Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Е.Туяадэлгэр

 Улсын яллагч: Ш.Оюундарь

 Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000196 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/53 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор 2027 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ....эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,53 хувийн промильтой үедээ 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дунд захын арын замд ******* улсын дугаартай Тоёота Приус-10 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 Би Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 жилийн 1 дүгээр сургуулийг 1975 онд 10 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролтой. Би чөлөөтэй уншиж, бичиж чадна. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 31-32/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2025 оны 04 дүгээр сарын 30-ны шөнийн 00 цагийн орчимд би Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт дунд захын арын зам дээр замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Жолооч нь архи, согтууруулах ундааны төрлийн зүйл илт хэрэглэсэн нь үнэртэж байсан тул тээврийн хэрэгслийг жолоодоод тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан, жолоочийг Стандарт, хэмжилзүйн газраас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулсан Аlcotest-6820 загварын хүний амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүр драйгер багажаар шалгахад 1.53 бүхэл согтолтой гарсан. Тухайн жолоочийн регистрийн дугаарыг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа багажаар шалгаж үзэхэд тухайн жолооч *******гийн ******* /РД:*******/ нь 2024 оны оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул Цагдаагийн газрын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэлд оруулсан. Тухайн жолооч пиво уусан гэж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/53 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол/хх- ийн 57-61/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 12/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-05/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 14/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай /хх-ийн 42/, депозит дансны хуулгууд /хх-ийн 44-48/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн № 07 дугаар шүүгчийн захирамж / хх-ийн 78-80/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Баянхонгор аймаг дахь ШШГГазрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн албан тоот зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/53 дугаартай  шийтгэх тогтоолоор 2027 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ....эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,53 хувийн промильтой үедээ 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дунд захын арын замд ******* улсын дугаартай Тоёота Приус-10 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг/хх-ийн 31-32/

Гэрч *******ын...хүний амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүр драйгер багажаар тухайн жолоочийг  шалгахад 1.53 бүхэл согтолттой гарсан....гэх мэдүүлэг/хх-ийн 20-21/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоол/хх- ийн 57-61/ болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч *******ын цусан дахь спиртийн агууламж 1.53 промиль гарсан болох нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоол болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1.53 хувийн согтолттой жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.              

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.   

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарын..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож өгнө үү...гэх  дүгнэлтийг тус тус гаргажээ..

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан  шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал , өндөр насны тэтгэвэрт байдаг, сарын 1,000,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, эхнэр хэвтэрт байдаг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн № 07 дугаар шүүгчийн захирамжаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн ба ялтан *******ын зорчих эрхийг хязгаарлах ялаас биечлэн эдэлсэн 57 хоногийг хасаж тооцож, эдлээгүй үлдсэн 4 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж дуусаж суллагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч *******ад холбогдох хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч,  тус шүүхийн 205 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн № 617 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан бөгөөд уг хэрэгт цагдан хоригдоогүй болно.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул түүний цалин хөлсний орлогыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн буюу нэг жилийн хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг  оногдуулсан  үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэг үйлдсэн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр мянга долоон нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр  торгох ялыг хэсэгчлэн  буюу нэг жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

6.Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ч.БАЙГАЛМАА