Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Э*******р нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасанцэрэнгийн Э*******рт холбогдох эрүүгийн 1738001640036 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч Б.Э*******р нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Шивэрт гэх газар иргэн Б.Т*******ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э*******р нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Шивэрт гэх газар иргэн Б.Т*******ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогч Б.Т*******ны: “...Тэгэхээр нь би юунд  ийм юм яриад байгаан өөр юм яръя гэтэл чи юу юм гээд намайг барьж аваад дараад авахаар нь би үс зулгаагаад байна болъё гэхэд хамт байсан хүмүүс салгасан. Намайг дээшээ хараад хэвтэж байтал Э*******р миний нүүр рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,

       Гэрч Н.О-н: “...Би яг зодолдож байхыг нь хараагүй. Харин салгах гээд очиход Э*******р зүгээр бай гээд байхад хүн өдөөд байна гэж хэлж байхыг сонссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

       Гэрч Ш.Ц-н: “...Яг юунаас болсныг мэдээгүй. Т*******н Э*******рыг өдөөд байх шиг байсан. Нүүр рүү нь өшиглөх шиг болсон. Өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 469 дугаартай

       Б.Т*******ны биед хамар ясны хугарал, нүдний салстад болон зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       Б.Т*******ны биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Э*******р нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Т*******н нь шүүгдэгч Б.Э*******раас 1.500.000 төгрөгийг хүлээн авч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738001640036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Зэлмэ овогт Баасанцэрэнгийн Э*******рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******рыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      4. Эрүүгийн 1738001640036 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******рт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Т.ХҮРЭЛБААТАР