Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 156/шш2023/00103

 

 

 



156/ШШ2023/00103

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2023/00020/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хиийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч:*******,

Нэхэмжлэлийн шаардлага: 9 100 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагч:*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь 2019 оны 12 дугаар сарын 20-доор ******* надаас "би хашаа байшингаа барьцаанд тавиад зээл авчихсан юм. Зээлээ төлж чадахгүй, хашаа байшингаа хураалгах гээд байна. Надад 8.500.000 төгрөг зээлээч" гэж гуйсан. Тэгэхэд нь би өөрийн төрсөн ах*******ын малнаас нэг хар соёолон сувай үнээ /950000 төгрөг болсон гэх/, хөх соёолон улаан үхэр нэг, нэг улаан шүдлэн эр үхэр, нэг улаан ягаан бяруу, нэг улаан халзан үнээ, нэг улаан халзан шүдлэн үхэр, нэг шүдлэн үхэр авч өгсөн.******* нь надад "банкны зээлээ төлөөд, танд хашаа байшингаа өгье" гэж хэлсэн. Гэсэн ч надад хашаа байшингаа өгөлгүй, таны мөнгийг өгнө гэж хэлж өдийг хүрсэн. Би 2021 оны 7 сарын сүүлээр*******ыг хашаа байшингаа зарсан болохыг мэдээд мөнгөө нэхсэн. Гэтэл би танд 8 ханатай иж бүрэн малын хашаа саравч барьж өгнө гэж хэлсэн. Гэсэн ч одоог хүртэл мөнгөө ч өгөөгүй, иж бүрэн малын хашаа, саравчаа ч барьж өгөөгүй байна. Миний бие*******тай гэрээ байгуулаагүй ч тухайн үед биднийг хэлэлцэж тохиролцож, мал авч явсныг гэрчлэх гэрчүүд бий. Иймд*******аас 9.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* миний бие Базрын Эрдэнэцэцгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* нь маш их хэмжээний архи уудаг. Архи уусан согтуу үедээ манайхаар орж гардаг байсан. Нутгийн хүн учраас бие биеэ таньж мэддэг. Миний бие Б.Эрдэнэцэцгээс 2019 оны 12-р сарын 20-оор хашаа байшингаа барьцаанд тавьж 8.500.000 төгрөг зээлж авсан зүйл байхгүй, мөн хар соёолон сувай үхэр, хех соёолон улаан үхэр, улаан шүдлэн эр үхэр, улаан ягаан бяруу, улаан халзан үхэр, улаан халзан шүдлэн үхэр гэх мэт зүстэй үхрүүдийг би аваагүй. Яагаад надаас 9.100.000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. ******* нь 2022 оны 8-р сард хамтран амьдарч байсан хүнээ хүнд гэмтэл учруулсан хэргээр Цагдаагийн газарт шалгагдаж эмчилгээний зардалд мөнгө төлсөн сураг гарч байсан. ******* нь байнга архи уудаг бөгөөд өөрийнхөө архины хэрэгцээндээ зарцуулсан болон хамтран амьдарч байсан хүнийхээ эмчилгээнд зарцуулсан мөнгөө надаас үндэслэлгүйгээр нэхэмжилж байна гэж үзэж байна. Нэг ч удаа миний бие Б.Эрдэнэцэцгийн хөдөө гэр орноор очиж мал ахуй авч байгаагүй гэтэл*******ыг надаас үхэр авсан болохыг мэдэх гэрчүүд байгаа гэж өөрийн төрсөн ах*******ын нэрийг бичсэн байна. Үүнээс дүгнэхэд өөрийн ах дүү, хамаатан саднаараа худал гэрчлүүлж надаас дээрх 9.100.000 төгрөгийг гаргуулах санаа зорилготой байгаа юм байна гэж ойлголоо. Миний бие *******т 8 ханатай малын хашаа саравч барьж өгнө гэж мен хэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор өөрийн хаан банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгч байна. Мөн ******* болон******* нарын малын А дансгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт нь байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хөрөнгийн үнэлгээний тайлан /хм-ийн 4-7-р тал/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хм-ийн 8-р тал/, зэрэг болно.

 

4. Хариуцагчаас дараах бичгийн нотлох баримтыг ирүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хариу тайлбар /хм-ийн 14-р тал/, Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн Засаг даргын 2023 лны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай албан бичиг /хм-ийн 15-р тал/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ад холбогдуулан 9 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 9 100 000 төгрөгийг зээлүүлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өмгөөлөгч Д.Ганхуягтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өөрийн эрх ашгийг хамгаалуулж, хууль зүйн туслалцаа авахаар харилцан тохиролцсон байна. Шүүхээс шүүх хуралдааны товийг нэхэмжлэгч талд мэдэгдэх хуудсаар болон утсаар мэдэгдсээр байхад шүүхэд хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар талуудын хэн аль нь хэргийг эзгүйгээр шийдвэрлэх хүсэлтийг гаргаагүй боловч хэргийг цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж заасан байх тул шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч*******ыг мөнгө зээлсэн, өөрийн ахын малнаасаа мал өгсөн гэж байх боловч энэ талаар баримтыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч нь энэ асуудлаар тус анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасаныг 2023 оны 02 сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн гэж хариуцагч шүүх хуралдаан дээр тайлбарласан болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлнэ гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160 550 төгрөгийг улын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч*******аас 9 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянашийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ