Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 156/шш2023/00110

 

2023 02 28 156/ШШ2023/00110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2023/00047/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х. банк .

Хариуцагч: Т.,

Хариуцагч:  Б.,

Нэхэмжлэлийн шаардлага: 19,062,848.53 төгрөг гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Хариуцагч: О.Т,

Хариуцагч: Д.Б,

Нарийн бичгийн дарга Э.Т.нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* банкны Хэнтий салбар нь хариуцагч О.Т, Д.Б нарт холбогдуулан үндсэн зээл 18,043,597.43 төгрөг, зээлийн хүү 1,010,444.72  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,806.38 төгрөг, нийт 19,062,848.53 төгрөг гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн О.Т нь Х. банктай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,100,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч О. овогтой Т.ын Х.банк дахь******* тоот дансанд 19,100,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,056,402.57 төгрөг, зээлийн хүүд 513,192.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 62.95 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 98 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон******* дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18,043,597.43 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 1,010,444.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,806.38 төгрөг, нийт 19,062,848.53 төгрөгийг хариуцагч О.Т болон Д.Б нараас гаргуулж өгнө үү. Мөн хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагч нарын хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэв. 

3. Хариуцагч О.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкны ............. нэхэмжлэлийн шаардлага болох 19,062,848.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлээ 2023 ондоо багтаан төлнө. Мөн би энэ төлбөрөө төлөөгүй тохиолдолд миний хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулахаар нэхэмжилж байгаа нэхэмжлэгч байгууллагын хоёр дахь шаардлагыг мөн хүлээн зөвшөөрч байна гэв.

4. Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Ттай 2004 онд гэр бүл болж хамтран амьдарч байсан, 2021 оноос бид салсан. Одоо тус тусдаа амьдралтай. Би хүү Б.ий хамт дүүгийнхээ гэрт амьдарч байгаа. Миний бие 8 дугаар цэцэрлэгт сарын 480,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Цалингийн зээлд сардаа 270,000 төгрөг өгдөг. Хүү маань оюутан. Заримдаа 2 сарын хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. 2022 оны зун О.Т банкны зээлэн дээр гарын үсэг зураад өгчих хүүгийн төлбөрт нэмэр болъё гэхээр нь гарын үсэг зурж өгсөн. Надад 800,000 төгрөг л өгсөн, бусдыг нь би мэдэхгүй. Цаашид эмчилгээ хийлгэх гээд өөрийнхөө ч зээлийг төлөхөд хэцүү, хүндрэлтэй байна. Гэхдээ одоо О.Ттай ярилцаад банкнаас нэхэмжилсэн 19,062,848.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин энэ төлбөрөө төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулахаар нэхэмжилж байгаа нэхэмжлэгч байгууллагын хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5. Нэхэмжлэгч талаас шүүхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар тал/, гүйцэтгэх захирлын нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх олгосон тушаал /хх-ийн 7 дугаар тал/, зээлийн мэдээллийн хуудас /хх-ийн 8-9 дүгээр тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10 дугаар тал/, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр тал/, хариуцагч О.Тын******* дугаартай дансны хуулга /хх-ийн 12 дугаар тал/, хариуцагч О.Тын******* дугаартай зээлийн дансны хуулга /хх-ийн 13 дугаар тал/, зээлийн гэрээ /хх-ийн дугаар 30-34 тал/ зэргийг шүүхэд баримтаар ирүүлжээ. 

6. Хариуцагч талаас 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус тус хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Х. банкны Хэнтий салбарын нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт 19,062,848.53 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 Нэхэмжлэгч Х. банкны Хэнтий салбар, иргэн О.Т, Д.Б нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 28ы өдөр 1040036668 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 19,100,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан зээл авсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал зээлдэгчийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлээ 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 98 хоног хугацаа хэтэрсэн гэж зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, харин хариуцагч О.Т, Д.Б нар нь зээлийн гэрээний үүрэгт 19,062,848.53 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Харин нэхэмжлэгч Х. банкны Хэнтий салбарын нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Т хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Х. банкны Хэнтий салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 19,062,848.53 төгрөгийг хариуцагч О.Т, Д.Б нараас гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Хэнтий салбарт олгож шийдвэрлэв.

Харин хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, агуулга нь тодорхойгүй, энэхүү шаардлагын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Хэнтий салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.      Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч О.Т, Д.Б нараас зээлийн гэрээний үүрэг 19,062,848.53 /арван есөн сая жаран хоёр мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж ******* банкны Хэнтий салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,264 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун жаран дөрөв/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,264 /хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун жаран дөрөв/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Хэнтий салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.МАРИНА