Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 073

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг

улсын яллагч Т.Отгонжаргал

шүүгдэгч Т.Альфараби нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есагасы овогт Тилеуханы Альфарабид холбогдох 1713000260028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд их сургуулийн оюутан, ам бүл 9, аав, ээж, эх, эгч дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 01 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Есагасы овогт Тилеуханы Альфараби РД:БЮ99071913.

            Шүүгдэгч Т.Альфарабид холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Альфараби нь 2017 оны 07 дугаар сарын 23-ний өдөр 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар нутаг дэвсгэрт иргэн Ш.Сатжолыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Альфараби 2017 оны 07 дугаар сарын 23-ний өдөр 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна, өөрийнх нь хонин дотроос мотоциклийн гэрэл тусган хонь хайж байсан иргэн Ш.Сатжолыг “ хонь битгий үргээгээд бай” гэж маргалдан улмаар нүүрний зүүн хацар, зүүн нүдэн тус газаруудад 2 удаа гараараа санаатай цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох

            - Шүүгдэгч Т.Альфарабигийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

            - Хохирогч Ш.Сатжолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-11-р хуудас/

            - Гэрч Б.Серикболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 267 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.Альфарабигийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Сатжолын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс 400000 төгрөг авсанаар эвлэрч хойшид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Альфарабид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Т.Альфарабигийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын  доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого, оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Альфараби нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Т.Альфарабигийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Есагасы овогт Тилеуханы Альфарабийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тилеуханы Альфарабийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Альфарабид оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Альфараби нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Альфарабид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.Альфарабигийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ