| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04142/И |
| Дугаар | 101/ШШ2023/00178 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2023/00178
| 2023 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2023/00178 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, олимп хотхоны 426-63 тоотод байрлах О.Х СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн .......... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, олимп хотхоны 422 дугаар байрны 63 тоотод оршин суух Д.С-д холбогдох,
1,496,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хүннүгийн гудамж, О.Хсууц өмчлөгчдийн холбоонд нийт 421, 422, 423, 424, 426, 427, 428, 430 гэсэн нийт 8 нийтийн зориулалттай орон сууц хамаардаг бөгөөд холбооны гишүүн бүр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу дундын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал засвар үйлчилгээтэй холбоотой гарах зардлыг бүрэн төлөх үүрэгтэй байдаг. О.Хгишүүн бүрээс сард хогны төлбөр 2000, цахилгаан шат 5000, цэвэрлэгээ 10,000, засвар үйлчилгээ м.кв тутамд 300 төгрөг, гэрэлтүүлэг 2000 төгрөг, харуул хамгаалалт 5000 төгрөг, баримтын төлбөр 150 төгрөг, авто зогсоол дан 20,000 төгрөг, авто зогсоол давхар 30,000 төгрөг. Хариуцагч 47.6 м.кв талбай бүхий орон сууц эзэмшдэг бөгөөд доорх задаргааны дагуу сар бүр 38,430 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд засвар үйлчилгээний зардлыг 250 төгрөгөөр бодож багасгаж байсан мөн гэрэлтүүлгийн төлбөрийг улсаас хөнгөлсөнтэй холбоотой сар бүр төлөх 38,430 төгрөг хэлбэлзэж байсан. Хариуцагчийн хувьд хогны төлбөр 2000, цахилгаан шат 5000, цэвэрлэгээ 10,000, засвар үйлчилгээ 14,280 төгрөг, гэрэлтүүлэг 2000 төгрөг, харуул хамгаалалт 5000 төгрөг, баримтын төлбөр 150 төгрөг буюу сар бүр төлөх хэмжээ 38,430 төгрөг болно. Хариуцагч нь 2019 оны 1-12 сар хүртэл 461,160 төгрөг, 2020 оны 1-12 сар хүртэл 446,255 төгрөг, 2021 оны 1-12 сар хүртэл 435,785 төгрөг, 2022 оны 1-4 сар хүртэл 153,720 төгрөг нийт 1,496,920 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч бусад төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг оршин суугч иргэдийн эрх ашгийг хөндөж байх тул хариуцагчаас 1,496,920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
О.Хсууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн үнийн дүнтэй санал нийлэхгүй зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ойр орчмын бусад хотхонуудаас О.Хсууц өмчлөгчдийн холбооны зардал 2 дахин өндөр байгаа шалтгаанаа тайлбарлана уу. Мөн харуулын мөнгө, цэвэрлэгээний мөнгө, засвар үйлчилгээний мөнгөө ил тод шилэн болгохыг шаардаж зарцуулалтыг оршин суугчдын хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардаж байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс О.Хсууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, О.Хсууц өмчлөгчдийн холбоо, Сима Тек ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн АР-200401-04 Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээ-ний гэрээ, О.Хсууц өмчлөгчдийн холбоо, Эф Эй Икс ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1910 дугаартай Цахилгаан шат ашиглалтын баталгаат засвар үйлчилгээ-ний гэрээ, О.Хсууц өмчлөгчдийн холбоо, Билгүүн тулга констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1910 дугаартай Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, О.Хсууц өмчлөгчдийн холбоо, Титан грид ХХК-ийн хооронд байгуулсан Цахилгаан эрчих хүчээр хангах гэрээ, О.Хсууц өмчлөгчдийн холбоо, Шандас хамгаалалт ХХК-ийн хооронд байгуулсан 20/06 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, О.Хсууц өмчлөгчдийн холбооны дүрэм, төлбөрийн тооцооны хүснэгт, О.Хсууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Хсууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Сд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,496,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг 2019 оны 01 дүгээр сараас хойш төлөөгүй улмаас сууц өмчлөгчдийн холбооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаагаас гадна бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ О.Хсууц өмчлөгчдийн холбооны зардал бусад ижил орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөс өндөр, харуул, хамгаалалт, цэвэрлэгээний зардал нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дахь хэсэгт Сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ гэж тус тус зохицуулсан.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, О.Х421, 422, 423, 424, 426, 427, 428, 430 дугаар байрнуудын бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэлийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга О.ХСууц өмчлөгчдийн холбоо-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэж 0024 дугаартай гэрчилгээг олгосон байх ба тус сууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Удирдах зөвлөлийн №01 дугаар тогтоолыг үндэслэн Ж.Цэцэгсүрэнг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр нотлогдож байна./х.х-ийн 4 дэх талд/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт гүйцэтгэх захирлын эрх, үүргийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 12.4.4 дэх хэсэгт энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар О.Хсууц өмчлөгчдийн нэрийн өмнөөс тус холбооны гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Д.С нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, олимп хотхоны 422 дугаар байрны 63 тоот орон сууцны өмчлөгч, тус орон сууцанд оршин суудаг талаар маргаагүй ба тэрээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болох 1,496,920 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг хариуцагч төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 31 дэх талд/
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулсан байх тул хариуцагч Д.С нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн холбооны зардал нь бусад ижил орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны зардлаас өндөр гэж тайлбарласнаар түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж зааснаар бүх сууц өмчлөгчдийн гишүүдийн хурлаар зардлыг шийдвэрлэх бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй юм.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан бөгөөд мөн зүйлийн 7.2.4-д удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч нь бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хуралдаандаа оролцон тайлангаа танилцуулахыг шаардах, гаргасан тайлантай танилцах эрхтэй тул уг үндэслэлээр хариуцагчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн тайлбараар түүнийг орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Сээс 1,496,920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Хсууц өмчлөгчдийн холбоонд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сээс 38,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Хсууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Сээс 1,496,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Хсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 38,910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Хсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ