Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2023/00126

 

 

2023 03 13 156/ШШ2023/00126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 156/2022/00606/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4....тоотод оршин суух, Арууд овогт П. А.,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ......... тоотод оршин суух, Боржигон овогт Ц. П.

Нэхэмжлэлийн шаардлага: 409,937 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.А.

Нарийн бичгийн дарга Э.Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Ц.П-д холбогдуулан 409,937 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Ц.П. нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бараагаа аваад ир зараад өгье гэсний дагуу дараах үнэ бүхий шинэ барааг өгсөн. Үүнд:

- Монгол гэсэн босоо бичигтэй наадмын цагаан фудволк 15-18 насны хүүхдийн 4 ширхэг нэг нь 20,000 төгрөг, нийт 80,000 төгрөг,

- Ягаан, ногоон 2 янзын өнгөтэй эрвээхэйн зурагтай, шигтгээтэй 12-16 насны охидын фудволк 12 ширхэг, нэг нь 15,000 төгрөг, нийт 180,000 төгрөг, эрэгтэй том даавуун фудволк 2 ширхэг, нэг нь 25,000 төгрөг, нийт 50,000 төгрөг,

- юүдэнтэй цагаан фудволк 14-18 насны хүүхдийн 54 ширхэг, нэг нь 18,000 төгрөг, нийт 72,000 төгрөг,

- эрээн цэцэгтэй бүдүүн даашанз 4 ширхэг, нэг нь 35,000 төгрөг, нийт 140,000 төгрөг,

- урт цагаан давхар торон хормойтой даашанз 1 ширхэг 45,000 төгрөг бүгд 6 төрлийн 25 ширхэг барааг өгсөн. Нийт 567,000 төгрөгийн бараанаас 170,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 397,000 төгрөгийг өгөхгүй 3, 4 жил болж байна. Тухайн үед дансаа өгчих мөнгө хийнэ гэж удаа дараа данс авч байсан. Хүнд хүүтэй мөнгө зээлдсэн байгаа 18 хоногийн дараа хүүгээ аваад өгнө, эсхүл хадгаламжийн хугацаа дуусахаар өгнө 2 сар хүлээчих, онцгойд ажилладаг залуугаас мөнгө аваад өгнө гэх зэргээр хэлдэг байсан, би бараагаа авья гэхэд манай лангуунд байгаа хүн нь хөдөө явсан. Эвт төв амарч байгаа эсвэл бараа гэрт байгаа би хотод байна, хөдөө байна, төрөх гэж байна ковид тусаад, хүүхэд ханиад хүрээд гэх зэргээр худлаа яриад байдаг. Гэрт нь гурван удаа очсон. Иймд Ц.П.ээс барааны үнэ 397,000 төгрөг гаргуулж өгнө үү. Энэ нэхэмжлэлтэй холбогдуулан 12,937 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийг оруулаад нийт 409,937 төгрөг болсон тул нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад үлдэгдэл барааны үнэ 397,000 төгрөг гаргуулна гэв.

3.Нэхэмжлэгчээс Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлахын 2022.11.14-ний өдрийн 70 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл (хх-ийн 5 хуудас)-ыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

4.Хариуцагч талаас нотлох баримт ирүүлээгүй байна.

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгч П.А.ы эзэмшлийн гар утсанд үзлэг хийлгэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч П.А.ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч П.Ань хариуцагч Ц.П.д холбогдуулан барааны үнэ 397,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 12,937 төгрөг нийт 409,937 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд барааны үнэ 397,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Ц.П.г шүүхээс удаа дараа дуудахад /хх-8-11/ ирдэггүй, шүүгчийн захирамж /хх-ийн 12/-ийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 14ий өдөр түүнийг Цагдаагийн газраар дамжуулан албадан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулсан /хх-ийн 17/, тухайн үед хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-д заасан үр дагаварыг танилцуулсан. Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа түүнд хэргийн материалтай танилцах /хх-ийн 24/-ыг мэдэгдсэн боловч шүүхэд ирээгүй, шүүхээс түүний э-майл хаяг руу хэргийн материалыг хуулбарлан хүргүүлсэн /хх-ийн 34/ бөгөөд түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ хэрэгжүүлэх боломж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш нээлтэй явж ирсэн болно.

4.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн дүгнэхэд нэхэмжлэгч П.Ань 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Ц.П.д нийт 567,000 төгрөгийн бараа өгч заруулсан, заруулсан барааны үнээс 170,000 төгрөгийг нэхэмжлэгч П.А.д өгсөн. Үлдэгдэл 397,000 төгрөгийг өгөөгүй болох нь нотлогдож байна. Энэхүү үлдэгдэл мөнгөө хариуцагч Ц.П.с нэхэж байсан болох нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч П.А.ны эзэмшлийн гар утасанд авагдсан мэссэжид хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

5.Хариуцагч нь шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчдын дунд мэтгэлцээн үүсээгүй, хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар талуудын хоорондын үүргийн харилцааг тодорхойлоход Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжтой байна.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.П.с 397,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А.д олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 26-33 дугаар хуудаст авагдсан материалууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.П.ээс улсын тэмдэгтийн хураамж 12,937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А.д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.П.эс 397,000 /гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А.анд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,937 /арван хоёр мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.П.ээс 12,937 /арван хоёр мянга есөн зуун гучин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА