Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2023/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Х аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Н, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч П.Н, Г.Б, Э.Ш, Л.О, Г.Э, Ц.Б, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Э.С (танхимаар), гуравдагч этгээд Т.Д, Г.З, Б.Т, Б.Ц, Ч.Б (цахимаар), гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч А.Г, гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Б.Ц, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч М.Н, Ш.О, Ж.Ч, О.Б, Ц.Э, Т.У, Б.Э, О.Д, Д.С, Я.М (цахимаар), иргэдийн төлөөлөгч Т.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Э” ХХК нь Х аймгийн Засаг даргад холбогдуулан “Х аймгийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжийн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн MV-020423 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэн

    1. “Х аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дах хэсгийг хүчингүй болгуулах,
    2. Х аймгийн Засаг даргын 2017 оны 09 сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дах хэсгийг хүчингүй болгуулах,

 

    1. Х аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дах хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон[1] байх ба шүүх нэхэмжлэгчийн тодруулж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1. Манай “Э” ХХК нь 2016 онд MV-020423 дугаартай ашиглалтын тусгай тусгай зөвшөөрлийг өөрийн охин компани болох “Ш” ХХК-аас шилжүүлэн авсан.

2.2. Тус тусгай зөвшөөрлийг 2014 онд анх Х аймгийн нутаг дэвсгэрт XV-008297 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авч хайгуул хийсний үндсэн дээр 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Ашигт малтмал газраас (тухайн үеийн нэршил) 2004 онд хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгож ашигт малтмалын хайгуул хийж хувийн хөрөнгөөс их хэмжээний хөрөнгө оруулалт хийж нөөцийг тогтоолгосны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл АМГТГ-ын кадастрын хэлтсээс олгосон байдаг.

2.3. Тусгай зөвшөөрөлтэй газартай давхцуулан Х аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн иргэдэд газар өмчлүүлсэн болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Д.Э нарын иргэд манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж орсноор мэдсэн.

2.4. Х аймгийн Засаг дарга 2017 оны А/250 дугаар, мөн 2017 оны А/278 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэгч “Э” ХХК-ийн MV-020423 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулж иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан болохыг Х аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт хүргүүлэх албан бичгээс олж мэдсэн.

  2.5. Шүүхэд хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудтай танилцаж үзээд нэмэгдүүлсэн, Х аймгийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дах хэсгийг хүчингүй болгуулах, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дах хэсгийг хүчингүй болгуулах, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь ашиглалтын зөвшөөрлийг өөрийн охин компани болох Ш ХХК-иас шилжүүлж авсан. Тус тусгай зөвшөөрлийг 2004 онд анх Х сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг авч хайгуул хийсний үндсэн дээр 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч байсан. Гэвч тусгай зөвшөөрөлтэй Э ХХК-ийн газартаа давхцуулан Х аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн иргэдэд газар өмчлүүлсэн болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Э нарын нэхэмжлэлтэй Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар гаргасан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж оролцсоноор мэдсэн. Х аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/26 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд тухайн үеийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газартаа давхцуулан газар өмчлүүлсэн шийдвэрийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэдэд өмчлүүлсэн газарт Ашигт малтмалын газраас 2004 онд хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгож, ашигт малтмалын хайгуул хийж өөрийн хөрөнгөөс их хэмжээний хөрөнгө оруулалт хийж нөөц тогтоолгосны үндсэн Ашигт малтмалын газрын тосны газрын кадастрын хэлтэсээс тусгай зөвшөөрлийг олгосон. Гэтэл Х аймгийн Засаг дарга нь Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2017 оны А/250 дугаар, мөн 2017 оны А/278 дугаар захирамжаар тус тус иргэдэд газар олгосон. Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудтай танилцаж үзэхэд нэхэмжлэгч Х аймгийн Засаг даргын 2013 оны А/26, 2017 оны А/250, 2017 оны А/278 дугаартай захирамжаар иргэдэд өмчлүүлсэн газар нь Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцаж байгаа тул захирамуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Э ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар нь 2007 оны Улсын Их Хурлын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын оронд хамааруулсан байдаг. Мөн 2008 оны 26 тоот тушаалаар Газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 42 тоот тушаалыг тус тус үндэслэн Геологи уул уурхай кадастрын газрын даргын 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 157 тоот шийдвэрээр кадастрын бүртгэлийн санд стратегийн орд газраар бүртгэгдсэн байдаг. 2004 оноос хойш Э ХХК болон түүний охин компаниуд нь хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж 2015 онд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өөрчилсөн. Цаг хугацааны хувьд ч гэсэн газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар түрүүлж үүссэн эрхийг хамгаалах нь зарчим нь эрх зүйд байдаг. 2004 онд Э ХХК нь маш их хөрөнгө мөнгө зарцуулж хайгуулж хийж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байхад уг талбайтай давхцуулан газар олгосон аймгийн Засаг дарга газар өмчлүүлсэн. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байхад 2017 онд Засаг дарга захирамжаар газар өмчлүүлэх шийдвэр гарсан нь хууль бус байна. Засгийн газрын шийдвэрээр олгогдсон түрүүлээд 2004 оноос эхлээд хайгуул хийж, их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийсэн газар дээр Засаг дарга ямар шалтгааны улмаас иргэдэд газар өмчлүүлж шийдвэрлэсэн нь тодорхой биш. Хуульд огт нийцээгүй шийдвэр гаргасан. Улсын Их Хурлын тогтоолоор стратегийн орд газраар тогтоож, Засгийн газрын тогтоолоор хил заагийг нь тогтоосон, Газрын тосны ашигт малтмалын газар нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийн бүх бичиг баримтыг нь хянаад нэгэнт тусгай зөвшөөрөл олгосон асуудал дээр Засаг дарга давхардуулж газар олгосон нь хууль бус шийдвэр юм. Тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдэгдэх үүрэг нь манай үүрэг биш, Ашигт малтмалын газраас мэдэгдэх үүрэгтэй. Хавтас хэрэгт эрх бүхий сумын Засаг дарга, байгаль орчны мэргэжилтэн нарын өгсөн Э компани хууль байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсан, хууль зөрчөөгүй гэсэн баримтууд нотлох баримтаар авагдсан... Х аймгийн Засаг даргын 2013 оны А/26, 2017 оны А/250, 2017 оны А/278 дугаартай захирамжийн нэхэмжлэгч Э ХХК-ийн МВ020423 дугаартай ашиглалтын зөвшөөрөлтэй талбайтай давхцаж буй хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

4. Хариуцагч Х аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ашигт малтмалын газрын тосны газраас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 30 жилийн хугацаатай С, Ш сумын нутаг дэвсгэрт байрлах Ш нэртэй газар 54447.21 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Э" ХХК-нд олгосон. Төрийн захиргааны байгууллагаас уг тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "... төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана", 17.2-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно" гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр аймгийн Засаг даргаас санал авалгүй тухайн орон нутгийн иргэдэд мэдэгдээгүйгээс одоогийн "Э” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар нь Ш сум болон С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, улсын чанартай автозамын дагуу байрлалтай, 2013 оны А/26, 2017 оны А/250, 2017 оны А/278 дугаар захирамжуудаар өмчлүүлсэн 800 иргэний газартай давхацсан байдаг.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар тухайн үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн. Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны А/26, 2017 оны А/250, 2017 оны А/278 дугаар захирамжуудыг гаргаж тус 800 иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул Э ХХК-ийн MV-020423 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй Х аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дахь хэсэг, 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн A/278 дугаар захирамжийн 1009-1408 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 онд ашиглалтын лиценз олгохоос өмнө Монгол улсын иргэд Газрын тухай хуулийн дагуу газар өмчлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн байсан. Уг газарт ашиглалтын лицензийг 2015 онд олгосон. 2015 онд ашиглалтын лицензийг олгохдоо тухайн аймаг орон нутаг сумын Засаг дарга, Аймгийн Засаг даргад мэдэгдээгүй. Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын лиценз олгосноос хойш ажлын 7 хоногийн дотор тухайн аймаг сумын Засаг дарга болон Байгаль орчны газар, Татварын байгууллага зэрэгт мэдэгдэх ёстой гэж заасан. Энэ заалтыг зөрчиж аймаг орон нутагт мэдэгдээгүй. Ашиглалтын лиценз олгохдоо давхцалыг шүүж үзээгүй, 800 иргэн гэж ярьж байгаа боловч үүний цаана бүхэл бүтэн нэг сумыг давхцуулан лицензийг олгосон. Сумыг давхцуулсан асуудлыг энд ярих нь зүйтэй гэж үзэж байна. Ашиглалтын лиценз олгохдоо 800 иргэний газрыг давхцуулсан гэж ярьж байна. Энэ лицензийг олгохдоо яагаад бүхэл бүтэн нэг сумыг давхцуулж лиценз олгож байгаа юм бэ. Энэ давхцалын асуудлыг өнөөдөр ярьмаар санагдаж байна. Х аймгийн Шивээ овоо сумыг бүхэлд нь давхцуулан ашиглалтын лиценз олгосон байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхдээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, мөн 21 аймгийг нэгтгэсэн Засгын газрын тогтоол гардаг. Тэгэхээр 800 иргэнд газар өмчлүүлэхдээ зөвхөн Х аймгийн Засаг даргын шийдвэрээр олгоогүй. Ялгаагүй Монгол улсын Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Монгол улсын иргэнд газар өмчлүүлж байгаа гэдгийг тайлбарламаар байна. Э ХХК нь нэхэмжлэлдээ Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2018 оны 0124 дугаартай албан бичгийг хүлээж аваагүй гэж тайлбарыг хүргүүлсэн байсан. Нэхэмжлэлдээ мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гуравдагч этгээдээр татагдахдаа энэ асуудлыг мэдсэн гэж тайлбарласан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 онд Э ХХК-д 0124 дугаартай албан бичгээр мэдэгдэж байсан. Энэ бичгийг шуудан үйлчилгээний газраар хүргүүлсэн байгаа. Ямар нэгэн байдлаар хүргүүлсэн албан бичиг нь буцаагдан ирсэн зүйл байгаагүй. Дахиад 2018 оны 06 дугаар сард Э ХХК-д бичиг хүргүүлсэн байдаг. Гэвч ерөөсөө хариу ирүүлж байгаагүй. Ашигт малтмал, газрын тосны газар газрын хэвлий ашиглах зөвшөөрөл өгдөг. Ашигт малтмал, газрын тосны газар газрын хэвлий ашиглах зөвшөөрлийг олгохдоо газрын давхцлыг хараагүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Газрын мэдээллийн санд Э ХХК нь лицензээ бүртгүүлэх ёстой. Газрын эргэлтийн цэгийг газрын мэдээллийн санд бүртгүүлэх ёстой. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар газрын хэвлий ашиглах зөвшөөрлөө авсан бол газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой. Ингэснээр газрын эрх зүйн харилцаа үүсээд газрын төлбөр төлөх ажиллагаа явагдана. Э ХХК-ийн 2015 онд ашиглалтын лиценз авсан боловч энэ маргаан үүсэх хүртэлх хугацаанд газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх оролдлого хийхээр хүсэлт гаргасан зүйл байхгүй. Газрын мэдээллийн санд Э ХХК-ийн газрын мэдээлэл бүртгэлгүй явж байгаа. Тиймээс Х аймгийн Засаг даргын 800 иргэнд газар олгосон захирамж нь хүчинтэйд тооцогдоно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яагаад 2018 оны албан бичгийг сөхөж яриад байна вэ гэхээр Э ХХК-ийн зүгээс Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албанд хаяглаж ирүүлсэн албан бичиг дээрээ “Манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан 2013 оны 02 сарын 18-ны өдөр 200 иргэнд, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 200 иргэнд 2017 оны 10 дүгээр сарын 31-ний өдөр 400 иргэнд буюу нийт 800 иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг Х аймгийн Засаг дарга болон газрын албанд гаргаж байсан байна” гэж албан бичиг дээрээ бичиж байсан атлаа манай компани нь өмчлөлийн газар олгосон асуудлыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Э нарын нэхэмжлэлтэй Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар гаргасан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж оролцсоноор тухайн өмчлөлийн захирамжууд гарсан гэдгийг мэдсэн гэж бичсэн байсан. Гэтэл цаг хугацааны хувьд авч үзэхээр үүнээс өмнө 2018 онд тухайн компани нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын алба руу илгээсэн бичиг дээрээ асуудлын талаар тодорхой дурдсан байдаг. Ингэж дурдсан асуудлуудаас нь үүдэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албанаас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0124 дугаартай албан бичгийг Э ХХК-д хүргүүлж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлье гэв.

7. Гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд нарыг төлөөлж байгаагийн хувьд дараах тайлбарыг хэлье. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 онд гуравдагч этгээдээр оролцохдоо газар давхцуулж олгосон талаар мэдсэн гэж хэлж байна. Энэ агуулгаар хариуцагч нар үүнийг дурдаад өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн баримтыг ярихдаа аймгийн Газрын албанд Э ХХК-аас 3 захирамжийг ялгаад 200, 200, 400 хүнд газар олгосон нь манай эрх ашгийг хөндсөн байна гэдэг агуулгатай албан тоот ирсэн гэж хэлж байна. Уг албан тоотын дагуу аймгийн Газрын албанаас Э ХХК-д албан тоот хүргүүлж байсан шуудангийн баримтаа өгч байна. Тэгэхээр Э ХХК-ийн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд үүссэн маргаанаас өмнө газар олгосон асуудлаар хандаж байсан гэхээр энэ асуудлыг аль эрт мэдэж байсан. Эдгээр зүйлээс харахад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаад байна. Нэхэмжлэгч хэлж байгаа үгэндээ хариуцлагатай хандаж байгаа учраас шүүх хуралдаан дээр хэлж байгаа учраас, шүүх түүнийг тэмдэглэж байгаа учраас үүнийг анхаарах ёстой. Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр маргаж эхлэхэд 9 сард Э ХХК нь гуравдагч этгээдээр татагдаад хэргийн материалтай танилцах үүрэг үүсэж байгаа. Тэгэхээр мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хугацааны ойлголтын талаар хуулинд байдаг. Мэдэх боломжтой хугацаа гэдэг бол шүүх дуудаж байгаагаас эхэлж үүсэж байгаа. 2018 онд Э ХХК нь газрыг ухаж эхэлсэн, иргэд янз бүрийн байдлаар эсэргүүцэл илэрхийлээд ухуулаагүй. Тэгээд Газрын албатай харилцаж байсан үйл явдал байгаа. Ш.Эын хувьд 2018 онд энэ асуудлын талаар хөндсөн гэдгээ хэлсэн. Тэгэхээр хэрэв нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм бол маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж байгаа бол хугацаа ярьдаг. Хэрэв илт хууль бус гэж үзэж байгаа бол хугацаа ярихгүйгээр асуудлыг хянах тухай нөхцөл байдал байдаг. Монгол улсын иргэнтй газраа өмчлөх эрх нь зөрчигдөж байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаж байгаа 2013 оны А/26 дугаартай захирамжийг 2020 онд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг захирамжид 200 иргэний асуудал яригдаж байна. Гэтэл Э ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Э ХХК нь 2021 онд гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2013-2017 онд гаргасан захирамжуудыг бөөнд нь нийлүүлээд 2015 оны ашиглалтын лицензтэй давхцсан гэж маргаж байгаа бол үйл явдал тус бүрээр нь ялгах ёстой. 2013 онд олгогдсон газар нь 2015 онд олгогдож байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцана гэдэг ойлголт байж болохгүй. Харин 2013 онд аваад байгаа газартай ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцаж байгаа юм биш үү. Хэрэгт авагдсан материалыг судлаад үзэхээр Газрын тосны кадастрын хэлтсийн Геодези зураг зүйн үйл явц болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын Геодези зураг зүйн үйл явц гэж 2 тусдаа асуудал байдаг юм байна. Энэ хоёрын давхцлыг шалгах нөхцөл байдал, шалгах боломж бололцооны асуудал мөн дээрээс нь хуулинд давхцсан тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэх журмуудыг ярих ёстой. Э ХХК-ийн хувьд шүүхээр маргах хүртлээ энэ давхцлыг огтоосоо шалгуулдаггүй, давхцлаа кадастрын зураглал хийдэг байгууллагад нь бүртгүүлж газар зүйн байрлалуудыг тогтоогоогүй. Зөвхөн шүүхээр маргаж эхэлсэн 3 жилийн хугацаанд сүүлд нь нөхөж аль аль газрууд нь давхцаж байгаагаа мэдсэн. Мөн Х аймагт Э ХХК-д кадастрын зураглалаар ийм газар олгосон талаар мэдэгдсэн нэг ч баримт байхгүй. Мөн Э ХХК-аас кадастрын зураглалд тусгаад өгөх хүсэлт гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй. Э ХХК-ийн хувьд бүхэл бүтэн 26300 га газрыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөдлөө өгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлүүлсэн байдаг. Гэтэл иргэдийн газар өмчлөх хүсэлтийг аваад 2 жилийн дараа шийдвэрлэж газар олгодог байгаа. Нэг иргэний газар өмчлөх газрын хэмжээ нь 0.07 га байхад Э ХХК-ийн хувьд 26300 га газар эзэмшихээр авч байгаа нь шударга ёсонд ч нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Б, Ш, Д.О, Г.Э, Ц.Б, эрх залгамжлагч Б.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК-ийн нэхэмжлэлийг сонслоо. Хайгуулын лиценз нь худлаа байна. Ш ХХК нь манай охин компани гэж яриад байна. Ш ХХК нь Э ХХК-ийн охин компани биш. Бүхэл бүтэн аймгийн нутгийн 50 хувийг авчихсан. Х аймгийн Засаг даргын гаргасан өмчлөлийн захирамж хүчинтэй. Х аймгийн хүмүүс өөрсдийн газраа өгөхгүй. Сумынхаа нутаг дэвсгэрийг өгчихдөг аймаг гэж байхгүй байх ... П.Н, Э.С өмгөөлөгч нартай санал нэг байна. Хууль тогтоомжийн дагуу газраа өмчилж авсан 800 иргэн газар дээрээ амьдрах боломжгүй болсон. Э ХХК-ийн авсан гэх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт нутагт байгалийн хамгаалалтын газарт хамгаалагддаг газрууд багтсан байдаг...Э ХХК нь хууль бус газар авсан гэж үзэж байна. Э ХХК нь бид нарын өмчлөлийн асуудлыг хөндсөнөөр нийт иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Тэр нутгийн иргэд надаар дамжуулж хэлээрэй гэж хэлсэн учраас энд ирж хэлж байна. Өөр аймгийн Засаг дарга гарын үсэг зураад газар олгосон байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа төрийн бус байгууллагын хүнээр гарын үсэг зуруулсан. Нэг ч баг дээр очиж иргэдийн хурлын саналыг аваагүй. хууль ёсны дагуу зөв шийдвэр гаргах байх гэж хүсч байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 9. Гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Н, Ш.О, Ж.Ч, О.Б, Ц.Э, Т.У, Б.Э, О.Д, Д.С, Я.М, гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч А.Г, гуравдагч этгээд Т.Д, Б.Ц, Ч.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х аймгийн ард иргэдийн эрүүл амьдрах орчин бүрдэх үү эс бүрдэх үү гэдэг асуудал яригдаж байна. Бид нар газар нутагтаа үлдмээр байна гэцгээв.

10. Гуравдагч этгээд Т.Д, Г.З, Б.Т, Б.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуульд заасны дагуу 0.7 га газар авах эрхтэйгийнхээ хувьд газар авсан. Уг эрхийнхээ дагуу 3 айлын газрыг авсан. Газраа алдмаагүй байна гэв.

11. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс харахад ямар хууль тогтоомжийг зөрчиж иргэнд газар олгож, хууль зөрчсөн талаар тодорхойгүй байдаг. Зүгээр л газар давхцуулж олгосон гэдгээр Э ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн юм уу. Магадгүй энд 800 иргэний эрх ашиг сонирхол хөндөгдсөн байхыг үгүйсгэхгүй. 2013 болон 2017 онд газар өмчилж авсан иргэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газраа өмчилж авч чадахгүй байна. Нэхэмжлэгч талаас Х аймгийн Засаг дарга ямар хууль тогтоомж зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн талаар тодорхойгүй байна. 2013, 2017 оны Х аймгийн Засаг даргын захирамж нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Засгийн газрын тогтоол зэргийг үндэслэн иргэн бүр газар өмчлөх хүсэлтээ өгч шийдвэрлүүлээд үүний дагуу Засаг дарга захирамж гаргаж 800 иргэнд газар өмчлүүлсэн байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй лицензтэй гэж ярьж байна. Энэ талаараа аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, мэргэжлийн хяналтын газар зэрэгт 7 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл Э ХХК-ийн хувьд энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Х аймгийн Засаг дарга хууль зөрчиж иргэнд газар өмчлүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

12. Иргэдийн төлөөлөгч Т.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хэргийн материалтай танилцаж, хуралд оролцов. Тус “Э” ХХК нь Газрын тухай хууль, Кадастрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна. Хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүй, батлагдсан хайгуулын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, зохих зөвшөөрөлгүй, Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар зөрчил илэрч торгуульж шийтгүүлсэн тухайн сумын Засаг даргын Тамгын газрын удирдлага болон албан тушаалтны буруу шийдвэрээс болж 800 иргэний газар өмчлөх эрх, ашиг хөндөгдөж байна. “Э” ХХК нь тухайн газарт эргэлтийн цэгийн тэмдэглэгээ хийлгээгүй, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр хураамж, орон нутгийн сан болон улсын төсөвт оруулаагүй зэрэг нь шүүх хуралд оролцогч иргэд, хариуцагч, өмгөөлөгч нарын тайлбар, хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн “Х аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дахь хэсэг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дахь гэсэн, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацааны тухайд:

Нэхэмжлэгчээс “Тусгай зөвшөөрлийн газартай давхцуулан Х аймгийн Засаг даргын захирамжаар иргэдэд газар өмчлүүлсэн болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Д.Э нарын иргэд манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж орсноор мэдсэн” хэмээн тайлбарлан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тухайн захиргааны хэрэгт Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 сарын 27-ны өдрийн 18 дугаар захирамжаар[2] маргаан бүхий захирамжаар газар өмчлүүлсэн Н.Б нарын 800 иргэнийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 123/ШЗ2023/0070 дугаар захирамжаар[3] Н.Б нарын 800 гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эрх залгамжлагч нарын төлөөлөгчөөр Я.М, Д.Э, Д.С, М.М, Ж.Ц, М.С, Ц.П, Н.Б, С.Т, Б.Б, Ц.Т, М.Н, Ц.С, Ж.Ч, Ц.Т, Т.У, М.А, Ш.О, Б.Н, Б.Э, Б.Д, Ц.Б, О.Д, Б.Б, Ж.О, Ц.Э, Х.Г, Б.Ц, Л.О, О.Б, Э.Ш, Б.Ц, Г.Б, Д.С, П.Н нарыг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч нараас “Э” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, Э ХХК-иас Х аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт “Манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцуулан 2013 оны 02 сарын 18-ны өдөр 200 иргэнд, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 200 иргэнд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 400 иргэнд, нийт 800 иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг Х аймгийн Засаг дарга гаргасан байна” гэсэн албан бичиг ирүүлсэн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 0124 дугаартай албан бичгийг “Э” ХХК-д хүргүүлсэн, дараа нь 2018 оны 6 дугаар сард тус компанид бичиг хүргүүлсэн. Гэвч ерөөсөө хариу ирүүлж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Э нарын нэхэмжлэлтэй Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар гаргасан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж оролцсоноор тухайн газар өмчлөлийн захирамж гарсан гэдгийг мэдсэн” гэж бичсэн байсан. Цаг хугацааны хувьд авч үзэхээр үүнээс өмнө 2018 онд тухайн компани нь Газрын харицлаа барилга хот байгуулалтын газрын алба руу илгээсэн бичиг дээрээ асуудлын талаар тодорхой дурдсан байдаг учраас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан байна” гэсэн үндэслэл гарган маргажээ.

Хэрэгт авагдсан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 6119-р захирамжаар Д.Э нарын иргэдийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт “Э” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэлд тус шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хариу тайлбар гаргаж ирүүлэх үүрэгтэйг сануулан, нэхэмжлэлийн хувь гардуулсан[4], харин энэхүү маргаан бүхий захиргааны актуудыг гардуулсан баримт байхгүй. Тухайн нэхэмжлэлийн хариу тайлбарыг “Э” ХХК-иас шүүхэд 2020 оны 3 сарын 31-ний өдөр хүргүүлсэн.

Х аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2018 оны 0124 дугаартай албан бичгийг Э ХХК-д хаяглан бичсэн байх боловч уг албан бичгийг “Э” ХХК-д хүргүүлсэн, түүнийг нэхэмжлэгч 2018 онд хүлээн авсан гэх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн уг албан бичигт нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актуудыг хавсаргаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул эдгээр захиргааны актыг нэхэмжлэгч 2018 онд мэдсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан тус аймгийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Түүний нэхэмжлэлд Х аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 1 сарын 22-ны өдрийн “...Х аймгийн Засаг даргын 2017 оны А/250, А/278 дугаар захирамжуудаар иргэдэд газар өмчлүүлсэн газар тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай тухай ...” гэсэн хариу тайлбарыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн нотлох баримт хүргүүлэх тухай бичгээр тус аймгийн Засаг даргын 2013 оны А/26, 2017 оны А/250, А/278 дугаартай захирамжуудын хуулбарыг шүүхэд хүргүүлсэн.

Нэхэмжлэгчээс эдгээр захирамжуудтай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танилцан, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагаа тус шүүхэд хүргүүлснээс үзвэл, нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас болон бусад этгээдээс маргаан бүхий акт болох хариуцагчийн 2013, 2017 оны дээрх захирамжуудыг нэхэмжлэгч аж ахуй нэгжид албан ёсоор мэдэгдсэн, гардуулсан гэх ямар нэг баримт байхгүй тул нэхэмжлэгч өөрт нь хаяглагдаагүй актуудыг олж мэдсэн үеэсээ нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хоёр: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

2.1. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар:  -Д аймгийн Засаг дарга Ж.Биас 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Д аймгийн Г сумын “Ш” нэртэй 23623 гектар талбайд ашигт малтмал хайх лиценз олгохыг дэмжиж байна”[5] гэсэн саналыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт өгснөөр Геологи уул уурхай, Кадастрын албаны даргын 2004 оны 08 сарын 26-ны өдрийн 1114-р шийдвэрээр Д аймгийн Г сумын Ш нэртэй 23623 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг иргэн Нацагдоржийн Мд олгон шийдвэрлэж[6], Н.Мд 8297Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн[7].

- Геологи уул уурхай, Кадастрын албаны даргын 2004 оны 1728 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын хайгуулын 8297Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Ш” ХХК-д шилжүүлсэн[8] бөгөөд Ашигт малмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаас 2008 оны 11 сарын 13-ны өдөр “Ш” ХХК-д олгосон ашигт малтмал хайх 8297Х дугаартай хайгуулын зөвшөөрлийн хайгуулын талбай байршиж буй газрын нэрийг “Х аймгийн С, Ш сумын 20849 гектар талбай” хэмээн бичиж олгосон[9].

- Х аймгийн Ш сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ, тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Намуунцэцэг, С сумын Засаг дарга З.Баярсайхан, байгаль орчны мэргэжилтэн Г.Мөнхцэцэг нараас 2015 оны 11, 12 дугаар сард “Ш ХХК нь сумын нутагт дэвсгэрт орших өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 8297 Х тоот тусгай зөшөөрөлтэй талбайд геологи судалгаа, эрэл хайгуулын ажлыг хийх явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хор уршиг учруулалгүй хууль тогтоомж мөрдөж ажилласан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн” гэсэн тодорхойлолтыг тус тус гаргаж Ашигт малтмалын газарт хүргүүлсэн[10].

-Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани” хэлбэрээр үүсгэн байгуулагдсныг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9019081110 дугаарт, 5586119 регистрын дугаараар 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэсэн.

2.2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 1190-р шийдвэрээр Х аймгийн С, Ш сумын нутагт “Ш” нэртэй 5447.21 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-020423 дугаартай тусгай зөвшөөрлийг “Шинэ шивээ” ХХК-д олгож[11], тухайн тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 сарын 20-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээрээ “Э” ХХК-д шилжүүлэн 2045 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар олгож шийдвэрлэсэн[12] байна.

2.3. Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09-07-019/84 дугаартай “Улсын байцаагчийн акт”[13]-д “Э ХХК нь 2017 оны 12 сарын 08-ны өдрөөс эхлэн 150х60 орчим хэмжээтэй талбайн хөрсийг хуулан 4 метр гүн нүх ухсан байв. Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлэгээ, уулын ажлын төлвлөгөө, менежменьийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд байхгүй, ашигт малтмал ашиглахдаа хүлээх үүргээ биелүүлгээгүй...” гэсэн, мөн улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1717000061 дугаартай “Шийтгэлийн хуудас”-нд[14] “Э ХХК нь...С сумтай газар ашиглах гэрээ байгуулаагүй, ...Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.3-т заасныг зөрчсөн,...манай аймгаас санал аваагүйгээс орон нутаг ямар ч мэдээлэлгүй, мэдээллээ олж аваагүйгээс болоод 2004 онд хайгуулын, 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон MV-020423 дугаартай талбайд ...2013 онд 200 иргэнд, 2016 онд 200 иргэнд, 2017 онд 400 иргэнд, нийт 800 иргэнд 56 га газрыг өмчлүүлэхээр олгосон байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан,

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Улсын их хурлын тогтоолоор стратегийн орд газраар тогтоож, Засгийн газрын тогтоолоор хил заагийг нь тогтоосон, Газрын тосны ашигт малтмалын газар нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийн бүх бичиг баримтыг нь хянаад нэгэнт олгосон. Мэдэгдэх үүрэг нь манай үүрэг биш, Ашигт малтмалын газраас мэдэгдэх үүрэгтэй, хавтас хэрэгт эрх бүхий сумын Засаг дарга, байгаль орчны мэргэжилтэн нарын Э компани хууль байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсан, хууль зөрчөөгүй гэсэн баримтууд авагдсан” гэсэн тайлбар гаргасан,

- хариуцагчийн төлөөлөгч нар “Төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д 17.2-д заасныг хэрэгжүүлэлгүй, аймгийн Засаг даргаас санал аваагүй хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон, энэ тухай мэдэгдээгүй... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар газрын хэвлий ашиглах зөвшөөрлөө авсан бол газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой. Ингэснээр газрын эрх зүйн харилцаа үүсээд газрын төлбөр төлөх ажиллагаа явагдана. Э ХХК ашиглалтын лицензийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх ёстой, бүртгүүлэх оролдого нэг ч удаа хийгээгүй. Ашигт малтмалын газар газрын хэвлий ашиглах зөвшөөрлийг олгохдоо газрын давхцлыг хараагүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Э ХХК-ийн 2015 онд ашиглалтын лиценз авсан боловч Газрын мэдээллийн санд Э ХХК-ийн газрын мэдээлэл бүртгэлгүй байгаа... Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын лиценз олгосноос хойш ажлын 7 хоногийн дотор тухайн аймаг сумын Засаг дарга, болон Байгаль орчны газар, Татварын байгууллага зэрэгт мэдэгдэх ёстой гэж заасныг зөрчиж аймаг орон нутагт мэдэгдээгүй. Ашиглалтын лиценз олгохдоо давхцалыг шүүж үзээгүй, 800 иргэн гэж ярьж байгаа боловч үүний цаана Х аймгийн Шивээ-Овоо сумыг бүхэлд нь давхцуулан ашиглалтын лиценз олгосон. Тусгай зөвшөөрөлтэй гэдгээ орон нутагт мэдэгдээгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

2.4. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзвэл, ашигт малтмалын хайгуулын 8297Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан иргэн Н.М, “Ш” ХХК нар нь 2004-2015 онуудад тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулж, батлуулахаар С, Ш сумын Засаг даргад хүргүүлээгүй, батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлж байршуулсан гэх байдал, мөн ашигт малтмалын ашиглалтын MV-020423 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ш” ХХК болон “Э” ХХК нь 2015-2022 онуудад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмаар үйл ажиллагаа явуулаагүй буюу тусгай зөвшөөрлийн талбай оршин байгаа газрын орон нутгийн захиргааны байгууллагатай зохих журмын дагуу харьцаж байгаагүй нь тогтоогдож байна.

Үүнд, ашигт малтмалын хайгуулын 8297Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан иргэн н.М, “Ш” ХХК нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт 38.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 38.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 38.1.3.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах, 38.1.4.энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх, 38.1.8.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гэж заасан үүргээ гүйцэтгэж байгаагүй байна.

2.5. Мөн ашигт малтмалын ашиглалтын MV-020423 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ш” ХХК болон “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, 39.1.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх” гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно: 10.1.2. ашигт малтмал олборлох” гэж, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 55 дугаар зүйлийн 55.2-т “Газрын хэвлийг ашиглагч нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, газрыг хамгаалах, нөхөн сэргээх төсөлтэй байна, 5.3.Газрын хэвлийг ашиглагч нь үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгүүлнэ.”, 55.4.Газрыг хамгаалах, нөхөн сэргээх төсөл, түүнд үндэслэсэн төлөвлөгөөг жил бүр боловсруулж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулна.” Гэж, газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно.” 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, сум, нийслэл, дүүргийн төсөвт оруулна” гэх зэргээр холбогдох хуулиудад тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж, орон нутгийн байгууллагатай харьцаж ажиллагаагүйн улмаас тус орон нутгийн засаг захиргаа болон хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгч аж ахуй нэгжийг тус газар нутагт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгааг мэдэх боломжгүй байсан нь нотлогдож байна.

Хариуцагч, гуравдагч этгээд нарын төлөөлөгч нарын “Хуулиудын дагуу орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаа мэдэгдээгүй, орон нутгийн захиргааны байгууллагатай харьцаагүй, төлөвлөгөө батлуулаагүй, газраа газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй, орон нутагт төлбөр төлж байгаагүй” гэсэн тайлбарт нэхэмжлэгчиййн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “энэ манай үүрэг биш, Ашигт малтмалын газраас мэдэгдэх үүрэгтэй, хавтас хэрэгт эрх бүхий сумын Засаг дарга, байгаль орчны мэргэжилтэн нарын Э компани хууль байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсан, хууль зөрчөөгүй гэсэн баримтууд авагдсан” гэсэн тайлбараас өөрөөр үгүйсгэж маргахгүй байна.

- Маргаан бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг С, Ш сумын Засаг даргаар батлуулж байгаагүй, хуульд заасан журмаар үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан Х аймгийн Ш сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ, тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Намуунцэцэг, С сумын Засаг дарга З.Баярсайхан, байгаль орчны мэргэжилтэн Г.Мөнхцэцэг нараас 2015 оны 11, 12 дугаар саруудад тус тус гаргасан “Ш ХХК нь сумын нутагт дэвсгэрт орших өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 8297 Х тоот тусгай зөшөөрөлтэй талбайд геологои судалгаа, эрэл хайгуулын ажлыг хийх явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хор уршиг учруулалгүй хууль тогтоомж мөрдөж ажилласан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн” гэх тодорхойлолтууд нь зохих баримтгүй гарсан байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

2.6. Нэхэмжлэгчээс “ашигт малтмалын ашиглалтын MV-020423 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд” хэмээн тайлбарлан маргаж буй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.4-т “Улсын Их хурал Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, хасах гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.12-т “стратегийн ач холбогдол бүхий ордын талбайн хил заагийг тогтоох”, 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ.” гэж зааснаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшиж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг хуульд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

2.7. Маргаан бүхий газруудыг иргэдэд өмчлүүлж шийдвэрлэсэн талаарх үйл баримтуудаас үзвэл:

- Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол[15], Монгол улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182 дугаар тогтоолоор[16] тус тус Х аймгийн С сумын төвд болон авто зам дагуу байршилд нийт 76,76 га газрыг, үүнээс 14 га газрыг улсын чанартай зам дагуу иргэдэд өмчлүүлэхээр тогтоосон. Эдгээр тогтоолыг үндэслэн Х аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжаар С сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Өехий” нэртэй газарт Н.Б нарын 200 иргэнд, тус бүр 700 мкв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн[17]. Иргэдэд өмчлүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд 2013 оны 2 сарын 18-ны өдөр бүртгэсэн[18].

-Х аймгийн С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор[19] тус сумын “Өехий” нэртэй газарт 14 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр тогтоосон. Х аймгийн Засаг дарга 2016 оны 12 сарын 21-ний өдрийн А/355 дугаар захирамж, түүний хавсралтаар[20] С сумын “Амгалан” нэртэй газарт Төмөртогтохын Уянга нарын 200 иргэнд, тус бүр 700 мкв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн бөгөөд тухайн захирамжийг “өмнө газраа өмчилж авахаар захирамж гарсан гудамжны нэрийг С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 7 сарын 20-ны өдрийн 86-р тогтоолоор өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамж, түүний хавсралтын 418-617 дугаарт зааснаар[21] Төмөртогтохын Уянга нарын 200 иргэнд өмчлүүлсэн газрын нэрийг “Өехий” болгон өөрчлөн өмчлүүлж, урьд нь гаргасан 2016 оны А/355 дугаар захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэдэд өмчлүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд 2016 оны 9 сарын 14-ний өдөр бүртгэсэн[22].

- Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоол[23], Монгол улсын Засгийн газрын 2017 оны 03 сарын 29-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор[24] тус тус Х аймгийн С сумын төв, авто замын дагуу байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр тогтоосон. Эдгээр тогтоолыг үндэслэн Х аймгийн Засаг дарга 2017 оны 10 сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамж, түүний хавсралтын 1009-1408 дугаарт зааснаар[25] С сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Өехий” нэртэй газарт З.Болдбаатар нарын 400 иргэнд тус бүр 700 мкв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн. Иргэдэд өмчлүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд 2017 оны 2 сарын 09-ны өдөр бүртгэсэн[26] байна.

- Маргаан бүхий газарт газар өмчилж буй иргэд 2012 оны 01 дүгээр 02-ны өдрөөс эхлэн С сумын Газрын даамалд хүсэлтээ өгч, Багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хавсарган өгсөн болох нь шүүхэд эх хувиар ирүүлсэн, “газар өмчлөгчийн нэгж талбарын дугаартай 38 хавтас “хувийн хэрэг”-т хавсаргасан баримтууд[27] /жишээлбэл: нэгж талбарын 4201003297 дугаартай хувийн хэрэгт: С сумын 6-р багийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 347 тоот “Д.Баасанхүү нь ам бүл 2, ачийн хамт оршин суудаг, газар өмчилж авах хүсэлтэй тул тодорхойлов” гэсэн, иргэн Д.Баасанхүүгийн 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бичсэн газар өмчилж авахыг хүссэн өргөдөл/, С сумын “Газар эзэмших, ашиглах, өмчлөхийг хүссэн өргөдөл бүртгэх” дэвтэрт хүсэлт гаргасан иргэдийн овог нэр, өргөдөл гаргасан огноо, хаягыг бичсэн зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Засгийн газар, Х аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус тус иргэдэд өмчлүүлэхээр тогтоосон газар болох С сумын 4-р багийн Өехий нэртэй газарт хариуцагчаас 2013 оны А/26 дугаар захирамж, түүний хавсралтын 1-200 дахь хэсэгт зааснаар 200 иргэнд, 2017 оны А/250 дугаар захирамж, түүний хавсралтын 418-617 дах хэсэгт зааснаар 200 иргэнд, 2017 оны А/278 дугаар захирамж, түүний хавсралтын 1009-1408 дахь хэсэгт зааснаар Н.Б нарын 800 иргэнд тус бүр 0,07 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлсэн шийдвэрлэсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй: 12.1.1.иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй: 19.1.1.энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах, 19.1.2.энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид  заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, мөн хуулийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

 

Гурав. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцуулан газар өмчлүүлсэн гэх үйл баримтуудаас үзвэл:

3.1. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 1/393 тоот албан бичигт “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х аймгийн С сумын нутагт ашигт малтмалын хайгуулын 8297X дугаар тусгай зөвшөөрөл олгосон 23623 гектар газар болон 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1190 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-020423 дугаар тусгай зөвшөөрөл олгосон /5447.21 гектар/ газрын байршлын солбицол, координат цэгийн талаарх мэдээллийн тус газарт ирүүлж байгаагүй бөгөөд Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, олгосон газруудын мэдээллийг бүртгэх үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газар эрхэлдэг” гэсэн[28],

-Ашигт малтмалын газраас Монголын мэдээ сонины 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаарт[29] Х аймгийн С суманд “Ш” ХХК-д MV-020423 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2015 оны 12 сарын 31-ний өдөр олгосон тухай мэдээллийг нийтлүүлсэн,

- харин Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 9 сарын 13-ний өдрийн 03/240 тоот албан бичигт “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 1190 дүгээр тушаалаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл ...олгогдсон тухай хуульд заасны дагуу манайд мэдэгдээгүй, энэ тухай баримтыг хавсаргав[30]” гэсэн,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Ашигт малтмалын тухай хуулиар Ашигт малтмалын газраас мэдэгдэх үүрэгтэй...” гэсэн тайлбарласан зэргээс үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дах хэсэгт “Төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 7 өдөрт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэнэ” гэж зааснаар төрийн захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Х аймгийн Засаг даргад болон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдэгдээгүй нь тогтоогдож байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, маргаан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь Х аймгийн Засаг дарга, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад энэ тухай мэдэгдээгүй, нэхэмжлэгч аж ахуй нэгж нь хуульд заасан журмаар хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу газрын хэвлий ашиглах эрх олгогдсон 2015 оноос хойшхи хугацаанд тухайн талбайг Газрын кадстрын мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс маргаан бүхий газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоныг хариуцагч мэдэх боломжгүй, улмаар иргэдэд газар өмчлүүлснээр тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцал бий болж байгааг мэдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ашигт малтмалын хайгуулын 8297X дугаар тусгай зөвшөөрөл, мөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын MV-020423 дугаар тусгай зөвшөөрөл олгосон Х аймгийн С сумын нутагт байршилтай 23623 гектар газар нь маргаан бүхий газар болох 800 иргэнд өмчлүүлсэн газартай давхцалтайгаас гадна Х аймгийн Ш сумын нутаг дэвсгэртэй бүхэлдээ давхцаж буй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул уг тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заасантай нийцээгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

3.3. Нөгөө талаар, Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг Монгол улсын Засгийн газар баталж, мөн Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын харилцаа, геодези зураг зүйн газар /хуучин нэрээс/-аас Монгол улсын хэмжээнд Газрын кадастрын нэгдсэн санг эрхлэж явуулдаг, харин Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн кадастрын үйл ажиллагааг эрхлэн явуулж, дээрх нэгдмэл санд мэдээллээ нэгтгэх үүрэгтэй боловч энэ ажиллагаа нь Монгол улсын Засгийн газрын түвшиндээ хийгдээгүйгээс хариуцагч нь гуравдагч этгээд нарт газар давхардуулан өмчлүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

3.4. Төрийн захиргааны байгууллага болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Х аймгийн С, Ш сумын нутагт ашиглалт малтмалын тусгай зөвшөөрөл олгосныг мэдэгдээгүйгээс, мөн нэхэмжлэгч аж ахуй нэгж нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж, орон нутгийн захиргааны байгууллагатай ямар нэг байдлаар харьцаагүйгээс, орон нутгийн захиргааны байгууллага нь тухайн газар газар нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгааг мэдэх боломжгүй байсны улмаас хариуцагч Засаг дарга маргаан бүхий газрыг Монгол улсын Засгийн газар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн үндсэн дээр иргэдэд өмчлүүлсэн шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Х аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ын өдрийн А/26 дугаар захирамжийн хавсралтын 1-200 дахь хэсгийг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/250 дугаар захирамжийн хавсралтын 418-617 дахь хэсгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/278 дугаар захирамжийн хавсралтын 1009-1408 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЗОРИГТБААТАР

                       

                      ШҮҮГЧ                         В.ЦЭРЭНРАГЧАА

 

 

[1] Хавтаст хэрэг 2, 105-107 дах тал

[2] Хавтаст хэрэг 2, 108-131 дэх тал

[3] Хавтаст хэрэг 15, 139-141 дэх тал

[4] Хавтаст хэрэг-3, 167, 173 дахь тал,

[5] Хавтаст хэрэг-14, 26 дарь тал,

[6] Хавтаст хэрэг-14, 24 дэх тал,

[7] Хавтаст хэрэг-14, 19 дэх тал /1-р хавсралтын ”1”/,

[8] Хавтаст хэрэг-14, 19 дэх тал /1-р хавсралтын “2”/

[9] Хавтаст хэрэг-14, 18 дахь тал,

[10] Хавтаст хэрэг-14, 11- дахь тал,

[11] Хавтаст хэрэг-14, 10 дахь тал,

[12] Хавтаст хэрэг-14, 4, 16 дахь тал, Хавтас хэрэг-13, 245 дахь тал,

[13] Хавтаст хэрэг 1, 40-41 дэх тал

[14] Хавтаст хэрэг 1, 48-51 дэх тал

[15] Хавтаст хэрэг-13, 160 дахь тал,

[16] Хавтаст хэрэг-13, 161 дэх тал,

[17] Хавтаст хэрэг-1, 61-77 дахь тал. Хавтас хэрэг-13, 82 дахь тал,

[18] Хавтаст хэрэг-13, 138 дахь тал,

[19] Хавтаст хэрэг-15, 102 дахь тал,

[20] Хавтаст хэрэг-15, 86-96 дахь тал,

[21] Хавтаст хэрэг-1, 78, 113-132 дахь тал,

[22] Хавтаст хэрэг-13, 138 дахь тал,

[23] Хавтаст хэрэг-13, 163 дахь тал,

[24] Хавтаст хэрэг-13, 161 дэх тал,

[25] Хавтаст хэрэг-1, 135, 220-

[26] Хавтаст хэрэг-13, 138 дахь тал,

[27] Хавтаст хэрэг-13, 138159, 183-187 дахь тал, /эх хувиар шүүхэд ирүүлсэн/

[28] Хавтаст хэрэг-15, 227-232 дахь тал,

[29] Хавтаст хэрэг 14, 134 дэх тал

[30] Хавтаст хэрэг-13, 166-174 дэх тал,