| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/198 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/198
2025 07 30 2025/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг,
хохирогчийн өмгөөлөгч *******
шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2439003190284 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн төв дээр хохирогч *******тай маргалдаж, улмаар хохирогчийн цээж хэсэг рүү цохих, төмсөг хэсэг рүү өшиглөж, базах зэргээр зодож түүний эрүүл мэндэд “хуухнагийн шарх, гэмтлийн гаралтай төмсгийн үрэвсэл, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2439003190284 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэгээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогчийн өмгөөлөгч *******аас: “Миний үйлчлүүлэгч гомдол саналгүй учраас судалсанд тооцуулж оролцоно, хохирол төлбөр нөхөн төлсөн талаарх 1 хуудас баримтыг шинээр гаргаж өгнө” гэсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ээс: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтыг судлуулсанд тооцуулъя. Хохирол төлбөр төлөгдсөн талаарх баримт 1 хуудас баримт шинээр гаргаж өгнө” гэсэн болно.
Шүүгдэгч шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлуулаагүй.
1.Шүүгдэгч Т.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн төв дээр хохирогч *******тай маргалдаж, улмаар хохирогчийн цээж хэсэг рүү цохих, төмсөг хэсэг рүү өшиглөж, базах зэргээр зодож түүний эрүүл мэндэд “хуухнагийн шарх, гэмтлийн гаралтай төмсгийн үрэвсэл, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 5-7 дахь тал),
-Хохирогч *******гийн “...*******ийн дээр нь сууж байхдаа 2 гарыг нь бариатай чигтээ салтаандаа хийчихсэн байтал ******* миний төмсгийг гараараа базаад байсан. Удаан базуулаад төмсөг маань чинэрээд мэдээгүй болсон... Өглөө 6-7 цагийн үед байх сэртэл хөдөө хээр буюу Бумбатын овоон дээр машиндаа унтчихсан байсан... дотуур хувцаснаас нэг юм унахаар нь хартал нөжирчихсөн цус байсан... оёдол хийж байна гэсэн... барагцаагаар 15 минут орчим хугацаа болсон... Би *******д хандан миний эмзэг эрхтнээс тавь боль намайг аллаа шүү дээ гэхэд би чамайг чаднаа ална гээд миний эмзэг эрхтнээс базаад мушгиад дугтраад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал),
-Гэрч Б.*******ын “...2024 оны 7 дугаар сарын 04-ний өглөө эмнэлэг дээр ажил цуглаад байж байхад Улаанбаатар хотын харьяат Ц.Энхамгалан нь 2024 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутагт Т.*******д зодуулсан байдалтай эмнэлэг дээр ирэхэд нь үзлэг хийхэд өмсөж явсан шорт нь цус болсон байсан. Тэгээд дотуур үзлэг хийхэд төмсөгний хуйхнагны арьс хэсэг нь урагдаж язарсан байсан..., 2024 оны 7 дугаар сарын 03-нд Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн төв дээр нөхөрлөлийн өдөрлөг болсон. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад ******* ах болон Энхамгалан ах 2 хоорондоо маргалдаж Энхамгалан ах бууж ирээд ******* ахыг боогоод цохиод доороо хийсэн. Тэгээд ******* ах Энхамаглангийн дээр нь гарахаар нь би салгаад босгосон асуудал болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
-Гэрч *******ын “...10 гаран минутын дараа ******* дахин бид нар дээр ирээд Энх-Амгалангийн сууж байсан талын цонх онгорхой байхад Энх-Амгаланг цээж рүү нь 2 удаа цохисон. Тэгэхэд Энх-Амгалан машинаас буугаад тэр 2 дахиад зууралдахаар нь бид нар болон хажууд нь байсан хүмүүс тэр дор нь салгасан. Тэгээд бид 4 шууд буцаад сумын төв рүү явсан. Сумын төв явж байх замд Энх-Амгалангийн төмсөгнөөс цус гараад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 819 дугаартай “хуухнагийн цус хуралт шимэгдээгүй байна. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-88 дахь тал),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 421 дугаартай “...*******гийн биед хуухнагны шарх, гэмтлийн гаралтай төмсөгний үрэвсэл, цус хуралт... гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо.” дүгнэлт (хавтаст хэргийн 235-239 дэх тал),
-Гэрч Б.*******ын “...хүлээн авахад цус алдсан хүн орж ирлээ гэхээр нь би хүлээн авахын өрөөнд ороход өмд их хэмжээний цус болсон хүн ирсэн байсан... төмсөгний доод хуйхнагны арьс урагдсан байдалтай цус гарсан байсан... Би дотрын их эмч Б.*******тай хамтран тухайн шархыг ариутгаж мэдээ алдуулах тариа хийж цус тогтоох хөвөрдөж оёсон... Өмнө орой нь багийн өдөрлөг дээр хүнтэй муудалцаад өшиглүүлж базуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 230 дахь тал),
-Гэрч Б.*******ын дахин өгсөн “...хүлээн авахын өрөөнд ороход өмд цус болчихсон эрэгтэй хүн ирсэн байсан. Тэгээд өмдийг нь тайлаад хартал тухайн эрэгтэй хүний төмсөгний хуйхнаг доод талдаа язарсан шархтай байсан... Тухайн хүн тэр үедээ энэ шархаа мэдээгүй хөдөө машиндаа унтаж байгаад өглөө сэртэл доошоо нойтон оргиод байхаар нь хартал өмд цус болсон байсан, тэгээд эмнэлэг рүү ирсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 234 дэх тал),
-Гэрч Х.*******ын “...Тэгээд нэг харсан Энх-Амгалан ах гаднаас хүнтэй муудалцсан гээд машинд орж ирээд суусан... *******гийн *******тэй муудалцсан гэж хэлсэн. Өмнөдэлгэр сум руу буцаад явж байх замд Энх-Амгалан, Зоригтбадрах, нар унтацгаасан... Бумбатын даваан дээр гараад унтацгаасан... Сэрээд байж байтал Энх-Амгалан ахын сууж байсан суудал буюу жолоочийн хажуу талын суудал дээр суусан байсан ба суудал дээр их хэмжээний цус гарсан байсан... Яаралтай сумын төв рүү эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 5-7 дахь тал),
-Гэрч Б.ын “...******* уг цонхоор Энх-Амгалангийн цээж рүү 2 удаа цохисон... Буцах замдаа машинд байсан нэг шил архийг уусан тэрийг ууж байгаад би машинд унтаад өгсөн байсан. Өглөө сэрэхэд бид нар машиндаа унтаж байсан. Тэгээд хартал бид нар Бумбын овоон дээр унтаж байсан. Тэгээд Энх-Амгалан бие засах гээд буугаад буцаж орж ирэхдээ гялс эмнэлэг ороорой болохоо байлаа гээд бид нар сумын төв рүү эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),
-Гэрч Б.*******ын дахин өгсөн “...Тухайн үед Энх-Амгаланг би хамгийн түрүүлж үзлэг хийсэн. ******* эмч бид 2 хамтран эмчилгээ хийж шархыг оёсон. Би анх эмнэлэгт ирэхэд нь үзлэг хийсэн... болохоор би тодорхойлолт гаргасан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал) зэрэг баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч Т.******* нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Т.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 20,000,000 төгрөг нөхөн төлсөн, гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй байна гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Т.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул түүнд ял халдаах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, энэ таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх тайлбарыг гаргасан бол,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн хохирогчийн саналыг дурдаж байна. 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 сая төгрөгөөр торгож өгнө үү саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Манай зүгээс гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна. Шүүгдэгчийн хувийн байдал анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Т.******* нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа боловч хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж биед гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байсан, гэм буруугийн шууд санаатай үйлдэл тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.*******ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Т.******* хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН