Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/828

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025         09           29                                       2025/ШЦТ/828

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,

улсын яллагч: П.Болормаа,  

шүүгдэгч: Г.Т. нар оролцсон эрүүгийн 2511009970983 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С. овогт Г.ын Т. /.../,

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т. нь 2025 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын зогсоолд байршуулсан иргэн Ц.Б.ийн эзэмшлийн ... УБУ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины урд салхины шил, улсын дугаар болон хүрээ, суурь зэргийг хөлөөрөө өшиглөх зэргээр гэмтээн 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Т.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2511009970983 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Б.ийн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27/,

Г.Т.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75/,

Г.Т.ын хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 41-45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Г.Т. нь 2025 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын зогсоолд байршуулсан иргэн Ц.Б.ийн эзэмшлийн ... УБУ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины урд салхины шил, улсын дугаар болон хүрээ, суурь зэргийг хөлөөрөө өшиглөх зэргээр гэмтээн 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Ц.Б.ийн өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 50 минутын орчим Приус 20 маркийн ... УБУ улсын дугаартай машинаа “Тэнгис” кинотеатрын урд талын төлбөртэй зогсоолд байрлуулаад, ажилдаа ороод 19:00 цагийн орчим ажлаасаа тараад гэртээ харих замдаа миний машины урд талын салхины шил хагарч, урд талын номерын суурь болон хүрээ нь хагарч унасан байсныг мэдээд машин байрлуулсан зогсоолд ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тус бичлэгийг тоглуулахад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Койнер” баарны хяналтын камерын бичлэгийг тоглуулахад 2025 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 04 цаг 06 минут 29 секундэд холбогдогч нь ганцаараа цагаан өнгийн Приус 20 маркийн машиныг налан зогсоод тамхи татаж байгаа нь дүрс бичлэгт бичигдсэн байна.

Бичлэгийг цааш тоглуулахад 2025 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 04 цаг 06 минут 35 секундэд цагаан өнгийн Приус 20 маркийн машины урд талын улсын дугаарыг өшиглөж байгаа нь дүрс бичлэгт бичигдсэн байна.

Бичлэгийг цааш тоглуулахад 2025 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 04 цаг 42 минут 55 секундэд цагаан өнгийн Приус 20 маркийн машины салхины шилийг холбогдогч баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж байгаа нь дүрс бичлэгт бичигдсэн байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 21-22/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Нийт зардал 350.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 27/,

Г.Т.ын яллагдагчаар өгсөн “...Лоунжаас гараад машины зогсоол дээр тамхилж байгаад эхлээд урд талын номерыг нь өшиглөөд, тэгээд урд салхины шилийг нь өшиглөөд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн /74-75/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т. нь тодорхой шалтгаангүйгээр автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.Б.ийн тээврийн хэрэгслийн салхины шил, улсын дугаарын хүрээ, суурь зэргийг хөлөөрөө өшиглөн цуулж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг зориуд санаатай устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг ойлгодог.

“Эд хөрөнгө устгасан” гэдэгт халдагч этгээд бусдын эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, зайлшгүй тухайн хөрөнгийн адил төрлийн шинэ эд зүйлээр сольж орлуулах нөхцөл байдал үүсгэсэн буюу сэргээн засварлахааргүй болгосныг илэрхийлдэг бол “эд хөрөнгө гэмтээсэн” гэдэгт халдагч этгээд бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших, боломжтой байхыг тус тус ойлгоно. 

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Г.Т. нь автомашины салхины шил, улсын дугаарын хүрээ, суурийг өшиглөснөөр хохирол учрахыг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ц.Б.д 350.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Т.аас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Т.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол 350.000 төгрөгийг төлсөн /хх-ийн 65/ байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Г.Т.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.Т. нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Т.т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Г.Т. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэнд Г.Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С. овогт Г.ын Т.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.т оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь Г.Т. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН