Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

З.Бадамдоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0101/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ц.Цэен-Ойдов /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой, Зандангийн Бадамдоржид холбогдох, 2118000000117 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 30-нд, Увс аймгийн Тэс суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 9-р хэсэг, 3-206 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ТГ67013074 регистрийн дугаартай, Булгадар овогт Зандангийн Бадамдорж.

Шүүгдэгч З.Бадамдорж нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 9-р хэсгийн 3 дугаар гудамжны 188-А тоот хашаанаас иргэн Б.Нандин-Эрдэнийн Солонгос улсад үйлдвэрлэсэн “Тrinх” брэндийн унадаг дугуйг хулгайлан  авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Булгадар овогт Зандангийн Бадамдоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.д зааснаар шүүгдэгч З.Бадамдоржийг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.5.д зааснаар шүүгдэгч З.Бадамдоржид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч З.Бадамдорж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бадамдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар  заалтаар “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.д зааснаар шүүгдэгч З.Бадамдоржийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 .т заасан шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох, мөн шүүгдэгчид оногдуулсан албадлагын арга хэмжээ, ялын төрөл хэмжээг тодорхой тусгах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн  1.6.д заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул зохих зөвтгүүлэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох" хэсгийн 2 дах заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.т заасныг журамлан шүүгдэгч З.Бадамдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж..” өөрчлөлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох" хэсгийн 2 дах заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Бадамдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д  заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж  өөрчлөлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа болон шүүхийн шийтгэх тогтоолыг прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч З.Бадамдорж нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 9-р хэсгийн 3 дугаар гудамжны 188А тоот хашаанаас иргэн Б.Нандин-Эрдэнийн Солонгос улсад үйлдвэрлэсэн “Тrinх” брэндийн унадаг дугуйг авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын  эд хөрөнгийг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

Хохирогч Б.Нандин-Эрдэнийн ...2021 оны 03 дугаар сарын 28-ны өглөө ажилдаа явахдаа унадаг дугуйгаа унаж яваад шөнө 00 цагийн үед гэртээ орохдоо хашаандаа оруулаад саравчны хажууд орхисон юм. Өглөө босоод унадаг дугуйгаа хайсан чинь байхгүй байхаар нь гараад дугуйны мөр харсан чинь харагдахгүй байсан. Миний дугуйг өргөөд аваад явсан байсан... гэсэн мэдүүлэг /хийн  23-р хуудас/,

Гэрч Б.Болдбаатарын ...манай гэрийн хажууханд байдаг залуу дугуй түрээд аваад ороод ирсэн. Тэгээд манай хүүхдийн дугуй гэхээр нь оруулж ирээд манай үүдний амбаарт оруулж тавьсан... гэсэн мэдүүлэг/хх.ийн  27-р хуудас /,

“Капитал зууч” ХХК-ийн  шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.ийн  16-18-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.ийн 56-р хуудас/ болон шүүгдэгч З.Бадамдоржийн өөрийн мэдүүлэг зэргээр  нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв  байна.

Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тухайн үед болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Харин шүүх шүүгдэгч З.Бадамдоржид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаагаа бичээгүй байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  алдаа гаргасан байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2  дугаар  заалтыг:

-Шүүгдэгч З.Бадамдоржид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнссүгэй, гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                      ШҮҮГЧ                                Ц.ТУЯА

                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР