| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2022/00515/И |
| Дугаар | 156/шш2023/00007 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 156/шш2023/00007
2023 01 04 156/ШШ2023/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00515/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ж.Б,
Хариуцагч: Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: 33.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ж.Б,
Хариуцагч: Б.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Н
Гэрч: Э.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Б.Д нь Хэнтий аймгийн Дадал суманд улсын нөөцийн өвс бэлдэх зорилгоор миний дүү Э.Саар дамжуулан надаас 28.500.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд өөрийнхөө Хаан банкны 5429198850 тоот дансаар цувуулан аваад одоо болтол өгөлгүй 4 дэх жилийн нүүр үзэж байна. Энэ хүн миний дүү Э.Сыг ятгаж их ашиг олно гэж итгүүлэн уг ажлыг хамтарч хийхээр тохирч эхлүүлсэн ч эцэст нь дүү маань Б.Дын оролцоотой эвдэрхий техник өндөр үнээр түрээслэсний гайгаар Улаанбаатар хот дахь орон байраа хүртэл алдахад хүрч хохирсон юм. Тэр 2 надаас авсан мөнгөө 2019 оны улсын төсвөөс мөнгө орж ирэхээр 5 сая төгрөгийн хүүтэй эргүүлж өгнө гэж тохирч авсан. Энэ үед би Хөвсгөл аймагт ажилтай байдаг байсан тул уулзаж гэрээ байгуулж чадаагүй, дансаар шилжүүлж байсан. Дүү маань Дадалд өвсөө хадаж байтал ээжийнх нь бие муудаж хотод ирээд буцаж явж чадалгүй ээжиийгээ асарч байгаад ээж нь 2019 оны 01 дүгээр сард нас барсан. Энэ хугацаанд өвсөө ачиж тушаана гээд мөнгөө авсаар л байсан. Гэвч тэр өвс улсын нөөцөд очсон эсэхийг бид мэдэхгүй байна. Энэ хүнтэй уулзах гээд олддоггүй. Энэ хугацаанд тухайн үеийн хаягаар нь Сүхбаатар дүүргийн цагдаа, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч хаягтаа байхгүй гээд хэрэгсэхгүй болгож байсан. Миний хувьд залуу хүмүүсийн ажлыг дэмжиж тусалж байхад зээлж авсан мөнгөө одоо болтол өгөлгүй хохиролтой байгаад маш их гомдолтой байна. Э.С нь 13.500.000 төгрөгийг дансаараа авсан бөгөөд энэ хоёр хүн нийт 41.500.000 төгрөгөөр хохироосон. Иймд хэргийг үнэн зөвөөр шалган шийдэж миний Б.Дт шилжүүлсэн 28.500.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг, нийт 33.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ж.Бтай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Дүү Э.Сын гуйлтаар******* карт байхгүй гэсэн шалтгаанаар миний дансаар эгчээсээ мөнгө шилжүүлж авсан. Э.С бид хоёр хамтарч бизнес хийж байсан нь үнэн гэхдээ хэнийг ч өрөнд оруулсан зүйл байхгүй. Э.С бид хоёр 2018 оны 07 дугаар сарын 04, 05-ны өдрөөс хамтарч бизнес хийж эхэлсэн. Газраа үзэж явж байгаад сум, орон нутгийн удирдлагаас 1000 га газрын зөвшөөрөл авсан. Хүнээс техник, хэрэгсэл түрээслээд хамт өвсөө бэлдэж эхэлсэн. Өвсөө бэлдэх хугацаандаа би ганцаараа тэр өвсийг хадсан. Нийт 21.000 пресс өвс бэлдсэн. Дорноговь аймагт 15.000 пресс өвс тушаах байсан. Балжийн гол, Агцын гол гээд 2 гол үер, устай, шавартай байсан. Өвс боогчоос болоод өвс маань харласан. Тэгтэл Дорноговь аймгийн холбогдох хүмүүс нь нөхцөл шаардлага нь хангалт муу байна гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс авсан мөнгөнүүд шууд жолоочийн төлбөр лүү орж байсан. Жолооч нар 1, 2 удаа яваад л алга болчихдог. Нэг ирэхдээ шороон замаар явдаг гээд 14, 15 хоног байдаг байсан. Өвс зөөх машинаа танилынхаа Хово машинаар зөөхөөр олигтой орж өгөхгүй байхаар нь Шаланз машинаар 6 удаа зөөсөн. Би Ж.Б эгчээс гадна Ю гэдэг залуугаас 5.000.000 төгрөг, Эрдэнэзаан гэх хүнээс 7.000.000 төгрөг, 8.000.000 төгрөг авсан. Энэ ажлаас болж миний ч амьдрал уруудсан. Урьд нь нэг ч төгрөгийн өргүй байдаг байсан. Уг ажилтай холбоотой техникийн хөлсний 27.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр******* бид хоёр төлж байгаа.******* бид хоёр анх удаа ийм ажил хийж байгаа учир туршлагагүй, гэнэдээд ийм зүйл болсон. Би Ж.Б эгчээс мөнгө аваад хувьдаа бол хэрэглээгүй. Ж.Б эгчээс авсан мөнгө дээр өөрөө мөнгө нэмээд дампуурсан. Төлөх, төлөхгүй гэдгийг шүүх л шийдэх байх гэв.
3. Нэхэмжлэгчийн дараах нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.
3.1 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хорооны Засаг даргын оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт, (хх-ийн 4 хуудас)
3.2 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, (хх-ийн 5 хуудас)
3.3 Нэхэмжлэгч Жигжидийн Ж.Бын нэр дээрх Хаан банк ХХК дахь 5027492280 дугаартай дансны хуулга (хх-ийн 06-07 хуудас),
4. Хариуцагч хариу тайлбар (хх-ийн 19 хуудас),
4.1 Хариуцагч Баярсайханы Б.Дын нэр дээрх Хаан банк ХХК дахь 5429198850 дугаартай дансны хуулга (хх-ийн 50-66 хуудас) зэргийг ирүүлсэн байна.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Дт холбогдуулан зээл 28.500.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг, нийт 33.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны 18.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, үлдэх 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Д нь миний дүү Э.Стай хамтарч бизнес хийх зорилгоор надаас 28.500.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч буцаан өгөөгүй, анх авахдаа 5.000.000 төгрөгийн хүү өгнө гэсэн тул нийт 33.500.000 төгрөгийг гаргуулна.. гэж,
хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би нэхэмжлэгчийн дүү Э.Стай хамтарч бизнес хийж байхад******* нь эгч Ж.Бд хэлж уг мөнгийг миний дансруу шилжүүлэн авсан,******* өөрөө картгүй байсан, уг мөнгийг бид бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан, би ганцаараа төлөх үндэслэлгүй... хэмээн маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, зохигчдын нэр дээрх дансны хуулга зэрэг бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Бын нэр дээрх Хаан банк ХХК-ийн 5027492280 дугаартай данснаас хариуцагч Б.Дын нэр дээрх Хаан банк ХХК-ийн 5429198850 дугаарын дансруу
1. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг,
2. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 550.000 төгрөг,
3. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1.500.000 төгрөг,
4. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 600.000 төгрөг,
5. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг,
6. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг,
7. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдбр 3.000.000 төгрөг,
8. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг,
9. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2.800.000 төгрөг,
10. 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 2.200.000 төгрөг буюу нийт 18.650.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын нотлох баримтаар гаргаж (хх-ийн 06-07 хуудас, 50-66 хуудас)өгсөн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч дээрх шилжүүлсэн 18.650.000 төгрөгийг 18.500.000 төгрөг гэж тооцон нэхэмжилсэн, мөн өөрийн дансны хуулгат авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10.000.000 төгрөгийг бэлнээр хариуцагчид өгсөн хэмээн тайлбарлаж, нийт үндсэн нэхэмжлэлийн шаардлага 28.500.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг нийт 33.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Харин хариуцагч Б.Д нь 10.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй, нэхэмжлэгчтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, 18.650.000 төгрөгийг өөрийн дансруу шилжүүлэн авсан боловч бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан, ганцаараа төлөхгүй хэмээн маргаж байна.
Өөрөөр хэлбэл зохигчид шилжүүлсэн мөнгөн дүнгийн тооцоолол, хүү болон мөнгийг буцаан төлөх үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болж байна.
5. Хэрэгт зохигчдын нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банк ХХК-ийн 5027492280, 5429198850 тоот депозит дансны хуулга болон зохигчдын аль алиных
нь тайлбараар нэхэмжлэгч Ж.Бын данснаас хариуцагч Б.Дын дансанд 18.650.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь уг мөнгийг өгөх, авах талаар хуульд заасны дагуу хэлцэл, гэрээ хийгээгүй, гэрч Э.С болон хариуцагч Б.Д нар бизнес хийх зорилгоор нэхэмжлэгч Ж.Баас зээлж, хариуцагч Б.Д өөрийн дансаар шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, 13.3-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж зааснаас үзвэл аливаа иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
Зохигчид хоорондоо мөнгө авах, өгөх талаар харилцан тохиролцоогүй нэхэмжлэгч Ж.Б нь гэрч Э.Сын хүсэлтийн дагуу хариуцагч Б.Дын дансруу мөнгө шилжүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа боловч хариуцагч өөрийн нэр дээрх дансанд мөнгө орсон, уг мөнгийг өөрөө захиран зарцуулсан, мөнгийг нэхэмжлэгчээс зээлж авч байгаа, эргэн төлөх тухай мэдсэн, уг мөнгөн хөрөнгийг хариуцагчийн нэр дээрх дансруу шилжүүлж байгаа үйлдэл нь тэдгээр нь иргэд хоорондын эрх, үүрэг үүсгэх иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа гэж үзнэ.
8. Хариуцагч Б.Д өөрийн нэр дээрх 5429198850 дугаартай дансны хуулгын тодруулсан хэсгийг (техник хэрэгсэл, шатахуун, багаж, зардал, өвсний ажлын хөлс гэх гүйлгээг) Э.Стай хамтарсан бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн тайлбарлах ба шүүх уг нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагчийн тодруулсан зарлагын хэсгийг Э.Стай хамтарсан бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан байна гэж үзэх боломжгүй, бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар давхар баримтаар нотлоогүй, тухайн дансыг эзэмших, гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь хариуцагч Б.Дт байх тул шилжүүлсэн мөнгийг буцаан төлөх үүргийг хариуцагч хүлээнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Дт шилжүүлсэн 18.650.000 төгрөгийг дүү Э.С болон хариуцагч Б.Д нарт бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх санаа зорилготойгоор зээлдүүлсэн боловч хариуцагч Б.Д нь өөрийн дансанд орсон бусдын эд хөрөнгийг өөрөө эрхийнхээ хүрээнд дур мэдэн захиран зарцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж шүүх дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Ж.Баас 18.500.000 төгрөгийг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгчид буцааж төлөх үүрэг хүлээх тул 18.500.000 гаргуулах нь зүйтэй.
9. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Ж.Баас мөнгө зээлж авч байгаагаа мэдэж байсан гэж тайлбарласнаас үзвэл мөнгөн хөрөнгийг өөрийн нэр дээрх дансруугаа шилжүүлэн авч байгаагийн
хувьд түүнээс үүсэх хариуцлага, буцаан төлөх үүрэг хүлээнэ гэдгээ ухамсарласан байх ёстой юм.
10. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухай хөрөнгийг эвдсэн устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна, 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээх үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээр хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй.... гэж заасны дагуу хариуцагч Б.Дт Ж.Баас шилжүүлсэн мөнгө болох 18.500.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй тул 18.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн дансанд нийт 18.650.000 төгрөг шилжсэн боловч нэхэмжлэгч 18.500.000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
11. Харин нэхэмжлэгч Ж.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.Дт бэлнээр өгсөн, хүү 5.000.000 төгрөг өгөхөөр тохирсон хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ тухайгаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу өөрийн шаардлагын үндэс болох 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх баримт байхгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу хүү нэхэмжлэх эрхтэй гэдгийг нотлох баримт байхгүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний хүү төлөх үүргийн харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нийт 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Хариуцагч Б.Д нь өөрийн дансанд орсон 18.650.000 төгрөгийг гэрч Э.С бид хоёр цуг хариуцах ёстой хэмээн тайлбарлаж байгаа боловч Э.С Б.Д нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь тусдаа этгээдүүдийн хооронд үүсэх харилцаа бөгөөд хариуцагч Б.Д нь Э.Сад холбогдуулан шаардлага гаргах нь түүний эрхийн асуудал тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325.500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Доос 18.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 250.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА