Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/170

 

 

 

 

    2025          10           06                                       2025/ШЦТ/170

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000000181 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               Б.Саранзаяа

Улсын яллагч                                                             Б.Баттуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Ж.Цэцгээ                           

Шүүгдэгч                                                                   ******* нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот *******,******* орон сууцанд оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, ******* (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ******* Нарны зам дэлгүүрийн урд ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3,25 хувийн согтолттой согтуурсан үедээ жолоодсон гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас)

 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...А.******* нь ******* УАМ улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3,25 хувийн согтолттой жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-7-р хуудас),

 Цагдаагийн албан хаагчийн “...Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч а/ч Б.Ганбаяр би тус өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Г-10с *******, Нарны зам дэлгүүр дээр улсын дугааргүй тоёота приус загварын тээврийн хэрэгсэл согтуу хүн жолоодож явсан гэх дуудлагын дагуу шалгахад******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тус байгууллагын камерт бичигдсэн тул үлээлгэхэд 3,25 хувийн согтолттой гарсныг баримтжуулан, тээврийн хэрэгслийг түр саатуулав...” гэсэн илтгэх хуудас (хх-ийн 3-р хуудас),

 А.*******ын жолоочийн “...Эрх хасагдсан төлөвтэй, Багануур дүүрэг, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дахь заалтад зааснаар 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл эрх хасагдсан...” гэсэн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 6-р хуудас),

 Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгт 12:31:51 секундэд саарал өнгийн приус загварын автомашин зогсоол дээр ирж зогсоод 12:31:54 секундэд жолоочийн хажуу талын суудлаас Үүрийнцолмон гэгч бууж ирээд жолоочийн талын суудлаас 12:34:34 секундэд *******ыг буулгаж хоёулаа Нарны зам дэлгүүр орж байгаа бичлэг, 12:49:10 секундэд ******* нь саарал приус загварын автомашинд жолоочийн суудалд сууэ зогсоолын зүүн талын захаас баруун талын захад ирж зогсож байгаа бичлэг, ...13:27:28 секундэд ******* автомашины түлхүүр барьж автомашины жолоочийн тал руу орж хөдөлж явж байгаа бичлэг, 13:51:41 секундэд саарал өнгийн приус машин Нарны зам дэлгүүрийн үүдэнд тулж зогсоод ******* нь жолоочийн суудлаас бууж ирж байгаа бичлэг...” тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

 Гэрч ******* “...2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг 50 минутад гадаа приус 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан өндөр гав зүүсэн залуу орж ирээд архи зээлчих гээд орж ирээд зээлэхгүй гэтэл зааланд хоол идэж байсан хүмүүсээс архины мөнгө нэхсэн. Барьж явсан айргаа гайхуулаад байсан. ...Хамт явж байсан зүүн талын мөр хэсэгт шархны лент наасан, цээж нүцгэн залуу орж ирээд архи авъя гэсэн. Гурвуулаа дугааргүй саарал приус 3 машинд суугаад, эхэнд орж ирдэг өндөр залуу машин бариад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ЗШ/622 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар *******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 20 цагийн албадан сургалтад хамруулсугай...” гэсэн шийтгэвэр (хх-ийн 42-43-р хуудас)

А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Балжинням бид хоёр манайд хоноод өглөө Үүрийнцолмонтой Номингийн үүдэнд таарсан. Балжиннямын машиныг Үүрийнцолмон бариад Гуанз-24 ороод нэг шил 0.75 литрийн архи авч, Талын толгой 3-1 тоот манай хоосон хашаанд очиж уусан. Архиад ганц юм ууя гээд Үүрийнцолмон хэлсэн. Би машин бариад Нарны зам дэлгүүр орсон. Үүрийнцолмон машин ухрааж байгаад цагдаад баригдсан. Үүрийнцолмоон хашаа даваад зугтсан. Би 2025 оны 7 дугаар сард Багануур дүүрэг Шунхлай ШТС-ын зүүн талд тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагдаад баригдаж 1 жилээр эрхээ хасуулж, 10 хоногийн баривчилгаанд явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас)

А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан тул нэмж ярих шаардлагагүй. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, би 3,25 хувийн согтолттой байсан. Би манай талын толгой 3-1 тоот хашаанаас Нарны зам дэлгүүр хүртэл согтуугаар жолоодсон. Тэнд цагдаа ирж зогсоож шалгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас)

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд өгсөн “...Манайх талын толгойд хашаатай. Тэр хашаанд тухайн машины эзэн болон дахиад нэг найзтайгаа архи уусан. Дахиж архи авахаар нарны замд байдаг дэлгүүр хүртэл би машин барьж явсан. Тэгээд дэлгүүрийн худалдагч цагдаа дуудсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж байсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 46-47-р хуудас)

              Шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 49-51/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна…” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Өмнө нь 7 дугаар сард Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж эрхээ хасуулчихсан байсан. Дахин энэ зөрчлийг үйлдэн алдаа гаргаж 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг болж орж ирсэн учраас шүүгдэгч талаас маргах маргаан байхгүй...” гэсэн,

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд*******од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгчийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа *******, Нарны зам дэлгүүрийн урд 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3,25 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хувийн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Энэ хэрэгт хохирол хор уршиг нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 3 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 13 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2.700.000 төгрөг буюу хамгийн багаар нь оногдуулж өгвөл энэ хүн хоригдож байгаа ч гэсэн эцэг, эх нь богино хугацаанд төлөөд, хоригдож байгаа ялыг нь эдлүүлэх бүрэн боломж байгаа учраас торгуулийн шийтгэлийг сонгож оногдуулж өгөөч ээ гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн,

            Шүүгдэгчээс ”...миний гавлын яс цууралттай, тархинд цус хууралттай гэсэн байгаа. Эмнэлгээр явах гэсэн чинь хоригдчихсон тэгээд хорих ангиас хот руу явуулах боломжгүй гэсэн...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.       

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч А.******* нь ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, малчин, эрүүл мэндийн байдал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган /4.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая /4.000.000/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ХМШЗ/53 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж оногдуулжээ.

Ялын тооцооны хуудаст “...А.*******од холбогдох 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэсэн.  3 сар 13 хоногийн үлдэгдэлтэй байна...” гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч *******од энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган /4.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая /4.000.000/ төгрөгөөр торгох ялыг,

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ХМШЗ/53 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж оногдуулсан гурван /3/ сар хорин долоо /27/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн гурван /3/ сар, арван гурав /13/ хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******од шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ЗШ/622 дугаартай шийтгэврийн эрх хасах нэмэгдэл шийтгэл эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, шүүгдэгч******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган /4.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая /4.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч *******од энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган /4.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая /4.000.000/ төгрөгөөр торгох ялыг

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ХМШЗ/53 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих” тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж оногдуулсан гурван /3/сар хорин долоо /27/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн гурван /3/ сар, арван гурав /13/ хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг А.*******од мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******од шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ЗШ/622 дугаартай шийтгэврийн эрх хасах нэмэгдэл шийтгэл эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.*******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 9. Энэ хэрэгт хураагдаж ирүүлсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

 11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.БЯМБАЖАВ