а-д “согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж, замын хажуу талд унадаг дугуйтай зорчиж явсан иргэн Е.Таттенбетийг дайрч амь насыг нь хохироосон,  зам тээврийн ослын улмаас гудамжны гэрэлтүүлгийн шонг мөргөж эвдэн “Өлгий сумын хот тохижуулах алба”-нд 325000 төгрөгний хохирол учруулсан, мөн “Баян-Өлгий ШТС”-ийн үнийн самбарыг мөргөж эвдсэний улмаас “Шунхлай трейдинг” ХХК-д 7643000 төгрөгний хохирол, хор уршиг учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Б.Ивановын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн “.... Би 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өлгийгээс гараад Шар нуурт очиж шавар ачаад Хун нуурт суудаг ахынханд буулгасан. Тэгээд тэндээс нэг машин шар шороо ачих үед 1 шил архийг 3 хүн хувааж уусан. Шар нуураас уруудаж ирж байхад машины доороос чимээ гарсан. Тэгэхээр нь зогсох гээд арга хэмжээ авсан боловч машины зүрх арааны боолт тайлагдаж кардон гол нь сугарч унасан болохоор машин ямар ч тормосгүй, гар кардонгүй болсон. Тэгээд уруудаж ирж байхад шинэ захын тэндээс хоёр машин урдаас гарч ирсэн болохоор би тэр даруйд нь арга хэмжээ авч машинаа замаасаа гаргасан. Тэр үед машины урдаас хоёр хүүхэд гарч ирсэн. Нэг нь машины урдаас зугтаж амжсан. Нэг нь машинд мөргүүлж улмаар эмнэлэг дээр очиж нас барсан. Тэгээд машинаа колонк руу чиглүүлж колонкийн самбарыг мөргүүлж зогсоосон. ... Зөвшөөрч байна. ... Би гэмшиж байна” гэх мэдүүлэг /мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-,,,,,, шүүх хуралдааны тэмдэглэл/

- Замын Цагдаагийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдэвч, ослын акт  /хх-ийн 6-15-р хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 16-23-р хуудас/,

-Тээврийн хэрэгслийн эд анги унасан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-25-р хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-28-р хуудас/, 

- Авто осолд өртөх үед унаж явсан унадаг дугуйнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 29-30-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн эд ангид үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32-р хуудас/, 

- Тус аймаг дахь Цагдаагийн газрын К-01 замын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг бичлэгийг хуулж авсан хуурцаг  /хх-ийн 33-р хуудас/,

- Жолооч Б.Ивановын согтуурлын байдлыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21 цаг 32 минутанд шалгасан тэмдэглэлээр драйгер аппаратын заалт  /хх-ийн 34-р хуудас/, 

- Хохирогч М.Елтайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Нурланы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/, 

- Иргэний нэхэмжлэгч А.Алигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/

- Гэрч Х.Ерхумарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-72-р хуудас/,

- Гэрч К.Таубагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,

- Гэрч С.Аххожагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/, 

- Гэрч Х.Сүйнбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

- Гэрч Н.Нуртуганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Иванов Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7.а заалтуудыг зөрчсөний улмаас авто осол болсныг тогтоосон шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай зам тээврийн ослын дүгнэлт /хх-ийн 120-121-р хуудас/,

- Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 126-127-р хуудас/,

-Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /ХХ-144, 139-р хуудас/,

- Талийгаач Е.Таттенбетийн цогцосонд задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт.гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-95-р хуудас/, 

- Жолооч Б.Ивановын биенээс шинжилгээнд зориулж авсан цусны дээжээс 1,9% этилийн спирт илэрч, дунд зэргийн согтолттой байсныг нотолсон шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. 

Гэмт хэргийн улмаас “Өлгий сумын хот тохижуулах алба”-нд учирсан хохирлыг барагдуулсан болох нь тус байгууллагын тодорхойлолтоор /хх-ийн 204-р хуудас/, “Шунхлай трейд” ХХК-д учирсан хохирлыг барагдуулах хэлцэл хийсэн /хх-ийн 205-р хуудас/, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч А.Алигийн өгсөн мэдүүлгээр шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх нэхэмжлэл байхгүй, нас барсан Е.Таттенбетийн эцэг хохирогч М.Елтайн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлтээр шүүгдэгч нь хохирогчид 5000000 төгрөг өгсөн, хохирогч өөр нэхэмжилсэн зүйлгүй байна. 

Иймд шүүгдэгч Б.Ивановыг тээврийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгч Б.Ивановт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын төлбөр, хор уршигийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хохирогчид өгсөн мөнгө бол гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгаж байгаа хэлбэр бөгөөд харин хүний амь насанд учирсан хохирол бол нөхөж баршгүй үр дагавар учир хохирлыг барагдуулж гэм хорыг арилгасан гэж үзэх боломжгүй юм. 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх түүнд хуульд заасан эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх 2015 онд батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй.

Иймд  Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ивановыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 2015 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл 2002 оны эрүүгийн хуулинд дээрх уг гэмт хэрэгт оногдуулах  хорих ялын доод хэмжээ нь 3 жилээс дээш байхаар тусгасан бол 2015 оны эрүүгийн хуулинд энэхүү гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 2 жил байна. 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршигийг төлсөн зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Иванов нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан унадаг дугуй, гэрэлтүүлгийн шонгийн толгой, ЗИЛ-130 автомашины кардан гол зэргийг устгах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Иванов нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн ЗИЛ-130 маркийн 40-97 БӨА улсын дугаартай автомашин, өвлийн сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ивановын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим үнэмлэх, гадаад паспорт, жолоочийн түр зөвшөөрөл зэргийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ивановт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ивановт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ители овогт Баймешийн Ивановыг “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Ивановыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ивановт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан унадаг дугуй, гэрэлтүүлгийн шонгийн толгой, ЗИЛ-130 автомашины кардан гол зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ивановт оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Б.Ивановын өмчлөлийн ЗИЛ-130 маркийн 40-97 БӨА улсын дугаартай автомашин, өвлийн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч Б.Ивановын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолоочийн түр зөвшөөрөл зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ивановт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ