2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2057

 

 

 

 

 

 

 

 

  

 2025          08           28                                    2025/ШЦТ/2057

 

 

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Х.Ургаа

хохирогч ********, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр

иргэдийн төлөөлөгч Л.Бурмаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******** 2023 оны 12 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 50 дугаар байрны 702 тоотод эхнэр ********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг араас нь уяагаар боож биед нь механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, хоёр нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ээжтэйгээ утсаар ярьж байгаад 20 цагийн 45 минутын орчим гэртээ ороход ********нь охин ********хамт хоолоо хийж байсан. Бид нар хоолоо идчихээд том өрөөнд ор засаад охиноо унтуулсан. ********ажил дээрээсээ авчирсан монитагийн бэлэг гэх дарс, шампанскийг гаргаж ирээд хамт дарс ууя гэж хэлсэн. Маргааш машин жолоодно, би уухгүй гэж хэлтэл ********уусангүй гэж уурлаад байхаар нь явалдсан залуу чинь өгсөн юм уу гэж хэлээд маргалдсан. Би унтахаар орон дээрээ ирэхэд ********миний нуруу руу цохиод орилж хашхираад дарснаасаа уугаад гал тогоонд сууж байснаа жижиг өрөө рүү ороод чимээгүй болчихоор нь 4-5 минутын дараа араас нь ороход даацын хананд бэхэлсэн турникээс өөрийгөө дүүжилсэн байсан. Тэгээд би ********буулгаж, хиймэл амьсгаа хийгээд түргэн дуудсан. Дараа нь цагдаа дуудсан гэв.

 

Хохирогч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би “********” олон улсын сургуульд дизайн технологийн багшаар ажилладаг, миний охин ********тус сургуулийн 1 дүгээр ангид сурдаг байсан. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр менежерийн өрөөнд 17 цагийн орчим бүгд багш нар ороод монитагийн бэлэг солилцсон байгаа. 17 цаг 30 минутаас охины хичээл тардаг учраас ажлаа дуусгаад 18 цагаас ажлаасаа гараад 19 цагт гэртээ ирсэн. ******** апартмент 50-32 тоот байх гэртээ ирээд цуйван хийсэн. 1 цагийн дараа ******** гэртээ ирсэн. ******** усанд орчхоод гарч ирээд гал тогооны өрөөнд хоолоо идсэн. Монитагийн өгсөн бэлэг болох дарс, шампанск, гар нүүрийн алчуур гурвыг цаасан ууттай нь барьж ирсэн чигээр нь гал тогооны өрөөний шкафан дээр тавьсан байсныг ******** хараад хэнээс юун бэлэг авсан юм бэ, явалдсан хүн чинь өгсөн үү гэж уурласан. Ажил дээр монитагийн бэлэг солилцсон талаараа  хэлэхэд үгийн зөрүүгүй миний баруун талын чих рүү зүүн гараараа алгадсан. Би түшлэгтэй сандлаас 2-3 удаа өнхөрч газарт унасан. Нүдэнд шар оч манараад орчноо харах боломжгүй нөхцөл байдалтай байхад араас уяа гогцоогоор намайг боосон. Түүний дараа цав цагаан орчинд буюу эмнэлэгт сэрсэн. Миний төрсөн эгч ********намайг сахиж байсан байна лээ. Би эгчээсээ хаана байгаа талаар асуухад Гэмтэл согог судлалын үндэсний төвд байна гэж хэлсэн. Яагаад энд байгаагаа асуухад миний хоолойг боогдсон байна гэж хэлсэн. Би ********д алгадуулаад газарт унаад 3 хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Энэ хугацаанд ******** манай ажлын газрынханд худал хэлсэн байсан. Манай охины багш ********“охиндоо чөлөө авах гэсэн юм, ээж нь ********гэмтсэн” гэж худлаа хэлсэн байсан.

Ингээд намайг чөлөө авах ёсгүй, учир битүүлгээр 3 хоног ажлаа тасалсан учраас манай ажлын ********, ********, ********гэсэн багш нар намайг 3 хоногийн турш хайсан байсан. Тэр хугацаанд ******** нь намайг гэмтсэн гэж манай ажлын газрын хүмүүст хэлсэн байсан. Манай ажлын хүмүүс ********гэмтсэн юм бол аль эмнэлэгт хэвтэж байгааг нь заагаад өг гэж асуухад эмнэлгээс гарсан гэж хэлсэн байсан. Манай ажлын хүмүүс манай гэрт ирэхэд ********эгч нь эмнэлгээс дагуулаад гадуур гарсан гэж хэлээд эгч ********дугаарыг үнэн зөв өгсөн байсан. ******** багш манай эгч рүү залгаад ********эмнэлгээс гараад тантай хамт гадуур гарч байгаа юм уу гэж асуухад манай эгч ********ухаангүй Гэмтлийн эмнэлэгт би сахиж байгаа гэж үнэн  зөв мэдээллийг өгсөн байсан. ********, ********, ********гэсэн багш нар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг эргэж ирээд бодит нөхцөл байдлыг мэдсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд ******** намайг гэмтсэн, эмнэлгээс гарахад нь эгч нь дагуулаад гадуур гарсан гэх худал мэдээлэл өгсөн байсан. Тэр өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 25-нд би гэмтээгүй, гаднын нөлөөтэй гэмтэл авч 3 хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт сэргэсэн.

Маш их гомдолтой байна. Хохирлын мөнгө энэ тэр гэж мөнгө надад өгөөгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ****************“... би 2023 оны 9 дүгээр сард “********” дунд сургуульд багшаар ажилд орсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай сургуулийн багш нарын дунд монита зохион байгуулж улмаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр монита задалж том бэлгээ өгсөн. Намайг ********гэх дуу хөгжмийн багш сугалсан байсан бөгөөд надад дарс, гар нүүрийн алчуур зэргийг өгсөн. Би тэр бэлгээ бариад охин ********хамтаар 19 цагийн орчимд гэртээ ирсэн. 20 цагийн орчимд ******** гэртээ ирсэн бөгөөд ирээд усанд орчихоод гарч ирэхээр нь өөрөө хийсэн цуйвангаа аягалж өгсөн. Улмаар охин бид гурав хоолоо идээд гал тогооны ширээнд сууж байтал монитагийн бэлгийг харчихаад “энэ юун бэлэг юм” гэж асуусан. Тэгэхээр нь “манай монита өгсөн” гэж тайлбарлатал намайг ойлгохгүй шууд зүүн гараараа алгадаад авсан. Би 2-3 удаа өнхөрч газарт унасан. Унаад ухаан манараад байж байтал гэнэт ******** миний хоолойгоор уяа оруулж хойш татаж хоолой боосон. Тэгээд би ухаангүй болж 3 хоногийн дараа эмнэлэгт сэрсэн.

Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар бол манай төрсөн эгч ********, ********, хүргэн ах ********, ********, ахын найз ********, ********багшийн эхнэр ********, эгч ****************, эмнэлгийн сувилагч эгч ********, ********болон *****аав ээж гэсэн хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ цагдаа, эмнэлэгт хандаж байгаагүй. Хүчирхийлэлд өртөж байхдаа эвдлүүлсэн цэнэглэгчийн зураг байгаа. Өөр баримт байхгүй. Найз нөхөддөө хэлж байсан зүйл байхгүй.

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сургууль дээрээ архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй бөгөөд манай охин ********хичээл 17 цаг 30 минутад тардаг юм. Би охиноо авчихаад монитагийн бэлгээ менежерийн өрөөнөөс аваад шууд гэр рүүгээ явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Энэ талаар охины ангийн багш ********, монита өгсөн багш ********, намайг эмнэлэгт байхад эргэж байсан ******** багш тус тус мэдэж байгаа.

2012 онд 2 дугаар курсийн оюутан байхад Оюутны байрны хагархай цонх унаад гараа зүсэж байсан. Би өөрөө амиа хорлох үйлдэл хийж байгаагүй. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоолой боосон гэх үйлдэл гал тогооны өрөөний орчим болсон. Энэ үйл явдал болоход манай охин том өрөөний буйдан дээр унтаж байсан” /1-р хх-н 156-160/ гэж,

насанд хүрээгүй гэрч Б.********“... би одоо 7 настай, 1 дүгээр ангид сурдаг. Би аав, ээж, дүүтэйгээ хамт амьдардаг байсан боловч аав, ээж 2 маань байнга муудалцаж, аав ээжийг өвтгөөд байдаг болохоор аав ээж 2 салаад би ээж, дүүтэйгээ хамт Сэлэнгэд ирээд амьдарч байгаа. Аав маань хотод байгаа. Аав, ээж 2 маань байнга муудалцдаг. Хамгийн сүүлд өвөл муудалцсан. Тэр өдөр манай бага дүү хотын өвөөгийнд байсан. Би тэр өдөр ээжтэйгээ хамт ээжийнхээ ажил дээрээс гараад гэртээ харьтал аав маань гэртээ байсан. Би тэр үед ээжийнхээ ажилладаг сургуулийн өөр ангид сурдаг байсан болохоор байнга ээжтэйгээ хамт гэр рүүгээ явдаг юм. Ээж маань тэр өдөр ажлынхаа хүнээс монитагийн бэлэг гээд дарс, гоо сайхны тос аваад очсон болохоор аав маань “чи яахаараа эрэгтэй хүн сугалдаг юм” гэж уурлаад ээжийг алгадаад зодоод байсан. Тэгээд аав, ээж 2 шөнө муудалцаад аав ээжийг нүүр рүү нь гараа сарвайлгаж байгаад 1 удаа цохиод бас алгадаад нүд нь хөхөрсөн. Тэгээд бас ээжийн гар руу нь цохиж гар нь хөхөрсөн. Бас ээжийн өмсдөг ягаан өнгийн халаадны бүсээр ээжийн хоолойг боосон. Ээж аав 2 маань хоёулаа эрүүл байсан. Манай аав архи уудаггүй, тамхи татдаггүй. Аав ээж 2 хамт байхаараа хэрэлдэж аав маань ээжийг байнга өвтгөдөг байсан. Тэгээд ээж, дүү бид гурав Сэлэнгэд ирж амьдарч байгаа” /1-р хх-н 167/

“... 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ээжийг аав хаана байхад нь боож унагаасан талаар би яг тэр талаар нарийн хараагүй. Ямартай ч ээж том өрөөний үүд хэсэгт ухаангүй байсан. Харин би том өрөөний буйдан дээр байсан. Яг ямар уяагаар боосон талаар сайн санахгүй байна” /1-р хх-н 164-165/ гэж,

гэрч ********“... нөхрөөр нь гэрийн хаягийг нь заалгахад 50 дугаартай өндөр орон сууцны 702 тоот руу нь орсон. Намайг ороход өөрийгөө боосон гэх эмэгтэй ариун цэврийн өрөөнийхөө урд шалан дээр гар хөл нь чангарсан, татганасан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би өвчтөнийг эхлээд сэрээх оролдлого хийхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул амин үзүүлэлтүүдийг хэмжээд орчиндоо харьцаагүй, хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй байсан тул ГССҮТөв рүү хүргүүлэхээр шийдвэрлээд насилк аваад ир гэхэд нөхөр нь гэх залуу “би өөрөө өргөөд гарчихъя” гэж хэлээд тэврээд машин руу явсан. Машинд суусны дараа ГССҮТөв рүү явах замдаа ухаангүй байдалтай байсан эмэгтэйг дахин шалгахад ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Гэхдээ биеийн байдал нь тогтвортой байсан. Тэгээд ГССҮТөвд ирээд амилахуйн өрөөнд оруулж эмчид хүлээлгэж өгсөн. Өвчтөн ********гэх эмэгтэй ариун цэврийн өрөөний урд хэсэгт шалан дээр ухаангүй байдалтай сэрээх оролдлого хийхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул хүүхэн харааг нь шалгахад гэрлийн урвал сул, эвэрлэгийн реплэкс эерэг, нүд цус хурж улайсан байсан ба амин үзүүлэлтүүдийг хэмжихэд орчиндоо харьцаагүй, хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй байсан. Нөхөр нь гэх ******** гээд залуу дэргэд нь зогсчихсон бага зэрэг сандарсан байдалтай, харин нөхрийнх нь ээж гэх эмэгтэй хүн байсан. Намайг очиход тухайн залуу бага зэрэг сандарсан байдалтай байсан. Би юу болсон бэ гэж асуухад ******** гэх залуу “эхнэр бид 2 маргалдаад эхнэр ********ариун цэврийн өрөө рүү ороод хаалгаа дотроос нь түгжчихээд тайлахгүй болохоор нь хаалгыг нь эвдээд ортол өөрийгөө боомилчихсон байсан” гэж надад хэлж байсан. ГССҮТөвд хүлээлгэн өгөхөд ухаан ороогүй. Намайг анх очиход ямар байдалтай байсан тэр хэвээрээ л байсан. Дөлгөөнжаргалын хүзүү нь урд хэсэгтээ улаан хүрэн өнгийн боолтын мөртэй байсан. Өөр зүйл анзаарч хараагүй” /1-р хх-н 37/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ********ын биед механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар амь тэнссэн байдал үүссэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн ********дугаартай дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /1-р хх-н 94-96/

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаас гадна шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 316 дугаартай  “... даавуу уяа материалд шинжээч эмч шинжилгээ хийхгүй. ********ын биед тогтоогдсон механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр гэмтлүүд нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүснэ” гэсэн дүгнэлт /1-р хх-н 100-102/,

 

шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ********дугаартай “... ********ын биед тогтоогдсон механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр гэмтлүүд нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүссэн байх ба ирүүлсэн даавуу уяагаар үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-н 108-110/,

 

шинжээчдийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ********дугаартай “... ********ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Дээрх шинжүүдийн түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хх-н 132-134/ тус тус хавтаст хэрэгт авагджээ.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад  зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байх ба гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоо байхыг шаарддаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан.

 

Тодруулбал, гэм буруутай этгээд хохирол, хор уршигт хүргэхүйц өөрийн хийж буй үйлдлийг санаатай эхэлсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарч бусад хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон, эсхүл тодорхой шалтгаан нөхцөлийн улмаас тухайн гэмт үйлдэл нь туйлдаа хүрээгүй байхыг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч ******** нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой /шөнө/ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод эхнэр ********ыгаа “монита”-гийн бэлэг авлаа гэдгээр шалтаглан бусадтай хардаж маргалдан, цохиж зодох явцдаа түүний хоолойг уяагаар боож механик амьсгал бүтэлтэд оруулсан, энэ үйлдлийн улмаас хохирогч ******** идэвхтэй үйл хөдлөл хийх боломжгүй буюу орчиндоо харьцах чадваргүйгээр “амь тэнссэн” нөхцөл байдалд 3 хоногийн турш ухаангүй байжээ.

 

Дээрх үйл баримтаар шүүгдэгч ******** гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуульд “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинжийг “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хуульчилсан байдаг.

 

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн ...” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ******** хохирогч ******** нар албан ёсны гэрлэлтийн баталгаа[1] бүхий эхнэр нөхөр мөн тул хуулийн дээрх заалтад хамаарна.

 

Шүүгдэгч ******** болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гэм буруугийн талаар маргаж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд тэрээр “... би ********боймлоогүй, ********өөрөө өөрийгөө турникээс дүүжилсэн байсныг салгаж авсан” гэсэн тайлбар хэлсэнд шүүх дараах байдлаар няцаалт хийв.

 

Шүүгдэгч ******** хэлж байгаачлан ******** өөрийгөө турникээс боймолж дүүжилсэн тохиолдолд амьд үлдэх магадлал багатай, нөгөөтээгүүр шүүгдэгч ******** ********ын дүүжлүүрийн уяаг турник дэх хэсгээс тайлж авсан гэхэд итгэл үнэмшилгүй, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүйгээс гадна мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Б.********мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байна.

 

Мөн тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар шүүгдэгч ******** нь эмнэлгийн түргэн тусламжийн эмч Н.Баттуулд тайлбарлаж хэлэхдээ “... эхнэр бид 2 маргалдаад эхнэр ********ариун цэврийн өрөө рүү ороод хаалгаа дотроос нь түгжчихээд тайлахгүй болохоор нь хаалгыг нь эвдээд ортол өөрийгөө боомилчихсон байсан” /1-р хх-н 37/ гэсэн байдаг бол хэргийн газарт үзлэг хийхээр ирсэн мөрдөгчид “... манай эхнэр турникээс хоолойгоороо хар өнгийн уяагаар боосон байсан ...” /1-р хх-н 14-15/ гэж тайлбарлаж байжээ.

 

Харин насанд хүрээгүй гэрч Б.********анхны мэдүүлэг буюу 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, өөрөөр хэлбэл бага насны хүүхэд нь өөрийн үзэж харсан зүйлийн талаар бодитойгоор хэлэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч ********д холбогдох энэ хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад “... шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ... Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ...” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байгааг дурдах нь зүйтэй.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 815 дугаартай магадлалд “... хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчээс мэдүүлэг авсан гэх боловч хэн гэдэг шинжээч, ямар хэргэм цолтой хүнээс, хаана мэдүүлэг авч байгаа нь тодорхойгүй байх тул ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан нөхцөл байдал тогтоогдож байна” гэснийг эшлэл болгож шүүгдэгч ******** өмгөөлөгч нар “... хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай ...” хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Учир нь, хэдийгээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ[2] гэж хуульд заасан боловч тухайн шинжээчээс мэдүүлэг дахин авснаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, үүнээс гадна уг мэдүүлгийн агуулгаас үзвэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ********дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ийг нь тодруулж мэдүүлэг авчээ.

 

Шаардлагатай бол дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах боломжтой байсан бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ********овогт ********“хүнийг алахыг завдсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч ******** хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 187/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 189/, Суурь боловсролын гэрчилгээ /1-р хх-н 190/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 192/ гэсэн бичгийн баримтууд авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ******** эмчилгээний зардлын гэх хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч энэ гэмт хэргээс улбаатай хохирлыг тухайлбал, хүзүүнд учирсан сорви арилгах эмчилгээний зардлаа цаашид нэхэмжилнэ гэсэн тул түүний нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Хохирогч ********ын сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээч “гуравдугаар зэрэглэл” /1-р хх-н 132-134/ гэж дүгнэсэн байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.644.500 төгрөгийг шүүгдэгч ********эс гаргуулж, хохирогч ********д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******** 105 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан цэцэгтэй хар өнгийн даавуун уяаг, 1 ширхэг ягаан өнгийн уяаг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн Л.Бурмаа “... шүүгдэгч ********гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********овогт ********“хүнийг алахыг завдсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ********д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ******** цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хохирогч ********ын цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч ********эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********эс 12.644.500 /арван хоёр сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч ********д олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цагаан цэцэгтэй хар өнгийн даавуун уяаг, 1 ширхэг ягаан өнгийн уяаг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д урьд авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

            ШҮҮГЧ                              Д.АЛТАНЖИГҮҮР

 

 

 ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР

 

 

 

 

[1] Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1-р хх-н 186 дугаар хуудас

[2] ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг