Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2023/00225

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбайд үйл ажиллагаа явуулах, М ТӨХК /гүйцэтгэх захирал А/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Т ХК /захирал Г/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний хөлс 6100000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У /цахим сүлжээгээр/,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ТӨХК нь хариуцагч Т ХК-д холбогдуулан Төлбөл зохих төлбөр болох 6100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Т ХК  нь 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр М ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байна.

1.2 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т “Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй” гэж заасны дагуу М ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг. Гэвч Т ХК нь цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

1.3 Т ХК-ийн 2013 онд төлбөл зохих төлбөр 900,000 төгрөг, 2015 онд 1,200,000 төгрөг, 2015 оноос 2022 он хүртэл 1 сарын 500,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг, нийт хураамж 6,100,000 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байна. Иймд Т ХК-аас нийт 6100000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Т ХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хариу тайлбартаа: “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аас тус шүүхэд гаргасан “Т” ХК- аас нийт 6.100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Төлбөр тооцооны тухайд дурдвал “Т” ХК 1999 оны 12 сарын 29-ны өдөр хувьчлагдаж, 2000-2001 он дуустал жил бүр 107542 төгрөгөөр үйлчилгээний хөлсийг тооцон 11 жилд 1182962 төгрөгийн үйлчилгээний хөлсийг компанийн зэрэглэлийг харгалзан зохих ёсоор хөрөнгийн биржид тогтмол төлж байсан.

2.2 Гэтэл 2012 онд хөрөнгийн биржээс үйлчилгээний хөлсийг ямар ч үндэслэлгүй 10 гаруй дахин нэмэгдүүлсэн буюу 1200000 болгон өсгөсний улмаас талуудын хооронд маргаан үүссэн. Тухайн үед Т ХК-аас М ТӨХК-д удаа дараа албан бичгээр, компанийн захирлаас хөрөнгийн биржийн удирдлагатай удаа дараа биечлэн уулзаж Т ХК-ийн эдийн засгийн нөхцөл байдал, ашиг, орлогын хэмжээг танилцуулан Т ХК-ийг НИК, Мобиком, АПУ зэрэг улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй том компаниудтай адилхан үзэх боломжгүй учраас шинээр тогтоосон үйлчилгээний хөлсийг төлөх боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан.

2.3 Дараа нь хөрөнгийн биржээс 2015 оноос үйлчилгээний хөлсийг 500000 төгрөг болгон бууруулснаар үйлчилгээний хөлсийг жил бүр төлж байсан. Хамгийн сүүлд 2018, 2019 онуудын үйлчилгээний хөлсийг 2019 оны эхээр нэгтгэж 1 сая төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлсөн. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан Короновирусын өвчний улмаас Т ХК нь үйл ажиллагаа явуулаагүй тул үйлчилгээний хөлс төлөгдөөгүй.

2.4 М ТӨХК-аас 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 01/603 дугаартай албан бичгээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны  өдрийн байдлаар танай компанийн өглөг 3100000 төгрөг байгаа тул үлдэгдлийг баталгаажуулж өгнө үү гэсэн утгатай Т ХК-д хаягласан албан бичиг ирсэн юм. Гэтэл М ТӨХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 01/667 дугаартай тоотоор шүүхэд 6,100,000 төгрөгийг Т ХК-аас нэхэмжилсэн нь байна. Ингэхээр хөрөнгийн бирж 1 сарын дараа 3,0 сая төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд М ТӨХК-ийн нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

А. М ТӨХК, Т ХК-ийн хооронд үйлчилгээний хөлс хэзээ, хэрхэн төлөх талаар байгуулсан нарийвчлан зохицуулалттай гэрээ байхгүй.

Б. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар 2013 онд 900000 төгрөг, 2014 онд 1200000 төгрөг, 2015-2002 онд 4000000 төгрөгийн үйлчилгээний хураамж нэхэмжилж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өөрөөр хэлбэл 9 жилийн өмнөх үйлчилгээний хөлсийг 9 жил өнгөрснөөс хойш нэхэмжилж байгаа нь хууль зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

В.Хөрөнгийн биржээс тус компанид ямар ч хөрөнгийн биржийн чиглэлээр үйлчилгээ үзүүлээгүй байж зүгээр сууж байгаад сая сая төгрөгийн хөлс нэхэмжилсэн байдал, нэхэмжилж буй үйлчилгээний хөлсний хэмжээ нь зөрүүтэй буюу нэг бол 1200,000 төгрөг, нэг бол 500000 төгрөг, нэг бол 107542 төгрөгийн гэх мэтийн нөхцөл байдлууд бодит байдалд нийцэхгүй байна.

Г. Т ХК жил бүр компанийн хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, холбогдох бичиг баримтуудыг эрх бүхий байгууллагад хүргүүлэн ажиллаж байгаа боловч компанийн хувьцаа эзэмшигчдээс цуглуулж авсан их хэмжээний хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлж авах талаар материалаа явуулаад гүйлгээ хийлгэж чадахгүй олон жил болж байна. Түүнчлэн хувьцаат компани /ХК/-ийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хувьцаат компани /ХХК/ болгохоор хувьцаа эзэмшигчдийн хурлаар тогтоол гаргаад удаа дараа хөрөнгийн биржид хандсан боловч уг асуудал шийдвэрлэгдээгүй буюу үйлчилгээ авч чадахгүй хохирч байна.

Д. 2020, 2021 онд Т ХК нь Короновирус өвчний улмаас ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад үйлчилгээний хураамж төлөх нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд М ТӨХК-ийн Т ХК-аас нийт 6100000 төгрөг гаргуулан манай байгууллагад олгож өгнө уу гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П.Ундрах-Эрдэнэд олгосон итгэмжлэл, 373 дугаартай нэхэмжлэх, М ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 330/01 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтын хамт, Монголын хөрөнгийн биржид үнэт цаат бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, Т ХК болон М ТӨХК-ийн Бүртгэлийн гэрээ, М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 07дугаартай тогтоол хавсралт /Үнэт цаасны бүртгэлийн журам/-ын хамт, мөн зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай тогтоол хавсралт /Үнэт цаасны бүртгэлийн журам/-ын хамт, мөн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 дугаартай тогтоол зэргийг,

Хариуцагчаас Я.Сьездэд олгосон итгэмжлэлийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч М ТӨХК-ийн хариуцагч Т ХК-аас үйлчилгээний хөлс 6100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, 4100000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т ХК нь 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр М ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд үйлчилгээний хөлс тогтоосон ба уг хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр зохицуулсан. Т ХК нь 2013 оноос 2022 он хүртэлх  үйлчилгээний хөлс 6100000 төгрөг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: М ТӨХК  болон Т ХК нарын хооронд үйлчилгээний хөлс хэзээ хэрхэн төлөх талаар байгуулсан гэрээ байхгүй. 2013 оноос хойших 9 жилийн үйлчилгээний хураамж нэхэмжилж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч нь тус компанид хөрөнгийн биржийн чиглэлээр ямар ч үйлчилгээ үзүүлээгүй байж хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

7.1 Т ХК нь 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монголын хөрөнгийн биржид үнэт цаас бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гаргаж байсан байх ба тухайн өдөр Т ХК болон Мнь бүртгэлийн гэрээ байгуулсан байна.

7.2 М ХК-ийг төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталсан ба уг журмын аравдугаар зүйлд “бүртгэлийн хураамжийг үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн үнэт цаасны нэрлэсэн үнийн дүнгээс хамаарч жил бүр тооцон авахаар зохицуулсан байна. Мөн МХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай Журамд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор баталсан Үнэт цаасны бүртгэлийн журмын 10 дугаар зүйлийн 73-т “Бүртгэлтэй компанийн жилийн хураамжийг үнэт цаас гаргагчийн зах зээлийн үнэлгээний 0.005%-иар тооцон жил бүр авна. Өнгөрсөн оны сүүлийн арилжааны өдрийн хаалтын ханшаар зах зэлийн үнэлгээг тооцох ба жилийн хураамжийн доод хязгаар нь 1200000 төгрөг ба дээд хязгаар нь 24000000 төгрөг байна” гэж тогтоожээ. МХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлийн журмыг баталсан ба Бүртгэлтэй компанид үзүүлэх жилийн үйлчилгээний хөлсийг хувьцааны бүртгэлийн ангиллаар тогтоосон ба 3-р ангиллыг 500000 төгрөгөөс багагүй 10000000 төгрөгөөс ихгүй байхаар тогтоожээ.

7.3 Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор хуульчилжээ. Хариуцагч Т ХК нь нэхэмжлэгч Монголын хөрөнгийн биржид үнэт цас бүртгүүлэхийг хүсэж өргөдөл гаргаж гэрээ байгуулснаар талуудын хооронд гэрээний эрх үүрэг үүссэн бөгөөд нэхэмжлэгч үйлчилгээ үзүүлсний хөлсийг шаардах эрхтэй байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй гэж заасны дагуу М ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай,  2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2015/14 дугаартай  тогтоолоор тухайн биржид бүртгэлтэй компанид үзүүлэх жилийн үйлчилгээний хөлсийг тогтоож байсан байх ба дээрх тогтоолоор баталсан журмуудаас үзэхэд 2013 онд жилийн 900000, 2014 онд жилийн үйлчилгээний хөлс  1200000 төгрөг, 2015 оноос хойш жилийн үйлчилгээний хөлс 500000 төгрөг болох нь тогтоогдож байна. Хариуцагчаас үйлчилгээний хөлсийг 2019 он хүртэл төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү татгалзлынхаа үндэслэлээ нотолж чадаагүй байна.  

 

8. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой болон тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог.

Нэхэмжлэгч гэрээний үүргийг болон тогтсон хугацаанд үйлчилгээний хөлсийг төлөөгүй тухай эрхийн зөрчлийг мэдэх ёстой байсан бөгөөд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой байх үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тодорхойлогдоно гэж үзлээ. Харин эрх бүхий этгээд нь эрхийн зөрчил үүссэнийг хожим мэдсэн тохиолдол нь хайнга хариуцлагагүй байдлын улмаас бий болсон гэж үзэхээр байна.

 

9.Нэхэмжлэгч М ТӨХК нь хариуцагч Т ХК-аас 2013 оноос хойших хугацааны үйлчилгээний хөлсийг нэхэмжилсэн боловч зарим жилүүдийн үйлчилгээний хөлс шаардах  шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх нь эрх зүйн харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхээ алдаж байгаа явдал бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

10. Иймд нэхэмжлэгч М ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2019, 2020, 2021, 2022 онуудын үйлчилгээний хөлс 2000000 төгрөгийг Т ХК-аас гаруулан олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 82 дугаар зүйлийн 82.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т ХК-аас 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулан М ТӨХК-д олгож, илүү нэхэмжилсэн 4100000 /дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т ХК-аас 46950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ТӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М