Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/697

 

Ж.В-д холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/643 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ж.В-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906051920115 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ж.В-, 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хугацаагаар тогтоосон ба Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 196 дугаартай захирамжаар элдээгүй үлдсэн 5 жил 11 сар 25 хоногийн хорих ялаас чөлөөлж, суллагдсан,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр биелүүлсэн,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Ж.В- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ***  тоотод оршин суух Э.Ж-ы байшингийн цонхыг эвдлэн нэвтэрч, “LG”, “BSB” загварын зурагтуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.034.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.В-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.В-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар урьд цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.В- гаргасан давж заалдах гомдолдоо: “...уг хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр болсон шүүх хуралдааны хэрэгтээ хамт үйлдсэн юм. Тухайн үед эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г “Чи хохирлоо хурдан төлөөд барагдуулчих, энэ хэргийг хаалаа, тэгээд чи нөгөө 2 үйлдэл дээрээ шүүхээр ороорой, бага ял онооно” гэж хэлсэн. Би барилга дээр ажиллаж олсон мөнгөөрөө хохирлоо төлж барагдуулсан. Хорих ангид байх хугацаанд их зүйлийг ойлгож ухаарсан. Намайг суллагдаад өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ үеийн залуус, найз нөхөдтэйгээ зөв үлгэр дуурайлаар ажиллаж, амьдарч байхад цагдан хорьсон. Би эх, дүүгийн хамт амьдардаг. Эх маань 54 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, тархины хавдартай, эмийн хамааралтай. Дүү маань 10 жилийн сурагч. Тэднийг халамжлах хүн нь би. Одоо шийтгүүлсэн хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар анх удаагийнх тул миний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.В-гийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Ж.В- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ***  тоотод оршин суух Э.Ж-ы байшингийн цонхыг эвдлэн нэвтэрч, “LG”, “BSB” загварын зурагтуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.034.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч Э.Ж- нь “...2 ширхэг зурагт алдагдсан. “LG” загварын 43 инчийн ухаалаг зурагтыг 2 жилийн өмнө “Номин” их дэлгүүрээс 2.500.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгөтэй, онцлох содон гэх зүйл байхгүй. Нөгөө нь манай найз Ц-ийн жил гарангийн өмнө тавиулсан байсан “BSB” загварын 42 инчийн зурагт байсан. ...” гэж алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

             - шүүгдэгч Ж.В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгааны талаар мэдүүлсэн “...жижиг цонхыг нь өшиглөж хагалаад гараа оруулж, дээд талын цонхыг онгойлгосон. Тэгээд дотогш ороод мөнгө болох эд зүйл хайгаад ... хэвийн ажиллаж байсан зурагтыг нь аваад ... автомашиндаа ачиж яваад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж зээл авсан. Авсан мөнгөө бусдаас зээлсэн өрөндөө өгсөн. ...” /хх 28-29, 126/ гэсэн мэдүүлэг,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-17, 22-26/,

            - алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 41/,LG загварын 43 инчийн зурагтыг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 42/ зэргээр давхар нотлогджээ.

            Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

            Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

            Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Ж.В-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

            Шүүгдэгч Ж.В- нь давж заалдсан гомдолдоо: “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ өөрийн ар гэр, хувийн байдлын талаарх зарим шалтгаануудыг иш татсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

            Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгожээ.

            Шүүх дээрх заалтыг хохирогчийн гомдол саналыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг.                

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.В-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, алдагдсан зарим эд хөрөнгийг буцаан өгөх замаар хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулсныг буруутгах аргагүй бөгөөд үүнээс доогуур хорих ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Шүүгдэгч Ж.В- нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд тэрээр ийнхүү суллагдахаас өмнө буюу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.В-гийн...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг... хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ж.В-гийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ноос 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлжээ.

            Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Ж.В- нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хугацаагаар тогтоосон ба Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 184 дугаартай захирамжаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 5 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 196 дугаартай захирамжаар элдээгүй үлдсэн 5 жил 11 сар 25 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш дахин санаатай гэмт хэргүүдийг үйлдэж хорих ял шийтгүүлсэн байх тул түүнийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль хамааруулах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/643 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.В-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.В-гийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ноос 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Ж.В-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН