Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/197

 

 

 

 

   2025        07           30                                    2025/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,

Улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ын *******ид холбогдох эрүүгийн 2539000840199 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.*******ийг согтуурсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ******* ******* тоотод байх амь хохирогч Т.*******ын гэрт түүнийг тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь цээжний баруун талд 5, 6-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ******* ******* тоотод байх амь хохирогч Т.*******ын гэрт түүнийг тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь цээжний баруун талд 5, 6-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ы мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), гэрч Н.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 40-41 дүгээр тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 63-68 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.*******ын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 100-101 дүгээр тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 649 дүгнэлт (хавтаст хэргийн 119-120 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд амь хохирогч Т.*******ын нас барсан шалтгаан нь шүүгдэгч Б.*******ийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй, харин амь хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ы “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэгтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 А.МӨНХСАЙХАН