Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/00177

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/00177

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ......... регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, зүүн баян цагаан 12-37 тоотод оршин суух Г.У-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ........... регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, чулуут 7 дугаар гудамж 165 тоотод оршин суух Ц.Э-т холбогдох,

Гэрээний үүрэг, хохиролд 21,104,420 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие бохир, цэвэр усны кольцо хийж зах зээлд борлуулах бизнес хийх зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 07-нд facebook-ийн зараас кольцоны хэв зарна гэсэн зараар Налайхад очиж Ц.Э гэдэг хүнтэй уулзаж 3 ширхэг хэв үзэхэд ашиглалтын шаардлага хангахаар байсан тул худалдаж авахаар тохиролцоод явах гэхэд хотод чулуун овоонд хэвнүүд байгаа гэхээр нь хамт яваад үзэхэд задалчихсан байсан ажиллагаа нь хэвийн үү гэхэд ямар ч асуудалгүй зүгээр хэвнүүд байгаа. Би энүүгээр 10 жил хоолоо олж идсэн юм. Миний юмыг битгий муулаарай гэхээр нь нарийвчилж шалгаж үзье угсарч үзье гэхэд зүгээрээ кольцо хийж байгаад өвөл болохоор задлаад хураасан юм гэж хэлэхээр нь итгээд тэр өдөртөө 2 ширхэг крантай автомашин тус бүрийг 250,000 төгрөгөөр хөлслөөд ачуулж Баянхошуунд кольцо хийх газраа буулгуулсан ба нэг сая төгрөгийг бэлнээр Ц.Эт өгч 18,770,000 төгрөгийг Баярхүү гэж хүүхдийнх нь дансанд хоёр өөр данснаас шилжүүлж өгсөн. Эдгээрээс шаардлага хангахаар 1000 мм-ын диаметртэй 650,000 төгрөгийн 3 ширхэг хэв, 1500-ын диаметртэй 1,500,000 төгрөгийн 3 ширхэг хэв нийтдээ 6 ширхэг хэв нь шаардлага хангаж байсан тул авч үлдэх 17 ширхэг нь засагдахгүй байсан тул дээрх хэвийн үнэ 13,320,000 төгрөг, кран хөлсөлсөн зардал 500,000 төгрөг, тэр хэвнүүдийг цэвэрлүүлж гагнуур хийлгэх тросон зүлгүүрээр цэвэрлүүлсэн зүлгүүр, таслагчийн ир, бээлий хоолны зардал зэрэгт гарсан зардал 3,000,000 төгрөг нийт 16,820,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Ц.Э нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны дотор мөнгийг чинь төлж дуусгана гэсэн боловч хугацаандаа төлөөгүй болно.

Дээрх нөхцөл байдлаас болж нэхэмжлэгч миний зүгээс дахин цэвэр, бохир усны кольцо хийж зах зээлд борлуулах бизнесийнхээ хөрөнгийг дахин босгох зорилгоор Инвескор ББСБ-тай 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй зээлж түүний хүүд 4,284,420 төгрөг төлсөн болно. Өөрөөр хэлбэл хариуцагч талын хариуцлагагүй үйлдлээс болж нэхэмжлэгч Г.У нь арга буюу банк бус санхүүгийн байгууллагаас дахин зээлж авч, сар болгон хүү төлж байгаа тул хариуцагч талаас зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 4,284,420 төгрөг 21,104,420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Уд 1,500,000 төгрөгийн шинэ 1 ком 2000-ийн кольцо хэв, 1,300,000 төгрөгийн 2 ширхэг 1000-ийн кольцо хэв 04 мм-ийн зузаантай, 1,500,000 төгрөгийн 1 ком зузаан авто замын 1500-ийн кольцо хэв, 3,900,000 төгрөгийн 2.5 мм-ийн 6 ширхэг 1000-ийн кольцо хэв, 1,000,000 төгрөгийн 3.5 мм-ийн зузаантай 2 ширхэг 1000-ийн хэв, 900,000 төгрөгийн чанар засвартай 2 ширхэг 70-ийн кольцо, 220,000 төгрөгийн засвартай 1 тал дутуу 70-ийн кольцо, 450,000 төгрөгийн 3 ширхэг 1500 хэлтгий тагыг худалдаж, хүлээлцсэн падааны өнгөн хувийг өөрт нь өгсөн. Маш олон хүмүүстэй би чадна авна гэж булаацалдан авсан бөгөөд сарын дараа гэнэт буцаах талаар санал тавьсан бөгөөд очиж үзэхэд зориулалтын бус үйлчилгээ хийж хэвэнд гажаа үүсгэсэн байсан ч би надад чамд шууд өгөх мөнгө байхгүй түүхий эд материалаар авсан ч яахав аваачаад өгвөл нотариат ороод сарын дараа мөнгө ав гэсэн чинь нэмэлт 3,000,000 төгрөг нэхсэн тул эд зүйлсийг сар 15 хоног зарагдсаны дараа элдэв өөрчлөлт хийгээд дарамталсан. Аливаа эд хөрөнгө өөрийн гэсэн таарсан үнэ цэнэтэй би тохирсон үнээр нь зарсан. 2 ширхэг хэвийн буцааж өгсөн 2,000,000 төгрөг дурдагдаагүй бөгөөд нэмэлт 3,000,000 төгрөг нэмж байгаа нь ямар ч үндэслэлгүй, тул дахин хэлцэл хийхийг зөвшөөрөхгүй.

Тухайн кольцоог худалдаж аваад мөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 248-р зүйл зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон нэхэмжлэлийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж, тухайн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу мэргэжлийн хяналтын газрыг томилж, шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Шинжээчийн дүгнэлтийг томьёолж байгаад тайлбараа гаргаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 3 удаа асуулт тавьж тодруулсан байгаа. Асуултын 2 дугаар хариулт, 3 дугаар хариулт дээр тусгагдсан байгаа. Энэ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтийн 3 дахь асуултад заасан дээр үгүйсгэж байгаа боловч Иргэний хуулийн 257 дугаар зүйл дээр дээр худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан байна гэдэг шинжээчийн дүгнэлтээр нотолж өгсөн байгаа. Ийм үндэслэлээр анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн эд зүйлийг худалдаж аваад худалдсан хүнтэйгээ биечлэн уулзаад албан ёсны мэргэжлийн хүнтэй үнэлэлт, дүгнэлтээ хийлгэсэн нотлох баримт нэхэмжлэгчийн зүгээс гаргаж ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй санал тавьсан. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 03 сарын 20-ны өдөр худалдах худалдан авах гэрээ үүссэн байдаг боловч 4 сард тухайн бизнесийн зээлийг авсан байдаг. Бизнесийн зээл авч эд зүйлийг ямар байдлаар засуулсан нотлох баримтаа ирүүлээгүй байдаг. Зээл авч бизнес явуулсан эх сурвалжаа заагаагүй байгаа. Энэ зээлийг бизнест хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох саналыг гаргаж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Г.Уы Хаан банк дахь 5005626129 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Баттулгын Хаан банк дахь 5099121242 тоот дансны хуулга, Г.Чинбатын 5154228989 тоот дансны хуулга, Инвескор ББСБ ХХК, Г.Уы нарын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн В14022040503 дугаартай зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн F14022040503 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, Г.Чинбатын тодорхойлолт, Ц.Болдын тодорхойлолт, фто зураг,

Хариуцагчаас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын баримт,

Шүүхийн журмаар гэрчээр Г.Мөрдоржийг асуусан тэмдэглэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч Г.Уы гар утсанд хадгалагдсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн.

 

Зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Ц.Эт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг, хохиролд 21,104,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 19,770,000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг цэвэр, бохир усны кольцо хийх хэв худалдан авсан боловч 17 ширхэг нь шаардлага хангахгүй байсны тул улмаас тухайн хэвнүүдэд хүн хөлсөлж засвар үйлчилгээ хийлгэсэн боловч ашиглалтын шаардлага хангаагүй доголдолтой байсан тул хэвний үнэ, засвар үйлчилгээний зардал, хэв ачихад кран хөлсөлсний зардал, дахин хэв худалдан авахын тулд бусдаас зээл авч хүү төлж хохирсон гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... худалдаж авсан хэвнүүдэд зөвшөөрөлгүй зориулалтын бус засвар хийж өөрчилсөн, тухайн эд хөрөнгүүдийг анх худалдан авахдаа доголдолтой байсныг мэдсээр байж худалдан авсан тул шаардах эрхээ алдсан гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан бараа доголдолтой байсан тул доголдолтой барааг буцааж, учирсан хохирлоо гаргуулна гэж тодорхойлсон тул хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.У, хариуцагч Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай

Хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын баримтаас үзэхэд Түвширэх боломж ХХК 12,850,000 төгрөгийн кольцо хэвийг нэхэмжлэгч Г.Уд хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь урьдчилгаа 1,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 79 дэх талд/

Мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-ыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын дүгнэлтэд Түвширэх боломж ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг, мөн тус хуулийн этгээдийн 2017 оны Төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрийн технологийн заавар-ыг тус тус хариуцагч талаас гаргаж өгсөн байна. /х.х-ийн 50-56 дахь талд/

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн худалдан авсан цэвэр, бохир усны кольцог иргэн Ц.Э бус Түвширэх боломж ХХК нь тодорхой тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хууль, журам, стандартад нийцүүлэн үйлдвэрлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдаалдаг болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд цэвэр, бохир усны кольцог нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Эээс хүлээн авсан боловч тухайн хүсэл зоригийг Ц.Э нь иргэний хувиар бус хуулийн этгээдийг төлөөлж илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, иргэнийн эрх зүйн харилцаанд иргэн өөрийн нэрийн өмнөөс, хуулийн этгээд удирдах байгууллага, гүйцэтгэх удирдлагаараа дамжуулан оролцож, эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж оролцсон гүйцэтгэх удирдлагын хувьд иргэний хувиар хариуцлага хүлээх үндэслэлгүй юм.

Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.У, хариуцагч Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч Г.У, хариуцагч Ц.Э нарын хооронд үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн худалдан авсан бүтээгдэхүүн нь доголдолтой эсэх ийнхүү доголдолтой байсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх зэрэг үйл баримтад тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Нэхэмжлэгч нь хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ шүүхэд гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эээс 21,104,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Уы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 242,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ