Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/00120

 

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/00120

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ......... регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Яармаг наадамчдын зам гудам 200б байрны 118 тоотод оршин суух М.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ............ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол энхтайваны өргөн чөлөө гудамж 22б дугаар байрны 70 тоотод оршин суух Б.Б-д холбогдох,

Гэрээний үүрэгт 354,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 18-ний өдөр 1,580,000 төгрөгийн үнэ бүхий novita брэндийн 2 ширхэг бидэ суултуурыг урьдчилгаа 400,000 төгрөг төлж үлдэгдэл 1,180,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Хариуцагч нь гэрээний үүргээс 2021.09.02 236,000 төгрөг, 2021.10.04 236,000 төгрөг, 2021.10.26 236,000 төгрөг, 2021.12.08 236,000 төгрөг төлж гэрээний үндсэн үүргээс 236,000 төгрөг гэрээний 1.5-д зааснаар алдангид 118,000 төгрөг нийт 354,000 төгрөгийн үүрэг үүссэн. Иймд хариуцагчаас 354,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1,580,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг бидэ, 2 ширхэг суултуурыг 5 сарын хугацаанд хувааж төлөх, үйлдвэрийн эвдрэл гэмтлийг засварлуулах эрхтэйгээр өөрийн төрсөн ах болох Б.Б-тэй хамт ахын нэр дээр гэрээ хийн авсан. Манайх шинээр ашиглалтад ороод 2 жил хүрээгүй шинэ байрныхаа шинэ жорлонг бидэ тавиулахдаа эднийхээс санал болгосон суултуураар солиулсан юм. Гэвч авчирч тавсан бидэ, суултуураас ус гоожиж шарлан зэвэрсэн. 2021.07.18-2022.12.05 хүртэл ус гоожиж, энэ хугацаанд гэмтлээ засаагүй өөрт ноогдсон үүргээ биелүүлээгүй улмаас гарсан хохирлыг буюу тасралтгүй урсах усны төлбөрийг бид төлж байна. Мөн энэ хугацаанд жорлонгийн суултуурын зэв арилгах цэвэрлэгээнд илүү цаг хугацаа хүч хөдөлмөр, цэвэрлэгээний бодис зарцуулж байна. Тиймээс дээр дурдсан 236,000 төгрөгийн дүнгээс хасуулах хүсэлттэй байна.

Бид гэрээний дагуу төлбөрөө хэвийн төлж байсан ч худалдагч тал эвдрэлтэй бараагаа засаж, сольж өгөөгүйн улмаас бид нөгөө талд усны төлбөр төлж хохирсоор байсан. Иймээс биднийг хохиролгүй болтол үлдсэн төлбөрөө төлмөөргүй байгаагаа хэлсэн. Тэд хүн явуулж янзлуулна гэсэн тул бид тохиролцсон гэж үзэж хүлээсэн. Гэмтэлгүй бүрэн бүтэн 00 той болж сүүлийн төлөлт болох 236,000 төгрөгийг төлөөд шинэ оноос өмнө хурдхан өр төлбөргүй болох хүсэл надад маш их байсан. Энэ сэтгэл маань төлөлт хийх хугацаа өнгөрөөд 1 хоноход санаа зовон утсаар ярьсан болон хэлснээр нь 00-ынхоо зургийг фэйсбүүк пэйжийнх нь хаяг руу 2021.12.28-ны өдөр явуулснаас харагдана.

2022.02.16-ны өдөр 99130187 дугаартай хүн засвар хийхээр манайд ирээд орой болтол жорлонг янзлах гэж оролдсон. Суултуурын почки үйлдвэрийн гэмтэлтэй юм шиг байна, засаж чадсангүй. Ямартаа ч жорлонгийн суултуур зэврээд үнэхээр муухай болжээ. Та зургаа миний хувийн мессенжер хаяг руу явуулчих. Би цаад хүмүүстээ хэлээд солиулж өгье, суултуураа авч ирээд гэмтлээ засья даа гэж хэлээд явсан. Би хэдсэн П.Б гэсэн хаяг руу нь 2022.02.17-ны өдөр зураг явуулсан. Үүнээс хойш утасдах бүрд эдний зүгээс, ковидоос болоод хил гааль асуудалтай байна, бараа таваар сэлбэг ирэхгүй байна. Манайх оочер дуудлага ихтэй байна, танайх чинь аль айл билээ аан тийм очно гэх мэтээр шалтаг хэлээд ирээгүй өнөөд хүрсэн. Бидний төлбөр төлөөгүй шалтгаан нь тэд эвдрэлтэй бараа зарсан, төлөлтийн хугацаанд хохирол барагдуулаагүй, хариуцлагагүй хандсан учир юм. Мөн хохиролгүй болмогц төлбөрөө дуусгахаар тохиролцсон гэж ойлгоод өнөөдрийг хүрсэн юм. Хэрэв бид тухайн үед итгээд төлбөрөө гүйцээж төлсөн бол бидэнтэй огт эргэж холбогдохгүй байсан байх. Иймээс бид алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 18-ний өдөр Б/20 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээг, хариуцагчаас 2 ширхэг фото зургийг тус тус гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн өмнө гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 354,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б/20 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 2 ширхэг бидэ, суултуур худалдаж авсан бөгөөд суултуураас байнга ус гоожиж шарлан зэвэрч, энэ талаар мэдэгдсэн боловч засаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй улмаас тасралтгүй урсах усны төлбөрийг төлж хохирч байгаагаас гадна суултуурын зэв арилгах цэвэрлэгээнд илүү цаг хугацаа хүч хөдөлмөр, цэвэрлэгээний бодис зарцуулсан тул эдгээр зардлыг 236,000 төгрөгийн төлбөрөөс хасаж тооцуулна гэж тайлбарлан маргасан.

Зохигч талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 18-ний өдөр Б/20 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр худалдагч М.Л нь Novita-SH 610 загварын 2 ширхэг бидэ суултуурыг худалдан авагч Б.Бэд хүлээлгэн өгөх, худалдан авагч нь нэг бүрийн үнэ 790,000 төгрөг нийт 1,580,000 төгрөгөөс урьдчилгаа 400,000 төгрөгийг төлж, үлдэх 1,180,000 төгрөгийг 5 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 3 дахь талд/

Талууд гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн байх боловч худалдаж буй барааны үнэнд хүү нэмэгдээгүй, анхны үнэ дээр үнэ нэмэгдээгүй үнийг худалдан авагч хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах бус мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан энгийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг харилцан хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасны дагуу Novita-SH 610 загварын 2 ширхэг бидэ суултуурыг хариуцагчийн хүссэн ариун цэврийн өрөөнд суурилуулж хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч үүнтэй маргаагүй.

Гэвч, хариуцагч нь суурилуулж өгсөн нэг суултуураас байнга ус гоожиж, суултуур зэвэрч үүний улмаас усны төлбөр илүү төлж, цэвэрлэгээний бодис худалдан авч зардал гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан боловч энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг фото зургаар нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн суултуур доголдолтой байсныг шууд нотлохгүйгээс гадна тус баримтаар хариуцагчаас гарах ёсгүй зардал гарсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. /х.х-ийн 15-16 дахь талд/

Хариуцагч нь бидэ суултуурын төлбөрт 236,000 төгрөгийг төлөөгүйтэй маргаагүй тул уг төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар алданги гаргуулахаар шаардсан.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д Худалдан авагч тал хэсэгчлэн төлөх төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн нэг өдрийн 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Алданги гэж талууд гэрээгээр тохиролцсон хариуцлагын үүрэг бөгөөд ийнхүү алданги буюу хариуцлагын үүргийг тохиролцсон тохиолдолд уг тохиролцоо хуульд нийцсэн байх шаардлагатай.

Гэтэл талуудын гэрээгээр тохиролцсон ... нэг өдрийн 0.5 хувийн алданги төлнө гэсэн тохиролцоог хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул алдангид 118,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч Б.Б-с 236,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 118,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-с 236,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Л-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 118,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 11,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 7730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Л-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ