Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 996

 

                            “РИМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00436 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “РИМ” ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6 444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов. 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХИД ХХК нь 3 хувьцаа эзмшигчтэйгээс “РИМ” ХХК нь 50 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн эрх барих дээд байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Тус байгууллагын дүрмийн 7.6.11-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.10-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн эрх хэмжээний хэлцлийг батлах, зөвшөөрөл олгох ёстой байтал ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь эсэх, хувьцаа эзэмшигчийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Голомт банктай их хэмжээний хэлцэл хийсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн байна. Энэ талаар бид 2018 оны 10 сарын дундуур мэдэж, эрх бүхий албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. ХИД ХХК нь хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхгүй Голомт банкнаас 22 000 000 000 төгрөгийн зээл авч, барьцаанд нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6 444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5336 м.кв эзэмшлийн газрыг барьцаанд тавьсан байна. Зээлээ төлөөгүй тул Голомт банк шүүхэд хандсан байх бөгөөд ХИД ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тус дүүргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаартай шүүгчийн захирамжаар Голомт банк ХХК-д 24 828 887 671 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн ХИД ХХК-ийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн дагуу Голомт банк нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6 444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжлэн хураан авсан. Харин шүүхийн шийдвэрт ямар хөрөнгөөс ажиллагаа хийхийг захирамжлах хэсэгтээ заагаагүй, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болохыг тэмдэглэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажиллагаа явуулахдаа хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдалд байгааг ажиллагааны явцад тогтоох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байхад эдгээр нөхцөл байдлыг үнэлж үзэхгүйгээр хэргийн оролцогчийг зөв тодорхойлохгүйгээр ажиллагаа явуулж, хувьцаа эзэмшигчдын эрх, ашиг ашгийг хөндөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтуудыг хууль зүйн хүрээнд нягталж шалгах үүрэгтэй байдлыг авч үзвэл барьцаалагдсан гэх, барьцаанд авагдсан гэх хөрөнгүүд, барьцаанд авсан гэх нөхцөл байдлыг тодруулах барьцааны гэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн материалд авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдалд байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авсан ба энэ лавлагаатай танилцахад лавлагааг 2009 оны барьцааны гэрээ бүртгэлтэй болохыг тодорхойлсон байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны барьцаанд байгаа байр, газар нь 2016 онд хийгдсэн зээлийн гэрээний барьцаа гэж харагддаг. Үүнээс харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох баримтуудыг үзээгүй гэх үндэслэлтэй бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дүгээр сарын 19-ний өдрийн 1830072202 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ХИД ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6 444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/00331 дугаар бүхий 5 336 м.кв талбайтай газар эзэмших гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 653 дугаар шийдвэрээр ХИД ХХК-аас 24 828 887 671 төгрөг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг заасан бөгөөд үндэслэх хэсэгтээ Голомт банкны барьцаанд ХИД ХХК-ийн маргаан бүхий хоёр обьект байгааг дурдсан байдаг. Уг шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 18300722 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай тогтоолоор ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч ХИД ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40 мянгат, Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6 444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 2/0031 дугаарын бүртгэлтэй 5 336 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1830072200 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлээд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд 25 тэрбум төгрөгөөр харилцан тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор анхны дуудлага худалдаа, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгөд төлбөр төлөгч болон авагчийн саналыг үндэслэн 25 000 000 000 төгрөгт Голомт банк барьцааны хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлд авахыг зөвшөөрч, хариуцагч ХИД ХХК шилжүүлэхийг зөвшөөрсний дагуу эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож байр, газрыг Голомт банкны өмчлөлд шилжүүлсэн. Байр шилжүүлсэн гэрчилгээ хэрэгт авагдсан. Газрын асуудал нь шийдэгдэх шатандаа байгаа учир гэрчилгээ нь гарч амжаагүй, хэрэгт авагдаагүй байгаа. Бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан бөгөөд ажиллагааны бүх шатанд ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батбаяртай уулзаж, түүнийг оролцуулж явсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэхийг бид шалгах үүрэггүй. Мөн Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бол ХИД ХХК болон Голомт банк хоёр л байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн хөрөнгийн талаарх лавлагааг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс авсан. Харин тус лавлагаанд 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байгаа талаар бичигдсэн байсан. Гэтэл 2016 оны зээлийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна, үүнийг шалгах ёстой, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх ёстой гэж нэхэмжлэгч үзээд байгааг ойлгохгүй байна. ХИД ХХК-ийн барьцааны хөрөнгө Голомт банкны зээлийн барьцаанд байгаа нь шийдвэрт тусгагдсаны дагуу ажиллагаа хийж байгаа. Мөн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр мөн эсэх талаар бид дүгнэлт хийхгүй, энэ бол шүүхийн ажиллагаа, бид шүүхийн шийдвэрийг л биелүүлдэг. Нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргасан байдаг бөгөөд үүнийг холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Битүүмжилсэн хөрөнгүүдийг чөлөөлж, Голомт банк ХХК-д үүргийн гүйцэтгэлийн оронд шилжүүлсэн, энэ шүүхийн асуудал дуусвал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүр мөсөн дуусахад бэлэн болсон байгаа, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ХИД”ХХК-иас 28 828 887 671 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь доорх байдлаар хууль зөрчиж, хувьцаа эзэмшигч “РИМ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгааг анхан шатны шүүх тогтоогоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаар “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч нь “ХИД” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, ипотекийн гэрээ байгуулсан” гээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг, хариуцагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус үндэслэн гаргасан. Энэхүү захирамжийг албадан гүйцэтгэхтэй холбоотой Шүүхийн гүйцэтгэх хуудасны 2.1-д мөн л барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай заасан. Гэхдээ энд Голомт банкны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БГ/8115100955 тоот ипотекийн гэрээний тухай л дурдах боломжтой. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангаж төлбөр барагдуулах гол үндэслэл нь барьцааны хүчин төгөлдөр байдал. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд л заасан хөрөнгүүдийг хураах ёстой. Бусад тохиолдолд нийтлэг журмаар заавал үл хөдлөх хөрөнгө, газар гэхгүй бусад хөрөнгүүдээс төлбөр гаргуулах боломж нээлттэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар дэлгэрэнгүй лавлагаанд Голомт банкны 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/0199090024 тоот барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байгаа тухай дурдсан байна. Энэхүү барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан, энэ гэрээтэй холбоотойгоор маргаан байхгүй нь харагдаж байна. Уг лавлагаанд үндэслэж дүгнэлт хийвэл дээрх захирамжид дурдагдсан Голомт банкны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ипотек үүсээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх байдлаар Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэл болгон Ү- 2202004904-т бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт хууль ёсны барьцаа гэж ойлгон битүүмжилсэн нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх зарчимд” тулгуурлахын тулд битүүмжлээд байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд тухайн ажиллагаанд оролцож байгаа эсэхийг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний хөрөнгийг битүүмжлэх гээд байгаа, энэ хөрөнгийг захиран зарцуулах, битүүмжлэх, үнийн санал өгөх эрх мэдэл нь төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирлын эрх мэдэлд хамаарах асуудал мөн эсэх, эсвэл хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлаас түүнд эрх олгосон эсэх асуудлыг заавал нягтлах шаардлагатай. Компанийн тухай хуулийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд дээрх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.10-т их хэмжээний хэлцлийг батлах, 62.2.10-т зд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох, 83 дугаар зүйлийн 83.1-д “гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, их хэмжээний хэлцэлд 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ... захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл.” хамаарна гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлаас олгосон итгэмжлэл, зөвшөөрөл, шийдвэргүйгээр зөвхөн гүйцэтгэх захирлыг оролцуулсан нь хувьцаа эзэмшигчийн эрх. ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болсон. Шүүх “РИМ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж аваад 2018 оны 12 дугаар 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн захирамж гаргасан, 2018 оны 12 дугаар сарын 06, 14-нд тус тус шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан” гэх үндэслэлээр дээрх үл хөдлөх хөрөнгө болон газрыг төлбөр авагч Голомт банкинд шилжүүлэх ажиллагаа явуулсан нь санаатай буюу ашиг сонирхлын зөрчилтэй ажиллагаа бөгөөд хуулийг санаатай зөрчсөн үйлдэл болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан” үндэслэл илэрсэн бол шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол” энэ тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үндэслэлээр түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл тухай газар нь цаг хугацааны хувьд шүүхэд тайлбар ирүүлэхгүй цаг хугацаа хожиж байгаад, зөвхөн авагчид шилжүүлэх ажиллагааг явуулсны дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь тус ажиллагааг төлбөр авагч талын ашиг сонирхолд нийцүүлсэн, нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн, хууль зөрчсөн үйлдэл тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “РИМ” ХХК хариуцагч НШШГГ-т холбогдуулан битүүмжилсэн эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ХИД ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “РИМ” ХХК-д мэдэгдэлгүйгээр холбогдох хууль журмыг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний зээл болох 22 800 000 төгрөгийн зээл авсныг бид саяхан мэдсэн, уг зээлийн барьцаанд тус компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6 444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 336 м.кв эзэмшлийн газрыг барьцаанд тавьж, Голомт банкны зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй үндэслэлийг гүйцэтгэх захирал Б.Батбаяр зөвшөөрч, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан нь компанийн болон хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэжээ.

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ХИД ХХК болон Голомт банк ХХК нар оролцож байгаа, ХИД ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон эзэмшлийн газрыг Голомт банк ХХК-ийн зээлийн үүрэгт барьцаалсан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх эрх шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгогдоогүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүргийн дагуу хуульд заасан журмаар битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг чөлөөлж, Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь ХИД ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нь талуудын тайлбар ХИД ХХК-ийн дүрэм, хэргийн бусад баримтаар тогтоогдсон нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ талаар маргаагүй.

ХИД ХХК нь Монгол Хьюндэй Автоматив ХХК, УБТТС ХХК, Мөнх хан оргил ХХК болон М.Бөхбатын Голомт банкнаас авсан зээлүүдийн төлбөрийг гүйцэтгэж, өрийг шилжүүлэх зорилгоор 22 800 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээл авч, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6 444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 336 м.кв эзэмшлийн газрыг барьцаалжээ.

Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн ХИД ХХК-иас төлбөр шаардсан Голомт банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх85/ байх бөгөөд ХИД ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газар нь нэхэмжлэгч Голомт банкны барьцаанд байгааг дурдсан, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4177 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх84/, уг захирамжийн дагуу бичигдсэн мөн өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх83/, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 18300722 дугаар тогтоолоор /хх81/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцжээ.

Улмаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий эд хөрөнгүүдийг битүүмжлэн, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18300722/03 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байна. /хх92/   

Үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч ХИД ХХК нь төлбөрөө төлөөгүй, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталсан хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх явцад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудын харилцан зөвшилцөж тогтоосон үнэ 25 000 000 000 төгрөгөөр барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Мөн талуудын харилцан тогтоосон 25 000 000 000 төгрөгийн 70 хувь болох 17 500 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон тухай төлбөр төлөгч ХИД ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/15182 дугаар /хх102/ Голомт банк ХХК-д мөн өдрийн 3/15181 дүгээр албан тоотоор мэдэгджээ.

Анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан эд хөрөнгөд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу Голомт банк ХХК-ийн өмчлөл эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40,50 мянгат, Төмөрчний гудамж 12 дугаар байр, 6 144 м.кв талбайтай эд хөрөнгө нь  Голомт банк ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, Ү-2202001904 дугаарт бүртгэн гэрчилгээ олгогдсон байна. /хх135/

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх бөгөөд хариуцагчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас гуравдагч этгээд буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн хариуцагчийн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлд нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ХИД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаярт гэрээ байгуулах эрх олгогдсон эсэхийг шалган тогтоох, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх эрхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ш.ОЮУНХАНД

                                  ШҮҮГЧИД                                             Б.НАРМАНДАХ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ