| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/04182/И |
| Дугаар | 183/ШШ2023/00186 |
| Огноо | 2023-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2023/00186
| 2023 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2023/00186 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 549 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М
нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч СТХХК хариуцагч ФБМ ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 13 549 200 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Манай компани нь ФБМ ХХК-д цемент нийлүүлэхээр тохиролцсон. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 197.89 тонн буюу 40 171 670 төгрөгний цемент, 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 262.60 тонн буюу 63 549 200 төгрөгний цемент буюу нийт 460.49 тонн буюу 103 720 870 төгрөгний үнэ бүхий цементийг ФБМ ХХК-д нийлүүлсэн. Ингээд ФБМ ХХК нь цементийн төлбөр 90 171 670 төгрөгийг төлж, үлдэгдэл 13 549 200 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Манай компанийн зүгээс ФБМ ХХК-тай холбогдон цементийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардсан боловч ... боломжгүй, дараа болъё гэх зэрэг тайлбаруудыг тавьсаар одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй манай компанийг хохироож байна. Иймд цементийн үлдэгдэл төлбөр болох 13 549 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс 2022.05.07-ны өдрийн зарлагын баримтууд, 2022.09.06-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 6-9/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...СТХХК нь ФБМ ХХК-д цемент нийлүүлэхээр тохиролцож, 2022.04.29-ний өдөр 197.89 тонн буюу 40 171 670 төгрөгийн цемент, 2022.05.07-ны өдөр 262.60 тонн буюу 63 549 200 төгрөгийн цемент буюу нийт 460.49 тонн буюу 103 720 870 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. ФБМ ХХК нь цементийн төлбөр 90 171 670 төгрөгийг төлж үлдэгдэл 13 549 200 төгрөгийг өнөөдрийш хүртэл төлж барагдуулаагүй байна... гэж тайлбарлав.
3. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч ФБМ ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч СТХХК-иас 197.89 тонн цементийг 40 171 670 төгрөгөөр, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр **** УАС дугаартай машинаар 53.35 тонн цементийг 12 910 700 төгрөгөөр, **** УАС дугаартай машинаар 54.50 тонн цементийг 13 189 000 төгрөгөөр, **** УНХ дугаартай машинаар 50.75 тонн цементийг 12 281 500 төгрөгөөр, **** УАС дугаартай машинаар 55.20 тонн цементийг 13 358 400 төгрөгөөр, **** УНХ дугаартай машинаар 48.80 тонн цементийг 11 809 600 төгрөгөөр, нийт 262.60 тонн цементийг 103 720 870 төгрөгөөр байхаар худалдаж авсан байна. /хх-ийн 6-9/
Үүний дагуу хариуцагч ФБМ ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 40 400 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг, нийт 90 400 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. /хх-ийн 9/
Талуудын хооронд цемэнт нийлүүлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүссэн ба төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй асуудлаар талууд маргаагүй байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.
Талуудын хооронд үйлдэгдсэн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд хариуцагч нь нийт 90 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх ба 13 320 870 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж, акт үйлдсэн, эрх бүхий этгээдийн гарын үсэг болон тамга, тэмдэгээр баталгаажсан байна./хх-ийн 9/
7. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг актаар тогтоосон дүн 13 320 870 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 228 330 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ФБМ ХХК-иас гэрээний үүрэгт 13 320 870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СТХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 228 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч СТХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ФБМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 224 554 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СТХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ