Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 070

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг

улсын яллагч М.Отгонжаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш 

орчуулагч: А.Еркегүл 

шүүгдэгч А.Динсилам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харахас овогт Авдилнасарын Динсиламд холбогдох 1713000000012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Харахас овогт Авдилнасарын Динсилам РД:БЕ88061413.

Шүүгдэгч А.Динсиламд холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч А.Динсилам нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Алтанбекийг хэрүүл маргааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Динсилам нь 2017 оны 08 дугаар сарын 05-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн маргааны улмаас хүргэн Х.Алтынбекийн толгойн тус газар нь гартаа барьж байсан цоожоор 1 удаа санаатай цохиж  биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч А.Динсиламын шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн “....Алтынбек над руу дайрч, хэл амаар доромжилсон. Бид А.Алтынбекийн гэрээс нь тэдний хүүхдийн хувцсыг нь аваад гараад гэрийнхэн хаалгыг цоожлох гэж байхад  А.Алтынбек хүрч ирээд миний гарыг барьж аваад тавихгүй байсан. Тэрээр цагдаа дуудсан. Тэрээр миний гарыг тавихгүй барьж байгаад 2 удаа намайг өшиглөсөн. Би тэр үед хаалга цоожлох гэж байсан цоожоор А.Алтынбекийг цохисон. Дараа нь цагдаа нар ирж намайг Цагдаагийн газарт аваачиж байцаалт авсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Х.Алтынбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- Гэрч А.Хуатбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 277 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Динсиламын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Алтынбекийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Динсиламд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч А.Динсиламын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тусгай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Динсилам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 

Шүүгдэгч А.Динсиламын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Харахас овогтой Авдилнасарын Динсиламыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. Динсиламыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Динсиламд оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Динсилам нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Динсиламд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Динсиламын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгосугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ