Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00249

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Ц.Мөнхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндоржийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1738000000040 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хар дархад Цэрэндоржийн Мөнхбат, 1983 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, Мөрөн сумын 10 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн РЭ83091331 дугаартай,

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан бургастын даваа гэх газар байрлах иргэн Д.Уугантуяагийн ажиллуулдаг цайны газарт согтуугаар бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан бургастын даваа гэх газар байрлах иргэн Д.Уугантуяагийн ажиллуулдаг цайны газарт согтуугаар бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Уугантуаяаг нөхөртэй нь дууд гэсэн. Тэгсэн тэр хоёр охин дуудаж чадахгүй, дуртай юм бол өөрөө очоод уулз гэхээр нь та хоёрын нэг нь яваад дуудаж болдоггүй юмуу гээд сандал ширээг нь өшиглөсөн чинь тэр хоёр охин гараад  зугтсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Уугантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхбат манай гэрийн цонхыг хагалаад ширээ сандлуудыг маань эвдлээд хаясан байсан.  Надад нийтдээ 700.000 төгрөгний хохирол учирсан тэрийг маань төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Уугантуяагийн гэрт Ариунзаяагийн хамт байж байхад гаднаас танихгүй согтуу ах орж ирээд сандал ширээ хэмхлээд хаячихсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Уугантуяа нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Д.Уугантуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738000000040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Хар дархад Цэрэндоржийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндоржийн Мөнхбатыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Ц.Мөнхбат нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1738000000040  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР