| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/04455/И |
| Дугаар | 183/ШШ2023/00086 |
| Огноо | 2023-01-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2023/00086
| 2023 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2023/00086 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2022 оны 4, 7 дугаар сар болон ажлаас халагдсан хугацаанаас хойшхи нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Гг,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.а,
хариуцагчийн төлөөлөгч Б.А,
хариуцагчийн өмгөөлөгч М.Ар,
нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г МНЦ ОНӨТҮГ-т холбогдуулан Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2022 оны 4, 7 дугаар сар болон ажлаас халагдсан хугацаанаас хойшхи нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: С овогтой Г миний бие нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тус байгууллагын захирлын ***** тоот тушаалаар Ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу хариуцсан ажпаа гүйцэтгэж, хоцролт, тасралтгүй, хамт олноо ахлан ажиллаж ирсэн.МНЦ ОНӨТҮГ-т ажиллаж байх хугацаандаа 7 хоног бүрт зохион байгуулагддаг шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийг тухай бүр ажилтнуудад мэдээлж, үүрэгжүүлснээр ажлын уялдааг сайжруулж, Хүй 7 худагт улирлын чанартай хийгддэг тогтмол ажлуудыг төлөвлөгөөнд оруулан тухай бүр ажилтнуудад танилцуулж чанартай, тогтсон хугацаанд хариуцлагатайгаар гүйцэтгэж, хэрэгжилт, зохион байгуулалтыг хангаж ажиллаж ирсэн. Мөн ажилтнуудад байгууллагын дотоод журам, төрийн үйлчилгээний ажилтнуудын ёс зүй, хуулийн шинэчлэл зэргээр сургалт бэлтгэн зохион байгуулах, хэрэгжилт хангах ажилд удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд гар бие оролцож ирсэн бөгөөд Хүй 7 худгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байсан. С.Г би ажиллах хугацаандаа нэг ч удаа алдаа зөрчил гаргаж байгаагүй боловч байгууллагын удирдлагууд бүлэглэн зохион байгуулалттайгаар эвсэн хурлын тэмдэглэл үйлдэж цалин, нэмэгдлээс хувь хасаж, сахилгын шийтгэл тушаалаар авсан байсныг албан ёсоор Ахлах мэргэжилтэн С.Г надад гардуулж, танилцуулаагүй гэх мэт хохироож байсныг 2021 оны 08 сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өргөдлүүдэд тусган МНЦ ОНӨТҮГ-ын захиргаанд мэдэгдэж байсан ч өргөдлийн хариу өгөх хугацаанд хариу өгөхгүй дарж, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байдал үүсгэн дарамт үүсгэж байсан. Иймээс Ахлах мэргэжилтэн С.Г миний бие манай байгууллагын дээд шатны байгууллага болох УБ хотын Захирагчийн ажлын албанд 2022 оны 01 сарын 11-ний өдөр дээрх байдлыг дурьдаж өргөдөл гаргаснаар МНЦ ОНӨТҮГ-ын 2022 оны 02 сарын 14-ны өдрийн 06 тоот албан бланк бүхий хариу ирүүлсэн боловч тус хариу нь өөрсдийнхөө хийсэн хууль бус үйлдпээ хамгаалж, ажилтныхаа ажил сайжруулах, ажпын орчинг эрүүл болгох хүсэлтийг хүлээн авахаас илт түтгэлзсэн байсан тул миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ХУД-ийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2 шатны шүүхээр орж С.Г миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Мөн миний өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэхээр өгсөн өргөдлийг шийдвэрлэх бус надад хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхлыг дараах хэлбэрүүдээр гаргаж байсан. Үүнд Миний цалингийн мэдээллийг ажиллах хугацаанд нэг ч удаа мэйлээр болон цаасан хэлбэрээр өгч байгаагүй. Бусад ажилдчын цалингийн задаргаа тогтмол сар бүр илгээгддэг бөгөөд миний цалин авах ёстойгоос бага хэмжээгээр орох болгонд би задаргаагаа харж учир байдлаа мэдэх гэхээр надад тэр талын мэдээлэл өгөхгүй намайг хэт бага цалингаар цалинжуулж хохироож байсан. Сар бүр би өөрийн ажлын төлөвлөгөө болон сарын тайлангаа батлуулахаар хүргүүлэхэд зөвхөн минийх дээр гарын үсгээ эрх бүхий албан тушаалтан зурдаггүй. Яагаад зурахгүй байгаа тухай асууж тодруулахад учир холбогдлыг нь тайлбарладаггүй, тэгсэн атлаа төлөвлөгөө, тайлан өгөөгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулдаг. Короно вирусын тархалтын хугацаанд короногоор өвдсөн ажилчдад улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу үр дүнгийн цалинг бүх ажилчдад бүтэн олгосон атлаа зөвхөн минийхийг хассан байсныг би шүүхэд нэхэмжлэл гаргах явцдаа олж мэдсэн. Хэрэв надад цалингийн задаргаа тогтсон хугацаанд өгдөг байсан бол би энэ тухай эрт мэдэж өөрийн эрх ашгаа хамгаалах боломжтой байтал надад энэ боломжийг олгоогүй. Хурал цуглаан, ажлын бус цагаар ажиллах тохиолдолд зөвхөн надад мэдэгдэхгүй орхигдуулах байдлаар ажил тасалсан гэж тооцох гэх мэт. Ажиллах хугацаанд ажпын байрны дарамт хэрээс хэтэрч, удирдпагаас хамт олон руу чиглэсэн байдлаар бүх ажилтны хурал дээр илт миний нэр хүндэд халдсан үйлдэл гаргаж байсан зэрэг нь зарим нэгэн ажилтанд нөлөөлөл үзүүлснээр МНЦ ОНӨТҮГ-ын Хүй 7 худаг хариуцсан Ахлах мэргэжилтэн С.Г миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд хүндрэл үүсч байсан болно. Өөрөөр хэлбэл удирдлагууд хэт надад дургүй байдлаа ил тод илэрхийлсний дүнд миний удирдлагад ажиллаж буй бүх ажилчид миний өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахгүй болсон, улмаар хотын төвөөс 32 км зайд байрлах ажлын байр луугаа явахаар ажилчдын автобусанд суухаар очиход намайг оруулахгүйгээр шууд хөдлөөд явах болон тэр ч байтугай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өглөө 8 цагт миний бие тайлан хамгаалахаар ХУД, Гутал оффисын 4 давхарт байрлах төв оффис дээр очиход няравД, хөгжмийн техникч Э, эдийн засагч Б болон ахлах мэргэжилтэн О нар байсан бөгөөд булэглэн ам хэлээр доромжилж, заналхийлж, энэ үед хөгжмийн техникч Э нь миний биед халдаж, хүч хэрэглэж зодож цохисон нь шүүх эмнэлгийн магадлалаар хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарч, цагдаагийн байгууллагад холбогдох хүмүүс шалгагдаж байна. Ийнхүү гэмтсний улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч, эмч, эмнэлгийн бичгээр хэвтэн эмчлүүлж, сувилуулж, хэвтэрийн дэглэм барих гэх мэт эмнэлгийн акт, эмчилгээтэй байх үед 2022 оны 08 дугаар сарын 05- ны өдрийн *** тоот МНЦ ОНӨТҮГ-ын даргын тушаалаар С.Г намайг ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна. МНЦ ОНӨТҮГ-ын Ахлах мэргэжилтэн С.Г би эмчилгээтэй, акттай байгаа талаараа тухай бүр байгууллагынхаа Хууль, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Ад утсаар болон фэйсбүүк чатаар мэдэгдэж байсан болно. Хууль, хүний нөөц хариуцсан мэргэжилтний хувь чат руу нь мэдээлэл өгч байсан шалтгаан нь манай байгууллагын зар мэдээ солилцдог МНЦ ОНӨТҮГ гэсэн нэртэй фэйсбүүк болох дотоод сүлжээнээс Хууль, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.А нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 41 минутад Ахлах мэргэжилтэн С.Г миний чөлөөлөх тушаал гараагүй, өвчтэй байхад бүдүүлгээр хасч, ажлын мэдээ, мэдээлэл авах эх сурвалжгүй болгож, илт гадуурхах үйлдэл дахин гаргасан. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот С.Гыг ажлаас чөлөөлөх тухай МНЦ ОНӨТҮГ-ын даргын тушаалын 1 дүгээрт дурьдагдсан хугацаануудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэдгийг дараах байдлаар тайлбар өгч байна. Үүнд 2022 оны 05 сарын 17-ны өдрөөс 2022 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал ажлын 11 хоног гэсэн нь С.Г миний бие өөрийн харъяалалын БЗД-ийн ЭМТ-ийн Эмнэлгийн магадлагаагаар 2022 оны 05 дугаар сарын 03-ний өдрөөс 10-ны өдөр, сунгалтаар 05 сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр, мөн сунгалтаар 05 дугаар сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл акттай байсан бөгөөд энэ талаар Хууль, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Аын фэйсбүүк чатруу нь бичсэн. 2022 оны 6 саоын 1-ний өдрөөс 2022 оны 6 саөын 30-ны өдрийг дуустал ажлын 20 хоног гэсэн нь С.Г миний бие ажлын байранд зодуулсны улмаас толгой эргэж, дайвалзасны улмаас унаж баруун түнхээ гэмтээж, хуучин бэртэл сэдэрсний улмаас мөн эмнэлгээр үргэлжлүүлэн шинжлүүлэх, эмчлүүлэх, хэвтрийн дэглэм сахих болсон тухайгаа Б.Ад утсаар мэдэгдэж фэйсбүүк чат руу нэгж болон сүлжээтэй болох бүрийд эмчилгээтэй байгаагаа мэдэгдэж байсан. 6 сарын 1-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд авсан гэмтлээ Гэмтлийн амбулторт 06 сарын 02-ны өдөр үзүүлэхэд хөдөлгөөнөө хязгаарлах талаар зөвлөж, физик эмчилгээ хийлгэх эмчилгээ бичиж өгсөн. Үений гэмтлийн улмаас машинаар явах шаардлагатай байсан тул манай машины дугаарын хязгаарлалт 5 дах өдөр буюу 6 сарын 03-ны өдөр явдаггүй тул гэртээ хэвтрийн дэглэм барьсан. Тэгээд 2022 оны 6 сарын 07-ны өдрөөс 22-ны өдөр, 27-ны өдрөөс 7 сарын 01 -ны өдрийг хүртэл хугацаанд өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж Эмнэлгийн магадлагаа авч эмчлүүлсэн. 2022 оны 7 дугаар сар бухэлдээ ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн нь С.Г миний бие өрхийн эрүүл мэндийн төвд 2022 оны 7 сарын 04-ны өдөр үзүүлэн 09-ний өдрийг хүртэл хугацаатай ажлын 6 хоногийн эмнэлэгийн магадлагаа авч эмчилгээ хийлгүүлсэн. Харин 2022 оны 7 сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баяр, наадмын амралт байсан тул миний бие эмнэлэгт үзүүлэн акт, магадлагаа авч чадаагүй ч эмчийн зөвлөгөөний дагуу хөдөлгөөн хязгаарлан хэвтрийн дэглэмтэй байсан. Эмчийн зөвлөгөөний дагуу хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгүүлэхээр 7 сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал Шаргалжуут рашаан, сувилалд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд энэ талаараа 7 сарын 19-ний өдөр Хууль, хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд фэйсбүүк чатаар нь мэдэгдсэн. 2022 оны 7 сарын 25-ны өдрөөс 30-ний өдрийг дуустал өрхийн эрүүл мэндийн төвийн Эмнэлэгийн магадпагаатай байсан. Мөн чөлөөлсөн тушаалын 3 дугаарт С.Гтой холбогдох тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогч Н.Бд зөвшөөрсөн хэдий ч миний ажилласан хугацааны ээлжийн амралт, листны мөнгө болон бусад холбогдох тооцоог хийгээгүй бөгөөд С.Г надаар тойрох тооцооны хуудас зуруулаагүйгээр тушаалаа гаргасан зэрэг нь МНЦ ОНӨТҮГ хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөх бус зөрчиж үйл ажиллагаагаа явуулж байна. С.Г миний бие чөлөөлөгдсөн тушаалаа авсан даруйд ажлын 14 хоногт батгаан холбогдох материалаа бүрдүүлэн Ажилгүйдлийн тэтгэмж авахаар харъяа дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд хандахад уг тэтгэмж олгогдох боломжгүй гэсэн хариу авсан нь МНЦ ОНӨТҮГ-ын удирдлага хууль, журам мөрддөггүй, ажилтнуудаа давхар давхар хохироосон үйлдэл гаргасаар байгаад гомдолтой байна. С.Г надад Ажилгүйдлийн тэтгэмж олгогдох боломжгүй болсон 2 нөхцөл нь тэтгэмж олгох журмын дагуу тухайн иргэн сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгал төлж, ажилласан байх гэсэн заалт байхад тус байгууллага нь С.Г миний өвчтэй байх, акттай байх хугацаанд буюу 2022 оны 4 сарын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийг тасалсан, мөн ажлаас чөлөөлсөн тушаал нь 2022 оны 8 сарын 05 байтал 2022 оны 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалсан байгаа юм. Иймд МНЦ ОНӨТҮГ намайг хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байсан болохыг тогтоолгож, тус газрын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот С.Гыг ажпаас чөлөөлөх тухай тушаал нь үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан болохыг тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн гэрээнд заагдсан нөхцөлийг дордуулахгүйгээр эгүүлэн тогтоож, мөн ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах нэг сарын 1005775 төгрөг, нэг өдрийн 46780 төгрөгөөр тооцож тушаал гарсан өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртлэх, 2022 оны 4, 7 дугаар сар болон ажлаас халагдсан хугацаанаас хойшхи нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Гын гаргасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гардуурхагдсныг тогтоолгож, ажилд эргүүлэн томилогдох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажиллаж байх хугцааанд төлөөгүй хугацаа болон ажлаас халсан тушаал гарснаас хойшхи бүх хугацааны нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь С.Г нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 05 сарын 31-ний өдрийг дуусталх ажлын 11 хоног, 2022 оны 06 дугаар сарын 01-нээс 6 сарын 30-ны өдрийг хүртэлх ажлын 20 хоног, 2022 оны 7-р сар бүхэлдээ ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ хугацаанд акттай байсан, эмнэлэгийн магадлагаа авч эмчлүүлж гайсан тухайгаа хууль, хүний нөөц хариусан мэргэжилтэн Б.Ад фэйсбүүк чатаар мэдэгдсэн гэж тайлбарласан байна. Гэвч манай байгууллагын зүгээс С.Гын 2022 оны 05 дугаар сар хүртэлх эмнэлгийн магадлагаа ирүүлсэн өдрүүдэд чөлөө олгоод явж байсан бөгөөд энэ нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ** албан бичгийн хавсралт хэсэгт хүснэгтээр тайлбарлаж бичсэн байдаг. 2022 оны 06 дугаар сараас хойших эмнэлгийн магадлагаа ирүүлээгүй ажлын 20 хоног, 37-р сарыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн бөгөөд С.Гын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн чөлөө авах хүсэлтийг судлаад 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ** тоот албан бичгээр чөлөө авах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Гэтэл үүнээс хойш ажлын байрандаа огт ирээгүй бөгөөд энэ нь цаг бүртгэлийн U программ дээр тэмдэглэгдсэн байдаг. Мөн манай байгууллагаас С.Год хаяглаж 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 тоот албан бичгээр эрүүл мэндийн шалтгаантай байгаа нотлох баримтыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн. Хэрвээ баримтыг ирүүлээгүй тохиолдолд ажлаас халах хүртэл хариуцлагын арга хэмжээ авах тухай албан тоотыг баталгаат шуудан болон гэрийн хаягаар хүргүүлж байсан. Гэтэл С.Г нь энэ хугацаанд бичгээр, и-мэйлээр аль ч хэлбэрээр ирүүлээгүй. Үүнээс хойш МНЦ байгууллагын зүгээс С.Гыг өвчтэй байгаа, эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүй байгаагаа нотлох баримтаа ирүүлэхийг, ажлын байрандаа ирэхийг ойролцоогоор нэг сарын хугацаанд хүлээсэн боловч алийг нь ч ирүүлээгүй учир 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Дээрхээс үзэхэд С.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэх, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, амралт чөлөөний хугацааг хэтрүүлэх гэх, 14 дүгээр зүйлийн 14.1.4 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол дэх заалт, Байгууллагын ёс зүйн хорооны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02 тоот дүгнэлтийг тус тус зөрчсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхпэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцласан. Иймд С.Гын гаргасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсныг тогтоолгож, ажилд эргүүлэн томилогдох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажиллаж байх хугацаанд төлөөгүй хугацаа болон ажлаас халсан тушаал гарснаас хойшхи бүх хугацааны нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс 2020.12.11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл, МНЦ ОНӨТҮГ-ын албан тушаалын тодорхойлолт, МНЦ ОНӨТҮГ-ын даргын 2022.08.05-ны өдрийн *** дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.09-ний өдрийн 14846 дугаар захирамж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.09.21-ний өдрийн 594 тоот албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.08.19-ний өдрийн 210/МА2022/***** дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30-ны өдрийн 01716 дугаар шийдвэр, 2022.01.11-ний өдрийн өргөдөл, 2021.12.28-ны өдрийн өргөдөл, 2021.08.30-ны өдрийн өргөдөл, төрбөрийн баримтуудын хуулбар, 2022.06.02-ны өдрийн өргөдөл, 2022.03.30-ны өдрийн 4861 дугаар шинжээчийн дүгнэлт, мессеж чатны зургууд зэргийн ирүүлсэн. /хх-ийн 9-31, 101- 146/
4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, МНЦ ОНӨТҮГ-ын даргын 2022.08.05-ны өдрийн *** дугаар тушаал, МНЦ ОНӨАТҮГ-ын 2022.06.15-ны өдрийн ** тоот албан бичиг, С.Гын 2022.06.08-ны өдрийн өргөдөлийн тухай, МНЦ ОНӨТҮГ-ын 2022.07.06-ны өдрийн 106 тоот албан бичиг, 2022.06.16-ны өдрийн монгол шуудангийн баримт, 2022.07.01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн цагийн бүртгэл, С.Гын эрүүл мэндийн даатгалын баримт, МНЦ ОНӨТҮГ-ын даргын 2022.01.05-ны өдрийн *** дугаар тушаал, МНЦ ОНӨТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, 2022.10.10-ны өдрийн *** тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2021.03.01-ний өдрийн **** дугаар захирамж, хавсалт, МНЦ ОНӨТҮГ-ын албан тушаалын тодорхойлолт, 2022.03.24-ний өдрийн 14 дугаар хөдөлмөрийн гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 43-85/
5. Шүүх нэхэмжлэгч С.Гын хүсэлтээр С.Гоос өөрийн Ganbold S хаягнаас хүний нөөцийн ажилтан Б.Аын Ar фейсбүүк мессенжер хаягт бичсэн чат болон МНЦ ОНӨТҮГ-ийн групп чатад үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргав.
6. Хариуцагч тал Улаанбаатар хотын Төрийн албан хаагчдын Цагийн бүртгэлийн систем erp.ulaanbaatar.mn үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан болно. /хх-ийн 154-156/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: МНЦ ОНӨТҮГ-т ажиллаж байх хугацаанд ажиллах хугацаанд ажлын байрны дарамт хэрээс хэтэрч, удирдлагаас хамт олон руу чиглэсэн байдлаар бүх ажилтны хурал дээр илт миний нэр хүндэд халдсан үйлдэл гаргаж байсан зэрэг нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд хүндрэл үүсч байсан. ...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өглөө 8 цагт миний бие тайлан хамгаалахаар Хан-Уул дүүрэг, Гутал оффисын 4 давхарт байрлах төв оффис дээр очиход няравДг хөгжмийн техникч Э, эдийн засагч Б болон ахлах мэргэжилтэн О нар байсан бөгөөд бүлэглэн хэл амаар доромжилж, заналхийлж, энэ үед хөгжмийн техникч Э нь миний биед халдаж, хүч хэрэглэж зодож цохисон нь шүүх эмнэлгийн магадлалаар хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарч, цагдаагийн байгууллагад холбогдох хүмүүс шалгагдаж байна. Ийнхүү гэмтсэний улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч, эмч, эмнэлгийн бичгээр хэвтэн эмчлүүлж, сувилуулж хэвтрийн дэглэм барих гэх мэт эмнэлгийн акт, эмчилгээтэй байх үед 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэж тайлбарлав.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ С.Г нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажлын 11 хоног, 2022 оны 6 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажлын 20 хоног, 2022 оны 7 дугаар сар бүхэлдээ ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргасан. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд акттай байсан тухайгаа хууль, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Ад фэйсбүүк чатаар мэдэгдсэн гэж тайлбарласан байна. Гэвч манай байгууллагын зүгээс С.Гын 2022 оны 5 дугаар сар хүртэлх эмнэлгийн магадлагаа ирүүлсэн өдрүүдэд чөлөө олноод явж байсан бөгөөд энэ нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ** албан бичгийн хавсралт хэсэгт хүснэгтээр тайлбарлаж бичсэн байдаг. 2022 оны 6 дугаар сараас хойшхи эмнэлгийн магадлагаа ирүүлээгүй ажлын 20 хоног, 7 дугаар сарыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн бөгөөд С.Гын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн чөлөө авах хүсэлтийг судлаад 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ** тоот албан бичгээр чөлөө авах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 106 тоот албан бичгээр эрүүл мэндийн шалтгаантай байгаа нотлох баримтыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн. Баримтыг ирүүлээгүй тохиолдолд ажлаас халах хүртэл хариуцлагыг арга хэмжээ авах тухай албан тоотыг баталгаат шуудан болон гэрийн хаягаар хүргүүлж байсан. Гэтэл С.Г нь бичгээр, и-мэйлээр аль ч хэлбэрээр ирүүлээгүй учир ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Г нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр МНЦ ОНӨТҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цогтгэрэлтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагад тохижилт үйлчилгээний албанд ахлах мэргэжилтээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9-13/
Харин МНЦ ОНӨТҮГ-ын захирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Байгууллагын ёс зүйг хорооны 2022 оны 8 сарын 03-ны өдрийн 02 тоот дүгнэлт зэрэг заалтуудыг баримтлан ... С.Г нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажлын 11 хоног, 2022 оны 6 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажлын 20 хоног, 2022 оны 7 дугаар сар бүхэлдээ ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна.
5. Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.
Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтан С.Гтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д Газрын даргад мэдэгдэлгүй 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах үндэслэлийг тохирсон байна./хх-ийн 81-85/
6. Нэхэмжлэгч С.Г нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өглөө 8 цагт миний бие тайлан хамгаалахаар Хан-Уул дүүрэг, Гутал оффисын 4 давхарт байрлах төв оффис дээр очиход ...бүлэглэн хэл амаар доромжилж, заналхийлж, энэ үед хөгжмийн техникч Э нь миний биед халдаж, хүч хэрэглэж зодож цохисон нь шүүх эмнэлгийн магадлалаар хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарч, цагдаагийн байгууллагад холбогдох хүмүүс шалгагдаж байна. Энэ зодуулснаас болж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсч, эмч, эмнэлгийн бичгээр хэвтэн эмчлүүлж, сувилуулж хэвтрийн дэглэм барих гэх мэт эмнэлгийн акт, эмчилгээтэй байсан бөгөөд энэ тухайгаа хүний нөөц Б.Ад мэдэгдэж, түүний фэйсбүүк чатад эмнэлгийн магадлагаагаа тухай бүрт нь явуулж байсан, мөн энэ байдал нь хэрэгт авагдсан эмчийн бичиг, эмнэлгийн акт, магадлагаагаар нотлогдоно. гэж тайлбарласан.
7. Шүүх нэхэмжлэгч С.Гын гар утсанд түүний G хаягнаас хүний нөөцийн ажилтан Б.Аын A фейсбүүк мессенжер хаягт 2022.03.31-ний өдрөөс 2022.05.11-ний өдрийг хүртэл, 2022.06.02-ний өдрөөс 2022.08.05-ны өдрүүдэд бичсэн чатыг үзлэгээр баталгаажуулсан ба уг чатад нэхэмжлэгч С.Г нь хүний нөөц Б.Ад 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаатай байгаа талаараа бичиж, мөн холбогдох баримтын зургийг дарж илгээж байсан болох тогтоогдож байх ба уг үйлдлийн талаар талууд маргаагүй байна.
8. Нэхэмжлэгч С.Г нь өвчтэй талаар ажил олгогчдоо мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч дээрх хугацааны буюу 2022 оны 3 сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэлх эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байсан нь 2022 оны 08 сарын 05-ны өдрийн *** дугаар тушаалын үндэслэлд хамаарахгүй байна.
Тодруулбал, *** дугаар тушаалд 2022 оны 05 сарын 17-ны өдрөөс хойших хугацааны ажилдаа ирээгүй үндэслэлүүдийг заасан байх ба энэ хугацаанд нэхэмжлэгч С.Г нь ажилдаа ирээгүй нь цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдсон, түүнчлэн нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй байна./хх-ийн52,53/
9. Нэхэмжлэгч нь дээрх хугацааны туршид эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байгаа нөхцөл байдлаа байгууллагын удирдлага болон хүний нөөцдөө тухай бүрт нь мэдэгдэж байсан болон эмнэлгийн магадлагааг байгууллагадаа хүргүүлж байсан гэж үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч С.Г нь хэрэгт 2022 оны 05 сарын 03-ны өдрөөс 05 сарын 31-ний өдрийг хүртэл, 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 сарын 22-ны өдрийг хүртэлх, 2022 оны 06 сарын 27-ны өдрөөс 07 сарын 01-ний өдрийг хүртэлх, 2022 оны 07 сарын 04-ний өдрөөс 07 сарын 09-ний өдрийг хүртэлх, 2022 оны 07 сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны эмнэлгийн магадлагааг ирүүлсэн хэдий ч эдгээр баримтууд 2022 оны 08 сарын 05-ны өдрийн *** дугаар тушаал гарах үед ажил олгогчид хүргэгдээгүй байсан үйл баримт тогтоогдож байна
10. Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д Газрын даргад мэдэгдэлгүй 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцоно. гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8-т Хүндэтгэх шалтгаангүйгээр сард 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, амралт,чөлөөний хугацааг хэтрүүлэх, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т Хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлана. гэж тус тус зааснаар С.Гыг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцнэ.
11. Түүнчлэн нэхэмжлэгч нь ...тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн гэрээний тохирох зүйл заалтыг баримтлаагүй нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлд хамаарна. гэж тайлбарлаж байгаа нь дараах үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлахаар заасан бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай ба тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.
Дээрхээс дүгнэхэд Хөдөлмөрийн гэрээний тохирох зүйл заалтыг тушаалд бичээгүй нь тушаалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд ноцтой зөрчлийг нэг бүрчлэн тохирсон байх нь хуульд нийцэх юм.
12. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.4-т нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг, 1.7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлнэ. гэж, 16 дугаар зүйлийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ. гэж тус тус заажээ.
Харин хариуцагч МНЦ ОНӨТҮГ нь нэхэмжлэгч С.Гын 2022 оны 4 сар, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна, ниймгийн даатгалын шимтгэл төлөөлөөгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан Шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох үндэслэлийн алинд нь хамаарахгүй байна.
Иймд ажилтан С.Гын 2022 оны 4 сар, 7 сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй.
13. Нэхэмжлэгч нь хариуцагч МНЦ ОНӨТҮГ нь Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байсан болохыг тогтоолгохоор шаардсан нь дараах үндэслэлгүй.
Ажил олгогчоос гаргасан шийдвэрийн үндэслэлийг хянахад болон хэрэгт авагдсан баримтуудаас С.Гыг ажил үүргээ гүйцэтгэхэд ялгаварлан гадуурхалт үүсгэж, улмаар энэ нь ажлаас чөлөөлөхөд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14. Нэхэмжлэгч С.Г нь 2022 оны 08 сарын 05-ны өдрийн *** дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст гаргасан боловч Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй үндэслэлээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг 2022.09.21-ниы өдрийн 594 дугаар албан бичгээр өгсөн байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаандаа байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэсэн хуулийн шаардлагын дагуу 2022 оны 09 сарын 27-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасныг дурдах нь зүйтэй байна.
15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МНЦ ОНӨТҮГ-т нэхэмжлэгч С.Гын 2022 оны 04 сар, 07 сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж, нэхэмжлэгч С.Гын хариуцагч МНЦ ОНӨТҮГ-т холбогдуулан Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажлаас халагдсан хугацаанаас хойшхи нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ