Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/698

 

Н.А-эд холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/640 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006000002796 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Н.А-, 1980 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Н.А- нь 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 22 цагийн үед, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун урд талын гудамжинд 23 см-ийн урттай никель хутгыг ашиглан М.С-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                  

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.А-ийг “зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 111 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг 23 см-ийн урттай никель хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 201 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд 111 хоног цагдан хоригдсон гэж зөрүүтэй тоолсон тул цагдан хоригдсон хоногийг зөвтгөж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Н.А- нь 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 22 цагийн үед, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун урд талын гудамжинд 23 см-ийн урттай никель хутгыг ашиглан М.С-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч М.С- нь “...гэр лүүгээ алхаад явж байхад гэнэт араас нэг хүн хүзүүдээд газар унагаагаад миний амыг дараад хоолойг боосон. Тэгээд би “Хүн байна уу, туслаарай” гэж орилж хашхиртал “Шунхлай” шатахын түгээх станцын баруун талын замаар автомашин гарч ирсэн. Тэгэхэд намайг дээрэмдэх гэж байсан хүн зугтаагаад явсан. Тэр автомашины жолооч гарч ирээд нөгөө хүнийг барьж авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд нөгөө хүнийг бариад аваад явсан. Надад алдагдсан зүйл байхгүй. Баруун хацар өвдсөн байна. ...” /хх 18/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан этгээдийн талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - болсон үйл явдлын дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Э.О-ын “...би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст НХЖХТ-д эргүүлийн офицероор ажилладаг бөгөөд дуудлага мэдээллийн дагуу 22 цаг 53 минутад тус дүүргийн 13 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцын баруун талын гудамжаар урагшаа 200 метр орчим газар буюу 11 дүгээр байрны хашааны үүдэнд очиход дээрэм хийсэн гэх этгээдийг үл таних эрэгтэй газар суулгачихсан, ашигласан гэх хутга нь газар байсан. Хохирогч эмэгтэй нь их айж сандарсан байсан. ...” /хх 21-22/,

            - шүүгдэгч Н.А-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...орцонд орж хоноглох зорилгоор харанхуй гудамжинд алхаж явахад миний урд талд хар өнгийн куртиктэй үл таних эмэгтэй ганцаараа алхаж явсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн араас нь очиж боож унагаан, хутгаа гаргаж ирээд “Биед байгаа эд зүйлээ гарга” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй эд зүйлээ гаргаж өгөхгүйгээр орилж, хашхирах гээд байсан тул би түүний амыг гараараа дарсан. Энэ үед гудамжны урд талаас намайг чиглээд ирж байсан автомашины гэрэл над руу тусаад байсан тул би дээрэмдэж байсан эмэгтэйгээ орхиод зугтаасан чинь тухайн автомашинаас үл таних хоёр хүн гарч ирээд миний хоёр талаас бариад авсан ба дээрэмдүүлж байсан эмэгтэй мөн хүрч ирсэн. ...” /хх 50-51/ гэсэн мэдүүлгүүд,

            - гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хутгыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 11, 13/,

            - хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 12772 дугаартай “...биед баруун хацар, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 40-41/ гэсэн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч Н.А-ийн санаа зорилго анхнаасаа бусдын эд хөрөнгө рүү шууд чиглэснээс гадна, тухайн эд хөрөнгийг авахын тулд хутга хэрэглэн өмчлөгчийн биед халдаж, түүний эд хөрөнгөө хамгаалан тэмцэх, эсэргүүцлийг сулруулсан байна.

            Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Н.А-ийг зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад дээрэмдэх гэмт хэргийг онц хүндрүүлэх шинжтэйгээр буюу “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

            Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгожээ.

            Шүүх дээрх заалтыг хохирогчийн гомдол саналыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг.                

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хор аюул, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, үүнээс доогуур хорих ял оногдуулж, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Н.А-ийг ийнхүү гэм буруутайд тооцохдоо “...гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичсэнээс гадна, тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 204 хоног цагдан хоригдсон байхад тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...111 хоног цагдан хоригдсон...” гэж буруу тооцсон, ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан байхад “...ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж хуульд заагаагүй, ойлгомжгүй үг хэллэгээр бичсэн зэргийг хуульд нийцүүлэн тус тус зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Иймээс шүүгдэгч Н.А-ийн “цагдан хоригдсон хоногийг зөвтгүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Н.А-ийн 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 260 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Түүнчлэн, шүүгдэгч Н.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд багтаж байгаа болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/640 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...тус тус...” гэснийг хасаж, 3 дахь заалтын “...111...” гэснийг “...204...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.А-ийн 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 260 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН