| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0141/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/320 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O********нэ
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Э.Н**********р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н**********рт холбогдох эрүүгийн 2438001550027 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Бурхант овогт Э.Н**********р, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Хө*****л аймгийн *** суманд төрсөн, ** настай, э****эй, б****н д***д боловсролтой, мэргэжилгүй, м****н ажилтай, ам бүл **, э***р х***дийн хамт Х***л аймгийн Т****л сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд Х***л аймгийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн (********) дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н**********р нь Х******л аймгийн Т******л сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Д.М****лтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь өшиглөж, биед нь духны зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, доод уруулын дотор салстад язрал бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438001550027 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.Н**********р нь Х*******л аймгийн То********л сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Д.М*******тай малын бэлчээрийн газарт хашаа барих гэж мод буулгасанаас болж маргалдан, улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь духны зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, доод уруулын дотор салстад язрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н**********рын өгсөн: “...Ууланд хуучин хашаа байсан. Олон жил болж байгаа. Тэр газар очиж буудаггүй байсан. Урагшаагаа манай мал бэлчээд яваад өгдөг болохоор хадам аавынхаа хашаа бэлдээд бэлчээр хамгаалах гэж мод аваачиж буулгасан. Урьд өдөр нь хадам дүүтэйгээ хашаагаа зөөсөн байсан. Бүтэн хашаа биш ганцхан цагариг хашаа байсан. Хэдэн шон үлдэхээр нь ганцаараа маргааш нь ачсан. Тэр бэлдсэн шонгоо аваачиж буулгаж гээд машин дээрээ ачаад тэр газраа очоод машинаа унтраагаагүй байхад өнгөрдөг над дээр давхиж ирсэн. Миний машины урд талд хамрыг нь шүргүүлэх шахам машинаараа хаалт хийгээд зогссон. Тэгээд миний талаар хаалга тойроод хүрээд ирсэн. Тэгэхээр нь би надад юм хэлэх гээд байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл шууд чи муу энд хашаа барих ёсгүй, чи муу гадны гуйлгачин, цагаачин гээд доромжлоод унасан. Миний машин туурбатай байсан. Туурбагаа хөргөөх гээд уруу харуулаад зогсоосон байсан. Тэр хүн хаалга нь дээр ирээд намайг зуураад авсан. Машин асаатай ямар ч унтраах боломж байгаагүй. Дотор хүн орж ирээд цохиод байхаар би машинаа унтраах боломж байгаагүй. Тооромзоо тавьж болохгүй байсан. Машины түлхүүртэй булаацалдаад байсан. Ямар ч боломж байхгүй байж байхад М.O********нэ, нөхөртэйгөө араас ирсэн. Би налсан байхад нь хажуу тийш нь холдуулахаар зүүн талын хөлөөрөө жийсэн. Миний гутлын хоншоор нь боосон шрүп байсан. Тэрүүнд л хүрсэн. Өөр үйлдэл болоогүй. Зовхиноос нь дээд талаас оёдлын утас ханзарсан байсан. Тэрнээс нь цус шүүрч байсан. Тэгээд М.O********нэ намайг аавыг ингэлээ гэж цохиж, нүдсэн. Эд нар гуйлгачнаар дуудаад, нутаг орноос зайл гэж доромжилсон. Тэгээд энэ хүмүүс наадхаа хая, энэ хаашаа холддог юм гэсэн. Өөр тийм их айхтар үйлдэл болоогүй. Арагшаа савж унасан гэдэг нь худлаа. Би газар бууж зодолдоогүй. Би гэрт нь очиж зодоогүй. Өөрсдөө хүн дээрэлхэж бөөрөлхдөг улсууд намайг зодсон. Зодуулсан хүн нь би байгаа юм. Тэгээд би машиныхаа ачааг буулгах гээд хойно нь гараад татлагаа тайлаад явсан. Татлага буулгах гэхэд М.O********нэ хойно зогсож байсан. Нөхөр нь мотоцикл дээр утсаа барьсан зогсож байсан. Өнгөрдөг ухас хийж яасан их урт мод ачдаг юм. Ачаатай машиныг нь өнхрүүлж хаяна гээд машины хаалга руу гүйж орсон. Би буухдаа машинаа унтраагаад түлхүүрээ аваад буусан байсан учир түлхүүр олоогүй юм шиг байна лээ. Тэгээд түлхүүр хайгаад олоогүй. Эд нар нь бас явъя гээд цуваад мотоциклоо унаад явсан хэрэг болсон. Би өөр цохиж нүдэж, арагш нь савж унагаагүй. Би хар буруу санаж хүнийг ингэнэ гэж бодоогүй. Машины урд талд мотоцикл хөндлөн тавьсан байсан. Ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан. Ийм зүйл болсон. Би өшиглөж арагш нь савж унахаар зүйл хийгээгүй. Хажуу тийш нь холдуулах санаатай тийрсэн. Тэгэхэд тонгойж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O********нэ өгсөн: “..Манай аав 3 дугаар сарын 30-ны өдөр хашааны модон дээрээс Э.Н**********р ахтай маргалдсан. Урьд өдөр нь мод буулгахад бид нар байхгүй байсан. Маргааш нь гэртээ ирээд байж байхад мод ачсан машин манай урдуур өнгөрөхөөр нь аав руугаа яриад та замын тосоод уулзаач гэж хэлсэн. Аав нь тэгье гэсэн. Тэгтэл зогсоогүй өнгөрөөд явсан. Аав руу залгасан чинь утсаа авахгүй болохоор нь гараад хартал машины ардаас нь гэрийнхээ урдуур өнгөрөөд явж байсан. Зогсохгүй явлаа. Хоёулаа аавын араас явъя гэж нөхөртэй хэлсэн. Ардаас нь очиход Э.Н**********р гуай зогссон аав, энэ хүн хоёр заамдалцсан байсан. Аавын дээлний ар тал нь өвс болсон, нүүр, хөмсөг, малгай нь цус болсон байсан. Та аавын ингэж болохгүй гэж хэлсэн. Манай аав тархины хүнд хагалгаатай. Ийм хүнийг өшиглөж болохгүй гэж хэлсэн. Хашаа барихад ойр, орчмынх нь айлаас асууна гэсэн тогтоол байдаг. Та тэрийгээ дагаж мөрдөхгүй айлуудаас асуухгүй яасан бэ гэж хэлсэн. Э.Н**********р та нарын толгой дээр барьж байгаа биш, та нараас асууна гэж юу байдаг юм гэж хэлсэн. Хэл амаар ойлголцохгүй бол бүгдээрээ хэлдэг газраар нь хэлж ойлголцох юм байна гэж хэлээд аавыг аваад явсан. Машин дотор заамдалцсан зогсож байсан. Нүүр нь улайсан байсан. Дээлнийх нь захыг хүчтэй чанга татаж боогоод нүүр нь улайсан байсан. Аавыг нь дайрч ална гэж байна. Хоёр удаа өшиглөлөө гээд цустайгаа хутгалдсан зогсож байсан. Тэгээд аавыгаа аваад гэр лүүгээ явсан. Гэрт нь хүргэж өгчихөөд биеийн байдлыг нь асуучхаад гэр лүүгээ явсан. Орой 21 цаг өнгөрч байхад аав руугаа ярьхад аав нь зүгээр байна. Одоо унтах гэж байна гэсэн. Тэгээд унтсан байж байтал манай нөхөр фейсбүүк орж байсан аавынхаас хоёр дуудлага ирсэн байна гэсэн. Жи мобайлын утасны дуудлагыг нь анзаараагүй байсан. Тэгээд манай дүү ахыг дуудаад сэрэхгүй байна. Ахын амнаас цустай юм гарсан байна гэж том аажаа уйлсан сууж байна гэсэн. Очоод багийн эмч, түргэний эмчийг дуудсан. эгч маань утасныхаа дууг сонсоогүй. Ахын амнаас цустай юм гарсан байна гэсэн. тэгээд очоод багийн эмч, түргэний эмчээ дуудсан. Э.Н**********р гуайгаас 2,279,500 төгрөгийн эмчилгээ, бензин, эм тарианы мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O******эрнийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед нөхөр бид 2 аавын араас очиход аавын өмсөж явсан ногоон дээлний ар тал хэсэг нь нэлэнхийдээ өвс, шороо болчихсон байсан. Тэгээд газар уначихаад босож ирээд заамдалцсан бололтой байсан. Н*********тар манай аавын дээлний захыг нь мушгиад хоолойг нь боосон байдалтай аавын нүүр нь улаан хүрэн болчихсон байсан. Хадам эгч Э*****цэг, Н*********тарын эхнэр Н******гүйгэх эмэгтэй “манай нөхөр Н******гүйбид хоёр эхлээд Н*********тарыг зодсон..“Н*********тар аргаггүй хамгаалалт хийгээд манай аавыг зодсон” гэж ярьж байсан. Ер нь манай нутгаар манай нөхөр бид 2-ыг эхэлж зодсон гэх худлаа яриа их гарч байна. Манай аав хууч архаг өвчин байгаагүй. Өмнө нь даралт ихсэх зовиур байгаагүй. Аав маань Н*********тараас өөр хэн нэгэнтэй маргалдаж, муудалцаж цохилцсон зүйл огт байхгүй. Н*********тар гуай угаасаа эзэрхий, дээрэлхүү зантай хүн байгаа юм. Энэ талаар нутгийнхан мэднэ. Манай нөхөр бид хоёрыг очсоноос хойш бол манай аавыг цохиж зодоогүй, дээлийн захыг нь мушгиж заамдаад, аавын царай улаан хүрэн амьсгал боогдсон байдалтай байсан, Н*********тар машинаа унтраахгүй аавыг дайрч ална гээд машинаа хаазлаад байсан. Аав, Н*********тар нарын маргаан өдөр 15 цагийн үед болсон, тэгээд шөнийн 23 цаг өнгөрч байхад манай аавын утаснаас хоёр дуудлага ирсэн байсан, дуудлага ирсэнийг мэдээгүй, дүү Б*****нх орж ирээд Мө*******ал ахын амнаас улаан хүрэн өнгийн зүйл гараад, дуудаад сэрэхгүй байна гэж хэлсэн. Би болон манай гэр бүл, хамаатан садангууд гомдолтой байгаа. Учир нь тухайн адөр 15 цагийн үед аав маань тэр Н*********тар гэх хүнтэй маргалдаж муудалцаж, цохиулж зодуулаагүй бол өнөөдөр амьд сэрүүн байх байсан. Н*********тар гэх манай аавын өвөлжөөний газартай ойрхон мод буулгаад, хашаа хороо барих гээд байсан. Тэр газар малын бэлчээрийн газар байсан учраас аав хашаа хороо барьж болохгүй гэж хэлэх гэж очсон...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй буруутай этгээдээс гарсан хохиролоо нэхэмжилнэ, хохиролын талаарх баримтаа бичгээр гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 тал/,
Гэрч Г.Н*******гийн өгсөн: “...Би өчигдөр гэртээ байж байтал 15 цагийн үед мод ачсан машин өгсөөд явсан. Тэгэхээр нь манай эхнэр аав руугаа яриад тосоод уулзчих гээд л байх шиг байсан. Би юм хийгээд сууж байсан. Тэгтэл эхнэр O******нэ нөгөө машины араас аав явчихлаа хоёулаа очъё, яасан юм бол гэхээр нь би эхнэртэйгээ хамт мотоциклоороо нөгөө машин дээр очиход тэр машины дотор Н*********тар ах жолоочийн суудал дээрээ сууж байсан бөгөөд манай хадам аав зүүн талын хаалгыг нь онгойлчихсон тэр хоёр заамдалцаад маргалдаад зогсож байсан. Хадам аавын зүүн талын нүднээс нь цус гарсан, нүүр нь цус болсон харагдаж байсан. Манай хадам аав “энэ хүн намайг хоёр удаа өшиглөлөө” гэж байсан. Би ямар ч байсан нүүр рүү нь өшиглөсөн юм байна гэж ойлгосон. Би тэр хоёрт хандаж настай хүмүүс байж та нар хэл амаараа ойлголцож болдоггүй юм уу, багийн иргэд нийтийн хурлаар тогтоосон “хашаа хороо төхөөрөх бол ойр хавийн айлаас асууж зөвшөөрөл авна” гэсэн байдаг шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Н*********тар гуай “та нарын толгой дээр барьж байгаа юу гэсэн. Н*********тар гуай бид нарын хэлсэн үгийг ойлгох янзгүй байсан учир би за явья явья наад хүн чинь ойлгохгүй юм байна, явах газраараа л явж энэ асуудлыг шийдүүлье, ингэж маргалдаад яахав гэж хэлээд эхнэрийгээ аваад явсан. Хадам аав ч гэсэн өөрийнхөө мотоциклийг унаад гэр рүүгээ явсан. Эхнэр бид хоёр хадам аавынд хамт очиж гэрт нь орчихоод гэрлүүгээ явсан. Хадам аав гэртээ зүгээр суугаад л үлдсэн. Орой 00 цаг өнгөрч байхад би унтаагүй, утас оролдож байсан, манай эхнэр унтаж байсан юм. Тэгсэн чинь хадам аавынхаас 2 удаа дуудлага ирсэн. Эргээд залгасан чинь хамт амьдардаг эгч нь хөгжлийн бэрхшээлтэй болохоор утсаа авчихаад ярьж байгаа зүйл нь ойлгогдохгүй байсан. Тэгээд нэг юм болж дээ очьё гээд эхнэрийг сэрээгээд байж байтал манай эхнэрийн үеэл дүү Б*****нх манайд ирээд “Мө*******алын ахынхаар очсон чинь цустай юмаар бөөлжөөд ухаангүй байна” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр хадам аавынд очсон. Б*****нх багийн эмчийг авч ирэхээр явсан. Эхнэр бид хоёрыг шөнө очиход хадам аав орондоо орчихсон ухаангүй хэвтэж байсан. Орны урд талд хувин тавьчихсан байсан бөгөөд тэр хувинд нь цустай зүйлээр бөөлжсөн болтой бохирлогдсон 00-ын цаас энэ тэр байсан. Багийн эмч А******гал ирж үзсэн, дараа нь сумын эмч А*****дасирж үзээд харвалтын шинжтэй байна, хөдөлгөж болохгүй гээд зөвлөгөө өгсөн. Бид нар бол хадам аавыг эмч нар иртэл хөдөлгөөгүй. Багийн эмч сумын эмч нар ч гэсэн ирж үзээд хадам аавыг хөдөлгөөгүй. Тэгээд өнөөдөр тээвэрлэж М****өн сум руу авч явж байгаа юм. Ийм зүйл болсон. Намайг харж байхад яг цохилцож зодолдох зүйл болоогүй. Очиход бол заамдалцаад авчихсан байдалтай маргалдаад байцгааж байсан. Тэгээд та нар настай хүмүүс байж хэл амаараа учраа олж болдоггүй юм уу гэж хэлсэн. Би бол мотоциклоос буугаагүй, манай эхнэр л бууж тэр хоёр дээр явж очсон. Аавыг яаж байгаа юм бэ, та ингэж цохиж болохгүй ш дээ гэж хэлж байсан. Цохиж зодсонг нь бол хараагүй. Би тэд нарыг цохилцож зодолдоогүй болохоор мотоциклоосоо ч буугаагүй. Тэрнээс зодоон цохион болсон бол би очоод салгана шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Б.Н*******гийн өгсөн: “...Манайх Х****л аймгийн Т*******гэл сумын **-р багийн нутаг, Нү****гийн с****р гэх газарт мал маллаж амьдардаг юм. Манайх уулын модон дотор байдаг хашаагаа зөөж мал үхэр бэлчдэг газартаа барих гээд, нэг ёсондоо бэлчээрээ хамгаалах санаатай барихаар болсон юм. Тэгээд манай нөхөр Н*********тар 20** оны ** дугаар сарын **-ний өдөр миний төрсөн дүү Б*******нтай хамт явж хашааны хуучин модоо зөөж буулгасан. Манайх бол тэр ойр хавийн хоёр айлтайгаа яриад хашаагаа тэнд барина гээд ярьчихсан тэд нар ч гэсэн танайх энд хашаагаа барьчихвал харин ч сайн юм байна гээд зөвшөөрчихсөн байсан. Мө*******ал гуайнх манайхаас зүүн хойшоо уул даваад байдаг юм. Манайх тэр хашаагаа Мө*******ал гуайнхаас нилээн хойшоо барихаар модоо буулгасан болохоор уг нь Мө*******ал гуайн бэлчээр энэ тэрд ямар ч хамаагүй. Тэгсэн чинь өчигдөр манай нөхрийн ганцаараа үлдсэн хэдэн шонгоо зөөгөөд буулгах гэж байхад нь Мө*******алын охин О**о хүргэн Н******гүйнартайгаа хамт очиж энд хашаа хороо барих гэлээ гэж зулгааж цохиж зодсон байсан. Манай нөхөр өчигдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ хүрээд ирэхээр нь би яасан эрт хүрээд ирэв гэсэн чинь дээл хувцасны товч нь урагдчихсан ирсэн. Тэгж ирэхдээ надад Мө*******ал гуай ирээд хашаа хороо барьлаа гэж уурлаж хэл амаар доромжилж, цохиж зодож байгаад дээл урж зулгаагаад явлаа. Машины түлхүүр авах гэж булаацалдаад цохиж зулгаагаад байхаар нь урдаас нь хөлөөрөө нэг тийрчихлээ гэж ярьж байсан. Би тэгэхээр нь охин О**о руу нь залгаж, та нар хүн дээрэлхэж цохиж зодсон байна, битгий урдах ажлаа хүчрэхгүй ядаж байхад хэрүүл уруул хийж гай болоод бай гэж хэлсэн. ...Тэгсэн чинь урдаас балай гуйлгачин авгай энэ тэр гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхэд бол надтай аав тэглээ ингэлээ гэж ямар ч зүйл хэлж яриагүй. Тэр Мө*******ал гуай манай нөхөртэй хэрүүл хийснийхээ дараа хойно хашаа барьж байсан манай сумын 3-р багийн дарга С****эг гэдэг залуу дээр охин нь нөхөртэйгээ очиж хэрүүл хийж, чи энд хашаа барьж байгаа болохоор ах дүү чинь чамтай барьцаж хашаа хороо барьж байна гэж хэрүүл хийгээд явсан гэсэн. Тэгэхэд бол аав тэглээ ингэлээ бие хаа нь өвдлөө гэж яриагүй гэсэн. Яг тухайн үедээ тэр Мө*******ал гуайн бие хаа өвдсөн байсан бол С****эг дээр очихдоо хүртэл хэлэх л байсан байлгүй дээ. Над руу ч гэсэн залгаад хэрүү уруул хийнэ, та нараас болоод аав ингэлээ гэж хэлнэ ш дээ. Тэгэхэд тэгж ерөөсөө юм яриагүй ш дээ. Тэгээд бид нар амарч байтал шөнө 04 цаг өнгөрч байхад манайд сумын цагдаа ирээд Мө*******ал гуай гомдол гаргасан, дуудлага өгсөн. Түргэн дуудаж үзүүлсэн чинь бие нь жаахан тааруу байгаа гэж байна гэж ярьж байсан. Миний бодлоор бол Мө*******ал гуай хүмүүстэй хэрүүл маргаан хийж яваад уур аашнаасаа болж даралт нь ихсэж харвалт энэ тэр өгсөн байхаа. Манай нөхөр Н*********тар бол хэр баргийн хүнийг цохиж зодоод байх хүн биш, гэрээс гардаггүй, хэдэн малаа л маллахаас өөр зүйл мэдэхгүй. Архи дарс ч уудаггүй, цагаан сараар л хаяа амсана. Бүр нэг мөрийн хүн байгаа юм. Гар утас ч барьж мэдэхгүй. Өөрийн хар амьны ажлаа хийхээс гадуур тэнэнэ энэ тэр асуудал ер байхгүй, элдэв буруу ааш авир ч байхгүй. ..аавыг өнгөрснөөс хойш хоёрын хооронд зан гаргаад ойр нутагладаг болохоор ч тэр үү газар ус, бэлчээр харамлаж, манай малыг хөөж тууж, манай нөхрийг хүний нутгийнх гэж гадуурхаж байдаг болсон. Мө*******ал гуайг бол ааш муухай хүн гэж боддог. Угаасаа л гаргаж байгаа ааш авир нь тийм сонин зантай хүн байгаа юм. Манай нөхөр хаанаа архи уухав дээ. Эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч М.Ою*****нийн өгсөн: “...Манай аавынх Х****өл аймгийн Тo*****л сумын **-р багийн нутаг Ул***ны суга гэх газарт нутагладаг. Манайх аавынхаас доохон талд нь нутагладаг юм. Тэгтэл манай аавынхаас хойхон талд хашааны мод буулгачихсан байсан. Бид нар Т********л сумын төв орж ирсэн байсан болохоор тэр хооронд ямар хүн мод хүн мод буулгасанг мэдээгүй байсан. Тэгээд өчигдөр явж байсан чинь манайхаас баруун тийш нүдэнгийн сайр гэдэг газарт байдаг Н*********тар гуай мод ачиж явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би аавын утас руу нь залгаад Н*********тар гуай мод ачиж буулгасан юм байна та замыг нь тосоод уулзчих гэж хэлсэн. Тэгээд би аавыг очиж уулзахнуу гээд гэрээсээ харж байсан чинь Н*********тар гуай цагаан өнгийн Б****-3 машинтайгаа мод ачаад аавын гэрийн хажуугаар гараад мод буулгасан газар руугаа явчихсан. Би аав руу дахиж залгаад яагаад өнгөрөөд явчихав, та уулзсан уу гэж асуух гэсэн чинь аав утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би дахиад гэрийн гадаа гараад харсан чинь аав хашааныхаа урдуур гараад мотоцикльтойгоо Н*********тар гуйан араас нь явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би нөхөртөө Н*********тар гуай зогсохгүй явчихлаа, аав ардаас нь явчихлаа хоёулаа ардаас нь очих уу гэж хэлээд нөхөр бид хоёр очсон. Тэгсэн чинь аавын зүүн нүдний хажуу талаас цус гарчихсан, уруул нь язарчихсан байсан. Тэгээд аав Н*********тар гуайтай маргалдаад заамдалцчихсан байж байсан. Бид хоёрыг очиход аав “Н*********тар машинаа унтраахгүй байна, аавыг нь хоёр удаа өшиглөж байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Н*********тар гуайд хандаж “та одоо яаж байгаа юм, хашаа хороо барихаар бол нутаг дэвсгэрийн ойр тойрны иргэдээс асууж зөвшөөрөл авч байж хашаа хороо барихаар багийн иргэд нийтийн хурал дээр ярьж тохирсон шүү дээ” гэж хэлсэн. Н*********тар гуай бол багийн хурал энэ тэр болохоор огт ирдэггүй юм. Тийм болохоор тэр ойр орчны иргэдээс зөвшөөрөл авах энэ тэр асуудлыг мэдэхгүй байж магадгүй. Н*********тар гуай бол энд хашаа барихад яадаг юм, та нарын толгой дээр барьж байгаа биш, хаана буухаа та нараар заалгана гэж юу байдаг юм гэж байсан. Тэгээд бид нар ч нэг их юм яриагүй, шийдэх газар нь шийдэх байхаа гэж хэлчихээд бид гурав аавынд ирсэн. ..Манай аав бол өчигдөр нөхөр бид хоёрыг гэрт нь очоод гарахад гэртээ зүгээр суугаад үлдсэн. Би өчигдөр орой 21 цагийн үед нөхөртэйгөө хамт урд бэлээрээ үхэр хайгаад явж байхад аавын гадаа нэг мотоцикль ирээд зогсож байгаа харагдсан. Зогсоход нь бөгсний улаан гэрэл нь тод асаж байсан. Тэгээд бид хоёр үхэртээ явчихаад буцаад гэртээ ирээд орох гэж байхад тэр мотоцикль аавын гэрийн гаднаас хөдлөөд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би аав руу залгаад танайд хэн ирээд явав гэсэн чинь аав “Н****үй ах нь ирээд явлаа” гэж байсан. Н******гүйгэж манай аавынхаас хажуухан талд байдаг саахалт айлын хүн байгаа юм. Ингээд би дахиж аавтай яриагүй 22 цаг өнгөрөөгөөд унтсан. Унтаж байхад манай хамаатны дүү Б*****нх манайд 00 цаг өнгөрч байхад ирээд “Мө*******ал ах нэг сонин байна. Аман дотроо нэг цус шиг хүрэн юмаар бөөлжчихөөд дуудахаар сэрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгөө шууд аавынд явж очсон чинь аав гэрийн зүүн талын өөрийнхөө орондоо хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан бөгөөд дуудахад ямар ч ухаангүй, хариу дуугарахгүй, хурхирсан байдалтай байсан. Аман дотор нь улаан хүрэн өнгийн бөөлжис байсан. Манай аавтай хамт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй эгч амыг нь арчаад байж байсан. Би багийн эмч А******галыг дуудаж үзүүлээд, мөн сумын эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Би аавынд очиход 00 цаг 58 минут болж байсан. Багийн эмч удалгүй ирж үзээд харвалт өгсөн юм шиг байна гэж хэлсэн. Сумын эмнэлгээс А*****дас эмч очиж үзээд харвалт өгсөн байна, хөдөлгөж болохгүй, хүнд хүн байна гэж хэлээд зөвлөгөө өгөөд гэрт нь үлдээсэн. Би өдөр болсон маргааны талаар Н******гүй цагдаад хэлж байсан, шөнө бол сумын эмч ирж үзсэний дараа би хотод байдаг эгчдээ Н******гүйцагдаагийн дугаарыг өгөөд дуудлага өгүүлсэн. Тэгээд шөнө Н******гүй цагдаа аавын гадаа очиж уулзаад болсон талаар тодруулж асуугаад, Н*********тар гуайн гэрийг заалгаад, гэрт оролгүй явсан. Манай аав одоогоор ухаангүй байна. Өнөөдөр сумаас эмч нар очоод аавыг хөдөө гэрээс нь сая тээвэрлэж суманд авч ирлээ. Одоо М****н сум руу явахаар бэлтгэж байна. Манай аавын тухайд бол 2014 онд мотоциклиос унаад Улаанбаатар хотод, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины хагалгаанд орж байсан. Энэ өвөл буюу 2024 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт баруун талынхаа нүдэнд хагалгаа хийлгэж байсан. Хараа нь муудаад хагалгаанд орсон юм. Одоо бол гаднаас нь харахад зүүн нүд нь хөхөрч, зүүн хөмсөгний дээр хэсгээрээ хавдсан, уруул хавдсан, дотор талын завьж нь язарсан байдалтай болсон байгаа. Аав бол очиход заамдалцаад авчихсан зогсож байсан. Аав машины хаалгыг нь онгойлгочихсон зогсож байсан. Н*********тар гуай машин дотроо суучихсан байдалтай байсан. Аав бол намайг очсоноос хойш Н*********тар гуайг цохиж зодсон зүйл болоогүй. Намайг очихоос өмнө тэр хоёрын хооронд юу болсонг мэдэхгүй байна. Би аавыг харахад цус энэ тэр гоожчихсон байхаар нь уур хүрээд Н*********тар гуайг хальт гарынхаа үзүүрээр зүүн хацар хэсэгт нь хүрсэн. Тэрнээс өөрөөр цохиж зодсон асуудал болоогүй. Н*********тар эрүүл байсан. Хэвийн байсан. Залуудаа сүрьеэ тусаж байсан. Гэхдээ эдгэчихсэн, эрүүл саруул байсан. Бие өвдлөө зовиурлалаа гэж юм ярьдаггүй байсан. Аав өөр хүнд цохиулж зодуулаагүй. Намайг яг харж байхад Н*********тар гуай цохиж зодсон үйлдэл хийгээгүй. Гэхдээ аавын нүдний хажуу талаас цус гарсан байсан. Аав Н*********тар хоёр удаа тийрч өшиглөлөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,
Гэрч Д.С****рын өгсөн: “...20** оны ** дугаар сарын **-ний шөнө 00 цаг өнгөрч байхад манай дүү O******нэнад руу утасдаад “аавын бие гэнэт муудлаа “ гэхээр нь би “юунаас болсон юм бэ, яав ийв, би өдөр 11 цагийн үед аавтай ярьсан, тэгэхэд зүгээр ярьж байсан гэхэд манай дүү надад “Н*********тар намайг очиход 2 удаа толгой хэсэг рүү өшиглөсөн гэж хэлсэн’’ энэ тухай аав надад өөрөө ярьсан гэж манай дүү надад хэлсэн. .. Тэгээд би Н******гүйцагдаа руу 2 удаа ярьж байж дуудлага өгсөн. Н******гүйцагдаад яагаад өдөр яваагүй юм бэ гэхэд өөрөө өргөдөл гаргаагүй тэгээд яваагүй гэсэн. Манай дүү эхлээд надад хэлэхдээ маргалдсан талаар юум ч яриагүй. Тэгээд цагдаа дуудчихаад О ****нээс лавлаж асуухад Н*********тар аав оёрын маргааны тухай ярьсан. Би өөрөө урд өдрүүдэд аавтай утсаар ярихад бэлчээр дээр хашаа хороо барихдаа мал бүхий иргэнээс зөвшөөрөл авна гэсэн зүйл багийн иргэд нийтийн хурал дээр ярилцаад баталсан байдаг биздээ гэж надаас асууж байсан. Манай дүү “Н*********тар гуай Б***н т***ой бэлд хашаа барина гээд мод буулгасан юм. Тэгээд тэрний араас аав мотоциклтой давхиж очсон, би араас нь нөхөртэйгээ хамт очиход манай аавыг Н*********тар нэг гараараа заамдчихсан, машины үрүүлээс нэг гараараа барьчихсан, нэг хөлөө хаазан дээрээ тавьчихсан, аавыг тийрээд унагаасан байдалтай, аавын дээл хунар өвс шороо болчихсон, духнаас нь цус гарчихсан байдалтай байсан гэж надад хэлсэн. Манай аав Д.Мө*******ал 20** онд Улаанбаатар хотод гэмтэл согог судлал гавал тархины тасагт хагалгаанд орж байсан, тухайн үедээ зам тзэврийн осолд орж байсан юм. Тэрнээс хойш ямар нэгэн өвчин зовиур байхгүй байж байгаад ийм зүйл болчихсон, тухайн хагалгааны дараа өвчин бүрэн эдгэрсэн гэсэн дүгнэлт гараад грүппээс хасагдаж байсан. Н*********тар урьд өмнө 2000 оны эхээр байна уу, 1999 оны сүүлчээр байна уу манай аавыг зодож байсан. Тухайн үед би өөрөө хүүхэд байсан учраас юунаас болж байсныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар малыг нь эмнээд авчихсан байсан учраас маргалдаж байсан санагддаг юм. Мөн дараа нь 2020 онд манай аав бас нэг удаа зодож байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 198 дугаартай: “...Д.Мө*******алын биед тархинд цус харвалт, доод уруулд язрал, зүүн хөмсөг, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, дух, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Д.Мө*******алын биед үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины цус харвалт нь гэмтэл эсвэл өвчний шалтгаантай эсэхийг тогтоох боломжгүй тул нэмэлт шинжилгээ шаардлагатай. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 42 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаартай: “...Д.Мө*******алын цогцост зүүн доод зовхинд сорви, хуйх, дээд уруулын баруун талд цус хуралт, зүүн талд язрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогчид үүссэн гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Д.Мө*******алын биед зүрхний архаг цус хомсрол, судасны хатуурал, артерийн даралт ихсэлт, тархи судасны өвчин нь үхэлд нөлөөлсөн байна. Амь хохирогч нь тархины цус эргэлтийн цочмог хямралын улмаас тархины эд, ховдолд цус харваж нас барсан байна. Энэ нь тархины цус эргэлтийн хямрал, цусны даралт ихдэх өвчин, гол судас болон титэм, тархины судасны хатуурлын товруу, хавхлаасны хатуурал, зүрхний архаг цус хомсрол, тархины цус харвалт, тархины эд, хажуу болон гурав, дөрөвдүгээр ховдол дахь цусан хураа, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, тархи, уушгины хаван, дотор эрхтний цус дүүрэлт зэрэг шинжээр батлагдаж байна. Амь хохирогчийн нас барсан шалтгаан нь хэрэг гарсан гэх өдөр авсан гэмтлээс үүсэхгүй ба ямар шалтгааны улмаас харвасныг тогтоох боломжгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53, 54-59 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 880 дугаартай: “...Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №198 дугаартай дүгнэлт үндэслэлгүй. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №70 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч Д.Мө*******ал нь тархины цочмог цусан хангамжийн хямралын улмаас тархины эд болон 2 талын хажуу ховдол, 3, 4-р ховдолд, тархины аалзан хальсан доор цус харваж нас барсан байна. Уг цус харвалт нь зүрх судасны өвчин артерийн даралт ихсэлт, судас хатуурал зэргээс болж үүснэ, гэмтлээс болж үүсэхгүй. Амь хохирогч Д.Мө*******ал биед зүүн доод зовхинд сорви, хуйх, дээд уруулын баруун талд цус хуралт, зүүн талд язрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр нь үхэлд үхлийн шалтгаанд нөлөөгүй. Өвчний түүхээс үзэхэд 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-ийн 63-73 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай: “...Шинжээч эмч Г.А****гийн 198 дугаартай дүгнэлтийн 1-р хэсэгт бичигдсэн тархинд цус харвалт гэмтэл тогтоогдоо, 3-р хэсэгт бичигдсэн тархины цус харвалт гэмтэл нь гэмтэл эсвэл өвчний шалтгаантай эсэхийг тогтоох боломжгүй, 4-р хэсэг, 70 дугаартай дүгнэлтийн 1-р хэсэгт бичигдсэн зүүн доод зовхинд сорви тогтоогдлоо, 3-р хэсэг, мөн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 880 дугаартай дүгнэлтийн 1-р хэсэг, 3-р хэсэгт бичигдсэн зүүн доод зовхинд сорви тогтоогдлоо, 4-р хэсэгтэй санал нийлэхгүй байна. Амь хохирогчийн цогцост духны зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цухны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн цээд зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, доод уруулын дотор салстад язрал гэмтэл учирсан байна. Тус гэмтэл нь амь хохирогчийг амьд үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Үхэлд нөлөөлөхгүй. Хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь тархины цочмог цусан хангамжийн хямралын улмаас тархины эд болон ховдлууд, тархины аалзан хальсан доор цус харваж нас баржээ. Дээрх тархины эд болон ховдлууд, тархины аалзан хальс доорх цус харвалт нь судас хатуурах өвчин, артерийн даралт ихсэх өвчний хүндрэл бөгөөд гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн 2981 дугаартай өвчний түүхэнд 2024.03.30-ны орой энэлзүйл зовуурь илэрсэн гэж тэмдэглэсэн байх ба тухайн үед үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, дүрс оношилгооны хариу бичиг /хх-ийн 80-94 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 644 дугаартай: “...Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О*****энийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тогтоосон зэрэглэл нь цаашид ямар нэг байдлаар нөлөөлөх эсэх, хэрэв нөлөөлөх бол үргэлжлэх цаг хугацааг тогтоох боломжгүй. М.О*****энийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын, эсхүл байнгын үргэлжлэх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин, дасан зохицохуй зэргээс хамаарах тул одоогоор урьдчилан тогтоох боломжгүй. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 158-160 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2231 дугаартай: “... амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О*****энийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Иймд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А****р, Ц.Д****рэн, нарын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 644 дугаартай дүгнэлтэд үндэслэлтэй байна. М.О****нийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Ялган тогтоох боломжгүй. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын, эсхүл байнгын үргэлжлэх эсэх нь цаашид хохирогч хэрхэн нөлөөлөх эсэх нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, хувь хүний сэтгэлзүйн онцлогоос хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 235-237 тал/,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн толгойн КТГ-ийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45 тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49 тал/,
Шинжээч Г.А****гийн өгсөн: “ ...Д.Мө*******алын биед үүссэн гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх эмгэгүүд нь олон жилийн хугацаанд удаан явцтай аажим аажмаар үүсгэгддэг эмгэгүүд юм. Өөрөөр хэлбэл эдгээр эмгэгүүд нь нэг өдрийн дотор цохиулаад үүсгэгдэн гэсэн ойлголт биш юм. Гэмтлийн улмаас тархины ховдолд цусан хураа үүсэж болно үүнийг гэмтлийн гаралтай өвчний гаралтай гэдгийг тогтоож болно. Гэмтлийн гаралтай бол аль хүч үйлчилсэн талдаа цусан хураа нь тэгш бус хэмтэй учирсан байдаг өвчний гаралтай бол тархинд тэгш хэмтэй үүснэ харин Д.Мө*******алын хувьд тархины ховдолын цусан хураа нь тэгш хэмтэй байсан. Хуйхны цус хуралт гэмтэл гэмтлийн зэрэгт тусгагдсан духны зүүн хэсгийн цус хуралт ба энэ нь хуйхыг нээх үед цаад талаасаа харагдаж байгаа гэмтэл юм. Зүүн доод зовхины сорви нь амьд үед тодрол үүсээгүй байж болно. Энэ тодорхой хугацааны дараа тодорч гарч ирдэг ба цусны эргэлттэй холбоотой мөн гадаргуун салстын хаталтаас үүдэн тодорч гарч ирж болно. Уруулын язрал цус хуралт гэмтлүүд нь Амь хохирогчийг амьд үед үүссэн байх боломжтой гэмтлүүд учир нь хүн ухаангүй байх хугацаандаа хүний ам залгиуруудын булчин суларсан байдаг төвийн гаралтай ухаан алдсан хүнд араг ясны мөчидийн булчин чангарсан байдагтай холбоотой эрүүний булчин чангарч эрүүгээ зууж, хазах үед ам залгиурын салст, хэл уруул нь шүдэн завсар орж хазагдах тохиолдол их байдаг. Мөн ухаангүй хүнд амьсгал саадтай, залигах рефлекс суларсан үед ходоод, мөгөөрсөн хоолойд гуурс /интубаци/ тавих үед гуурсны гадаргууд үрэлцэх шүргэлцэх процесс явагддаг ба ухаангүй хүнд шүлс ялгардаггүй тиймээс хуурай салст руу юм хийх үед цочирч хэсэг газарт язрах шалбарах тохиолдол гарч болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
Шүүгдэгч Э.Н**********рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Х***л аймгийн Т*****эл сумын ** дугаар баг Н****н гэх газарт э***р х****дийн хамт мал маллаж амьдардаг малчин хүн юм. 20** оны *-* дугаар сарын **-ны өдөр би ууланд байсан олон жилийн өмнө барьсан байсан хаваржааны хуучин хашаагаа зөөж барих гээд модоо зөөж байтал манай тэнд нутагладаг саахалт айлын Мө*******ал над дээр мотоциклоор давхиж ирээд “чи яахаараа энд хашаа барьдаг юм” гээд над руу дайрч миний биед халдаж зодсон, би тэр үед машин дотроо жолооны рүль дээрээ сууж байсан, намайг Мө*******ал цохиж, хувцас хунараас зулгаагаад машинаас татаж буулгах гээд байхаар нь би зүүн хөлөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа тийрчихсэн юм. Тэгтэл хуучин оёдол нь задраад цус гарсан, тэгсэн ч гэсэн намайг машинаас татаж буулгах гээд зууралдаад ноцолдоод байсан, тэгтэл Мө*******алын охин нь нөхөртэйгээ ирээд бас над руу дайрч байгаад цагдаа дуудна гээд яваад өгсөн. Би модоо буулгачихаад гэртээ хариад эхнэртэй болсон явдлын талаар хэлсэн. Манай эхнэр Мө*******алын охин руу утасдаад хэрэлдээд байсан. Тэгээд би гэртээ мал хунараа хотлуулчихаад унтаж байтал сумын цагдаа ирээд намайг сумын төв рүү авч яваад өглөө нь Т*******гэл сумын цагдаагийн байранд болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Энэ явдлаас хойш хэдэн хоногийн дараа Мө*******ал нас барсан гэж дуулдсан, тэгтэл тэр нас барсан шалтгааныг нь надтай холбож, намайг зодоод алсан мэтээр хүүхдүүд нь над руу дайрч доромжилсоор өдийг хүрлээ. Одоо олон нийтийн цахим хуудсанд ч намайг Мө*******алыг зодоод алсан мэтээр янз янзын юм бичээд байгаа. Би тухайн үе Мө*******алтай маргалдаж муудалцсан нь үнэн, тэр үедээ өөрийгөө хамгаалах гэж нүүр рүү нь нэг тийрсэн тэрнээс болоод Мө*******ал нас барчихсан юм шиг бүтэн жил шахуу хуулийн байгууллагаар шалгуулж байна. Би Мө*******алын амьд байхад нь өөрийгөө хамгаалах зорилгоор нэг удаа хөлөөрөө тийрч, улмаар хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин талийгч Мө*******алын хүүхдүүдээс над руу хандсан дайралт, доромжлолт, дээрэлхэлт одоог хүртэл байнга ирж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 107 тал/ зэргийг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Н**********рын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Н**********р нь Х****л аймгийн Т*******гэл сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Д.Мө*******алтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь өшиглөж биед нь духны зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсгийн хуйхны доор дотор гадаргууд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, дотор салстад язрал, дээд уруулын дотор салстад язралт, цус хуралт, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О*****нийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Нэ***үйгийн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтын тухайд шүүгдэгч Э.Н**********р нь Х****л аймгийн Т*******гэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 20** оны ** дугаар сарын **-ны өдөр амь хохирогч Д.Мө*******алтай хашаа барих асуудлаар маргалдаж нүүрэн тус газар өшиглөсөн үйл баримт тогтоогдсон. Дээрх үйл баримтаас үзэхэд хохирогчийн биед учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч Э.Н**********рын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэрэгт баримтаар 2,385,000 төгрөгийн баримт гаргаж өгч хохирол нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт 2,279,500 төгрөгийн эмчилгээ, бензиний үнийн баримт байгаа дээрх мөнгөн дүнг нэхэмжилнэ. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоосон мөнгөн дүнг хамгийн дээд зэрэглэлээр тогтоож өгөөч гэх байдлаар тайлбарлаж байна. Дээрх эмчилгээ болон бензиний үнэтэй холбоотой баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судалж байна. Нас барсан цаг хугацаанаас хойш огноотой баримтууд болоод тархины цус харвалт буюу шүүгдэгчийн үйлдэлтэй холбоогүйгээр амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлтэй холбоотой эмчилгээний баримтуудыг нотлох баримтаас хасаж тооцож баримтаар тогтоогдож байгаа хэмжээнд хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах зүйтэй гэж харж байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 644 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоогдсон. Дээрх 3 дугаар зэрэглэлд тогтоогдсон шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 2231 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дээрх сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлээр тооцож сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулан олгуулах нь зүйтэй гэж харж байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлалд 3 дугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гаргуулан олгуулахаар заасан. Хэрэгт авагдсан нөхцөл байдал болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгч байгаа мэдүүлэгтэй холбоотойгоор улсын яллагчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлж шүүгдэгч Э.Н**********раас 9,900,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах дүгнэлт гаргаж байна...” гэсэн санал дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Н**********р нь Х***л аймгийн Т*******гэл сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Д.Мө*******алыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Энэ гэмт хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөөч. Э.Н**********р нь хохирогчийн үр хүүхдүүдээс уучлалт гуйгаагүй, хохиролд төлөөгүй. Хүн нас барсан, хөнгөн гэмтэл учирсан хохирлыг ялгаж салгахад хэцүү. Хохирол учраад энэ хүн эмнэлэгт хэвтсэн. Бид нар оршуулгын зардал, хүчилтөрөгчийн аппарат гэх мэт энэ баримтуудыг оруулаагүй. Нэгэнт хохирол учраад эмнэлэгт хэвтсэн байгаа. хүчил төрөгчийн аппарат тооцоогүй. Өөрсдөө сайн дураараа эм, тариа авсан баримтууд оруулаагүй. Хөнгөн хохирлын улмаас учирсан 38,000 төгрөг, 60,000 төгрөг, 4000 төгрөг гэх мэт бага хэмжээний сарын хугацаанд авсан баримтуудаа оруулснаас нас барсан зардал оруулаагүй. Хохирогчид 10 гаран төрлийн гэмтлийн зэрэг харагдаж байгаа. Нийлбэр дүнгээрээ энэ хүнд хөнгөн хохирол гэж гараад байгаагаас олон тооны шарх, сорив үүссэн. Нас барсан зардлын баримттай хольж солилоо гэж байна. Хөнгөн хохирол учирсан ч гэсэн зардал гарч нааш, цааш явсан байж таараа. Хамгийн бага зардлаа оруулж баримтыг нь хавсаргаж өгсөн байгаа. Нэхэмжилсэн үнийн дүн буюу 2,279,500 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнийг гаргаж өгөөч. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тусгай мэдлэг шаардсан шинжээч нар гаргаж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байнгын хямарсан, уйлсан байдалтай байдаг. Би ч гэсэн гүн хямарсан байна гэж хардаг. Хоёр удаа шинжээч томилоход 3 дугаар зэрэглэл гаргасан. Хүн амины хэрэг дээр 3 дугаар зэрэглэлээр гаргасан зүйл дээр бид нар шийдүүлж л байсан. Энэ дээр маргах зүйлгүй. Ийм учир сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 төгрөгөөр тооцож гаргаж өгөөч...” гэсэн санал дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан санал дүгнэлтдээ: “..Миний үйлчлүүлэгч 20** оны ** дугаар сарын **-ны өдөр маргааны улмаас Д.Мө*******алын биед хөнгөн зэргийн хохирол учруулсан байдаг. Энэ хөнгөн зэргийн хохирол нь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч н.Д***эн, н.Э*****цэг, н.Н****эг нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогддог. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадгүй. Өмгөөлөгч миний зүгээс бас маргахгүй. Э.Н**********р нь заримдаа юмыг буруу, зөрүү сонсож ойлгох зүйл байдаг. Өөрийгөө сайн ойлгуулж чадахгүй байгаа нь харагдаж байна. Тэхдээ гэм буруу дээр маргаан байхгүй. Гэм буруу дээр маргаан байхгүй учир үүнийг цааш үргэлжлүүлж тайлбарлах шаардлага байхгүй. Хохирлын асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцно гэсний дагуу бодит хохирлын тооцоог гаргаж өгөөч. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодруулж асуулаа. Хөнгөн зэргийн хохирлын улмаас шүүгдэгч нэрээр сууж байгаа болохоос танай аавын артерийн даралт ихсэх өвчний улмаас нас барсан асуудал дээр холбогдон шалгагдаагүй. Үүнийг зааглаж ялгаасай гэж хүсэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тодруулж байна. Бид бага мөнгөн дүнтэй зүйл оруулсан. Их мөнгөн дүнтэй зүйлийг нь оруулаагүй. Мөн оршуулгын зардал, бензин, аппараттай холбоотой зүйл оруулаагүй гэж тайлбар гаргаж байна. Үнэхээр оруулах ёстой асуудал байх юм бол нотлох баримтаар оруулах ёстой. Д.Мө*******ал гэх хүн амьд байх үедээ биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан байна. Хөнгөн зэргийн хохирол нь 4 долоо хоногтоо бүрэн эдгэж байх ёстой. Харин энэ хөнгөн зэргийн гэмтлийн улмаас ямар ямар эмчилгээ хийлгэх, эм, тариа авах шаардлагатай юм гэдэг эмчийн заавар, бичгийн дагуу авах ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тархинд цус харвалтын улмаас уг цус харвалтыг шимэгдүүлэх үүднээс уг эм, тариаг хэрэглээд байна гэж байгаа. Артерийн даралт ихсэх өвчний улмаас харвалт үүсээд байгаа болохоос биш хөнгөн гэмтэлтэй холбоотой эм, тариа байхгүй байна. Хавтаст хэргийн 145-146 дугаар талд олон шатахууны зардал байгаа. Энэ нь хохирогчийн нас барсны дараа юунд хэрэглээд байгаа нь мэдэгдэхгүй бензиний зардлууд байгаа. Үүнийг нь мөн гаргуулах боломж байхгүй байна. Шүүх шинжилгээний ерөнхий газар удаа дараа дүгнэлт гаргахдаа хөнгөн зэргийн хохирлын улмаас М.O********нэ гэх хүн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож гэдгийг ойлгоогүй. Ялгаж зааглаагүй дүгнэлт гаргаад байгаа юм байна. Энэ хүний биеийн хэлэмж тэгж харагдаж байна. Миний аав артерийн даралт ихсэх өвчний улмаас нас барсан байна гэдгийг одоо болтол ойлгоогүй байна. Шүүгдэгчээс болоод нас барчхаж гэж ойлгоод шүүх шинжилгээний газар яг энэ сэтгэхүй, биеийн хэлэмжээрээ хандахад нь шинжээч нар энэ хүн уй гашууд автчихаж гэдэг асуудлыг хараад дүгнэлт гаргаад байгаа асуудал байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа нь үнэн. Хүний амь нас хохироосон хүнд зэрэг дээр 3 дугаар зэрэг дээр гаргаж байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын удаа, дараа гаргаад байгаа сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт нь өөрөө Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтыг зөрчиж гаргаж байгаа. Энэ жишиг аргачлалаас өөрөөр гараад байгаа учир яаж тооцохыг би мэдэхгүй байна. Энэ жишиг аргачлалын 3.8-д шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн буруутай үйлдэл эдгээр асуудлаас хамаараад доод хэмжээг шүүх тогтоож болно гэсэн байгаа. Сэтгэцэд учирсан зэрэглэлийн хор уршгийг мөнгөн дүнгээр гаргуулах зүйл үүсэх гэж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гаргуулсан нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Хөнгөн зэргийн хохирол нь хүний биед учирсан гэмтлийг тогтоох журмаараа 4 долоо хоногт бүрэн эдгэж байх ёстой. Энэ хэрэг 1 жил 6 сар дахь хугацаандаа явж байна. Энэ хугацаанд амь хохирогч өвчний улмаас нас бараагүй байсан бол эдгэрээд хэвийн байх ёстой. Энэ байдлыг үүнтэй холбогдуулж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч Э.Н**********р болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь “Шүүх шинжилгээний ерөнхий газар удаа дараа дүгнэлт гаргахдаа хөнгөн зэргийн хохирлын улмаас М.O********нэ гэх хүн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож гэдгийг ойлгоогүй. ..Шүүгдэгчээс болоод нас барчхаж гэж ойлгоод шүүх шинжилгээний газар яг энэ сэтгэхүй, биеийн хэлэмжээрээ хандахад нь шинжээч нар энэ хүн уй гашууд автчихаж гэдэг асуудлыг хараад дүгнэлт гаргаад байгаа асуудал байна. ..Хөнгөн зэргийн хохирол нь хүний биед учирсан гэмтлийг тогтоох журмаараа 4 долоо хоногт бүрэн эдгэж байх ёстой. Энэ хэрэг 1 жил 6 сар дахь хугацаандаа явж байна. Энэ хугацаанд амь хохирогч өвчний улмаас нас бараагүй байсан бол эдгэрээд хэвийн байх ёстой. Энэ байдлыг үүнтэй холбогдуулж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна..” гэж мэтгэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Мө*******алын охин М.О******нийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/371 дугаартай захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 644 дугаартай: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.O***** энийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн хүсэлтийг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлтийг дахин гаргуулахаар шийдвэрлэж, дээрх дүгнэлт иртэл шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2231 дугаартай: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 644 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. М.O****энийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Ялган тогтоох боломжгүй...” гэх дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 644 дугаартай дүгнэлт нь эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлалын үр дүнд ...хууль ёсны төлөөлөгчийг гэмт хэргийн нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлэх байдал ажиглагдахгүй... сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрсэн.. гэж дүгнэсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл зүйн нөхцөл байдал, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг бодитой тогтоосон байна гэж шүүхээс дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлалд заасан 3 дугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****энийн өгсөн мэдүүлэг, гэрч Г.Нэ***үй, Б.Нэ***үй, М.O********нэ, Д.С****рын нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2231 дугаартай, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн толгойн КТГ-ийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч Г.А****гийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н**********рын өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Н**********р нь Х****л аймгийн Т*******гэл сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Д.Мө*******алтай малын бэлчээрийн газарт хашаа барих гэж мод буулгасанаас болж маргалдан, улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь духны зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, доод уруулын дотор салстад язрал бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Л.Мө*******алын биед духны зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цухны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн цээд зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, доод уруулын дотор салстад язрал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Э.Н**********рын хохирогч Д.Мө*******алын бие эрх чөлөөнд халдрж зодсон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Н**********рын хохирогч Д.Мө*******алын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Н**********р нь хохирогч Д.Мө*******алын бие эрх чөлөөнд нь халдаж, зодсоны улмаас хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Э.Н**********рын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Н**********рын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Н**********рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Н**********рын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мө*******алын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****нэ нь хохирогчийн эм, эмчилгээ, тээврийн зардалд 2.279.500 төгрөг нэхэмжилж, баримтаар 2.380.454 төгрөгийн баримт, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөрийг нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж хэрэгт /хх-ийн 144-146, 235-237/-д тус тус нотлох баримтыг хавсарган ирүүлжээ.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоо, бензин шатахуунтай холбоотой гарсан зардал болох хх-ийн 144 дүгээр талд авагдсан /42.300, 35.300, 24.000, 4.400, 42.300, 55.400, 19.900, 4.300, 18.500, 40.250, 8.250, 33.000, 38.500, 5.100, 5.600, 7.500/ 384.600 төгрөг, хх-ийн 145 дугаар талд авагдсан /100.000, 75.000, 33.000, 66.500/274.500 төгрөг, 146 дугаар талд авагдсан /150.000, 20.000, 45.454, 50.000, 40.000, 12.000, 110.000, 50.000, 40.000, 73.000, 67.500, 82.000, 120.000, 100.000, 70.000/1.029.954 төгрөг нийт 1.689.054 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Э.Н**********раас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O********нэд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****энийн нэхэмжлэлийн шаардлагаас хх-ийн 144 дүгээр талд авагдсан /8.400,14.500/22.900 төгрөг, 145 дугаар талд авагдсан /20.000, 174.000, 44.000, 122.000, 38.000, 138.000/536.000 төгрөг, 146 дугаар талд авагдсан /72.500, 60.000/132.500 төгрөг нийт 691.400 баримтууд нь хохирогчийн жам ёсны хэрэгцээний зардал, бараа үйлчилгээний зардал мөн энэ хэрэгт хамааралгүй 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчийг нас барсны дараах цаг хугацаанд бүрдүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.
Тодруулбал: хохирогч нь тархины цочмог цусан хангамжийн хямралын улмаас тархины эд болон ховдлууд, тархины аалзан хальсан доор цус харваж 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан ба шүүгдэгч Э.Н**********рын хохирогчийн биед учруулсан хөнгөн гэмтэлтэй амь хохирогчийн үхэл шалтгаантай холбоогүй болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****энийн нэхэмжилсэн 691.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O********нэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Э.Н**********р нь Х****л аймгийн Т*******гэл сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Мө*******алтай маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр болсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2231 дугаартай: “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****энийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ..Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын, эсхүл байнгын үргэлжлэх эсэх нь цаашид хохирогч хэрхэн нөлөөлөх эсэх нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, хувь хүний сэтгэлзүйн онцлогоос хамаарна...” гэх дүгнэлтийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****энийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, Д.Мө*******алын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр духны зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, доод уруулын дотор салстад язрал бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгааг, уг гэмтлийн улмаас хохирогч Д.Мө*******алын биед хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч Э.Н**********рын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O********нэд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 13 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход төгрөг болж байна. / 660.000*13= 8.580.000/.
Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюун-Эрдэнийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 691.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 1.689.054 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 8.580.000 төгрөг нийт 10.269.054 төгрөгийг шүүгдэгч Э.Н**********раас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O********нэд олгож шийдвэрлэлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Н**********рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Н**********рын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Э.Н**********рын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байхгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Э.Н**********р нь хэрэг хариуцах чадвартай. Мөрдөн байцаах шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэх боловч шүүгдэгчийн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлгээр гэм буруугаа ухамсарлаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь малчин ажилтай, миний нэр дээр үхэр байгаа гэх боловч тогтмол орлого олдоггүй. Бусад байдлаар орлого олох нөхцөл байдал байдаггүй гэдэг нөхцөл байдлыг ярьсан. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд торгох ял оногдуулах нь тохиромжгүй байна гэж үзсэн. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Н**********рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, түүний оршин суух газрын Х*****л аймгийн Т*******гэл сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Э.Н**********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүх хуралдааны болон мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Н**********р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа үйлдэл харагдахгүй байна. Мөн хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэл байхгүй учир улсын яллагчийн зорчих эрх хязгаарлах ялын саналыг дэмжиж байна. Иймд торгох ял оногдуулах боломж байхгүй. Торгууль оногдуулсан тохиолдолд нөхөн төлүүлэх боломж байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйгаагүй, хохирол төлбөр төлөөгүй. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруу дээр маргаагүй гэдгээ миний үйлчлүүлэгч болон миний тухайд тодруулж хэлсэн. Яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O********нэ аав, Э.Н**********р хоёр бие биенээ заамдалцаад зогсож байсан гэдэг зүйлийг ярьдаг. Машинтай явж байгаа хүний араас очиж хэл, ам хийсэн нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж хэлэхээр байна. Мөн миний үйлчлүүлэгч шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байна. Ийм учир эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Э.Н**********р нь өөрөө малчин. Мал маллаж амьдрал ахуйгаа авч явдаг гэдгээ тодруулж хэлсэн. Түүнээс өөрийгөө ямар ч орлогын эх үүсвэр байхгүй гэж хэлээгүй. Миний үйлчлүүлэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөх боломжгүй гэдэг байдлаар буруугаар мушгиж харахыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд үйлдсэн гэмт хэрэг нь өөрөө зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулах сонгох санкцитай гэмт хэрэг. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Н**********рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****энийн өгсөн: ... аав, Э.Н**********р хоёр бие биенээ заамдалцаад зогсож байсан гэдэг зүйлийг ярьдаг. Машинтай явж байгаа хүний араас очиж хэл, ам хийсэн нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж мэтгэлцэж байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд удаа дараа өгсөн “..Бид хоёрыг очиход аав “Н*********тар машинаа унтраахгүй байна, аавыг нь хоёр удаа өшиглөж байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Н*********тар гуайд хандаж “та одоо яаж байгаа юм, хашаа хороо барихаар бол нутаг дэвсгэрийн ойр тойрны иргэдээс асууж зөвшөөрөл авч байж хашаа хороо барихаар багийн иргэд нийтийн хурал дээр ярьж тохирсон шүү дээ” гэж хэлсэн. Н*********тар гуай бол багийн хурал энэ тэр болохоор огт ирдэггүй юм. Тийм болохоор тэр ойр орчны иргэдээс зөвшөөрөл авах энэ тэр асуудлыг мэдэхгүй байж магадгүй...” гэх мэдүүлгийг тогтвортой өгсөн, мөн гэрч Д.С****рын өгсөн “Би өөрөө урд өдрүүдэд аавтай утсаар ярихад бэлчээр дээр хашаа хороо барихдаа мал бүхий иргэнээс зөвшөөрөл авна гэсэн зүйл багийн иргэд нийтийн хурал дээр ярилцаад баталсан байдаг биздээ гэж надаас асууж байсан. Манай дүү “Н*********тар гуай хашаа барина гээд мод буулгасан юм. Тэгээд тэрний араас аав мотоциклтой давхиж очсон, би араас нь нөхөртэйгээ хамт очиход манай аавыг Н*********тар нэг гараараа заамдчихсан, машины үрүүлээс нэг гараараа барьчихсан, нэг хөлөө хаазан дээрээ тавьчихсан, аавыг тийрээд унагаасан байдалтай, аавын дээл хунар өвс шороо болчихсон, духнаас нь цус гарчихсан байдалтай байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлгээр хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус байдлаас болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин хохирогчийн нутаг дэвсгэрийн ойр тойрны иргэдээс асууж зөвшөөрөл авч байж малын хашаагаа барихаар багийн иргэд нийтийн хурал дээр хэлэлцэж, ярилцсан тухай хэлэхэд шүүгдэгч уурлаж хохирогчийн биед халдсан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Н**********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх” санкцтай бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтмол орлого байхгүй талаараа мэдүүлсэн, түүний насны байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Т*******гэл сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Э.Н**********рыг Хөвсгөл аймгийн Т*******гэл сумаас гадагш зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Н**********рт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Н**********р нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бурхант овогт Э.Н*********тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н**********рыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н**********рыг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Т*****гэл сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Э.Н**********рыг Хөвсгөл аймгийн Т*******гэл сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Н**********рт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****энийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 691.400 (зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O****энийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 1.689.054 (нэг сая зургаан зуун наян есөн мянга тавин дөрөв) төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 8.580.000 (найман сая таван зуун ная) төгрөг нийт 10.269.054 (арван сая хоёр зуун жаран есөн мянга тавин дөрөв) төгрөгийг шүүгдэгч Э.Н**********раас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.O********нэд олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н**********рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Н**********р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН