Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1290

 

 

                                                                                                                                      

 Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 157/ШШ2019/00035 дугаар шийдвэртэй Б.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК,  Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах “М” ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-т холбогдох

 

Хууль бусаар хураалгасан орон сууцны үнэ 25 000 000 төгрөг, нэр бүхий 7 зохиол бүтээлийн эх бичвэрийг үрэгдүүлсэн хохирлын төлбөр 730 000 000 төгрөг, нийт 755 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлантөрд, “М” ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оноос эхлэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар хорооны орон сууцны 44 байшингийн 21 тоот байрыг зохих хууль журмын дагуу шударгаар өмчлөн эзэмшиж амьдрах болсон юм. Иргэн Б.Э би уг байранд амьдарч байх үедээ нэгэнтээ Улаанбаатар хотод охины хамт очоод золгүй тохиолдлоор гэмт хэрэгт холбогдон улмаар 25 жил хорих ялаар шийтгүүлж хорих газар ял эдэлж байгаад 2017 оны 10 дугаар сард шоронгоос суллагдсан болно. Би шоронгоос суллагдан гарч ирээд өөрийн гал голомт, орон гэртээ ирсэн боловч Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “М” ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-ийн захиргаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад олон журмыг ноцтой зөрчин иргэн Б.Э намайг гэртээ түр байхгүй байх үеэр анх хугацаагүй эзэмших эрхтэйгээр хүлээн авсан цагаас хойш 16 жил гаран амьдарсан миний хувийн эзэмшлийн хоёр өрөө байр, уг байранд байсан өмч хөрөнгийг маань шударга эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр хууль бусаар хураан авч, өөр хүнийг уг байранд оруулсан байсан. Иймээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар хорооны орон сууцны 44 байшингийн 21 тоот байрыг болон уг байранд байсан өмч хөрөнгийг Б.Э надад буцаан олгуулж, намайг шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Уг байранд миний аав болон миний олон жилийн хүч хөдөлмөрөө зарцуулсан зохиолын эх бичмэлүүд байсан тул дараах эх бичмэлүүдийг хууль бусаар хураан авсан. Үүнд: Миний аав Ш.Банзрагчийн 1975 онд бичиж дуусгасан “Бялзуухай Цэрэн” хэмээх түүхэн баримтат жүжгийн зохиолын гар бичмэлүүдийг 50.000.000 төгрөгөөр, Миний аав Ш.Банзрагч нь XX зууны Шинэ Монгол Улсыг үүсгэн байгуулагчдын нэг Их жанжин Д.Сүхбаатарын ясан төрлийн хамаатан хүн байсан. Түүх, архивын баримтаар баталгаажуулан байж жанжин Д.Сүхбаатарын өвөг дээдсийн 5 үеийг хамран өгүүлсэн Харанхуйд цахисан хэт хэмээх түүхэн баримтат романыг 50.000.000 төгрөгөөр, Торой банди хэмээх түүхэн баримтад хоёр анги кино зохиолын гар бичмэлүүдийг 20.000.000 төгрөгөөр, Өв залгамжлагчид хэмээх түүхэн баримтад романы гар бичмэлүүдийг 20.000.000 төгрөгөөр, Чонын хүү хэмээх баримтад романы гар бичмэлүүдийг 20.000.000 төгрөгөөр,  Хайрын тангараг хэмээх 2 боть баримтад романы гар бичмэлүүдийг 30.000.000 төгрөгөөр, Монгол цэрэг эрсийн үнэн бодит түүхийг өгүүлсэн яруу найргийн бүтээлийн гар бичмэлүүдийг 20.000.000 төгрөгөөр, нийт 210.000.000 төгрөгийн үнэ бүхий өмч хөрөнгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших Бор-Өндөр УБҮ-ийн захиргаанаас бүрэн бүтэн гаргуулан Б.Э надад буцаан олгуулж иргэн миний гомдлыг барагдуулж өгнө үү. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар хорооны орон сууцны 44 байшингийн 21 тоот байрыг шударга эзэмшигч надад буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийнхээ үндсэн шаардлагыг өөрчилж уг орон байрыг өнөөдрийн зах зээлийн үнээр үнэлэн 25.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд дурдсан миний хувийн оюуны үнэт бүтээлүүд буюу эдийн бус өмчүүд болох зохиолуудынхаа эх бичмэл, бүтээлүүдийг үрэгдүүлсэн хохирлын төлбөрт 210.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн 730.000.000 төгрөгийг Бор-Өндөр УБҮ-ийн захиргаанаас гаргуулан хохирлыг арилгуулан гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

М ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйллдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болох 44 дүгээр байрны 21 тоот орон сууцанд “М” ХХК-ийн өмчлөлд байсан. Орон сууц хувьчлах тухай хуулиар иргэн н.Отгончимэгийн өмчлөлд шилжсэн. Шилжихээс өмнө дээрх орон сууцыг Б.Э нь орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан. Б.Э-ын ажиллаж байсан ММС буюу Медмолибден строй барилгын байгууллага Монгол-Орос Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний дагуу Бор-Өндөр үйлдвэрийг барих үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэсэн. Энэ байгууллага нь ашиглалтад орсон объектоосоо өөрийн ажилчиддаа өгч амьдруулж байсан. Гэрээ дуусч барилгын ажлыг улсын комисс хүлээж авах үед энэ барилгыг төрийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ нь явж байгаад төрийн өмчит “М” ХХК-ийн өмчлөлд 100 хувь шилжсэн энэ дээр өмчлөлийн асуудал маргаан байхгүй. “М” ХХК-ийн 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар хуралдааны шийдвэр, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг үндэслээд Хэнтий аймгийн Засаг даргын 215 тоот захирамж гараад орон сууц эзэмшиж байгаа хүмүүсийн хүсэлтээр орон сууцыг хувьчилсан байдаг юм. Орон сууц хувьчилсан процесс нь “М” ХХК орон нутгийн өмчлөлд хувьчлах орон сууцыг шилжүүлсэн. Тэрийг нь орон нутаг хүлээж аваад Хэнтий аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэр гаргаад Засаг дарга үүрэг өгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн. Энэ байр бол одоо н.Отгончимэг гэх хүний өмчлөлд шилжсэн. Өмч хувьчлалын тухай хуулиар орон сууц хувьчлах товчоо гэж томилогддог. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлд чиг үүргийг нь заасан байдаг. Тэгэхээр энэ комисс өөрөө Б.Э-ын хувийн өмчийг хувьчилчихсан болж харагдаад байгаа юм. Энэ комисст хуулиар хувьчилж байгаа орон сууц бүрийг хэний өмч гэдгийг тогтоох ёстой. Дээр нь тодруулж хэлэхэд өмчлөх эрх 1-рт гэрээ хэлцлийн үндсэн дээр, 2-рт Орон сууц өмчлөх тухай хуулиар, 3-рт гээгдэл буюу эзэнгүй эд хөрөнгийг тодорхой хугацаанд нийтийн өмнө ил тод эзэмшсэн байвал тодорхой хугацааны дараа өмчлөлд нь шилжих хэлбэрээр өмчлөл явагддаг. Тэгэхээр Б.Э-ын өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гараагүй, “М” ХХК бэлэглээгүй, худалдаагүй, комисс хувьчлаагүй. Хэрэв Б.Э энэ байранд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол хувьчлан авах давуу эрх өөрт нь байсан. Тэр боломжоо өөрөө алдсан. Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээг хууль бус гэж үздэг. Бичгээр гэрээ байгуулаагүй ч энэ хүний эзэмшилд нь эд хөрөнгө байсан хөлс төлөх үүргээ биелүүлж байсан зэрэг нь гэрээ байгаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Орон сууц хөлслүүлэгчийн зүгээс гэрээг цуцалж дотор нь байсан эд хөрөнгийг саатуулан барих ямар шаардлага үүссэн юм бэ гэвэл Б.Э нь хөлс төлөх үүргээ гүйцэтгэлгүй орон сууцыг цоожлоод яваад өгсөн, хөлслүүлэгчид орон сууцны талбай шаардлагатай болсон. Орон сууцыг чөлөөлөхөд УБҮ-ийн захиргаа энэ талаар прокурор болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж орон сууцыг чөлөөлсөн. Чөлөөлөх ажиллагаанд хөндлөнгийн гэрч ч оролцсон. Орон сууцыг чөлөөлөөд дотор нь байсан эд хөрөнгийг агуулахад хийсэн. Нэхэмжлэгч маргааны зүйл болох зохиол бүтээлүүдийн гар бичмэлийг 44 дүгээр байрны 21 тоотод бүрэн бүтэн байсныг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 зааснаар гаргаж өгөх шаардлагыг биелүүлээгүй, харин дээрх зохиол бүтээлүүд бусдын гараар үрэгдэж тараагдсанаас үлдсэн хэсгийг орон сууц чөлөөлөх комисс эмхтгэн үйлдвэрийн агуулахад хүргүүлсэн нь одоо УБҮ-ийн агуулахад хадгалагдаж байгаа. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон. Хэрэгт авагдсан Ж.Амараагийн 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээрх биеийн байцаалтын гэрийн хаяг гэдэгт Бор-Өндөр сумын 44 дүгээр байрны 21 тоотод ам бүл 4, хүргэн, дүү, дүүгийн хүүхэдтэй амьдардаг, хүргэн гэдэг нь Ц.Энх-Амгаланг хэлж байгаа юм. Дараа нь Ц.Энх-Амгалангийн мэдүүлэг байгаа. Мөн 2002 оны 10 дугаар сараас орон сууцыг чөлөөлөх хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан. Ж.Тунгалагмаагийн мэдүүлэг мөн ялгаагүй ам бүл 4 тухайн байранд амьдарч байсан болох нь тогтоогддог. Орон сууцанд 2004 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл байдаг юм. Тэмдэглэлд үйлдвэр тухайн орон байранд орж чөлөөлсөн, эд хөрөнгийг нь эмхэтгэж аваад хайрцаг саванд хийж тавьсан, цоожийг нь солиод склад руу ачуулаагүй байх үед нь М.Мөнхбаярыг дуудаж ирүүлээд түлхүүрээр нь нээлгэж онгойлгоод Ц.Энх-Амгалан гэж хүнийг өөрийг нь байлцуулан үзлэг явуулсан байдаг. Тэгэхээр хэрэгт нэхэмжлэгч Б.Э-тай эх нэгтэй төрсөн дүү болох Цэрэнжавын Энх-Амгалан гэгч эхнэр Ж.Тунгалагмаа, хүргэн ах Ж.Амараа хүүхдийнхээ хамт 2002 оны 10 дугаар сараас УБҮ орон сууцаа өмчлөлдөө авах хүртэл 2004 оны 04 дүгээр сар хүртэл 44 дүгээр байрны 21 тоотод амьдарч байсан юм байна. Үүний дагуу Б.Э-ын эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг хууль болон гэрээний дагуу Ц.Энх-Амгаланд шилжсэн. Өөрөөр хэлбэл дүүдээ орон сууцаа хүлээлгэн өгөх үед тэнд байсан эд хөрөнгүүд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 зааснаар Ц.Энх-Амгаланд шилжсэн. Энэ нь Б.Э, Ц.Энх-Амгалан нарын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл Ц.Энх-Амгалан гэрээний үүргээ зөрчиж өөрт хадгалуулсан Ш.Банзрагч, Б.Э нарын зохиолын гар бичмэлүүдийн зарим хэсгийг үрэгдүүлж дутаасан. Энэ утгаараа Б.Э-ад учраад байгаа хохирлыг хариуцах үүрэгтэй. Б.Э болон Ш.Банзрагч нарын гар бичмэлүүдийг нэхэмжлэгч эдийн бус хөрөнгө гэж үзээд байгаа юм. Миний хувьд эдийн хөрөнгө байна гэж үзэж байна. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Бернийн конвенцоор зохиогчийн эдийн бус эрхийг, бүтээл ашиглах онцгой эрхийг хамгаална. Энэ утгаараа үйлдвэр энэ хүний бүтээлийг авч ашиглаагүй, нийтэд түгээгүй, бүтээлээс нь үүсмэл бүтээл болгож ашиглаагүй. Орон сууц хөлслөх үүргээ хэрэгжүүлээгүй байсан үеэс мэдэх байсан гэж тооцож болно. Б.Э нь хорих ял эдэлж байсан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрэх үндэслэл болсон гэдэг. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно гэж заасан. Тэгэхээр хорих ял эдэлж байсан нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болоогүй гэж үзэж байна. Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн УБҮ-ийн агуулахад болон бусад иргэдийн гар дээр байгаа эд хөрөнгөө эзэмшилдээ авахыг даалгаж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч 755.000.000 төгрөгийн үнийн дүнд битүүмжилсэн “М” ХХК-ийн өмч болох агуулахын барилгыг битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгчийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгайлан гаргах тайлбар байхгүй, хамтарсан хариуцагчийн хувьд А.Энхбаатартай адил тайлбартай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М ХХК-иас                  50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 705 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 761 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 407 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 171 850 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад буруу дүгнэлт хийж, шинэ эзэмшигч, өмчлөгч Т.Отгончимэг, түүнээс шилжүүлэн авсан А.Батхуяг нарын өмчлөлөөс 44 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах орон сууцыг гаргуулахаар шаардсан мэтээр тайлбарлаж, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь заалтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Учир нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалт нь "шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрх, түүнийг хэрэгжуулэх хугацаа"-г зохицуулсан. Гэтэл Б.Э миний бие Бор-Өндөр УБҮ-т хууль бусаар хураалгасан орон сууцны хохиролд 25.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг  Хэнтий   аймгийн  Бор-Өндөр  сум  дахь   сум  дундын шүүхэд хандаж гаргасан болохоос биш Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар хороонд байрлах 44 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах орон сууцыг шинэ эзэмшигч, өмчлөгч М.Отгончимэг, М.Отгончимэгээс шилжүүлэн авсан А.Батхуяг нарын эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргаагүй юм. Бор-Өндөр УБҮ-ийн зүгээс Б.Э миний эзэмшиж байсан орон сууцыг 2004 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хураан авч, М.Отгончимэг гэх хүнд хүлээлгэн өгсөн мэтээр "44-21 тоотыг хүлээн авсан тухай акт"-ыг үйлдэж, тус актыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагчаас гаргасан 44-21 тоот орон сууцыг М.Отгончимэгт хүлээлгэн өгсөн гэх акт нь "эргэлзээ бүхий нотлох баримт" бөгөөд хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар тэр акт нь үгүйсгэгддэг. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн "44-21 тоот орон сууцыг М.Отгончимэгт хүлээлгэн өгөх тухай акт" нь "хуурамч" болох нь дээрх баримтаар тогтоогдох бөгөөд уг баримт нь ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул нотолгооны ач холбогдлоо алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. Анхан шатны шүүх "нотолгооны чадвараа алдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй баримт"-ыг үндэслэж, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах шаардах эрхийн тухайд хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх юм. Хариуцагчийн зүгээс орон сууцыг хэдийд хууль бусаар хураан авсан талаарх баримтыг өнөөдрийг хүртэл нуун дарагдуулж, шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан орон сууц хувьчлан авахад тавигдах хуулийн шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагатай холбож, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй асуудалд дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хэрэв хариуцагчийн зүгээс 44-р байрны 21 тоот орон сууцыг Б.Э миний эзэмшлээс хууль бусаар дур мэдэн хураан аваагүй байсан тохиолдолд Б.Э миний бие 2011 он хүртэл эзэмшиж, Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу тус байрыг өмчлөн авах боломжтой байсан нь хэрэгт авагдсан Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2/1852 тоот "Өргөдөл шилжүүлэх тухай" албан бичгээр нотлогддог. Гэвч хариуцагчийн зүгээс энэхүү баримтаар тогтоогдож буй бодит боломжийг минь дээрэмдэн авсан тул хохиролд тооцон 25.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан болохоос биш Орон сууц хувьчлах тухай хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар нэхэмжлэлийн шаардлага гараагүй. Мөн "орон сууцны төлбөр төлсөн" талаарх маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэл, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байтал нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй асуудал болох "орон сууцны төлбөрийг төлөөгүй" гэх үндэслэлээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байхдаа ч мөн "орон сууцны төлбөр төлөөгүй" гэх хуурамч үндэслэлийг заасан байдаг ч Хэнтий аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2002 оны №04 дүгээр магадлалаар иргэн Б.Э би орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, ямар нэг төлбөр өргүй байсан болох нь тогтоогдсон. Б.Эминий бие 44-р байрны 21 тоот орон сууцны хууль ёсны бөгөөд шударга эзэмшигч байсан тул Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3, 93 дугаар зүйлийн 93.2 дах хэсэгт тус тус заасны дагуу маргаан бүхий орон сууцны үр шимийг олж авах эрхтэй юм. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан. Иймд 44 дүгээр байрны 21 тоот орон сууцны хохиролд 25.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан тул хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдсэн тохиолдолд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх зохицуулалт хэрэглэгдэх учиртай. Бор-Өндөр УБҮ-ийн зүгээс орон сууцыг хууль бусаар хураан авснаараа, ийнхүү хураан авсан талаар иргэн Б.Э надад огт мэдэгдээгүйгээрээ, хураан авахад байсан нэхэмжлэгч миний эцгийн болон миний оюуны бүтээлүүдийг зохих ёсоор харж хадгалаагүйн улмаас хохирлын хэмжээ нэмэгдэж, 730.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн юм. Хариуцагч нь нэхэмжлэгчид 730.000.000 төгрөгийн эдийн бус гэм хорын хохирол учруулсан тул уг хохиролд нэхэмжлэгч өөрөө хэр хэмжээний буруутай болохыг баримтад үндэслэн хувьчлан тогтоох ёстой.  Бусдын орон сууцыг хууль бусаар хураан авч, эдийн болон эдийн бус хөрөнгөд нь хохирол учруулсан хариуцагчийн удаа дараагийн хууль бус үйдлийг шүүх хамгаалж, хууль бус үйлдэлд нь 7 хувь болох 50.000.000 төгрөгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Гэтэл анхан шатны шүүх гэм хорын хохиролд гаргуулах 50 000 000 төгрөгийг ямар үйл баримтыг үндэслэн тогтоосон нь тодорхойгүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан тул хариуцагч “М” ХХК-иас эдийн бус гэм хорын хохиролд 730.000.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхдээ дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, маргаанд хамааралгүй үйл баримтыг үндэслэн хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: УБҮ-ээс орон сууцыг чөлөөлөх үед маргааны зүйл болох зохиол бүтээлүүдийн гар бичмэлүүд эмх цэгцтэй, бүрэн бүтэн байсан эсэх, өмчлөгчийн зүгээс хадгалалт, хамгаалалтаа хэрхэн хэрэгжүүлж ирсэн байдлыг тогтоох нь маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Маргааны зүйл болох гар бичмэлүүд нь орон сууцыг чөлөөлөх үед өмчлөгчийн хараа хяналт, хадгалалт хамгаалалтаас хэдий нь гарч орон сууцны шалаар тараагдан, хөглөрсөн байдалтай байсныг комисс хайрцаглан агуулахад хүргүүлсэн байдаг бөгөөд тухайн үйл баримт нь орон сууц чөлөөлөх ажиллагааг удирдан хэрэгжүүлсэн гэрч М.Мөнхбаярын "... УБҮ-ээс томилогдсон комисс орон сууцыг чөлөөлөх үед хүний хөлөөр урагдаж хөглөрсөн бичиг цаас шалаар тараагдан хөглөрч байсныг хайрцаглан эмхэлж, хайрцагны тоогоор бүртгэж бусад хөрөнгийн хамт агуулахад хүргүүлсэн. Тухайн орон сууцанд хүн амьдарч байсан гэхээргүй эмх замбараагүй байдалтай байсан" гэх, мөн УБҮ-ийн орон сууцны байцаагчаар ажиллаж, орон сууц чөлөөлөх комисст ажилласан гэрч Н.Бадамцэцэгийн "Орон сууцны эд хөрөнгө эвдэрч хэмхэрч, цонх хаалганы шил хагарч тагтны давхар хаалга нугасаараа салж унасан, бичиг цаас, шалаар тарж хөглөрсөн байсан" гэх мэдүүлгүүд болон 44-21 тоот орон сууцыг чөлөөлж М.Отгончимэгт хүлээлцүүлсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Шүүх дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлж буй талаар шийдвэрт тусган заагаагүй. Мөн шүүхийн даалгавраар гэрч М.Мөнхбаярыг асуух явцад хариуцагчаас гэрчид тавьсан зарим асуултад хариулт авалгүй орхигдуулсан, гэрч М.Мөнхбаярыг шүүх хуралдаанд оролцуулахаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн зэргээр мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол болон нотлох баримтын хүрээнд Б.Э-тай эх нэгтэй төрсөн дүү нь болох Цэрэнжавын Энх-Амгалан нь эхнэр Ж.Тунгалагмаа, хүргэн ах Ж.Амар, хүүхдийнхээ хамт 2002 оны 10 дугаар сараас 2004 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 44-21 тоот орон сууцанд хамтран амьдарч байсан. Б.Э нь 44-21 тоот орон сууцанд зохиол бүтээлүүдийнхээ гар бичмэлүүдийг хадгалж байсан гэдэг бөгөөд тухайн эд зүйлийг хадгалж, хамгаалах үүрэг хууль болон гэрээний дагуу Ц.Энх-Амгаланд шилжиж тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 196.1.1-д заасан "Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулах гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн бол" гэрээ байгуулсанд тооцно гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 422.1-д заасан "Хадгалалтын гэрээ" байгуулагдсан. Ц.Энх-Амгалан нь Б.Э, Банзрагч нарын зохиолуудын гар бичмэлийг хадгалж, хамгаалах үүргээ зөрчин зарим хэсгийг үрэгдүүлсэний гадна "М" ХХК-ны өмч болох 44-21 тоот орон сууцны эд зүйлсийг эвдэж өмчлөгчид хохирол учруулсан. Б.Э нь УБ шилжих үедээ 5 настайгаас нь эхлэн хамт амьдарч ирсэн өөрийн эх нэгтэй, төрсөн дүү Ц.Энх-Амгаланд гэрийнхээ түлхүүрийг орхисон, Ц.Энх-Амгалан нь 44-21 тоот орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байсан талаар өмнө гаргасан тайлбараа үгүйсгэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт тусгагдсан байгаа болно. Шүүх шийдвэртээ зохиол бүтээлүүдийн гар бичмэлийг эдийн бус хөрөнгөд хамааруулан авч үзсэний зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан байна. Нэхэмжлэгч өөрийн болон эцгийнхээ зохиол бүтээлүүдийн гар бичмэлийн үнийг гаргуулахыг шаардсан эдийн шинжтэй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, маргааны зүйл болох гар бичмэлүүд нь эдийн хөрөнгөд байх биет шинжийг өөртөө агуулсан, устаж гэмтэхээс хамгаалах, хадгалах болон шаардах эрх, үүрэг нь өмчлөгчид өөрт нь хуулиар олгогдсон, эрх үүргээ хэрэгжүүлээгүйн хариуцлагыг өмчлөгч өөрөө хүлээх зэрэг шинж, агуулгаар нь эдийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Э нь эрх зөрчигдсөнөө 2004 онд лавтай мэдэж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан өөрийнх нь тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Үүний гадна Бор-Өндөрийн УБҮ-тэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцны хөлсөө 2002 оны 10 сараас хойш огт төлөөгүй, хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бусдын эзэмшилд шилжүүлж гэрээний үүргээ зөрчсөн байдлыг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасан үндэслэлээр эрх зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан үеэр тооцох үндэслэлтэй. Шүүх шийдвэртээ хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан бусдын эрх буюу хууль тогтоомжоор хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн талаар дүгнэхдээ ямар хууль тогтоомжоор хамгаалагдсан, бусдын ямар эрх зөрчигдсөнийг заагаагүй, нэхэмжлэгч эрх зөрчигдсөн, зөрчигдсөн эрхээ сэргээлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх бусдын эрх зөрчигдсөн талаар дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: УБҮ-ээс орон сууцыг чөлөөлөх үед маргааны зүйл болох зохиол бүтээлүүдийн гар бичмэлүүд эмх цэгцтэй, бүрэн бүтэн байсан эсэх, өмчлөгчийн зүгээс хадгалалт, хамгаалалтаа хэрхэн хэрэгжүүлж ирсэн байдлыг тогтоох нь маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Маргааны зүйл болох гар бичмэлүүд нь орон сууцыг чөлөөлөх үед өмчлөгчийн хараа хяналт, хадгалалт хамгаалалтаас хэдий нь гарч орон сууцны шалаар тараагдан, хөглөрсөн байдалтай байсныг комиссийн зүгээс хайрцаглан агуулахад хүргүүлсэн байдаг бөгөөд тухайн үйл баримт нь орон сууц чөлөөлөх ажиллагааг удирдан хэрэгжүүлсэн гэрч М.Мөнхбаяр, "Бор- Өндөр" УБҮ-ийн орон сууцны байцаагчаар ажиллаж, орон сууц чөлөөлөх комисст ажилласан гэрч Н.Бадамцэцэг нарын мэдүүлгүүд болон 44 дүгээр байрны 21 тоот орон сууцыг чөлөөлж М.Отгончимэгт хүлээлцүүлсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Шүүх дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлж буй талаар шийдвэрт тусган заагаагүй. Мөн шүүхийн даалгавраар гэрч М.Мөнхбаярыг асуух явцад хариуцагчаас гэрчид тавьсан зарим асуултад хариулт авалгүй орхигдуулсан. Мөн Б.Э-ын шүүхэд "... УБ хот шилжсэнээс хойш өөрийн амьдарч байсан 44 дүгээр байрны 21 тоот орон сууцанд хүн огт амьдарч байгаагүй, зохиол бүтээлийн эх бичмэлүүд нь уг орон сууцанд эмх цэгцтэй, бүрэн бүтэн хадгалагдаж байсан" талаар гаргасан тайлбар нь Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2005.08.12-ны өдрийн 141 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, гэрч Ж.Амарын 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Энх-Амгалангийн 2002 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Тунгалагмаагийн 2002 оны 10 дугаар 25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Мөнхбатын 2002 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Энхээгийн 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 44 дүгээр байрны 21 тоот орон сууцанд 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны журмаар үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл болон гэрч М.Мөнхбаяр, Н.Бадамцэцэг нарын мэдүүлэг, 44 дүгээр байрны 21 тоот орон сууцыг 2004 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М.Отгончимэгт хүлээлцүүлсэн акт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Б.Э нь 44 дүгээр байрны 21 тоот орон сууцанд зохиол бүтээлүүдийнхзэ гар бичмэлүүдийг хадгалж байсан гэдэг бөгөөд тухайн эд зүйлийг хадгалж, хамгаалах үүрэг хууль болон гэрээний дагуу Ц.Энх-Амгаланд шилжиж тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 196.1.1-д заасан "Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулах гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн бол гэрээ байгуулагдсан. Ц.Энх-Амгалан нь Б.Э , Ш.Банзрагч нарын зохиолуудын гар бичмэлийг хадгалмж хамгаалах үүргээ зөрчин зарим хэсгийг үрэгдүүлсэний гадна “М” ХХК-ийн өмч болох 44 дүгээр байрны 21 тоот орон сууцны эд зүйлсийг эвдэж өмчлөгчид хохирол учруулсан. Б.Э нь Улаанбаатар хот шилжих үедээ 5 настайгаас нь эхлэн хамт амьдарч ирсэн өөрийн эх нэгтэй, төрсөн дүү Ц.Энх-Амгаланд гэрийнхээ түлхүүрийг орхисон, Ц.Энх-Амгалан нь 44 дүгээр байрны 21 тоот орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байсан талаар өмнө гаргасан тайлбараа үгүйсгэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт тусгагдсан байгаа болно. Шүүх шийдвэртээ зохиол бүтээлүүдийн гар бичмэлийг эдийн бус хөрөнгөнд хамааруулан авч үзсэний зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч өөрийн болон эцгийнхээ зохиол бүтээлүүдийн гар бичмэлийн үнийг агуулахыг шаардсан эдийн шинжтэй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, маргааны зүйл болох гар бичмэлүүд нь эдийн хөрөнгөд байх биет шинжийг өөртөө агуулсан, устаж гэмтэхээс хамгаалах, хадгалах болон шаардах эрх, үүрэг нь өмчлөгчид өөрт нь хуулиар ойпгогдсон, эрх үүргээ хэрэгжүүлээгүйн хариуцлагыг өмчлөгч өөрөө хүлээх зэрэг шинж, агуулгаар нь эдийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Э нь эрх зөрчигдсөнөө 2004 онд лавтай мэдэж байсан болох нь шүүх алдаанд гаргасан өөрийнх нь тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох зримтуудаар тогтоогдсон байдаг.Үүний гадна Бор-Өндөрийн УБҮ-тэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцны хөлсөө 2002 оны 10 сараас хойш огт төлөөгүй, хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бусдын эзэмшилд шилжүүлж гэрээний үүргээ зөрчсөн байдлыг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасан үндэслэлээр эрх эөрчигдсөнийг мэдэх ёстой байсан үеэр тооцох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “М” ХХК-д болон “М” ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-т холбогдуулан  хууль  бусаар хураан авсан гэх орон сууцны үнэд 25 000 000 төгрөг, хууль бусаар хураан авсан гэх орон сууцанд байсан нэхэмжлэгчийн  өөрийнх нь болон түүний эцэг Ш.Банзрагчийн бичиж туурвисан нэр бүхий 7 бүтээлийн гар бичмэлүүдийг үрэгдүүлсэн эдийн бус гэм хорын хохиролд 730 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь өөрийн эцэг Ш.Банзрагчийн  бүтээл “Бялзуухай Цэрэн” хэмээх түүхэн баримтат жүжгийн зохиолын гар бичмэл болон бичгийн цаасан дээр 21 мөрөөр бичгийн машинаар цохисон эх зохиолын гар бичмэлүүдийг 90 000 000 төгрөгөөр, мөн Ш.Банзрагчийн бүтээл “Харанхуйд цахисан хэт” хэмээх түүхэн баримтат романы гар бичмэл болон бичгийн цаасан дээр 21 мөрөөр бичгийн машинаар цохисон эх зохиолын гар бичмэлүүдийг  150 000 000 төгрөгөөр, мөн өөрийн бүтээл болох “Торой банди” хэмээх түүхэн баримтад хоёр ангит кино зохиолын гар бичмэл болон бичгийн цаасан дээр 21 мөрөөр бичгийн машинаар цохисон эх зохиолын гар бичмэлүүдийг 60 000 000 төгрөгөөр, “Өв залгамжлагчид” хэмээх түүхэн баримтад романы гар бичмэл болон бичгийн цаасан дээр 21 мөрөөр бичгийн машинаар цохисон эх зохиолын гар бичмэлүүдийг 160 000 000 төгрөгөөр, “Чонын хүү” хэмээх баримтад романы гар бичмэл болон бичгийн цаасан дээр 21 мөрөөр бичгийн машинаар цохисон эх зохиолын гар бичмэлүүдийг 60 000 000 төгрөгөөр, “Хайрын тангараг” хэмээх 2 боть баримтад романы гар бичмэл болон бичгийн цаасан дээр 21 мөрөөр бичгийн машинаар цохисон эх зохиолын гар бичмэлүүдийг 200 000 000 төгрөгөөр, “Амьд аянгын дууль” хэмээх яруу найргийн бүтээлийн гар бичмэл болон бичгийн цаасан дээр 21 мөрөөр бичгийн машинаар цохисон эх зохиолын гар бичмэлүүдийг                  10 000 000 төгрөгөөр  тус тус үнэлж нэхэмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх учиртай. Харин уг эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болохоор зохицуулжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэсэн  боловч гэм хор арилгах эрхийн үндэслэлийг тусгасан мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан нийтлэг зохицуулалтыг анхаараагүй нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан зохицуулалт учирсан аливаа гэм хорд хамааралтай бол мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалт зөвхөн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах үндэслэлийг зааснаараа тухайн тохиолдолд шууд хамааралтай биш  байна.

Өөрөөр хэлбэл, “зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарах” үндэслэлийн талаар шүүхээс дүгнэлт хийхэд шаардлагатай нотлох баримт бүрдсэн гэж үзэхэд  учир дутагдалтай байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр хийсэн удаа дараагийн үзлэгээр “Бялзуухай Цэрэн” хэмээх түүхэн баримтат жүжгийн зохиолын гар бичмэлээс Р.Дугарсүрэнд жүжгийн гар бичмэл 5 хуудас захаасаа шатсан, УБҮ-ийн агуулахад гараар бичсэн хэсэг хуудас, “Харанхуйд цахисан хэт” баримтат романы гар бичмэлүүдээс Р.Дугарсүрэнд уг романы бичгийн машинаар бичсэн 3 хуудас, УБҮ-ийн агуулахад гараар болон бичгийн машинаар цохисон хэсэг хуудас, Ц.Ренчиндоржид зохиолын 2 хуудас гар бичмэл зэрэг хадгалагдаж байгааг олж тогтоосон байна. /1хх-ийн 212-213, 3хх-ийн 10-11, 94-95/

 

Мөн “Торой банди” хэмээх түүхэн баримтад хоёр ангит кино зохиолын гар бичмэлээс Р.Дугарсүрэнд компьютерээр бичсэн 27 хуудас, УБҮ-ийн агуулахад гар бичмэл хэсэг хуудас, Ц.Ренчиндоржид зохиолын 122 хуудас бичгийн машин болон гараар бичсэн хуудаснууд, “Өв залгамжлагчид” хэмээх түүхэн романы эх зохиолын гар бичмэлүүдээс Р.Дугарсүрэнд 3, 4, 5-р бүлэг, 3 дэвтрийн нүүр хуудас, компьютерээр бичсэн 25 хуудас, бичгийн машинаар шивсэн 12 хуудас, “Өв залгамжлагчид” романы 6 дугаар бүлэг гэсэн бичвэртэй 25 хуудас гараар бичсэн бичвэр, компьютерээр бичсэн 9 хуудас, УБҮ-ийн агуулахад гар бичмэл хэсэг хуудас, 1 хавтас компьютерээр шивсэн хэсэг хуудас, Ц.Ренчиндоржид бичгийн машин болон гараар бичсэн зохиолын 292 хуудас, “Хайрын тангараг” хэмээх 2 боть баримтад романы гар бичмэлээс Р.Дугарсүрэнд романы гар бичмэл 40 хуудас, компьютерээр бичсэн  тал хуудас, “Амьд аянгын дууль” хэмээх яруу найргийн бүтээлээс УБҮ-ийн агуулахад 2 хуудас гар бичмэл тус тус хадгалагдаж байгааг олж тогтоосон байна. /1хх-ийн 212-213, 3хх-ийн 10-11, 94-95/

 

Оюуны өмчийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/241 тоот албан бичгээр “Бялзуухай Цэрэн” хэмээх түүхэн баримтат жүжгийн зохиол, “Харанхуйд цахисан хэт” түүхэн баримтат жүжгийн зохиол, “Торой банди” хоёр анги кино зохиол, “Өв залгамжлагчид” хэмээх түүхэн 8 боть роман, “Чонын хүү” роман, “Хайрын тангараг” роман, “Амьд аянгын дууль” хэмээх зохиолуудын эх бүтээлийн үнэлгээг 730 000 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 136/

 

Анхан шатны шүүх дээрх үнэлгээг хариуцагч талаас эс зөвшөөрч байгаа талаарх гомдол хүсэлтийг гаргаагүй гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Оюуны өмчийн газрын  даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/55 тоот тушаалаар томилогдсон Үнэлгээ баталгаажуулах комиссын бүрэлдэхүүнд  утга зохиол, урлагийн мэргэжилтэн байхгүй байхаас гадна үнэлгээг ямар аргачлалаар хэрхэн хийсэн нь тодорхой бус,  зохиолын эх бүтээл тус бүрийн үнэлгээг хийгээгүй, дээр дурдсан хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан зохиол, бүтээлүүдийн зарим хэсэг  нь олдсон, зарим нь хэвлэн нийтлэгдэж олны хүртээл болсон талаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа бөгөөд   шүүх нэхэмжлэлд дурдсан зохиол бүтээлүүд  бүхэлдээ үрэгдсэн эсэх, хэвлэн нийтлэгдсэн бүтээлээс эх хувийн үрэгдсэн хэсгийг сэргээх боломжтой эсэхийг ялгаж салгаж дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Дээрх байдлаар нэхэмжлэгчид учирсан гэх гэм хорын хохирлын хэр хэмжээ буюу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өөрчлөлт оруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр дүгнэлт хийх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 157/ШШ2019/00035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3 932 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 409 989 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТЗОРИГ