Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Е.Туяадэлгэр

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Бурмаа

Шүүгдэгч: П.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514004770331 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч П.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.******* нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 13-нд шилжих шөнө Улсын наадамд Баянхонгор аймгийн харьяат бөх түрүүлж, Улсын арслан цол хүртсэнийг тэмдэглэсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр *******тай “хүн унтуулахгүй, хэрүүл нэхлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нуруу руу нь халуун сав шидэж, хэвлийн хэсэгт нь гараараа 1 удаа, толгой хэсэгт нь гараараа 1-2 удаа цохих, хөл хэсэгт нь хөлөөрөө 2 удаа өшиглөх зэргээр зодож, түлхэж унагааж ширээ мөргүүлсний улмаас биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 03),  аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 89-100),  хохирогч *******ын мэдүүлэг (хх-ийн 23-24, 28-29), гэрч *******ын мэдүүлэг (хх-ийн 34-35), иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг(хх-ийн 32), Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 489 дүгээр шинжээчийн дүгнэлт (хх-ийн 44-46), болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 29,700 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан уг мөнгийг  Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шүүгдэгч нь тушаасан,

Хохирогч ******* нь шүүгдэгч П.*******ын гэмт хэргийн үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн /хх-ийн 28-29/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.*******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч П.******* нь хүлээн зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч П.******* нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.*******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 14,5 см, дээд хэсгийн диаметр нь 10 см, доод суурь хэсгийн диаметр нь 14,5 см хэмжээтэй  “original“ гэсэн бичиглэл, гар өнгийн хээтэй, ягаан өнгийн дунд хэсэгтээ хэлбэр нь алдагдаж хонхойсон цайны халуун сав 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч П.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон       ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.*******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч П.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 14,5 см, дээд хэсгийн диаметр нь 10 см, доод суурь хэсгийн диаметр нь 14,5 см хэмжээтэй  “ original “ гэсэн бичиглэл, гар өнгийн хээтэй, ягаан өнгийн дунд хэсэгтээ хэлбэр нь алдагдаж хонхойсон цайны халуун сав 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6.Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  П.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ч.БАЙГАЛМАА