| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2020/03506/И |
| Дугаар | 183/ШШ2023/00434 |
| Огноо | 2023-02-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2023/00434
| 2023 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2023/00434 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 15 дугаар байр, 60 тоотод байрлах, 4280474 регистрийн дугаартай, Түм их эрхэд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, 1-3 тоотод байрлах, 2721317 регистрийн дугаартай, Тэнүүн-Өлзий ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсны үр дагаварт 134.400.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Орхон, Ч.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Гэрч Б.Лодоншарав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Түм их эрхэд ХХК нь Тэнүүн өлзий ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсны үр дагаварт 134.400.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ба нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Түм их эрхэд ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тэнүүн өлзий ХХК-тай 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч Тэнүүн-Өлзий ХХК үнэт металл баяжуулах төхөөрөмж болох TU-120O скруббер нэг ширхэг, тэжээлийн бункерийн хамт ашиглалтад оруулах газар угсарч бэлтгэн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Манай компанийн хувьд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж, төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус төхөөрөмжийг хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр анх суурилуулан ажиллуулахад уг төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй эвдрэл гарч гэрээнд заагдсан зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй болох нь илт мэдэгдсэн. Манай компаниас эвдрэл гэмтлийн талаар 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хариуцагч Тэнүүн өлзий ХХК-д удаа дараа өргөдөл, мэдэгдэл хүргүүлсэн боловч ганц ч хариу арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Тус скрубберийг суурилуулан ажиллуулахад тэжээлийн бункерийн шалны налуу бага байсныг налууг унагаж, дахин засварласан, скрубберийн тулах ролик торхондоо тулсан байдалтай байсныг доошлуулж шахаж зассан, усны танк нимгэн листээр хийгдсэн нь төхөөрөмжийг ажиллуулж эхлэх үед усны даралт дийлэхгүй цүлийсэн байсныг банкийг дахин шинээр хийж тавьсан, 10 мм-ийн банкнаас шлюз руу хуваарилагдсан дм 80 мм хойлон холболтууд байхгүй байсныг хийсэн, уналттай шлюзны холболтын нүх болон боолт дутуу байсныг нэмэлтээр нүхэлж боосон, скрубберийн торхны уналт талын хүрд зууван савлагаатай байсан. Дээрх байдлаар үйлдвэрийн буюу 7 төрлийн эвдрэл гэмтэл тогтоогдсон бөгөөд мэдэгдэл хүргүүлэх хугацаанд ирж дахин засварлаж өгөөгүй. Дээр дурдсан бүх нэмэлт засварыг арга буюу манай компанийн зүгээс хийсэн. Хэдийгээр ийнхүү засвар хийж дахин ажиллуулах гэж оролдсон боловч гэрээнд нэгэнт заагдсан стандарт, зураг төслийг зөрчиж анхнаасаа алдаатай хийгдсэн учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна. Тэнүүн өлзий ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д гүйцэтгэгч нь гэрээт ажлыг зохих норм, зурагт заасны дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй, 4.9-т биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа нийлүүлэх үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн. Гүйцэтгэгч нь дээрх байдлаар гэрээний үүргээ зөрчсөнөөс манай компанид ихээхэн хохирол учирсан бөгөөд энэ талаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байна. Иймд манай компанийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар гэрээнээс татгалзаж, энэ тухайгаа хариуцагч талд бичгээр мэдэгдсэн боловч ямар ч хариу өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Тэнүүн өлзий ХХК-д төлсөн гэрээний үнийн дүн болох 134.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түм их эрхэд ХХК-ийн ажилчид 2020 оны 03 дугаар сарын эхээр манай компани дээр ирж скруббер 120 төхөөрөмж худалдан авах санал тавьсан ба бидний зүгээс стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бэлэн байгаа төхөөрөмжийг үзүүлтэл Түм их эрхэд ХХК шинээр өөрсдийн загвараар хийлгэнэ гэсэн саналыг хэлсэн. Ингээд хоёр тал харилцан зөвшилцсөний дагуу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай талаас зургийг Түм их эрхэд ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу төхөөрөмжийн ажлын зургийг өөрчлөн батлуулж, ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тухайн үед манай компани Түм их эрхэд ХХК-ийн зүгээс гаргасан ажлын зураг алдаатай, уг ажлын зургаар хийгдсэн тохиолдолд гол төхөөрөмж нь бусад эд ангидаа муугаар нөлөөлж болзошгүй, урт хугацаанд ажлын бүтээмж бага байх болно гэж урьдчилан хэлж, сануулсан. Тэгэхэд Түм их эрхэд ХХК-ийн инженерүүд бид өөрсдөө мэдэж байна, өмнөх төхөөрөмж маань ийм байсан, төхөөрөмжийг манай компаниас гаргаж өгсөн ажлын зургийн дагуу л хийж гүйцэтгэ гэж шаардсан. Ингэхдээ гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Түм их эрхэд ХХК-иас урьдчилгаа төлбөр болох 24.000.000 төгрөгийг манай компанид шилжүүлснээр ажил эхэлсэн. Скрубберыг үйлдвэрлэх явцад захиалагч талаас байнга утсаар болон биечлэн ирж уулзаж хяналт тавьж байсан. Бид 2020 оны 4 дүгээр сард Түм их эрхэд ХХК-ийн өөрсдийнх нь гаргаж өгсөн ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн бэлэн болгож, акт үйлдэн төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Төхөөрөмжийг хүлээн авахаар захиалагч талаас 3-4 хүн ирсэн ба энэ дунд Түм эрхэт ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан инженер А.Алтанцэцэг гэдэг хүн байсан ба уг хүнд актан дээр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. Төхөөрөмжийг хоёр талаас төлөөлөл байлцуулан ажиллуулж хүлээлцсэн. Түм их эрхэд ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан инженер А.Алтанцэцэг өөрийн гаргасан ажлын зургийн дагуу төхөөрөмж хийгдсэн эсэхийг хянаж, төхөөрөмжийг хүлээн авснаа батлан гарын үсэг зурж баталгаажуулсан. Ингээд захиалагч тал төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь Бугат толгой гэдэг газарт ажиллуулахаар авч явсан. Удалгүй 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр танай төхөөрөмж болохгүй байна, ирж засварлаж өг гэсэн хүсэлтийг мэйлээр ирүүлсэн. Бид 2020 оны 5 дугаар сарын эхээр механик С.Мөнхбаатар, угсралт хариуцсан ажилтан Г.Билэгт, гагнуурчин н.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй баг Түм их эрхэд ХХК-ийн уурхай дээр ажиллуулж эвдрэлийн шалтгааныг тогтоох, засварлаж хэвийн ажиллагаанд оруулах зорилготой явуулсан. Манай хүмүүс хоёр хоног ажиллаж, төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулсан. Гэтэл захиалагч талаас дахин гомдол гаргаж, төхөөрөмж болохгүй байна, буцааж ав, гэрээнээс татгалзана гэж хэлэх болсон. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ тогтооосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна. Төхөөрөмжийн эвдрэл гэмтэл гарах болсон үндсэн шалтгаан нь захиалагч тал өөрсдийн алдаатай ажлын зургийг тулгах, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авахгүй байх, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилгаа нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлж байгааг урьдчилан хэлж сануулсаар байтал огт арга хэмжээ аваагүй. Энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.2-т заасан гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, устсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн хохирол, нөхөн төлбөр төлөхгүй юм. Манай компани нь дээрх төхөөрөмжийг чанарын өндөр түвшинд, зохих стандартын дагуу үйлдвэрлэдэг, өөрийн бүтээлийн патенттай ба энэ нь оюуны өмчийн газраар баталгаажсан болно. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг алтны олон компаниуд манай компанийн төхөөрөмжийг авч ажиллуулдаг, төхөөрөмжтэй холбоотойгоор ямарваа нэгэн гомдол, санал ирүүлж байгаагүй. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-т Гэрээт ажлыг хүлээн авснаар бараанд учрах аливаа эрсдэл захиалагч талд шилжих бөгөөд үүнээс хойш илэрсэн эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч тал хариуцахгүй гэж, 1 дүгээр зүйлийн 1.5-т Гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хуулийн хүчин төгөлдөр болж, гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, төлбөр тооцоог дуусгаснаар, эсхүл гэрээнд заагдсан үндэслэлээр цуцалснаар дуусгавар болно гэж заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дээрх гэрээний заалтын дагуу хүчин төгөлдөр болж, хэрэгжээд нэгэнт дуусгавар болсон тул гэрээнээс татгалзах тухай ойлголт мөн адил дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд Түм их эрхэд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, зураг төсөл, зарлагын баримт, кассын орлогын баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 20/06 хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20/08 дугаар албан бичиг, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 20/10 дугаар албан бичиг, ажлын байрны шалгалтын тайлан, тайлангийн хавсралт зураг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, техникийн паспорт скруббер гарын авлага, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21/01 дүгээр итгэмжлэл,
Хариуцагчаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 20/358 дугаар итгэмжлэл, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн акт, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн элс угаах тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, 10-0004616 дугаар шинэ бүтээлийн патент, түүний хавсралт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаар шинжээчийн дүгнэлт гарч хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Түм их эрхэд ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тэнүүн өлзий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай хүсэлтийн дагуу манай гаргасан зургаар гүйцэтгэгч Тэнүүн-Өлзий ХХК скруббер буюу төхөөрөмжийг тэжээлийн бункерийн хамт ашиглалтад оруулж, Түм их эрхэд ХХК-ийн өмчлөлд хүлээлгэн өгөх, захиалагч гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Манай компанийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж, төлбөрийг бүрэн төлсөн боловч Тэнүүн-Өлзий ХХК-ийн манайд нийлүүлсэн төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй эвдрэл гарч, зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй болсон. Манай компаниас эвдрэл гэмтлийн талаар 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хариуцагч компанид удаа дараа өргөдөл, мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 134.400.000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хоёр тал харилцан зөвшилцсөний дагуу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Түм их эрхэд ХХК-ийн гаргасан ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тухайн үед манай компанийн зүгээс Түм их эрхэд ХХК-ийн гаргасан ажлын зураг алдаатай, уг ажлын зургаар хийгдсэн тохиолдолд гол төхөөрөмж нь бусад эд ангидаа муугаар нөлөөлж болзошгүй, урт хугацаанд ажлын бүтээмж бага байх болно гэж урьдчилан хэлж, сануулахад тус компанийн инженерүүд бид өөрсдөө мэдэж байна, өмнөх төхөөрөмж ийм байсан, төхөөрөмжийг манай компаниас гаргаж өгсөн ажлын зургийн дагуу л хийж гүйцэтгэ гэж шаардснаар урьдчилгаа төлбөр 24.000.000 төгрөгийг хүлээн авч, ажил эхэлсэн. Захиалагч буюу нэхэмжлэгч компани манай компаниас доголдолгүй хөрөнгө хүлээн авсан бөгөөд төхөөрөмжийг ажлын талбайд зөөвөрлөх, угсрах явцад өндрөөс унагаж, гэмтэл үүсгэснээс өөрчлөлт орж, торхны тэгш хэм алдагдаж, зуйван болсон гэж үзэж байна. Нөгөө талаар тус компанийн гаргаж өгсөн ажлын зураг алдаатай байсан гэж үзэхээр байна. Бид 2020 оны 5 дугаар сарын эхээр 3 хүний бүрэлдэхүүнтэй багыг Түм их эрхэд ХХК-ийн уурхай дээр ажиллуулж эвдрэлийн шалтгааныг тогтоох, засварлаж хэвийн ажиллагаанд оруулах зорилготой явуулж, манай хүмүүс хоёр хоног ажиллаж, төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулсан. Гэтэл захиалагч талаас дахин гомдол гаргаж, төхөөрөмж болохгүй байна, буцааж ав, гэрээнээс татгалзана гэж хэлэх болсон. Төхөөрөмжийн эвдрэл гэмтэл гарах болсон үндсэн шалтгаан нь захиалагч тал өөрсдийн алдаатай ажлын зургийг тулгах, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авахгүй байх, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилгаа нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлж байгааг урьдчилан хэлж сануулсаар байтал арга хэмжээ аваагүй. Энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.2-т заасан гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, устсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн хохирол, нөхөн төлбөр төлөхгүй гэж заасан дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Түм их эрхэд ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тэнүүн өлзий ХХК-тай 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Тэнүүн өлзий ХХК үнэт металл баяжуулах төхөөрөмж болох TU-1200 скрубберийг 120.000.000 төгрөг, ажлын зургийн дагуу нэмэлт ажил болох тэжээлийн бункерийг 14.400.000 төгрөг, нийт 134.400.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч тал буюу Түм их эрхэд ХХК гэрээ байгуулсан өдөр 24.000.000 төгрөг, 110.400.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байна.
6.Улмаар Тэнүүн өлзий ХХК нь хоёр талын эрх бүхий этгээдүүдийг байлцуулан, өөрсдийн хийж гүйцэтгэсэн тоног төхөөрөмжийг ажиллуулж, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр актаар хүлээлгэж өгсөн байх бөгөөд төхөөрөмжийг хүлээн авсан, гэрээний дагуу 134.400.000 төгрөгийг шилжүүлсэнд талууд маргаагүй.
7.Харин Тэнүүн өлзий ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
9.Түм их эрхэд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай гаргаж өгсөн ажлын зургийг Тэнүүн өлзий ХХК-ийн инженер өөрчлөн баталж, уг ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж, төхөөрөмжөө ажиллуулж эхлэх үед эвдрэл гарч, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэж, Тэнүүн өлзий ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Түм их эрхэд ХХК-ийн гаргасан ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн талуудыг байлцуулан төхөөрөмжөө ажиллуулж, захиалагчид хүлээлгэн өгсөн, гүйцэтгэгч буюу Тэнүүн өлзий ХХК өөрсдийн алдаатай ажлын зургийг тулгаж, төхөөрөмжийг хийлгэсэн, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг аваагүй, тоног төхөөрөмжийг зөөвөрлөх явцад өндрөөс унагаснаас эвдрэл гэмтэл үүссэн байх боломжтой гэж тус тус тайлбарлаж байна.
10.Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд ...торхны тэгш хэмгүй зууван байдал нь тээвэрлэх явцад ачиж буулгах унагааснаас үүсэх боломжтой, /ачиж буулгах явц хэзээ ч байж болно, скрубберийг үйлдвэрлэсний дараа, анх трубаг худалдан авчирч буулгах үед гэх мэт/ гэжээ.
11.Иймд хариуцагч Тэнүүн өлзий ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанчлан тоног төхөөрөмжийг ачиж буулгах буюу зөөвөрлөх явцад өндрөөс унагаснаас үүссэн байх магадлалтай гэдгийг төхөөрөмжийг хүлээн авч, өөрсдийн ажлын талбайд зөөвөрлөх явцад гэмтээсэн гэж тайлбарлаж байх боловч татгалзлын үндэслэл болгож буй уг тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шинжээчийн дүгнэлтэд анх трубаг худалдан авчирч буулгах үед ч гэмтээсэн байх магадлалтайг дурдснаас үзэхэд дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчийн хэн нэгнийг шууд буруутгах үндэслэл болохгүй, нөгөө талаар шинжээч дүгнэлт гаргахдаа тоног төхөөрөмжийг газар дээр нь очиж үзэхэд тухайн төхөөрөмжид гадна талаас үүссэн ямар нэгэн гэмтэл /хонхойсон, мурийсан/ байгаагүйг шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо тайлбарласан болно.
12.Хариуцагч Тэнүүн өлзий ХХК нь скруббер буюу тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхдөө Тэнүүн өлзий ХХК-ийн металл хийцийн үйлдвэрт үйлдвэрлэв гэх техникийн паспортыг захиалагчид өгч, тэмдэглэл хэсэгт... үйлдвэрлэсэн он сар өдөр 2020 оны 4 дүгээр сарын 10, бүтээгдэхүүний нэр загвар ТU-1200, шалгалтын тэмдэглэл хэвийн гэж, бусад тэмдэглэл хэсэгт... скруббер ТU-1200-г ачаалалгүй хоёр цаг ажиллуулахад ямар нэгэн чичиргээ, гэмтэл, саатал гараагүй, үйлдвэрлэлд ашиглаж болно... гэсэн байна.
13.Гүйцэтгэгч буюу Тэнүүн өлзий ХХК нь скруббер буюу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөд хэвийн ажиллаж байсан, тэр үед ямар нэгэн алдаа гараагүй, захиалагчийг зөөвөрлөх явцад гэмтээсэн гэх боловч төхөөрөмжийг хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжтой байсан эсэх талаарх асуултад шинжээч хариулахдаа... скрубберийн тэгш хэмгүй байдал нь ажигч хүн анзаарч сайн харвал шууд харагдаж байна. Анзаарга сайтай хүн илрүүлэх боломжтой, шинэ үйлдвэрлэгдсэн скруббер учраас ийм зүйлсийг анзаарахгүй авах боломжтой... гэж, түүнчлэн тус төхөөрөмж шинжээчдийг очиж ажиллах үед ажиллахгүй байсан бөгөөд уурхайн ажилчид скрубберт тог холбон ажиллуулж үзүүлсэн. Торхны тэгш хэмгүй зуйван байдал шинжээчдийг очиж ажиллах үед байсаар байгаа ба ачаалалгүй ажиллах үед торх нь рамтай наалдах шахам эргэж байгаа нь ачаалал авах үед өмнөх эвдрэл гэмтлийг дахин үүсгэхээр байна, тэнхлэгээс илүү гарсан хэсэг эргэлдэх явцдаа хөтлөгчид хүрч, үүнээс үүдэлтэй гол гэмтэл үүссэн гэдгийг дүгнэлтээр хэлсэн гэжээ.
14.Иймд нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа хайхрамжгүй хандсан, тухайн газарт нэн даруй шалгах, боломжгүй тохиолдолд ажлын талбайд угсарч ажиллуулах талаар тохиролцох байжээ.
15.Нөгөө талаар Тэнүүн өлзий ХХК нь дээрх төхөөрөмжийг чанарын өндөр түвшинд зохих стандартын дагуу үйлдвэрлэсэн, өөрийн бүтээлийн патенттай, энэ нь оюуны өмчийн газраар баталгаажсан гэх боловч Тэнүүн өлзий ХХК-иас нотлох баримтаар өгсөн зургуудаас харахад Түм их эрхэд ХХК-д нийлүүлсэн скруббер нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10-006065 улсын бүртгэлийн дугаар бүхий Монгол Улсын шинэ бүтээлийн патентын дагуу хийгдээгүйг шинжээч дүгнэлтдээ тусгасан байгаагаас гадна Тэнүүн өлзий ХХК үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжид ашиглалтын болон засварын гарын авлага заавар өгөөгүй байна.
16.Түүнчлэн шинжээчдийн ажиглалтаар уг скрубберийн торх нь хэлбэрийн хувьд тэгш хэмтэй тойрог бус байгаа ба ачаалал аван ажиллаж эхлэх үед эргэх тэнхлэгийг давж эргэснээс хөдөлгүүрийн суурь ачаалалаа даагаагүй байна. Мөн зарим эд ангийн хувьд ачааллын тооцоог зөв хийгээгүйгээс болж эвдрэл гэмтлүүд гарсан байна./сав цүлхийх, арааны шүд эмтрэх гэх мэт бусад гэмтлүүд/ гэжээ.
17.Захиалагч нь гүйцэтгэгч Тэнүүн өлзий ХХК-ийг дээрх төхөөрөмжийг чанар, стандартын шаардлага хангаагүй, зураг төслийг зөрчиж анхнаасаа алдаатай хийгдсэн учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж, гүйцэтгэгч нь чанарын өндөр түвшинд зохих стандартын дагуу үйлдвэрлэсэн гэж маргадаг бөгөөд шинжээч дүгнэлтдээ... Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартуудыг шүүж үзэхэд /Стандарт хэмжил зүйн газар-estandart.mn/ скруббертэй холбоотой нэг ч стандарт алга байна. Шүүхээс нотлох баримтын хүрээнд хураагдаж авсан материал дунд скрубберийн техникийн паспортаас харахад уг скрубберийг хийсэн материал бэлдэц, сэлбэгийн талаарх мэдээлэл харагдахгүй байна. Уг техникийн паспорт хуудас дугааргүй бөгөөд паспортын торхны мэдээллийн хэсэгт байх хатуулга багананд Q345 гэсэн мэдээлэл байна. Уг мэдээллийг интернет сүлжээнээс хайхад ийм моделийн ган байдаг ба уг ганг ашиглан доор дурдсан зүйлд ашиглаж болно гэсэн байна. Үүнд: зүсэгч багаж, хэмжих хэрэгсэл, энгийн гангаар хийсэн зүсэгч, өндөр бат бэхтэй ган хавтан, элэгдэлд тэсвэртэй ган, цахиур ган гэжээ. Иймд тухайлан мөрдөгдөх чанар стандарт байхгүй учраас чанарын шаардлага хангасан эсэхэд хариулт өгөх боломжгүй гэжээ.
18.Мөн шинжээчийн дүгнэлтэд ...скруббер үйлдвэрлэгчийн техникийн паспортод дурдсанаар уг скруббер үйлдвэрлэгдсэний дараагаар туршилтад орсон бөгөөд уг туршилтаар эвдрэл гэмтэл үүсээгүй талаар дурдсан байна. Шинжээчдийг очиж ажиллахад Түм их эрхэд ХХК-ийн ажилчид скрубберийг холбон ажиллуулж, 6 асуултын хариултад үзүүлсэн бичлэгийг хийсэн болно. Бичлэгээс харахад уг скруббер нь ачаалал аваагүй тохиолдолд торхны зууван хэсэг рамтай хэт ойрхон харагдаж байгаа нь ил харагдаж байгаа ба ачаалал авсан үед хөдөлгүүрийн суурь болон хөтлөх, хөтлөгдөх араа нь бат бэхийн хязгаар хүртлээ ажиллаад эвдэрснийг дурдсан байна.
19.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлвөл зохих хөлсийг бууруулж болно гэж заажээ.
20.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авахдаа хайнга хариуцлагагүй хандсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн ажлын хөлс 134.400.000 төгрөгийг 40 хувиар бууруулж /134.400.000х40%/=53.760.000 төгрөг, /134.400.000-53.760.000/=80.640.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53.760.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тэнүүн өлзий ХХК-иас 80.640.000 /наян сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Түм их эрхэд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53.760.000 /тавин гурван сая долоон зуун жаран мянган/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 829.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэнүүн өлзий ХХК-иас 561.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Түм их эрхэд ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН