| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0902/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/827 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/827
2025 09 29 2025/ШЦТ/827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Б.Мөнгөншагай,
шүүгдэгч: Б.Б. нар оролцсон эрүүгийн 2511000000479 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б. овогт Б.гийн Б. /.../,
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У.ийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “О.” нүдний шилний дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан Б.О.тэй маргалдаж, улмаар түүний эзэмшлийн Айфон 14 про загварын гар утсыг удаа дараа шидсэний улмаас дэлгэц нь гэмтэж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2511000000479 дугаартай хэргээс:
Хохирогч Б.О.ийн мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч Ө.Б.гийн мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч А.Л.ийн мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Н.Н.гийн мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Ө.С.ийн мэдүүлэг /хх-ийн 20/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 878 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-74/,
Б.Б.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39/,
Б.Б.ын хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 43-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У.ийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “О.” нүдний шилний дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан Б.О.тэй маргалдаж, улмаар түүний эзэмшлийн Айфон 14 про загварын гар утсыг удаа дараа шидсэний улмаас дэлгэц нь гэмтэж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Б.О.ийн өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд гэж санаж байна. 30 гаран насны эмэгтэй хүн манай дэлгүүрт ирээд 129.000 төгрөгийн үнэтэй нарны шил худалдаж аваад явсан. Үүнээс хойш 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тухайн эмэгтэй хүн ирээд шилээ буцаамаар байна, надад мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь “та өөр шил сонгож авах уу” гэхэд “үгүй ээ, надад мөнгө нь л хэрэгтэй байна” гээд байсан. Манай байгууллагын журамд бараа худалдан авснаас хойш 72 цагийн дотор буцаалт хийх боломжтой байдаг тул одоо боломжгүй гэдгийг тайлбарлаж өгсөн. Тэгэхэд тухайн эмэгтэй “хэзээ хөгжинө өө, мал минь мал дээр гар, нохойн гөлөг минь наад шилээ зарж ид” гээд худалдан авсан нарны шилээ үлдээчихээд яваад өгсөн юм. Тэгээд өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тухайн эмэгтэй хүн худалдан авсан баримтаа олохгүй байна гээд өөрийнхөө дансны хуулгаа авч ирээд өгсөн ба тухайн дансны хуулган дээр нь нарны шил худалдан авсан баримт байхгүй байсан. Шил худалдан авахдаа надаас ирж худалдан авсан тул тухайн эмэгтэйг захирал О.тэй өөрийнхөө утсаар яриулсан чинь захиралд маань мөнгийг минь яг одоо шилжүүл гээд манай дэлгүүрийн шилэн лангуу руу шидсэн. Тэгээд манай захирал утсаар ярьж байгаад тухайн эмэгтэйн данс руу нь шил авсан 129.000 төгрөгийг хийсэн байсан тул тэр эмэгтэй гараад явчихсан. Тэгээд би утсаа шалгахад дэлгэцийг нь гэмтээгээд, дүрс нь харагдахгүй цагааруулчихсан байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг дуудаад, утсаа харуулаад “та миний утсыг эвдчихлээ” гэж харуулахад “чиний утас чинь угаасаа хулхи утас юм биш үү” гээд миний гараас булаагаад манай байгууллагын зохион байгуулагчийн ширээ рүү шидэхээр нь би ширээн дээр байхад нь утсаа аваад байж байхад дахиад манай шилэн лангуун дээр ирээд дахин миний утсыг булааж аваад шилэн лангуу руу шидсэн. Тэгээд намайг “дуугүй бай, амнаас чинь муухай үнэр үнэртээд байна, алнаас чинь муухай үнэр үнэртэж байна, үйлчлүүлэгч бол хаан” гэх мэтээр доромжлоод яваад өгсөн. Миний гар утсыг нийт 3 удаа шидэж эвдэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч Ө.Б.гийн өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 13:00 цаг өнгөрч байсан гэж санаж байна. 30 гаран насны эмэгтэй хүн “О.” ХХК-ийн ажилтан О. гэх хүнтэй чанга чанга яриад, хэрэлдээд байсан. Тухайн хүн өмнө нь үйлчлүүлж байсан хүн байсан. Тэгээд О. яг хариуцсан хүнтэйгээ тухайн хүнийг яриулаад байсан ба тухайн хүн утсаар ярьж байгаад шилэн лангуу руу нь утсыг нь шидээд, өгөөд, гараад явчихсан. Тэгээд О. гар утсаа аваад шалгахад дэлгэц нь цагаараад харагдахгүй болчихсон байсныг нь харсан. Тэгээд миний буух цаг болчихсон байсан тул түрүүлээд яваад өгсөн. Сүүлд нь хүнээс сонсоход тухайн эмэгтэй буцаж ирсэн гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч А.Л.ийн өгсөн “...”О.ал” ХХК-д 30 наран насны эмэгтэй хүн эхлээд нүдний шил авахаар ирж байсан. Тэрнээс хойш 7 орчим хоногийн дараа ирээд танай шилийг буцаамаар байна, надад мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь одоо буцаах боломжгүй ээ гэж Б.О. хэлсэн чинь авсан нүдний шилээ үлдээгээд явчихсан. Тэгээд сүүлд өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирээд Б.О.ийн гар утсаар захиралтай утсаар ярьж байгаад уурлаад гар утсыг нь шилэн лангуу руу шидчихсэн. Тэр үед нь тухайн эмэгтэйн хохирлыг барагдуулан өгөхөд буцаалтын мөнгөө авчихаад яваад өгсөн. Гарсных нь дараа Б.О. утсаа шалгаж үзэхэд гар утасных нь дэлгэц цагаараад, дүрс нь харагдахгүй болчихсон. Тэгээд Б.О. тухайн хүн рүү яриад та миний утсыг эвдчихлээ, ирээд уулз гэхэд буцаж ирээд бид нарыг хэл амаар доромжлоод, гар утсыг нь дахиад хоёр удаа шидчихээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Н.Н.гийн өгсөн “...Одоо удчихсан болохоор яг он сар өдрийг нь нарийн санахгүй байна. 30 орчим насны эмэгтэй хүн “О.ал” ХХК-иас нүдний шил аваад явсан. Үүнээс хойш 7 орчим хоногийн дараа тус компанийн ажилтан Б.О. гэх хүнтэй хэрэлдээд, шилээ буцаая гээд орилоод байсан. Тэгээд Б.О. захиралтайгаа тухайн хүнийг яриулаад байсан ба тухайн хүн утсаар ярьж байгаад шилэн лангуу руу нь утсыг нь шидээд гараад явчихсан. Бодвол захирал нь буцаахгүй гэсэн байх. Тэгээд О. гар утсаа аваад шалгахад дэлгэц нь цагаараад, харагдахгүй болчихсон байсан ба буцаж тэр хүнийг дуудаад, утсыг минь эвдчихлээ гэж хэлэхэд угаасаа эвдэрчихсэн байсан гэж яриад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Ө.С.ийн өгсөн “...Манай ажил дээр 30 гаран насны эмэгтэй хүн ирээд Б.О.ийг хэл амаар доромжлоод байсан ба миний ойлгосноор “О.ал” ХХК-иас нүдний шил аваад, тэрийгээ 6-7 хоногийн дараа ирээд буцаах гээд байгаа юм шиг байсан. Тэгээд Б.О.ийг хэл амаар доромжлоод, тус компанийх нь захирал руу Б.О.ийн гар утсаар ярьж байгаад шилэн лангуу руу шидчихсэн. Тэгсэн утасных нь дэлгэц нь цагаараад, дүрс харагдахгүй болчихсон байсан. Удалгүй гар утсыг нь шидсэн эмэгтэй буцаж орж ирээд утсыг нь 2-3 удаа шидэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гар утсанд үзлэг хийсэн “...Тухайн утсыг нээж үзэхэд дэлгэц нь цагаарсан, ямар ч дүрс харагдахгүй болсон байгаа нь харагдаж байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 23-24/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон 14 про дэлгэц солих 600.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 28/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 878 дугаартай “...Б.Б. нь шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь дотоод шалтгаантай, удамших хандлагатай сэтгэцийн эмгэг юм. Б.Б.ын уг эмгэг нь дотоод шалтгаантай удамших хандлагатай, үе шатгүй эмгэг бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2012 оноос хойш хэвтэн эмчлүүлсэн болон 2013 оноос хяналтад орсон амбулаторийн карт, баримт байна. Б.Б. нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралтай байсан байна. Б.Б. нь үнэн зөв мэдүүлэг өгөх, бусдад ойлгуулах чадвартай байна. Б.Б. нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б.д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 70-74/,
Б.Б.ын яллагдагчаар өгсөн “...Би өөрөө СЭМҮТ-ийн хяналтад байдаг. Тухайн үед өөрийгөө хянаж чадаагүй юм. Одоо бол хийсэн үйлдлээ ойлгож, ухамсарлаж байна. Би 2013 оноос эхлэн СЭМҮТ-ийн хяналтад орсон ба шизофрени, сэтгэл хөөрөл, гутрал гэсэн оноштой явдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б. нь “худалдан авсан бараа буцаан авсангүй” гэх шалтгаанаар хохирогчийн гар утсыг шилэн лангуу руу шидэж, дэлгэцийг нь гэмтээсэн үйл баримт тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг зориуд санаатай устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг ойлгодог.
“Эд хөрөнгө устгасан” гэдэгт халдагч этгээд бусдын эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, зайлшгүй тухайн хөрөнгийн адил төрлийн шинэ эд зүйлээр сольж орлуулах нөхцөл байдал үүсгэсэн буюу сэргээн засварлахааргүй болгосныг илэрхийлдэг бол “эд хөрөнгө гэмтээсэн” гэдэгт халдагч этгээд бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших, боломжтой байхыг тус тус ойлгоно.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.Б. нь гар утсыг хатуу биет рүү шидсэнээр хохирол учрахыг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.О.т 600.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б.аас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол 600.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн тайлбараар /хх-ийн 77-78/ тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаар буюу шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь гэмт хэрэг үйлдэхэд тодорхой шалтгаант холбоо болсон гэж үзэх үндэслэлтэй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б.д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Б.Б. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Б.Б. нь тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2012 оноос хойш нийт 25 удаа хэвтэн эмчлүүлж байсан, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдсөн байдал, хохирогч гомдолгүй гэж тайлбарлаж байгаа, хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсч байгаа, тэрээр F25.2 буюу шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр өвчний оноштойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг, хөдөлмөрийн чадвар алдалтыг нь 70%-иар тогтоож, 24 сараар сунгаж байсан (шинжээчийн дүгнэлтэд), групп тогтоолгож нийгмийн халамжийн тэтгэмж авдаг, шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч нь хэдийгээр хэрэг хариуцах чадвартай, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэх боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед түүнийг тухайн шизоаффектив эмгэгийн холимог хэлбэртэй байсан гэж тодорхойлсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн Б.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Б.Б.ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН