| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04013/И |
| Дугаар | 101/ШШ2023/00599 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/00599
| 2023 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2023/00599 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ........ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 36б байрны 28 тоотод оршин суух Ц.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ........... регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, зүүн алтан өлгий 10-196б тоотод оршин суух Б.Ц-д холбогдох,
6,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Б.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Г миний бие 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Цоос приус-30 маркийн 52-18 УНГ улсын дугаартай, цагаан саарал өнгийн автомашиныг бэлэн 5,150,000 төгрөг төлж үлдэгдэл 12,000,000 төгрөгийг сар бүр 540,000 төгрөг төлөхөөр хэлэлцэн тохирч автомашиныг зээлээр авсан. Уг автомашин ББСБ-ын нэр дээр байсан учраас миний бие Б.Цыг Гэрэлт Финанс ББСБ-тай гэрээтэй гэж итгэн мөнгөө бэлэн өгч сарын төлөлтийг төлж байсан. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлээд 3 сарын хугацаанд уг автомашиныг унаж хэрэглэсэн ба энэ хугацаанд сарын төлөлт болох 540,000 төгрөгийг төлж байсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Гэрэлт финанс ББСБ уг автомашиныг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан гэх үндэслэлээр автомашиныг хураан авсан. Миний бие Б.Цын хууль бус үйлдлээс болж автомашин ч байхгүй, мөнгө ч байхгүй үлдсэн учир Б.Цт өгсөн 6,230,000 төгрөгийг гаргуулахаар тус нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 4 дүгээр сарын 25-ны приус 30 маркийн автомашиныг ажлын хөлс болох 2,300,000 төгрөгийн урьдчилгаа суутгуулж Пүрэвсүрэнгийн найз болох Мөнх-Эрдэнээс авсан болно. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 03-нд Гансүх гэх залуу дүүг нь би төлж чадна 540,000 төгрөг сар бүрийн 20-нд Пүрэвсүрэнгийн нэр дээрх ББСБ-ын дансанд хийж чадна гээд авсан 2020 оны 5 сараас 2020 оны 11 сар хүртэлх төлөлтийг сар бүрийн 20-нд хугацаанд хийж байсан болно. Гансүх нь дүү нар төлөлтөө 3 сараас дээш хийгээгүй учир ББСБ-ын эдийн засагч нь очиж хураан авсан байсан би 540,000 төгрөгөөр 6-н удаа төлөлт хийсэн. 230,000 урьдчилгаанд өгсөн мөнгөө нэмээд 5,150,000 төгрөгт урьдчилгаатайгаа өгсөн болно гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Ө.Н-ын Хаан банкны 5076390619 тоот дансны хуулга, Б.Б-ийн Хаан банкны 5645061306 тоот дансны хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг,
Шүүхийн журмаар Гэрэлт финанс ББСБ ХХК-аас 52-18 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж олгосон зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021, 2022 онд зээлийг ямар дансаар төлж байсан талаарх лавлагааг бүрдүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 52-18 УНГ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг бэлэн 5,150,000 төгрөг төлж үлдэгдэл 12,000,000 төгрөгийг сар бүр 540,000 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагад зээлийг нь төлөхөөр хэлэлцэн тохирч автомашиныг зээлээр авч, 3 сарын хугацаанд зээлийг төлсөн боловч Гэрэлт финанс ББСБ уг автомашиныг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан гэх үндэслэлээр автомашиныг хураан авсан тул анх төлсөн мөнгө болон зээлд төлсөн мөнгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... Уг автомашиныг Мөнх-Эрдэнэ гэж хүнээс ажлын хөлсөнд авсан бөгөөд нэхэмжлэгч зээлээ төлж чадна гэж аваад төлөөгүй гэж үзээд хураан авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэг талаас хариуцагч Б.Ц нь 52-18 УНГ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас нэхэмжлэгч Ц.Г нь автомашины үнэ 17,150,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээж амаар тохиролцсон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/
Талууд автомашины төлбөрийг зээлээр төлөхөөр тохиролцсон байх боловч худалдаж буй барааны үнэнд хүү нэмэгдээгүй, анхны үнэ дээр үнэ нэмэгдээгүй үнийг худалдан авагч хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах бус мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан энгийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоос үзэхэд гэрч Г.П ... Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тоёота приус-30 маркийн автомашиныг 13,800,000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагаар авч байсан. Ингэхдээ урьдчилгаа 3 сая төгрөг өгөөд авсан. Би машинаа хоёр сар унаад найз М-д зарсан. М цаашаа Ц гэх хүнд зарсан гэж ярьж байсан. Одоо машин банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан. Би банк бус санхүүгийн байгууллагад сарын төлөлтөө хийж чадахгүй болоод Гэрэл финанс ББСБ-д машинаа аваачиж өгөх гэтэл найз М надаас би төлнө гээд миний машиныг урьдчилгаа 3 сая төгрөг өгнө гээд аваад явсан .. гэж, гэрч Н.М... 2018 оны хавар найз П надаас 6 сая төгрөг зээлж авсан. Үүнээс 3 сая төгрөгийг цалингаасаа суутгуулж надад төлж байсан. Үлдэгдэл 3 сая төгрөгтөө тоёота приус-30 маркийн автомашиныг бодож авсан. Машин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан тэгээд би машины төлөгдөөгүй 1,080,000 төгрөгийг төлөөд банк бусад өгсөн. Тэгээд цааш нь Ц гэх хүнд 2,360,000 төгрөг өгөх ёстой байсан тэр төлбөртөө авах уу гэхэд зөвшөөрөөд банк бусад төлбөрөө найдвартай хийнэ гээд авсан, сарын төлөлтөө төлөөд явж байхад банк бус хураана гэж байхгүй .. гэж, гэрч Гэрэлт финанс ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.С ... Г.П-с гэрээнд заасан төлөлтөө хийгээгүй, мөн барьцаалан зээлдүүлсэн автомашиныг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тул машиныг хураасан. Машиныг хураасан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Г.П үлдэгдэл зээл болох 8,722,000 төгрөгийг төлөөд машиныг өөрийнхөө эзэмшилд шилжүүлж авсан ... гэж тус тус мэдүүлжээ. /х.х-ийн 7-8 дахь талд/
Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг харилцан хүлээх юм.
Гэтэл зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар худалдагч буюу хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Ц.Г-ийн өмчлөлд 52-18 УНГ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг шилжүүлж өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж болно.
Тодруулбал, хариуцагч нэгэнт нэхэмжлэгчийн өмчлөлд 52-18 УНГ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг шилжүүлж өгөх боломжгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд төлсөн 5,150,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрэлт финанс ББСБ-д автомашины зээлд төлсөн 1,080,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч тус зардал хариуцагчийн үүрэг зөрчсөнтэй шууд холбоотой үүссэн хохирол гэж үзэх боломжгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн автомашин Гэрэлт финанс ББСБ-ын барьцаанд байгаа гэдгийг гэрээ байгуулахдаа мэдсэнээс гадна тухайн автомашиныг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан тул уг хохирлыг хариуцагчийн үүрэг зөрчсөнтэй шууд холбоотой үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Дурдсан үндэслэлээр, хариуцагч Б.Ц-с 5,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,080,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цоос 97,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Гэд олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ц-с 5,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,080,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 114,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-с 97,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ