| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/00401/И |
| Дугаар | 183/ШШ2023/00736 |
| Огноо | 2023-03-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/00736
| 2023 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/00736 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 33 дугаар байр, 10б тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 42 настай, ШЖ81100479 регистрийн дугаартай, Боржигон овогт Баяраагийн Батзориг,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 8б байр, 3е, 1 тоотд оршин суух, 1970 онд төрсөн, 53 настай, ШЕ70122869 регистрийн дугаартай, Туваанжавын Нэргүйд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.
Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т заасны дагуу цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батзориг хариуцагч Т.Нэргүйд холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 26 дугаар гудамж, 4149 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204058588 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч байсан ба 2019 онд байшингаа худалдахаар зар тарааж эхэлсэн. Гэтэл дүүгийн найз болох Т.Нэргүй гэдэг хүн танай байшинг зуучлан борлуулж, борлуулсны хөлс авъя, гол нь цаад хүмүүстээ өөрийн байшин гэж зарахгүй бол болохгүй байна, тийм учраас байшингаа миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өг гэж хэлсэн. Т.Нэргүй нь миний төрсөн дүүгийн сайн найз, олон жил манайхаар орж гарч явсан тул итгэж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 988 дугаартай хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг түүнд шилжүүлж өгсөн. Байшинг шилжүүлж авсанаас хойш Т.Нэргүй нөгөө хүмүүсийн мөнгө нь бүрдэхгүй байна, та түр хүлээчих, найдвартай хүмүүс гэх зэргээр итгүүлж байсан ба тус оны сүүлээр дэлхий дахинаа Ковид 19 цар тахал гарч, эдийн засаг суларч эхэлсэн зэргээс хамаарч байшин зарагдахгүй байна гэх мэтээр тайлбарладаг байсан. Гэтэл Т.Нэргүй нь миний өмчлөлийн байшинг хүмүүст зуучилж зарж өгнө гэж итгүүлж аваад хэдхэн хоногийн дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөгжил финанс ББСБ ХХК-д 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан ба зээлээ төлж чадахгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг олж мэдсэн. Т.Нэргүй нь Ковидоос болоод бизнес, ажил төрөлгүй болсон, таны байшин хураагдах гээд байна гэсний дагуу аргагүйн эрхэнд дээрх зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 19.510.000 төгрөгийг Хөгжил финанс ББСБ ХХК-ийн 5029076856 тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 5 удаагийн гүйлгээгээр арга буюу байшингаа алдахгүйн тулд шилжүүлсэн юм. Хариуцагч Т.Нэргүй эхнээсээ тус байшинг зуучилж зарж өгөх санаа зорилгогүй, надад худал хэлж, тухайн байшинг барьцаалж зээл авч бизнестээ ашиглах зорилготой байсан нь илэрхий байх ба тухайн байшинг буцааж шилжүүлж өг гээд залгахад утсаа авахгүй, нэг удаа уулзахад мөнгөгүй байна гэж үл ойшоож зугатаад байгаа болно. Иймд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 988 дугаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 26 дугаар гудамж, 4149 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204058588 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батзоригоос 2019 онд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 26 дугаар гудамж, 4149 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204058588 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбай бүхий хувийн сууцыг хүнд зуучилж худалдаж өгөх зорилгоор худалдах худалдан авах гэрээ хийж, нэр дээрээ шилжүүлж авсан. Төлбөрийг бага багаар төлж дуусгах болно гэсэн болохоор түр барьцаанд тавьж өөрийн бизнест ашиглаж байсан нь үнэн. Богино хугацаанд барьцаанаас суллаж зарж өгөх зорилготой байсан боловч Ковид 19 цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа зогсож орлогогүй болсон тул хүндрэл үүсч, ийм байдалд хүрсэн. Иймд өдийг хүртэл төлбөрийг төлж чадалгүй энэ хүмүүст хохирол учруулсан тул эзэмшигчийн эрхийг буцааж шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0001 дүгээр итгэмжлэл, талццдын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 988 дугаар хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2925 дугаар шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21/307 дугаар барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг, 000722382 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний зэрэг баримтыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 26 дугаар гудамж, 4149 тоот хаягт байрлах, 150 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч байсан ба 2019 онд байшингаа худалдахаар зар тараасан. Хариуцагч Т.Нэргүй нь миний өмчлөлийн байшинг хүмүүст зуучилж зарж өгье, миний нэр дээр шилжүүлчих гэхэд нь зөвшөөрч, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 988 дугаартай хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Учир нь Т.Нэргүй нь миний төрсөн дүүгийн сайн найз, олон жил манайхаар орж, гарч байсан сайн танил тул итгэсэн. Гэтэл хувийн сууцыг шилжүүлж өгснөөс хойш хэдхэн хоногийн дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөгжил финанс ББСБ ХХК-д 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлж чадахгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгааг олж мэдсэн. Иймд орон сууцаа алдахгүйн тулд Хөгжил финанс ББСБ ХХК-д зээлийн төлбөрийг төлж, барьцаанаас суллаж авсан. Иймд дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулна гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Т.Нэргүй Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 26 дугаар гудамж, 4149 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204058588 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбай бүхий хувийн сууцыг нэхэмжлэгч Б.Батзоригийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 988 дугаар хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр худалдагч Б.Батзориг өөрийн өмчлөлийн хувийн сууцыг 15.000.000 төгрөгөөр худалдан борлуулах, худалдан авагч Т.Нэргүй дээрх төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ.
6.Гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 26 дугаар гудамж, 4149 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204058588 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбай бүхий хувийн сууцыг Т.Нэргүйн нэр дээр шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
7.Дээрх гэрээ зохигчдын хооронд байгуулагдах болсон шалтгаан нь нэхэмжлэгч орон сууцаа худалдахаар зар тараасан байх энэ үед дүүгийн найз Т.Нэргүй би зуучилж зарж өгье, миний нэр дээр шилжүүлчих гэхэд нь зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, түүнд худалдах хүсэл зориг байгаагүй, дүр үзүүлсэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
8.Тодруулбал зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ боловч гэрээний нэг тал болох худалдагч Б.Батзориг орон сууцаа Т.Нэргүйд зарж, борлуулах зорилгогүй, худалдан авагч Т.Нэргүй орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа бусдад худалдаж, улмаар хөлс авахаар тохирсон байжээ.
9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, энэ үйлдлээр гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог байна.
10.Өөрөөр хэлбэл зохигчид худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хэлцэл хийсэн боловч хэрэг дээрээ Т.Нэргүй орон сууцыг бусдад зуучилж зарж өгнө, зуучлалын хөлс авна, зарахын тулд өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж итгүүлж, улмаар зорилгоо биелүүлээгүй, орон сууцыг барьцаалж зээл авч бизнестээ ашигласан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Хөгжил финанс ББСБ ХХК-ийн баримтуудаар тогтоогдож байна.
11.Иймд Б.Б Т.Н нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...Энэ хуулийн 56.1-т заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж зааснаар дээрх орон сууцны өмчлөгчөөр Б.Батзоригийг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Т.Нэргүйд даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б, Т.Н нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 988 дугаар хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 26 дугаар гудамж, 4149 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204058588 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.Батзоригийг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч Т.Нэргүйд даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Нэргүйгээс 322.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батзоригт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН