Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0270

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Б.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1725001730071 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Сэлэнгэ” амралтын газарт тогооч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-н Б-, /РД: хх************/,

 

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны зогсоол дээр Ч.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчид гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б- нь миний толгой руу гараараа цохисон чинь би уначихсан. Тэгсэн Б- уначихсан байхад миний дээрээс цохиод өшиглөөд байсан. Б- нь цаанаас ирээд миний нүүр рүү толгойгоороо 3 удаа мөргөөд дахиад толгой руу нилээн хэдэн удаа цохиод хавсарч унагаагаад дээрээс өшиглөөд байсан гэх мэдүүлэг. /хх 6ху/,

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Яваад очтол Б-, Т- хоёр зодолдож байсан. Яг хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисныг сайн хараагүй тэгээд хүмүүс салгасан чинь Түүгийн хамраас цус гарчихсан байсан. Тэр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Тэгээд цагдаа ирсэн гэх мэдүүлэг. /хх 9 ху/,

 

Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгсэн Б- Т-ийг чи Шандын дүү биздээ чи яагаад томроод байгаа юм гэсэн чинь Т- нь тэгээд яах гээд байгаа юм гээд тэр хоёр муудалцаад Б- нь Т-ийг унагаагаад тэгээд зодолдоод байсан.Яг хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисоныг сайн хараагүй.Тэгээд би салгасан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

 

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 27 ны өдөр 23 цагийн орчим  дүү Б-, Б-, А- бид 4 Аягуу баарнаас гарч ирсэн юм. Тэгээд бид 4 баарнаас гарахад би тооцоогоо хийчихээд хамгийн сүүлд баарнаас гарч ирээд нөгөө 3-ийн араас Хаан банкны машины зогсоол дээр очтол манай дүү Б- Т- гэдэг залуутай маргалдчихсан байж байсан. Тэгэхээр би очоод та хоёр боль гээд би Т- гэдэг залууг цаашаа гээд түлхсэн. Тэгсэн тэр 2 хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгэхээр бид нар арай гэж нэг юм салгаад байж байтал Т- машиныхаа араас төмөр гаргаж ирсэн. Тэгсэн Б- өөдөөс нь очоод тэр 2 дахиад зодолдсон. Тэгэхээр бид нар дахиад салгасан тэгээд байж байтал цагдаа ирсэн гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

 

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 718 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Т-ийн биед хамрын ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөлийн өвдгөнд зулгаралт үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 14 ху/,

 

-Б.Б-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 19-21 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны зогсоол дээр Ч.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Т-ийн “...Б- нь миний толгой руу гараараа цохисон чинь би уначихсан. Тэгсэн Б- уначихсан байхад миний дээрээс цохиод өшиглөөд байсан. Б- нь цаанаас ирээд миний нүүр рүү толгойгоороо 3 удаа мөргөөд дахиад толгой руу нилээн хэдэн удаа цохиод хавсарч унагаагаад дээрээс өшиглөөд байсан” гэх мэдүүлэг/хх 6ху/,

гэрч Б.Б- /хх 9 ху/, Ц.А- /хх 10 ху/, Б.Т- /хх 11 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хамрын ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөлийн өвдгөнд зулгаралт үүссэнийг тогтоосон 718 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Ч.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд “Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Б.Б- нь миний эмчилгээний зардлыг бүрэн гаргасан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.