| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/02864/И |
| Дугаар | 101/ШШ2023/01169 |
| Огноо | 2023-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/01169
| 2023 03 07 | 101/ШШ2023/01169 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК /-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,344,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани захиалагч А ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 20/04 дугаарын бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд 480 м.куб бетон нийлүүлж, 82,560,000 төгрөгийн төлбөр төлөх бөгөөд 1 м.куб бетон зуурмагийн үнэ 172,000 төгрөгөөр тус тус тохиролцсон. Эндээс 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 84 м.куб, 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 84 м.куб М250 маркийн тус тус бүгд 183 м.куб нийлүүлсэн бетон зуурмагт 28,896,000 төгрөг төлөхөөс 22,000,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 6,896,000 төгрөгийг өдгөө хүртэл төлөөгүй байна. Тус гэрээний хугацаа 1.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс өдгөө 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1 жил 7 сарын хугацаа хожимдуулсны алданги мөн гэрээний 3.12, 7.8 дахь хэсгийг тус тус үндэслэн захиалагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6,896,000 төгрөгөөс 3,448,000 төгрөгийн алданги тооцож байна. Иймд гэрээний үүрэгт 6,896,000 төгрөг, хугацаа хожимдуулсны алданги 3,448,000 төгрөг, бүгд 10,344,000 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулж, хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэх /хх-3, 4, 5/, 2020.06.22 болон 2020.07.03-ны өдрийн бетон зуурмагийн баримт /хх-6-16, 17-27/, 2022.01.16-ны өдрийн итгэмжлэл /хх-28/, 2020.06.11-ний өдрийн 20/04 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ /хх-29-31/, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ /хх-32, 33-34, 35/, бетон зуурмагийн дагалдах гэрчилгээ /хх-36, 37/, төлбөрийн тооцоолол /хх-38-39/, Хаан банк дахь 5029478296 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-40-42/, Хаан банк дахь ....: дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43/, 2023.01.04-ний өдрийн итгэмжлэл /хх-110/, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-111/,
2.2. Хариуцагч талаас ирүүлсэн: А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-65, 80/, Э.М нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар, цалингийн мэдээлэл /хх-82, 83-86/, 2022.11.02-ны өдрийн итгэмжлэл /хх-88/, А ХХК-ийн дүрэм /хх-89-92/,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөрийн үлдэгдэл 6,896,000 төгрөг, алданги 3,448,000 төгрөг, нийт 10,344,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь А ХХК-ийн захирал Б.Д нь хариуцагч компанийг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.М ныг томилж, нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гардан авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслах 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар холбогдож хариу тайлбар өгөхийг мэдэгдэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, гурав хуваагаад төлөх хүсэлтэй байна гэх хариуг хэлсэн байх боловч уг хүсэлт тайлбараа бичгээр шүүхэд ирүүлээгүй байна.
4. А ХХК болон А ХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 20/04 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-д ханган нийлүүлэгч А ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 480 м3 бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч А ХХК нь бетон зуурмагийг хүлээн авч, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-29-31/
Хариуцагч нь дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж тайлбар гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч А ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 11 удаагийн ачилтаар нийт 84 м3 бетон зуурмаг, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 11 удаагийн ачилтаар нийт 84 м3 бетон зуурмагийг хариуцагч А ХХК-ийн барьж буй барилгын талбайд нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна. /хх-6-16, 17-27/
Хариуцагч А ХХК-ийн талбайн инженер Э.М на бетон зуурмагийн дагалдах гэрчилгээнд гарын үсэг зурж, компанийн тамга дарж бетон зуурмагийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-36, 37/
6. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд 1 м3 бетон зуурмагийн үнийг 172,000 төгрөг гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн нийт 168 м3 /84 м3+ 84 м3/ бетон зуурмагийн төлбөрийг тооцоход 28,896,000 төгрөг байна.
Хариуцагч талаас бетон зуурмагийн төлбөрт 2020.06.21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2020.07.02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.04.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.08.16-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь бетон зуурмагийн төлбөрт хариуцагчийн төлбөл зохих 28,896,000 төгрөгөөс төлсөн 22,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 6,896,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч тал нь бетон зуурмагийн төлбөр тооцооны асуудлаар тайлбар, нотлох баримт гаргаж маргаж мэтгэлцээгүй.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч худалдан авсан барааны төлбөрийг төлөлгүй хугацаа хожимдуулсан үндэслэлээр төлбөрийн үлдэгдэл 6,896,000 төгрөгөөс алданги тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги 3,448,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээний 7.8-д Захиалагч төлбөрийг хугацаа хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Хариуцагчийн худалдан авсан бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 6,896,000 төгрөг болох нь тогтоогдож байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 3,448,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөрийн үлдэгдэл 6,896,000 төгрөг, алданги 3,448,000 төгрөг, нийт 10,344,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 180,454 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд хариуцагч талд 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутад хуралдахаар товлогдсон шүүх хуралдааны товыг мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 10,344,000 /арван сая гурван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 180,454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК- олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР