| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2021/0096/Э |
| Дугаар | 2021/ДШМ/46 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/46
Г.Ганзоригт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2021/0096/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов /онлайн/
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолтой, Ганбатын cт холбогдох, 2118000000120 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 6-р баг 2-р хороолол 30 айлын 28 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ТЕ91092510 регистрийн дугаартай, Номч овогт Ганбатын Ганзориг.
Шүүгдэгч Г.Ганзориг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг 30 айлын 28 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр У.Эрдэнэцэцэгтэй маргалдаж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Номч овогт Ганбатын Ганзоригийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Г.Ганзоригийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Ганзоригт оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Г.Ганзориг нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Номч овогт Ганбатын Ганзоригийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасан шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тодорхой тусгах хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчилд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолын “тогтоох" хэсгийн 1 дүгээр заалтад “Ганбатын Ганзоригийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ” гэсэн агуулгатай өөрчлөлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох" хэсгийн 1 дэх заалтад “Ганбатын Ганзоригийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ” гэсэн нэмэлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Ганзориг нь Дархан сумын 6-р баг 30 айлын 28 тоотод гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр У.Эрдэнэцэцэгтэй маргалдаж түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Ганзоригийн үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болох хохирогч У.Эрдэнэцэцэг, гэрч А.Ганцэцэг, нарын мэдүүлэг, хохирогчийн биед “...хамар ясны хугарал, хамар орчимд цус хуралт... бүхий мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл...” тогтоогдсон тухай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021-04-20-ны өдрийн 245 дугаар дүгнэлт, зэргээр нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн түүний гэм бурууд тохирсон байна.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.
Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1.д заасан ...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай... болохыг тодорхой зааж өгөөгүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:
- Шүүгдэгч Номч овогт Ганбатын Ганзоригийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА