Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 110/2023/0009/З |
Дугаар | 110/ШШ2023/0016 |
Огноо | 2023-03-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 110/ШШ2023/0016
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, Б.С, А.А нарын нэхэмжлэлтэй, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан 66, 71, 72, 73 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С, А.А нараас шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Нэхэмжлэгч Х овогт Б.С, М овогт А.А бид Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан 66, 71, 72, 73 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан билээ.
Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А нь тус сумын ээлжит хуралдааныг хийхгүй саад учруулж, шүүхэд үүсгэсэн энэхүү захиргааны хэргийг далимдуулан төрийн үйл хэргийг хойшлуулж байгаад харамсаж байна. Дарга М.А нь шүүх дэх маргаан шийдвэрлэгдэх хүртэл ээлжит хурал хийхгүй хэмээн хурлын үйл ажиллагааг гацааж байгаа тул тус сумын иргэдийн эрх ашгийн үүднээсээ энэхүү нэхэмжлэлээсээ татгалзахад хүрч байна.
Тэгээд ч аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Б.С намайг Дэлүүн сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа учраас дахин сумын Засаг даргаар А.Н нэр дэвшүүлэх боломжгүй юм. Дээрх хууль бус тогтоолууд нь эрх зүйн үр дагаваргүй тул заавал шүүхээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагагүй хэмээн үзэж байна.
Иймд шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан 66, 71, 72, 73 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.С, А.А нар “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан 66, 71, 72, 73 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С, А.А нар “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус байсан болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан 66, 71, 72, 73 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.С, А.А нарын нэхэмжлэлтэй, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША