| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2013/03391/и |
| Дугаар | 1307 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1307
Л.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/01424 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Л.Э-ын нэхэмжлэлтэй, “ЭИАТЭ” ХХК-д холбогдох
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоолгож, хохиролд 34 489 189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭИАТЭ” ХХК маргаан бүхий Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 38 дугаар байрны00 тоот орон сууцны талбайн хэмжээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар зориуд хуурамчаар мэдүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “ЭИАТЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн, худалдан авагч Ан Жун Хеон нарын хооронд хэлцэл байгуулагдсан. Хэлцлийн 1.2-д үл хөдлөхийн талбайн хэмжээг 67.79 м.кв гэж тодорхойлсон. Хариуцагч талын Баянгол дүүргийн Улсын бүртгэлд мэдүүлэхэд хавсаргасан барилгын зурагт00 тоот барилгын D хэсэгт байрлана. Унтлагын өрөө 11.55 м.кв, үүдний өрөө 16.55 м.кв, гал тогоо 13.74 м.кв, хувцасны өрөө 20.88 м.кв, нойлын өрөө 7.24 м.кв, блокон 3 м.кв нийт 66.29 м.кв барилгын зургаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлсэн. Бодит байдалд талбайн хэмжээ 56.42 м.кв юм. Орон сууцны контороос дулаан, байрны ашиглалтын зардал тооцохдоо талбайн хэмжээг 55.85 м.кв гэж тодорхойлсон. Байр ашиглалтад орсон цагаас ашиглалтын зардлыг үл хөдлөхийн 55.85 м.кв хэмжээгээр төлж ирсэн. Барилгын ажлын эх зурагт D блок буюу00 тоотын коридор 5.28 м.кв, ариун цэврийн өрөө 5.5 м.кв, унтлагын өрөө 17 м.кв, зочин, галын өрөө 29.29 м.кв нийт 56.99 м.кв болохыг тодорхойлсон. “ЭИАТЭ” ХХК Баянгол дүүргийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн зургийг хуурамчаар үйлдэж, талбайн хэмжээг 67.79 м.кв гэж зохиомлоор мэдүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Ан Жун Хеон үл хөдлөхийг өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн 67.79 м.кв гэх хэмжээгээр худалдан авч, Л.Э-д мөн дээрх хэмжээгээр худалдсан. “ЭИАТЭ” ХХК үл хөдлөхийн талбайн хэмжээг худал мэдүүлснээр Л.Э-д гэм хорын хохирол учирсан. Худал мэдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд хариуцлага хүлээхийг барилгын тухай хууль, үл хөдлөхийн улсын бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан. “ЭИАТЭ” ХХК ашиг олох зорилгоор санаатай үл хөдлөхийн талбайн хэмжээг өсгөн нэмэгдүүлж, үл хөдлөхийн гэрчилгээ авснаар нэхэмжлэгч Л.Э-д гэм хорын хохирол үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын дүн анх Ан Жун Хеонтой гэрээ байгуулахдаа талбайн хэмжээг 67.79 м.кв, 130.000.000 төгрөгийн үнэ тохирсон. Л.Э 10.000.000 төгрөг дансаар шилжүүлж, Худалдаа хөгжлийн банкнаас 8 хувийн 120.000.000 төгрөгийн зээл авч төлбөр төлсөн. Үл хөдлөхийн талбайн хэмжээ үнэн зөв, бодит байсан бол Л.Э 120.000.000 төгрөгийн зээл биш, бага авах байсан. Улсын бүртгэлд талбайн хэмжээг 67.79 м.кв-аар мэдүүлж, бодит хэмжээ 56.42 м.кв байгаа юм. Үл хөдлөхийн талбайн зөрүү 12.37 м.кв юм. Нэг м.кв талбай 1.917.687 төгрөг, 23.721.787 төгрөгийн шууд хохирол учирч, мөн ийм хэмжээний зээл банкнаас илүү авсан. Зээлийн гэрээний 2.1-д сарын хүү 0.066 хувь 23.721.787 төгрөгийн сарын хүү 157.987 төгрөг 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 46 сар, 7.267.402 төгрөг илүү төлсөн талбайн хохирол болно. Илүү авсан зээлийн хүүгийн төлбөр 7.267.402 төгрөг, илүү талбайд төлсөн төлбөр 23.721.787 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг, нийт 34.489.189 төгрөгийг “ЭИАТЭ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ЭИАТЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Э 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-ын иргэн Ан Жун Хеонтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр бүртгүүлсэн. БНСУ-ын иргэн Ан Жун Хеон “ЭИАТЭ” ХХК-ийн барьсан барилгын ажлын цахилгааны монтаж, угсралт суурилуулалтын ажил хийж гүйцэтгэсэн. Талуудын хооронд гэрээ байгуулаагүй ч хийсэн ажлын хөлсөнд орон сууцыг бартераар өгсөн. Барилгын м.кв-ыг барилгын зургаар улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах эрх нээсэн. Л.Э 2014 онд гэрээ байгуулж орон сууц авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн даруй Ан Жун Хеоноос хохирол нэхэмжлэх эрх нээлттэй байсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл дээрх хуулийн заалтаар Л.Э-ын өмчлөлийн хөрөнгө өмнө ямар байсан одоо ямар байдлаар сэргээлгэх гэж байгаа юм бэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зээл Монголын ипотекийн корпорацид шилжсэн. Монголын ипотекийн корпорацид үл хөдлөхтэй холбоотой шаардах эрх шилжсэн гэсэн албан тоот байна. Нэхэмжлэгч зөрчлийн улмаас үүссэн үүргээр шаардсан. Тухайн зөрчил гаргасан этгээдийн гэм буруутай үйлдлийг ямар эрх бүхий байгууллага шалган тогтоосон шийдвэрээр нотлогдож байгаа юм бэ. Яагаад хууль зөрчиж мэдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй. Л.Э Ан Жун Хеонтой хэрхэн тохирч, ямар гэрээ байгуулсан, орон сууцыг м.кв-ын үнэлгээгээр авсан эсвэл үнийн дүнгээр тогтоож авсныг “ЭИАТЭ” ХХК мэдэхгүй. Л.Э-ын Ан Жун Хеонтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэж, улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрх баталгаажуулсан байхад эрх зүйн харилцаанд орсон эрхийн актын хүрээнд шаардлага гаргахгүй, “ЭИАТЭ” ХХК-д холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Ан Жун Хеон, Ан Сан Дун нар өөр өөр хүмүүс. “ЭИАТЭ ХХК-ийн хувьцааг 2 Солонгос иргэн 70/30 хувиар эзэмшдэг. Ан Сан Дун компанийн хувьцаа эзэмшигч, Ан Жун Хеон компанийн хувьцаа эзэмшигч биш. Ан Жун Хеон “ЭИАТЭ” ХХК-тай ямар шугамаар холбогдож, компани нь Л.Э, Ан Жун Хеон нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцааны хариуцлага хүлээлгэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Л.Э-ад нэхэмжлэл гаргах эрх байгаа эсэхэд эргэлзээ төрж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан “ЭИАТЭ” ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоож, Л.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 34.489.189 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Э болон БНСУ-ын иргэн Ан Жун Хёонтой байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээнд нэгж талбайн үнийг тодорхойлоогүй ч энэ нь нэгж талбайн үнийг талууд тохиролцоогүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Гэрээнд тухайн үл хөдлөх хөрөнгийн нийт талбайн хэмжээ, нийт үнииг тусгасан нь агуулгаараа тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ нь нэгж талбайн хэмжээнд суурилж тодорхойлогдсоныг харуулж байна. Түүнчлэн өнөө цагт Монгол улсад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь талбайн хэмжээнээс шууд хамааралтай тогтоогддог. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар " ЭИАТЭ " ХХК нь маргаж буй орон сууцны бодит талбайн хэмжээг илүү ашиг олох зорилгоор, хууль бусаар зориуд өсгөн нэмэгдүүлж бүртгэх байгууллагад бүртгүүлсэн нь нотлогддог. Нэхэмжлэгч Л.Э-ын бодит бус талбайд илүү төлсөн мөнгө болон түүнд төлсөн хүүг бодит учирсан хохирол биш гэж дүгнэсэн нь өөрөө Иргэний хуулийн агуулга. зарчимд нийцсэн дүгнэлт болж чадаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэгчийн бодит бус илүү талбайд төлсөн үнэ 23.721.787 төгрөг, түүний хүүнд төлсөн 7.267.402 төгрөг, нийт 30.989.189 төгрөгийг " ЭИАТЭ " ХХК-аас гаргуулж өгнө үү. Иймд шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-д заасан "..." ЭИАТЭ " ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоож гэснийг хэвээр үлдээж, Л.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 34.489.189 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж хариуцагч " ЭИАТЭ " ХХК-аас давж заалдах гомдлын шаардлага болох 30.989.189 төгрөгийг гаргуулж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч “ЭИАТЭ” ХХК-д холбогдуулан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоолгож, хохиролд 34 489 189 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч “ЭИАТЭ” ХХК, БНСУ-ын иргэн Ан Жүн Хёон нарын хооронд байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 38 дугаар байрны 84 тоотод байрлах, 67.79 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх захиалагч нь 67 000 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх-ийн 71-74/
Хариуцагч “ЭИАТЭ” ХХК нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 38 дугаар байрны 84 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг анх улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 67.79 м.кв талбайтай гэж мэдүүлж улсын бүртгэлд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлж, БНСУ-ын иргэн Ан Жүн Хёоны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. /хх-ийн 68-79/
Үндэсний Төв Архиваас ирүүлсэн “ЭИАТЭ” ХХК-ийн үйлчилгээтэй 50 айлын орон сууцны барилгын өөрчлөгдсөн зурагт дээрх орон сууцны талбайн хэмжээ нь 8 дугаар давхрын D1 блок 53.56 м.кв гэж тусгагджээ. /хх-ийн 176/
Дээрх байдлаас үзэхэд орон сууцны талбайн хэмжээ 53.56 м.кв байгаа тохиолдолд энэ талаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан эсэх нь тодорхой бус байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. дэх хэсэгт “Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасан бөгөөд ийнхүү шийдвэрлээгүй байгаа тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоох эсэхийг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруугийн талаар дүгнэлт хийх, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/01424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 896 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Н.БАТЗОРИГ