| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/00630/И |
| Дугаар | 101/ШШ2023/01343 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2023/01343
| 2023 03 16 | 101/ШШ2023/01343
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х-т холбогдох,
Баянзүрх дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол, сангийн хороо гудамж 23/2 дугаар байр 52 тоот 53 тоот орон сууцнуудыг хариуцагч М.Хын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Г, хариуцагч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани иргэн М.Хтай 2020 оны 10 сарын 28-ны өдрийн №020/952 тоот, №020/953 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулан өөрийн барьсан ... тоот, 53 тоот орон сууцуудыг нэг бүрийг нь 155,000,000 төгрөг 310,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон.
Худалдан авагчийн зүгээс урьдчилгаа төлбөрт нэг орон сууцанд 77,500,000 төгрөг нийт 155,000,000 төлсөн бөгөөд үлдэгдэл 155,000,000 төгрөгийн төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээнд заасны дагуу дээрх орон сууцуудыг хүлээлгэн өгч хариуцагч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхгүй нэхэмжлэгчийг хохироосоор байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнүүдээс татгалзаж орон сууцнуудыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Өмнө нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 155,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 205,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлсэн ба одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа.
Гэтэл хариуцагч нь бусдад бас өр төлбөртэй, энэ төлбөрийг төлөх хүсэл зориг болон эдийн засгийн боломж байхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үр дүнгүй байгаа тул орон сууцаа буцааж авмаар байна.
Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч М.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талтай орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууц авсан нь үнэн. 2 орон сууц авсан. Анх захиалга өгөхдөө 155,000,000 төгрөг төлсөн. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн байдал муудаж үлдэгдэл төлбөрийг өгч чадаагүй байгаа.
Нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөрөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж надаас 205,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд би төлбөрийг нь төлөх болно. Жаахан хугацаа хэрэгтэй байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч талын нэр дээр гарсан байгаа. Үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа болохоор гэрчилгээ авч чадаагүй.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, үүний дагуу одоо ажиллагаа хийгдэж байхад намайг орон сууцнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, М.Хт хүргүүлсэн мэдэгдэл, орон сууц захиалгаар бариулах тухай 020/953, 020/952 тоот гэрээ, төлбөр төлөлтийн талаарх баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга,
Харицагчаас: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 05 сарын 27-ны өдрийн Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол, 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 555 дугаартай Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00224 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М.Хт холбогдуулан ... тоот орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг болох орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх тул өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс буцаан гаргуулах шаардлага гаргасан гэж тодорхойлсон.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр орон сууцны үлдэгдэл төлбөр 155,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 205,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул одоо орон сууцыг буцаан гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 9-12 дугаар тал/
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцлийн улмаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00224 дугаар шийдвэрээр хариуцагчаас гэрээний үүрэгт 155,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 205,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 27,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 сарын 25-ны өдрийн 555 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 33-49 дүгээр тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгчээс дээрх гэрээний үүрэг буюу орон сууцнуудын үлдэгдэл төлбөр болох 155,000,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түүний зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэсэн байна.
Хуульд зааснаар нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан авах шаардлага гаргах эрхтэй хэдий ч орон сууцны үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гарган, шүүхээр шийдвэрлүүлснээр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, өөрийн сонгох эрхийнхээ дагуу гэрээний үүргийг биелүүлэх шаардлагыг гаргасан гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн ... тоот орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс буцаан гаргуулах буюу албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч М.Х холбогдуулан гаргасан ...тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА