Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/00689

 

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/00689

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 2 дугаар хороо, галуут өөрийн байранд оршин байрлах 2873095 регистрийн дугаартай Б.Т ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Бага дарь эх 6 дугаар гудамжны 1289 тоотод оршин байрлах Х.Б ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 21,537,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагчийн төлөөлөгч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Б ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагатай Тоосго худалдах худалдан авах гэрээ байгуулан гэрээний хугацаанд 1 ширхэг тоосгыг 130 төгрөгөөр, 800 ширхэг тоосго худалдан авахаар харилцан тохиролцсон. Х.Б ХХК гэрээний дагуу 2015 оны 152,000 ширхэг тоосгыг худалдан авсан бөгөөд үүнээс 41,550 ширхэг тоосгоны үнэ болох 5,400,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын Хас банкны 500193232 тоот дансанд шилжүүлсэн. Хаин үлдэгдэл 110,450 ширхэг тоосгоны үнэ болох 14,358,500 төгрөгийг төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.9-д худалдан авагч тал үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүрэтгэй гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож худалдан авагч тал нийт 7,717,250 төгрөгийн алданги төлөх ёстой. Иймээс худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 14,358,500 төгрөг алданги 7,179,250 төгрөг нийт 21,537,750 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнө нь Х.Б ХХК-ийг төлөөлж захирал Г.Чулуунбаатар нь манай байгууллагатай Тоосго худалдах, худалдан авах гэрээ байгуулан харилцаж байсан боловч түүний хүү Чулуунбаатарын Хүчитбаатар нь 2019 оны 6 сарын 14-ны өдөр компанийн гүзйцэтгэх захирлаар томилогдон улсын бүртгэлд бүртгэгдэж, Г.Чулуунбаатар нь 2019 оны 8 дугаар сард нас барсан болно. Манай байгууллага нь Х.Б ХХК-аас мөнгөө гаргуулахаар 2016 оноос эхлэн шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байгаа болно. Х.Б ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Уран дриллинг ХХК-ийн байранд байрлах албан ёсны хаягтай боловч энэ хаягт байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй, хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авахаас татгалзаж байсан. Нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Бага дарь эх 6 дугаар гудамжны 1289 тоот хаягт Х.Б ХХК захирал Ч.Хүчитбаатар оршин суудаг бөгөөд өмнө нь уг хаягаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс манай байгууллага нь Багануур дүүргийн шүүхэд хүсэлт гаргаж, хариуцагчийн хаягийг тогтоолгох шийдвэр гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэрийн дагуу Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Х.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Хүчитбаатар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Бага дарь эх 6 дугаар гудамжны 1289 тошот хаягт оршин сууж байгааг мөн түүний холбоо барих утасны дугаар 98052828 болохыг тогтоосон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, Х.Б ХХК нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Тоосго худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна. Уг гэрээг байгуулах үед миний бие Х.Б ХХК-тай ямар нэгэн хамааралгүй байсан бөгөөд гэрээг тухайн үед Г.Чулуунбаатар, инженер Э.Ууганаа нар байгуулсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Х.Б ХХК-ийн хуучин захирал Г.Чулуунбаатарын хүү Ч.Хүчитбаатар одоо уг компанийн захирлаар ажиллаж байгаа гэжээ. Г.Чулуунбаатар нь миний эцэг биш бөгөөд миний эцгийн овог нэртэй адилхан байдаг, биднийг эцэг, хүү гэж ойлгосон бололтой. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангид Г.Чулуунбаатартай 2006 оноос 2008 оныг хүртэл ажиллаж байсн. Г.Чулуунбаатар нь 2019 оны 06 дугаар сард надтай утсаар холбогдож би Багануур дүүрэгт 2015 онд орон сууцны барилга барьж байгаа бөгөөд хөрөнгөггүй учраас түр зогссон байгаа. Одоо хөрөнгө оруулалт шийдэгдэх гээд байна. Барилгын ажил дээр Багануурын хорих ангиас ялтан авч ажиллуулна чи төлөөлөгчөөр ажиллаж байсан юм чинь ажиллах хүчийг хариуцан гүйцэтгэх захирлаар ажиллаач гэсэн санал тавьсан. Боломжийн цалин санал болгосны дагуу гүйцэтгэх захирлаар 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр томилогдсон. Миний бие гүйцэтгэх захирлаар томилогдсон боловч тухайн баригдаж байгаа барилгыг очиж үзээгүй, ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож байгаагүй болно. Захирал Г.Чулуунбаатартай тухайн үед утсаар холбогдож ажил хэзээ эхлэх талаар асуух болгонд хөрөнгө оруулалт хараахан шийдэгдээгүй байна гэсэн хариулт өгдөг байсан. Уг нь томилогдсон өдрөөс эхлэн цалин олгож эхлэнэ гэсэн боловч ямар нэгэн цалин хөлс өгөөгүй, ажил нь хэзээ эхлэх нь тодорхойгүй байсан учраас найз Баттайвантай хамтран Хэнтий аймагт жоншны уурхай хариуцан ажиллахаар болж гүйцэтгэх захирлаас 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр чөлөөлөгдсөн. Хэдийгээр тушаал гарсан боловч хуулийн этгээдийн бүртгэлээс хасалт хийлгэж чадаагүй байхад Г.Чулуунбаатар нас барсан талаар сонссон. Өөрөөр хэлбэл миний бие компанийн хувьцаа эзэмшдэггүй, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож бичиг баримттай танилцаж байгаагүй учраас компанийн бусад этгээдтэй байгуулсан гэрээний талаар мэдэхгүй тул уг гэрээтэй холбоотой маргаанд хуулийн этгээдийг төлөөлж оролцох боломжгүй. Миний хувьд тухайн компаниудын хооронд ямар тохиролцоо байсан ямар маргаан үүссэн зэрэг нөхцөл байдлыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд Б.Т ТӨААТҮГ-аас миний биеийг хариуцагчаас татсан нэхэмжлэлтэй танилцахдаа мэдсэн. Нөгөөтэйгүүр Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, Х.Б ХХК нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Тоосго худалдах худалдан авах гэрээнд тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох барилгын инженер Э.Ууганаа гарын үсэг зурж гэрээ байгуулсан байдаг. Иймд Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Тоосго худалдах худалдан авах гэрээ, Хас банк дахь Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дансны хуулга, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Нэхэмжлэх, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Х.Б ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 145 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 28163 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04113 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаартай тэмдэглэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 11252 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14122 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02968 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00340 дугаартай шийдвэр, Багануур дүүрэг дэх Цагдаагийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 28/3260 дугаартай албан бичиг,

Шүүхийн журмаар хариуцагч Х.Б ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг бүрдүүлсэн.

 

Зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч Х.Б ХХК-нд холбогдуулан 21,537,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Тоосго худалдах худалдан авах гэрээнийн үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар томилогдож 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр чөлөөлөгдсөн тул тус компанийн өр төлбөрийг мэдэхгүй хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

Зохигч талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Тоосго худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч буюу Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь стандартын шаардлага хангасан 1 ширхэг нь 130 төгрөгийн 800000 ширхэг тоосго нийлүүлэх, худалдан авагч буюу Х.Б ХХК нь тоосгоны үнийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/

Тус гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг харилцан хүлээнэ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид нэг бүрийн үнэ нь 130 төгрөгийн үнэтэй 152000 ширхэг тоосгыг нийлүүлж, хариуцагч нь 41550 ширхэг тоосгоны үнэд 5,400,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 5-8 дахь талд/

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт буюу 110450 ширхэг тоосгоны үнэ 14,358,500 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х.Б ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Ч.Хүчитбаатар бүртгэлтэй байх тул хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй гэж үзэхгүй бөгөөд энэ утгаараа хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ. /х.х-ийн 43-44 дэх талд/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги 7,179,250 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Талууд хооронд байгуулсан гэрээний 2.9-д үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй гэж, 3.1-д аль аль талд алданги үүссэн тохиолдолд үүрэг тус бүр /бараа материал нийлүүлэлтийг түр зогсоож/ алдангийн нийт хэмжээг тогтоож гэрээний дагуу хариуцлага тооцно гэж, 3.2-т хэрэв 15-20 хоногийн дотор төлбөр төлөөгүй тохиолдолд авсан барааныхаа 10 хувь хүртлэх алданги тооцож нөгөө талаас хугацаа дууссан стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилсэн тохиолдолд мөн адил 10 хувь хүртэлх алданги тооцно гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч уг агуулга нь хуульд нийцсэн байх шаардлагатай юм.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд талуудын гэрээгээр тохиролцсон 10 хувь хүртлэх алданги тооцно гэсэн тохиролцоо нь хуулийн энэ зохицуулалтад нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан алдангийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч Х.Б ХХК-аас 14,358,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,179,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох юм.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагчийн оршин байх хаягийг эрэн сурвалжлуулсаны үндсэн дээр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн болохыг дурдав. /х.х-ийн 9-17 дахь талд/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Хариуцагчаас гаргаж өгсөн Х.Б ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б ХХК-аас 14,358,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,179,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б ХХК-аас 229,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ